| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2017/0621/э |
| Дугаар | 576 |
| Огноо | 2017-12-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 576
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
Улсын яллагч Ш.Хосбаяр,
Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Эрүүгийн хэргийн дугаар 1711003920297
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Тт холбогдох эрүүгийн .....................дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Н.Т /РД:................ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Н.Т нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Монгол Тайваны Төв”-ийн 1 дүгээр давхарт байрлах “Бөмбөгөр” тооцооны төвд АТМ-ээс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Ч.Уянгын зарлага хийн авч чадаагүй 1.500.000 төгрөгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Н.Тын мөрдөн байцаалтанд өгсөн:
...2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би эхнэр хүүхдийнхээ хамт Бөмбөгөр Хаан салбараар үйлчлүүлсэн. Үйлчлүүлэх үед хажууд байх АТМ онгойсон ба хартал мөнгө гараад ирсэн. Тэгээд сандраад мөнгийг аваад халаасандаа хийгээд тэндээсээ авсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
Хохирогч Ч.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Өөрийн 5750450801 дугаартай дансанд аав ээжийн хийж өгсөн байсан 3.000.000 төгрөгийг аваад солиулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Тайваны төв дотор байдаг АТМ машин дээр 14 цаг 40 минутын орчим очоод цаад талын АТМ машин дээр очоод картаа хийгээд 3.000.000 төгрөгийн гүйлгээ хийсэн чинь гарч ирээгүй. Тэгээд хамгаалагчийг нь дуудаад хэлсэн чинь өөр АТМ машин дээрээс очоод 1.500.000 төгрөгөөр нь хуваагаад ав гэж хэлсэн. Тэр хамгаалагч эхний 1.500.000 төгрөгийг авах үед миний хажууд зогсож байгаад явсан. Тэгээд би 2 дах удаа картаа хийгээд 1.500.000 төгрөг уншуулсан чинь “та түр хүлээгээд дахин гүйлгээ хийнэ үү” гэсэн бичиг гарч ирсэн. Тэгээд өөр АТМ дээр очоод үлдэгдлээ шалгаж үзэхэд 6437 төгрөг үлдсэн байсан. Тэгээд мөнгөө тоолж үзэхэд 1.500.000 төгрөг байсан. Ингээд шууд ахлах теллэр дээр очоод өргөдөл бичиж өгсөн. ...Ингээд 16 цагийн орчим лавлах утаснаас над руу залгаад камерын бичлэг шүүх үзэхэд хүүхэдтэй эмэгтэй 10 орчим минутын дараа таны үйлчлүүлсэн АМТ машинаас мөнгийг чинь аваад явлаа гэж хэлсэн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/
Си Ди-нд үзлэг хийсэн тэмдэглэл:
... Хаан Банкны үйлчилгээний заалны хэсэг харагдах ба хохирогч Ч.Уянга нь бараан өнгийн хувцастай нүүрэндээ маск зүүж, үүргэвч үүрсэн байх ба бичлэгний баруун талын АТМ-уудад очиж картаа хийж үзэж явах ба ..., хүн аалзны хувцас өмссөн хүүхэд дагуулсан, саравчтай малгайтай, хөх өнгийн женсэн хантааз өмссөн 40 орчим насны эрэгтэй хүн наанаасаа 2 дах АТМ-н хажууд ирж АТМ-ээс гарч ирсэн мөнгийг авч байгаа бичлэг бичигдсэн..” гэсэн үзлэг /хх-ийн 12 дугаар хуудас/
Ял шийтгэлийн талаар: Н.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх /хх-ийн 32 дугаар хуудас/
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Н.Т нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Монгол Тайваны Төв”-ийн 1 дүгээр давхарт байрлах “Бөмбөгөр” тооцооны төвд АТМ-ээс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Ч.Уянгын зарлага хийн авч чадаагүй 1.500.000 төгрөгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Си Ди-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулйин дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Т нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Монгол Тайваны Төв”-ийн 1 дүгээр давхарт байрлах “Бөмбөгөр” тооцооны төвд АТМ-ээс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Ч.Уянгын зарлага хийн авч чадаагүй 1.500.000 төгрөгийг мэдсээр байж завшсан гэмт хээрг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:
Дээрх гэрч, хохрогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.
Хохирогч Ч.Уянга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болох нь аав Ч.Эрдэнэ нь хохирол болох 1.500.000 төгрөгийг авсан нь /хх-ийн 35 дугаар хуудас/ бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна. Мөн хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Н.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Си Ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н.Тыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ бүхий гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тыг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Си Ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Тт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНТУЯА