Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/58

 

 

 

 

 

 

 

 

 

  2023           6             28                                                2023/ДШМ/58        

 

 

        

Н.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

               Прокурор Ц.Сонинмөнх

               Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Билгүүн,

               М.Өлзийцэцэг

               Шүүгдэгч Б.Н

               Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш

               Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

   Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат, Э.Алтан-Уяа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Н холбогдох эрүүгийн 2134000880357 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Монгол улсын иргэн, Ч овогт Н Н, 1982 оны 4 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Хөөмийч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг “Нүхт”-ийн ам 1210-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Н.Н нь 2020 оны 8 дугаар сард Төв аймгийн Баянчандмань сумын нутаг “Мянган хурганд” гэх газар байрлах иргэн Ц.Огийн эзэмшлийн ферм болох тэжээлийн ургамал тариалах зориулалттай 70га хэмжээтэй 0320943 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар, залгаа байрлалтай фермийн зориулалттай 2га хэмжээтэй 0320944 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар болон газар дээр байрлах фермийн зориулалттай ашиглалтад орсон барилга, ковш, трактор, портер машин, услалтын систем, Турк саалтуур, 120 толгой үхэр, тугал бүхий үнээний ферм, эрдэнэ шиш, арвай, овьёос тариалсан тариалангийн газар зэргийг худалдаж авна гэж хуурч, бодит байдлыг нyyх замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан, улмаар бусдад их хэмжээний хохирол буюу 1.998.375.030 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Б.Н-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

  Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч Н Н-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад 2.435.773.587 төгрөгийн хохирол учруулан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Над 6 жил, 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Наас 2.442.312.405 төгрөг гаргуулж хохирогч Ц.Од олгож, 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Наас шинжээчийн нийт хөлс 8.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Од 3.000.000 төгрөг, “Итгэлт Эстимэйт” ХХК-д 5.000.000 төгрөг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн /битүүмжлэгдсэн эд хөрөнгөд үзлэг хийсэн/ 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон Н.Нын нэр дээрх Y-1426000654 дугаартай Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ 142м.кв талбайтай ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Y-1426000653 дугаартай Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ 738м.кв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсаргах,  

Прокурорын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Ц.Огийн эзэмшлийн “Мянган хурганд” гэх газарт байх үнээний ферм, тариалангийн талбай, үнээ 48 толгой, бяруу 11 толгой, тугал 19 толгой, гурван айлын орон сууц, 380 вольтын трансформатор, худгийн цементэн кольцоо 8 ширхэг, худгийн цементэн таг 2 ширхэг, ногоон амбаар 1 ширхэг, цагаан амбаар 1 ширхэг, шар өнгийн 30 ковш, трактор 1 ширхэг, төмөр амбаар 1 ширхэг, улаан өнгийн үрлэгч 1 ширхэг, тариалангийн талбайн худгийн цахилгаан утас 2 ороомог, чиргүүлийн рам 1 ширхэг, чиргүүл 1 ширхэг, худаг, худгийн труба 200 метр, улаан тоосгон тугалын байр 1 ширхэг, тугалын клетка 41 ширхэг, тугалын байрны зуух, тугалын байрны усны шланк, тугалын байрны ус шаарны сав, усан сан 800 литр, 1 тонны усан сан 1 ширхэг, усны төмөр онгоц 2 ширхэг, шавар зуурдаг ванн 1 ширхэг, тэжээлийн онгоц урт, богино 2 ширхэг, шавар зуурагч 2 ширхэг, усны шланк 200 метр, 1 тонны юмкост, 16 үнээний автомат саалтуур, хөргүүр танк, сүү хөргүүр, утас далдлагч 2 боодол, 40 литрийн бидон 4 ширхэг, мотоцикл /мустанг-5 цагаан өнгийн/, сүү зөөдөг тэрэг, тугалын тэжээлийн онгоц 4 ширхэг, төмөр торон тугалын нарлагааны хашаа, тэжээлийн терм, тэжээл хэрчигч, баас зөөдөг тэрэг, шар вагончик, тонны юмкост 1 ширхэг, 2475м2 220 үхрийн резинэн хэвтэртэй үхрийн байр, Турк саалтуур 1 ширхэг, Хятад саалтуур 1 ширхэг, саалийн хувин 2 ширхэг, 200 литрийн усны сав 1 ширхэг, хүрз 2 ширхэг, өвсний сэрээ 2 ширхэг, усны онгоц 2 ширхэг, пад трактор, чиргүүл, модон хашаа, услалтын систем, 6039 УНЧ цэнхэр өнгийн портер машин, 850 литрийн сүүний юмкост, 2га фермийн газар, 1га фермийн газар, 70га тариалангийн хашаалсан талбай,  гагнуурын аппарат, камер, камерын дэлгэц зэргийг битүүмжилснийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Над урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч А.Ганбат гаргасан давж заалдах гомдолдоо: Миний үйлчлүүлэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 6 жил, 6 сар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд болсон үйл явдлын бодит байдлыг үнэн зөвөөр тогтооход шаардагдах баримтат мэдээллийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай болон хангалттай хэмжээний нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байна гэж үзэх бүрэн үндэслэл харагдаж байна.

Үүнд: 1. Гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд байгаа хохирлын гол нотлох баримт Төв аймаг, Баянчандмань сумын нутаг “Мянган хурганд” гэх газарт байрлах Ц.Огийн эзэмшлийн фермийн үнэлгээг хэт өндөр, тухайн фермийн одоо байгаагаас огт өөр хийсвэр дүгнэлт гарган үнэлсэн байдаг.

Жишээ нь: Уг фермийн техник хэрэгслүүдийг шинэ мэтээр, хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа мэтээр үнэлсэн байхад одоо яг хэд нь ажиллаж шаардлага хангаж байгаа техник хэрэгсэл нэг ч байхгүй байгаа жишээтэй.

2. Н.Ныг Төв аймаг, Баянчандмань сумын нутаг “Мянган хурганд” гэх газарт байрлах Ц.Огийн эзэмшлийн фермийг авч залилсан гэж яллаад байгаа боловч яг Н.Н гарын үсэг зурж эд хөрөнгийг буюу техник хэрэгслийг хүлээж авсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн.

3. Уг дурдагдаад байгаа фермийн техник хэрэгсэл гэх трактор, ковш, портер зэрэг техник хэрэгслүүд нь одоогийн байдлаар “Хүрээ такси” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байхад Н.Нын нэр дээр очсон мэтээр хохиролд тусгаж яллаад байгаа нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

4. Төв аймаг, Баянчандмань сумын нутаг “Мянган хурганд” гэх газарт байрлах Ц.Огийн эзэмшлийн фермийн хөрөнгөд дурдагдаад байгаа 70га тэжээлийн ургамал тарих зориулалттай хашаалсан газар нь одоогоор ямар ч захирамжгүй газар байхад хохирлын тооцоонд оруулан үнэлээд байгаа нь буруу.

5. Хэрэгт ач холбогдол бүхий гэрч Ц.О, Б.Өлзийбүрэн нарыг гэрчээр дуудаж шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн.

6. Н.Ныг хохирол төлөх бололцоогоор хангаж торгох ял шийтгэл хүлээлгэх боломж байсаар байхад заавал хорих ял шийтгэл хүлээлгэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийтгэх тогтоол гаргасан явдалд туйлын гомдолтой байна.

7. Н.Н нь дэлхийд гайхагдаж байгаа Монгол Улсын биет бус өв соёл болох хөөмийн ардын язгуур урлагаар нэлээд өндөр зэрэглэлд тооцогдох уран бүтээлч юм. Тэрээр зөвхөн хөөмийн урлагаар 4 концертын сиди гаргаж ард түмэндээ толилуулаад байгаа уран битээлч билээ. Үүнээс үзэхэд торгуулийн ялыг төлж барагдуулах бүрэн чадвартай гэдэг нь тод харагдаж байна.

Иймд дээр дурдагдсан асуудлуудыг сайтар тал бүрээс нь нягт нямбай шалгаж гэм бурууг хуулийн шаардлагад нийцүүлэх, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх зорилгоор хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэжээ.

Шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч Э.Алтан-Уяа гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад 2.435.773.587 төгрөгийн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоохдоо яллах болон цагаатгах талын бүхий л баримтыг цуглуулах үүрэгтэй байдаг. Н.Н нь бусдыг залилан мэхлэх үйлдэл хийгээгүй бөгөөд Б.Ганхүү, Ц.О нараас үхрийн ферм 800.000.000 төгрөгөөр худалдан авч иргэний эрх зүйн маргаан бүхий харилцаа үүссэн байдаг.

Залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын мөнгө болон эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэхдээ буцаан төлөх, өгөх санаа зорилго байдаггүйгээрээ ялгардаг. Гэтэл дээрх иргэдийн хооронд Иргэний эрх зүйн харилцаа үүссэн байдаг. Мөн Н.Н нь удаа дараалан фермээ буцаагаад авахыг хохирогчоос шаардаж байсан бөгөөд өөрт байгаа машин, байр зэргийг өгье гэх саналыг тавьж байсан боловч хохирогч авахгүй гэдэг.

Түүнийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлсэн нь хангалттай нотлогдон тогтоогдлоо гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоогүй. Харин ч талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн болохыг нотолсон баримтууд байдаг. Корона вируст халдвар /КОВИД-19/-ийн цар тахлаас шалтгаалан банкнаас зээл гараагүйн улмаас бүрэн төлж чадалгүй удаашруулсан байдаг.

Шүүхээс 2.435.773.587 төгрөгийн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд талууд уг фермийг 800.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, энэ талаарх баримт хэрэгт хангалттай авагдсан байдаг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч Б.Алтандөш гаргасан саналдаа: Бидний зүгээс ферм болон Н.Нын эхнэр Д.Болормаагийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө дээр нэмж 500.000.000 төгрөгийг хохиролд тооцон өгч хохирлыг барагдуулах санал гаргаж байна. Мөн миний үйлчлүүлэгч нойр булчирхай, элэг, зүрх, бөөрний өвтэй бөгөөд зүүн уушгиныхаа 80 хувийг тайруулсан зэрэг эрүүл мэндийн шалтгаантай, гэм буруу дээрээ маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Анхан шатны шүүхээс Н.Над оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу мөнгөн дүнд шилжүүлэн тооцвол 35.100.000 төгрөг болж байгаа гэв.

Шүүгдэгч Н.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн гэмшиж байна. Миний хувьд хохирогчийг залилан мэхлэх санаа зорилго огт байгаагүй бөгөөд цар тахал болон бусад нөхцөл байдлын улмаас мөнгийг нь төлж чадаагүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Б.Алтандөш өмгөөлөгч А.Ганбат болон Э.Алтан-Уяа өмгөөлөгч нараас зөрүүтэй санал гаргасан атлаа тэдгээр өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна хэмээн тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Хохирогчийн фермийг буцаан өгнө гэж хэлж байгаа ч энэ нь Богд банкны барьцаанд байгаа ба мөн бусдын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгнө гэж байгаа боловч бодитой эсэхэд эргэлзээ төрж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунцэцэгийн өмгөөлөгч Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би уг хэрэг маргаанд өмгөөлөгчөөр оролцсон цагаас хойш шүүгдэгч талаас хохирлыг барагдуулах талаар Б.Алтандөш өмгөөлөгчийн хэлж байгаа саналыг тавьдаг ч одоо хүртэл биелэгдээгүй, мөн гуравдагч этгээдийн нэр дээр байгаа хөрөнгийг шилжүүлэн өгнө гэж байгаа нь ойлгомжгүй байна. Бодит байдлыг харвал миний үйлчлүүлэгч эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийнхөө хөрөнгийн үнэлгээг 3 дахин багасган Н.Над зарна гэж тохиролцсон байхад одоо хүртэл хохирлыг нь барагдуулаагүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бол 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл хохирол төлбөрөө сайн дураараа барагдуулах талаар арга хэмжээ авах ёстой байсан. Өмгөөлөгчийн зүгээс хорихоос өөр төрлийн ял оногдуулж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэж тайлбарлаж байна. Өмнө нь 2-3 жилийн хугацаанд хохирол төлбөр төлөх асуудал яагаад яригдаагүй юм бэ, мөн өмгөөлөгч нарын гомдолд 800.000.000 төгрөгийн үнэтэй фермийг хэт өндөр үнэлгээ хийлгэсэн гэж тайлбарладаг. 800.000.000 төгрөгийн үнэтэй гэж гэрээгээр халхавчилсан залилан байсан. Өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаанд хүсэлтээ гаргаад шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулсан. Тусгай мэдлэг бүхий шинжээч нарын дүгнэлтээр 2.435.773.587 төгрөгийн үнэлгээг гаргаж ирсэн. Өнөөдрийн байдлаар хохирлоо төлөөгүй хүн торгуулийн ялыг хэрхэн яаж төлөх юм бэ, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Над холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат, Э.Алтан-Уяа нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, түүнийг бодит байдлаар нь нөхөн төлүүлэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь цаашид хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог учиртай.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хохирогч Ц.О “...Н.Н нь манай гэр бүлийн хүн Б.Ганхүүгийн эзэмшдэг байсан фермийн зориулалттай эд хөрөнгө, үхэр, эрдэнэ шиш тариалсан тариалангийн газар зэрэг эд хөрөнгийг 800.000.000 төгрөгөөр худалдан авна гэж 2020 оны 8 дугаар сард тохиролцон нэг сарын дотор багтаагаад төлбөрийг нь төлнө гэж итгүүлэн шилжүүлж авсан боловч одоог хүртэл төлбөрөө төлөхгүй байгаа ба миний нөхөр Б.Ганхүү 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өвчний учир нас барсан. Иймд Н.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэн хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх агуулга бүхий өргөдлийг 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймаг дахь Цагдаагийн газарт гаргаж, мөн өдрөө 800.000.000 төгрөгөө нэхэмжилж байна гэж гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. /хх-ийн 1-р хавтас 2-3, 19-20-р тал/

4. Цагдаагийн байгууллагаас 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 213400088 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тухайн фермд хамаарах, хүлээлгэн өгөх үед байсан үл хөдлөх объектууд, техник хэрэгсэл, эд зүйлүүдийг нэг бүрчлэн үнэлүүлэхээр шинжээч томилж /хх-ийн 1-р хавтас 192 дугаар тал/ “Эй Жэй Жэй Эм” ХХК 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 07/179 дугаар шинжээчийн дүгнэлт /хөрөнгийн үнэлгээний тайлан/ гаргажээ.

5. Прокуророос дээрх шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг үнэлэн Н.Ныг 2020 оны 8 дугаар сард Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэр “Мянган хурганд” гэх газар байрлах иргэн Ц.Огийн эзэмшлийн ферм болох тэжээлийн ургамал тариалах зориулалттай 70га хэмжээтэй 0320943 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар, фермийн зориулалттай 2га хэмжээтэй 0320944 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар, уг газарт байрлах фермийн зориулалттай ашиглалтад орсон барилга, ковш, трактор, портер машин, услалтын систем, Турк саалтуур, 120 толгой үхэр, тугал бүхий үнээний ферм, эрдэнэ шиш, арвай, овьёос тариалсан тариалангийн газар зэргийг худалдаж авна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан, улмаар бусдад их хэмжээний буюу 1.998.375.030 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. /хх-ийн 5-р хавтас 44-54-р тал/

6. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцдаа “...мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр тогтоол үйлдэхдээ шүүгдэгч талд танилцуулаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээтэй шүүгдэгч маргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын нэг болох гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээнд орно...” гэж дүгнэн дахин шинжилгээ хийлгэхээр “Итгэл Эстимейт” ХХК-г шинжээчээр томилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, шүүгчийн захирамжид заасан ажиллагааг гүйцэтгэн хугацаанд нь ирүүлэхийг прокурорт даалган шийдвэрлэжээ. /хх-ийн 5-р хавтас 104-107-р тал/

“Итгэлт Эстемэйт” ХХК-аас 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тухайн ферм дэх барилга, мал, техник, эд хэрэгсэл зэргийг нийт 2.454.312.405 төгрөгөөр үнэлж шинжээчийн дүгнэлт гарган ирүүлснийг үндэслэн шүүхээс хэргийг дахин шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч Н.Н нь хохирогч нарын дээрх эд зүйлийг худалдан авна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний буюу 2.435.773.587 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

7. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаас үзвэл шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагааг явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр заасан.

Гэтэл шүүх шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлын хэмжээ прокурорын өмнө нь шүүгдэгчид гардуулсан яллах дүгнэлтээс илт зөрүүтэй болсон байхад “Итгэлт Эстемэйт” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгчид танилцуулаагүй, прокуророос дахин яллах дүгнэлт гаргуулан авч хэрэгт хавсарган шүүгдэгчид гардуулалгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийтгэх тогтоол гаргасан нь буруу байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийн оролцогч болох шүүгдэгч Н.Над Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил гаргасан байхад шүүх уг дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, гарсан шийдвэр нь ч мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

8. Шүүхээс гаргасан дээрх алдаа зөрчлүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3-т тус тус заасан “...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан...”, “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй...” гэх болон мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан “...шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, ...зүйлд заасан шаардлагыг хангаагүй...” гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна.

Давж заалдах шатны анхан шатны шүүхийн гаргасан уг алдааг зөвтгөн өөрчлөх хууль зүйн боломжгүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасан үндэслэлүүдэд хамаарч байгаа болно.   

9. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцааж, шүүгдэгч Н.Н өмнө нь шүүхээс авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхээс дуудсан цагт хүрэлцэн ирээгүйн учир түүнийг албан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэж байсныг харгалзан үзэж хэргийг шүүхэд очтол түүнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

10. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбатын “...хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх...”, Э.Алтан-Уяагийн “...Н.Над холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах...” агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Над хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                     

                              ШҮҮГЧИД                                                           З.ТҮВШИНТӨГС                                                                                                                

 

                                                                                                            М.МӨНХДАВАА