Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/00141

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02942 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч А.Л-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 134 874 684.11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.Л нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Г ХХК-тай ЗГ1305110434 дугаартай зээлийн гэрээ байгуулж 118 000 000 төгрөгийг, жилийн 15,6 хувийн хүүтэй, 108 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ЗБ1305110434 дугаарт Ипотекийн гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Зайсангийн тойруу гудамж, 200 дугаар байрны 10 тоот 73,95 м.кв, улсын бүртгэлийн Ү-2206044131 дугаар бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч А.Л нь ЗГ1305110434 дугаарт зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 460 хоногийн хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 112 054 825,49 төгрөг, зээлийн хүү 22 255 151,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201 772.99 төгрөг, даатгал 362 933.97 төгрөг нийт 134 874 684.11 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу Г ХХК уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу мөнгө хүлээн авсан үйл баримтын талаар маргаан байхгүй. Хариуцагч нь зээлийн төлөлтийг төлж байсан. Төлөхгүй болсон шалтгаан нь бизнесийн үйл ажиллагаа дэлхий нийтэд гарсан цар тахалтай холбоотой. Зээлийн төлөлтийг хойшлуулах талаар банкны эдийн засагчтай удаа дараа утсаар холбогдож хүсэлт тавьж байсан боловч хүлээж аваагүй. Нэхэмжлэгчийн зээлийн тооцоолол үндэслэлгүй. Тодруулбал, 13 500 000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 13 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1305110434 дугаар орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч А.Л ас 134 874 684,11 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч А.Л нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206044131 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Зайсангийн тойруу гадамж, 200 дугаар байрны 10 тоот хаягт байршилтай 73,95 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 902 524 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 902 524 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Г ХХК-аас хариуцагч А.Л-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 134 874 684,11 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжпэпийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан зээлдэгчийн зээлийн дансны хуулгаар хариуцагч нь нийт 6 180 402 төгрөг төлснийг нэхэмжлэгч талаас 235 227 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцоогүй, мөн мөнгө гаргуулах шаардлага гаргасан атал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нь 235 227 төгрөгийг илүү нэхэмжилсэн гэж үзэж байгаа тул 235 227 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч А.Л-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 134 874 684.11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Г ХХК, хариуцагч А.Л нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1305110434 дугаар орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 118 000 000 төгрөгийг, жилийн 15.6 хувийн хүүтэй, 108 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч нь тогтоосон хуваарийн дагуу мөнгөн хөрөнгийг буцаан төлөхөөр тохиролцсон бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А.Л-ын өмчлөлиийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн тойруу гудамж 200 дугаар байрны 10 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206044131 дугаартай, 73.95 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалж 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №ЗБ1305110434 тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг бичгээр байгуулагдаж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-8-10, 11-13/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлцэлд тавих хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, гэрээнүүд хуулийн хүчин төгөлдөр байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Мөн Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохицуулагдсан. Хариуцагч А.Л нь үндсэн зээлд 5 945 174,51 төгрөг, зээлийн хүүд 14 174 619,05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8 218,16 төгрөг, даатгалын хураамжид 243 927,61 төгрөг нийт 20 371 938,33 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь нэхэмжлэгч талаас ирүүлсэн хэргийн 17 дугаар талд авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгт болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

Талуудын хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээ нь урт хугацааны гэрээ бөгөөд тухайн гэрээнээс татгалзахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн зохицуулалт хамаарна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Хариуцагч А.Л нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөнөөс нэхэмжлэгч Г ХХК нь зээлийн гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж үзнэ. Ийнхүү хариуцагч нь зээлийн гэрээний хуваарийн дагуу төлбөр төлөөгүй, ноцтой зөрчлийг гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг шууд цуцлах үндэслэлд тооцогдох тул шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс зээлийн гэрээг цуцалсан гэж үзэж, гэрээг цуцлах хүртэл хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хуульд зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 112 054 825,49 төгрөг, зээлийн хүү 22 255 151,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201 772,99 даатгалын хураамж 362 933,97 төгрөг нийт 134 874 684,11 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь мөнгө гаргуулах шаардлага гаргасан байхад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэх гомдлыг хангахгүй. Учир нь, нэхэмжлэгч шүүхэд зээлийн гэрээний үүрэгт 134 874 684.11 төгрөг гаргуулах, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн хоёр шаардлага гаргасан байна. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул уг барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг нэхэмжлэгчид Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар олгогдсон тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан зүйл болох, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Зайсангийн тойруу гудамж 200 дугаар байрны 10 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206044131 дугаартай, 73.95 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу үндсэн гэрээний үүргийг шаардахад биелүүлээгүй тохиолдолд түүнтэй холбоотойгоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийгдсэн барьцааны гэрээний дагуу үүргийг шаардсаныг хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. Нөгөө талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуульд заасан үндэслэлээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байдаг. Шүүхийн шийдвэр биелүүлэх аргыг анхан шатны шүүхийн шийдвэрт заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шийдвэр биелүүлэх арга, журмыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заана гэсэнтэй нийцжээ. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй, уг шийдвэрийг хуульд заасан эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх зохицуулалтыг зааж өгсөн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хариуцагч нь нийт 6 180 402 төгрөг төлснийг нэхэмжлэгч талаас 235 227 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцоогүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Талууд зээлийн гэрээгээр зээл зээлийн хүү төлөх хуваарийг тохирохдоо уг гэрээний 2.7, 2.8-д заасны дагуу барьцаа хөрөнгийг эрсдлийн даатгалд даатгуулах, даатгагчид төлөх даатгалын хураамжийг Голомт банкаар дамжуулан урьдчилан тохиролцсон хуваарийн дагуу төлөхдөө зээлийн эргэн төлөлтийн графикт оруулж төлөхөөр тохиролцсон болох нь хэргийн 8-9 дүгээр тал дахь зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн графикаар тогтоогдсон байна.

 

Хэргийн 15-17 дугаар тал дах Голомт банкны Зээлийн дансны хуулгаар хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 5 945 174.51 төгрөг, зээлийн хүүд 14 174 619.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8.217.16 төгрөг, даатгалын хураамжид 243 927 төлсөн нь тогтоогдсон тул үндсэн зээлд 6 180 402 төгрөг төлсөн байтал 235 227 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцоогүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02942 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 77 907 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ