| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2024/0407/З |
| Дугаар | 128/ШШ2025/0040 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2025/0040
2025 01 10 128/ШШ2025/0040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч А.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* ХХК /ГХО/ /РД:*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,
Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б нар,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.А*******
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б нарын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа, иргэдийн төлөөлөгч Т.Э*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч Ц.Б, Д.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б нар Б******* ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар 870,689,327.17 төгрөгийн нөхөн татвар, 423,52,331.33 төгрөгийн торгууль, 118,751,029.07 төгрөгийн алданги, нийт 1,412,960,687.57 төгрөгийн төлбөр ногдуулсныг Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор нийт 52,612,746.31 төгрөгийн төлбөрийг бууруулж, 8,812,936,315.85 төгрөгийн зөрчилд ногдох 835,612,759.91 төгрөгийн нөхөн татвар, 409,489,704.40 төгрөгийн торгууль, 115,245,476.94 төгрөгийн алданги, нийт 1,360,347.941.25 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актад өөрчлөлт оруулсан байна.
2. Б******* ХХК /ГХО/-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б нарын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-******* дугаар татварын нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
3.1 Актын нэгдүгээрт туслах үйл ажиллагааны борлуулалтын орлогыг бүртгээгүй тул 1,843,915,163.64 төгрөгийн зөрчилд 276,576,211.06 төгрөгийн нөхөн татвар торгууль алданги ногдуулсан бөгөөд үүний задаргааг тодруулахад 890,709,000 төгрөгийн урьдчилж орсон борлуулалт хэмээн хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж татвар ногдуулсан байсан. Үүнийг шалгаж үзэхэд манай компанийн санхүүгийн тайланд бүртгэгдсэн, урьдчилж орсон орлогын дансанд бүртгэгдсэн 890,709,000 төгрөгийг борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрч төлбөрийн баримтыг системд бүртгэсэн байсныг бүрэн гүйцэт шалгаж тогтоогүй бүхэлд нь нөхөн татвар торгууль алданги тооцсон нь үндэслэлгүй,
3.2 Актын гуравдугаарт үл хөдлөх хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого хэмээн 235,309,000.00 төгрөгт тооцсон 7,058,987 төгрөгийн нөхөн татвар торгууль алданги нь ямар хөрөнгө хэдэн төгрөгөөр худалдан борлуулсан талаарх санхүүгийн анхан шатны баримт дансны орлого зарлагын гүйлгээнд тулгуурлан гаргаагүй, үүнд үндэслэн тооцоолол хийгээгүй гэж үзэж байна байтал хамрагдуулаагүй,
3.3 Актын дөрөвдүгээрт нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн тайланд 2021 онд 2,079,224,163.64 төгрөгийн НӨАТ-н борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан зөрчилд 311,671,149.20 төгрөгийн нөхөн татвар, торгууль алданги тооцсон нь илэрхий алдаатай тооцоолол хийсэн,
3.4 Улсын байцаагч нар тооцоолол хийхдээ Т******* ХХК-аас барааны үнэд байр авч, 953,203,163.64 төгрөгөөр борлуулсан гэж мөн 2020 онд Монгол Улсын гаалийн байгууллагад мэдүүлэн оруулж ирсэн 5 автомашиныг зарж борлуулсны орлогоос НӨАТ төлөөгүй гэж үзэж төлбөр ногдуулсан. Татварын улсын байцаагч нар болон Маргаан таслах зөвлөлөөс үүнийг тогтоогдохдоо Б******* ХХК /ГХО/ нь Т******* ХХК-д 8 төрлийн диаметр бүхий 1,339.61 тонн барилгын арматур төмрийг ... нийлүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр №CR20211201-1 тоот худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Улмаар Т******* ХХК-ийн барьсан орон сууцны зориулалттай байрнаас 6 байр, 5 авто зогсоолыг бартерт 1,313,659,000.00 төгрөгийн үнэлгээтэй авахаар тохиролцсон нь компани хооронд хийсэн тооцоо нийлсэн актаар нотлогдож байна гэжээ. Б******* ХХК болон Т******* ХХК-ийн хооронд байгуулсан дээрх Худалдах худалдан авах гэрээний төлбөрт бартераар байр орон сууц болон бусад зүйлс авах талаар тохиролцоогүй бөгөөд энэхүү дурдсан 6 байр 5 авто зогсоолыг манай компани өөрийн өмчлөлд аваагүй, бүртгэлд оруулаагүй, худалдан борлуулаагүй байхад худалдан борлуулж орлого олсон гэж байгаа нь үндэслэлгүй байна.
3.5 Мөн дээрх 5 автомашин нь өнөөдөр ч манай компанийн нэр дээр бүртгэлтэй өдөр тутам үйл ажиллагаандаа ашиглаж байхад худалдан борлуулсан гэж үзэж төлбөр тогтоосон. Ийм байхад орлого олоогүй зүйлд НӨАТ тооцох, түүнд торгууль алданги бодох нь хууль зөрчсөн үйлдэл болжээ гэж үзэхээр байна. Харин үүнийг хасаж үлдэгдэл тайлагнасан орлогод ногдох торгууль алдангийг дээрх Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль 2020 оны хуулиудад хамрагдуулан чөлөөлөх байсан гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс Татварын ерөнхий газрын улсын байцаагч нарын тавьсан акт дээр зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-******* татварын ногдуулалт төлөлтийг шалгасан нөхөн ногдуулалтын актын 1, 3, 4 гэсэн хэсгийг нэхэмжлэгчийн зүгээс учир дутагдалтай, зарим баримт материалыг бүрэн гүйцэт шалгаагүй, Татварын өршөөлийн тухай хуульд хамрагдах байсан ч хамруулаагүй. Алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны хуульд хамрагдаж чөлөөлөгдөх боломжтой байсан байхад хуульд хамруулж хасаж шийдвэрлээгүй. Анхан шатны санхүүгийн баримтуудыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй. Актын 1 дүгээр хэсэг дээр урьдчилж олсон орлогын дансанд бүртгэгдсэн 890 сая 709 мянган төгрөгийг системд бүртгэгдсэн байсныг бүрэн гүйцэт шалгаагүй, санхүүгийн зөрчлийг бүхэлд нь зөрчил гаргасан гэж үзээд 1 тэрбум 843 сая 915 мянга 163 төгрөгийн зөрчилд 276 сая 576 мянга, 211 төгрөгийн нөхөн төлбөр, торгууль алданги тавиад байна. 890 сая төгрөгийг бүртгэгдсэн байсныг гүйцэт шалгаагүй. Үнийн дүнгээс хасагдах байсныг гүйцэт шалгаагүй гэж үзэж байна. Актын 3 дугаарт үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого 235 сая 309 мянган төгрөгийн зөрчилд 7 сая 58 мянга, 987 төгрөгийн нөхөн төлбөр, торгууль, алданги тогтоосныг ямар үл хөдлөх эд хөрөнгийг хэдэн төгрөгөөр борлуулсан гэж үзэж 7 сая төгрөгийн торгууль алданги ногдуулаад байгаа нь тодорхой биш байна. Үүнийг тодруулсан бол тавигдах ёсгүй нөхөн ногдуулалтын акт байжээ гэж үзэж байна. Актын 4 дүгээрт Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн тайланг 2021 онд 2 тэрбум, 79 сая, 224 мянган төгрөгийн НӨАТ-ын борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан гээд 311 сая, 671 мянга, 149 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан. Алдаатай тооцоолол хийсэн гэж үзсэн. Учир нь татварын улсын байцаагч нар тооцоолол хийхдээ тухайн үед “Тайган-Алтай” компанитай төмөр нийлүүлэх гэрээ байгуулаад, түүний төлбөрт нь байр, машин авсан гэж үзээд, үл хөдлөх хөрөнгө зарсан гэж үзээд нөхөн ногдуулалтын акт тавьсан. Гэтэл уг машин, байрыг тухайн үед авахаар ярилцаж байсан боловч өнөөдрийг хүртэлх аваагүй байгаа юм. Өөрсдийн хөрөнгөөр бүртгэгдээгүй байр, машиныг авсан гэж тооцоолж, акт тавьж байгаа нь учир дутагдалтай байна. Иймд дээрх үндэслэлээр Татварын улсын байцаагч нарын тавьсан актын 1, 3, 4 дэх хэсгийг нягталж үзээд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.
5. Хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нөхөн ногдуулалтын акттай хэсэгчилж маргасан. Урьдчилж олсон орлоготой холбогдуулан маргадаг. Татварын байцаагч нар хяналт шалгалт хийхдээ анхан шатны баримт, санхүүгийн тайланг үндэслэсэн. Татварын төлөгчийн санхүүгийн 2021 оны тайланд урьдчилж олсон орлого 890 сая төгрөгийг бүртгэсэн гэдэг. Энэ нь дараагийн жил рүү шилжихдээ урьдчилж олсон орлогыг борлуулалтын орлогод хүлээн зөвшөөрөөгүй, тэр чигт нь хаасан байсан. Үүн дээр борлуулалтын орлогыг дутуу, урьдчилж олсон орлогыг бүртгээгүй гэсэн зөрчил илэрсэн. Сая итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар ийм орлого байхгүй мэтээр тайлбарлаж байна. Үл хөдлөх хөрөнгө борлуулсан зөрчил байгаа. 235 сая төгрөгийн зөрчил байгаа. Үүнд бид мөн санхүүгийн тайланг үндэслэсэн. Тухайн үед хяналт шалгалт хийхдээ компанийн нягтлан бодогч болон захирлаас хэд хэдэн удаа тодруулга авсан. Татвар төлөгч тухайн үед энэ яриад байгаагаа тайлбарладаггүй, дараа тайлбар өгье гээд гэх мэтчилэн явж байгаад санхүүгийн тайлан л авсан байгаа. Тайган-Алтай ХХК-тай холбоотой борлуулалтын орлого хүлээн зөвшөөрөөгүй асуудалд нягтлан бодогчоос нь тайлбар авсан, хэргийн материалд ч байгаа. Ямар хөрөнгүүдийг бартераар авсан бэ гэх жагсаалтыг тухайн үед авсан. Тооцооллыг нягтлан бодогч нь гаргаад борлуулалтын орлогод тулгалт хийж тооцооллыг гаргасан. Иймд ямар нэгэн тооцооллын алдаа байхгүй. Аж ахуй нэгжийн орлогын албан татварт борлуулалтын орлого дутуу тооцсон зөрчил илрүүлсэн” гэв.
6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Захиргаа, хуулийн хэлтсийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Х.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын улсын байцаагч нарын акт нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох орлого баримтыг шалгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
7. Иргэдийн төлөөлөгч Т.Э******* дүгнэлтдээ: “нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. “Б*******” ХХК /ГХО/-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б нарт холбогдуулан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б нарын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч “...урьдчилж орсон орлогын дансанд бүртгэгдсэн төлбөрийн баримтыг системд бүртгэсэн байсныг бүрэн гүйцэт шалгаж тогтоогүй үл хөдлөх хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого санхүүгийн анхан шатны баримт дансны орлого зарлагын гүйлгээнд тулгуурлан гаргаагүй, нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн тайланд 2021 оны зөрчилд нөхөн татвар, торгууль алданги тооцсон нь илэрхий алдаатай тооцоолол хийсэн, татварын өршөөлд хамруулаагүй нь хууль бус...” гэх агуулгаар тайлбарлан маргажээ.
2. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б нараас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар “Б*******” ХХК /ГХО/-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 870,689,327.17 төгрөгийн нөхөн татвар, 423,52,331.33 төгрөгийн торгууль, 118,751,029.07 төгрөгийн алданги, нийт 1,412,960,687.57 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
3. Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор ... татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 1,412,960,687.56 төгрөгийн төлбөрөөс “М*******” ХХК-ийн 192,921,000.0 төгрөгийн борлуулалтад ногдох 35,076,567.27 төгрөгийн нөхөн татвар, энэхүү нөхөн татварт ногдох торгууль 14,030,626.91 төгрөг, алданги 3,505,552.13 төгрөг, нийт 52,612,746.31 төгрөгийн төлбөрийг бууруулж, 8,812,936,315.85 төгрөгийн зөрчилд ногдох 835,612,759.91 төгрөгийн нөхөн татвар, 409,489,704.40 төгрөгийн торгууль, 115,245,476.94 төгрөгийн алданги, нийт 1,360,347.941.25 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
4. Татвар төлөгч хуулийн этгээдээс дээрх 890,689,327.17 төгрөгийг Тайгам Алтай ХХК-д арматур төмөр нийлүүлсэн тооцоонд хамаарна гэж тайлбарлаж, татварын улсын байцаагч нараас Тайгам Алтай ХХК-ийн нягтлан бодогч Г.Л*******тэй хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ярилцлагын тэмдэглэлд “... 2021 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар тооцоо байхгүй, ... 2021 онд 2 тэрбум 12 сард авсан, 1-2 долоо хоногийн хугацаатай зээлээд буцаагаад төлчихдөг гэж тэмдэглэгдсэн, тооцооны үлдэгдлийн баталгаа №1-д 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд тооцоогүй...” гэжээ.
5. Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай тогтоолд Б******* ХХК-ийн 2021 оны харилцах дансаар “М*******” ХХК-аас нэмж мөнгө орж ирсэн гүйлгээ байхгүй бөгөөд Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн систем дэх тус компанийн 2020, 2021 оны борлуулалтын цахим төлбөрийн баримттай тулгахад 2021 онд 192,921,120.00 төгрөгийн борлуулалтын баримт шивэгдсэн байгаа тул нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан урьдчилж орсон орлогоос 192,921,120.00 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэж маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийг багасгаж шийдвэрлэсэн байна.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Тайгам Алтай ХХК-тай хийх тооцоонд орсон 5 ш орон сууц, 5ш авто зогсоол авахаар тохиролцсон боловч эдгээр үл хөдлөх хөрөнгийг бодитоор хүлээж аваагүй, гаалиар оруулж ирсэн автомашинуудыг зарж борлуулаагүй нь өмнө ажиллаж байсан нягтлан бодогч санхүүгийн тайлангийн холбогдох хэсэгт тусгаагүй байсан, үүнийгээ хяналт шалгалтын явцад тайлбарлаж ойлгуулж чадаагүй”... гэж тайлбарлаж байгаа хэдий ч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа энэ хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй”, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 29 дүгээр зүйлийн 29.1-т “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана” гэж заасантай нийцээгүй байна.
7. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2021 оны санхүүгийн тайлангийн эхний үлдэгдэлд урьдчилж орсон орлогоор бүртгэгдсэн 890,689,327.17 төгрөг нь харилцагч “Тайгам Алтай” ХХК-д хийсэн борлуулалтын эхний үлдэгдэл гэж үзэхээргүй байхын зэрэгцээ санхүүгийн тайланд холбогдох бичилтийг тухайн байгууллагын нягтлан бодогч хийж, тайлангаа үнэн зөв гаргах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байх тул татвар төлөгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-Т “Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-т “бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж заасныг хэрэгжүүлээгүй болох нь дээрх нөхцөл байдлаар тогтоогдож байна.
8. “Б*******” ХХК-ийн 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн үндсэн хөрөнгөнд эхний үлдэгдэл 235,309.0 мянган төгрөг гэж бүртгэсэн атлаа эцсийн үлдэгдлээр бүртгээгүй,
9. Үндсэн хөрөнгийн тодруулгад 235,309,000.00 төгрөгийн эхний үлдэгдэлтэй, тайлант онд үнэгүй шилжүүлсэн хөрөнгөнд 235,309,000.00 төгрөг гэж тайлагнасан нь Сангийн яамны цахим санхүүгийн тайлан /ebalance.mof.gov.mn/-гийн мэдээллээр нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс дээрх үндсэн хөрөнгийн талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно гэж”, 14 дүгээр зүйлийн 14.5-д “Аж ахуйн нэгж, байгууллагын аж ахуйн ажил, гүйлгээ нь аль улсын нутаг дэвсгэрт гарснаас үл хамааран холбогдох анхан шатны баримт, бүртгэлийн маягтыг энэ хуульд заасны дагуу бусад баримт, бүртгэлийн маягттай хамт хадгална”, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.3-т “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах” гэж тус тус заасныг зөрчсөн байна.
10. Мөн нэхэмжлэгч компани нь анхан шатны баримтад үндэслэн санхүүгийн тайланг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд холбогдох нотлох баримтыг хадгалах, улмаар эрх бүхий этгээдэд гаргаж өгөх боломжтой байхад холбогдох нотлох баримтыг гаргаж хүргүүлээгүй, тухайн эд хөрөнгийн талаар баримтыг илрүүлэх, олж тогтоох нь захиргааны байгууллагын үүрэгт хамаарахгүй тул нэхэмжлэгч талын санхүүгийн анхан шатны баримт дансны орлого зарлагын гүйлгээнд тулгуурлаагүй холбогдох тооцоолол хийлгүй акт үйлдсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.
11. Татварын улсын байцаагч нар маргаан бүхий актыг гаргахдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна”, 18 дугаар зүйлийн 18.6.4-д “үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого” гэж заасныг зөрчөөгүй байна.
12. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 16 дугаар зүйлийн 16.1-т “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, Татварын торгууль, алдангиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх”-өөр заасныг энэ тохиолдолд холбогдуулан үзвэл татварын улсын байцаагч нараас хяналт шалгалтын явцад зөрчлийг илрүүлсний үндсэн нөхөн татвар ногдуулж, улмаар торгууль алданги тооцсон байгаа нь татварын торгууль, алдангиас чөлөөлөх тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна.
13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...өмнө ажиллаж байсан нягтлан ажлаа хаяж явсан, санхүүгийн тайланд тусгавал зохих өр, авлага, бараа материал зэргийг тайландаа тусгаагүй орхигдуулсан...” хэмээн тайлбарлаж байгаа ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж, 32.8-д Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.
14. Иймд дээрхээс нөхцөл байдлаар маргаан бүхий актыг татварын улсын байцаагчид Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, ... алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно”, 73.1.1-т “татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монгол банкнаас зарласан арилжааны банкнуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар”, 82 дугаар зүйлийн 82.1-т “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.2-д “төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар”, 84 дүгээр зүйлийн 84.1-т” Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно”, 84.1.2-д “нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй”, 84.2-д “Өмнө нь татварын албаны хяналт шалгалтаар илрүүлж нөхөн ногдуулалтын актаар тогтоосон энэ зүйлд заасан зөрчлийг давтан үйлдвэл, тухайн зөрчилд ногдох нөхөн төлбөл зохих татварын дүнгийн 50 хувиар торгоно” гэж заасан хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.1.2, 84.2, 10 дугаар зүйлийн 10.1, 18 дугаар зүйлийн 18.6.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б*******” ХХК /ГХО/-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б нарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Д.Б, Ц.Б нарын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ