Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 418

 

Б.Тт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч С.Отгонзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 453 дугаар магадлалтай, Б.Тт холбогдох 1908005350248 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хорхон овогт Б.Т нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Таас нийт 564.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Год 8.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Эд 556.000 төгрөг тус тус олгуулах, хохирогч Г.Г нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Т гаргасан гомдолдоо: “...Хохирогч гэх Г.Г нь анх намайг халх, урианхай гэж, улмаар намайг Хятад, хужаа гэж доромжилж, өдөөн хатгаж зодооныг эхлүүлсэн. Г.Г бид хоёр харилцан зодолдож, зодолдох явцад буудлын эд хөрөнгө эвдэж гэмтсэн. Тухайн үед миний биед ч мөн адил гэмтэл учирсан, толгой өвдөж, нуруу хөндүүрлэж байсан. Гэвч би тухайн үед эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгоогүй. Гэтэл намайг ганцаараа Г.Гыг зодож, зодохдоо буудлын эд хөрөнгөөр зодож, онц харгис хэрцгий аргаар гэмтэл учруулсан мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Хохирогч гэх Г.Г өөрийгөө хамгаалахын тулд худал мэдүүлэг өгсөн. Өөрийгөө хамгаалахаар өгсөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн намайг онц харгис хэрцгий аргаар хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Буудлын зөөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон буудлын эзэн гэх н.Эийн мэдүүлэг, түүний давж заалдах журмаар гаргасан гомдол зэрэгт Г.Г бид хоёрыг харилцан зодолдсон гэж мэдүүлсэн байдаг. Эд мөрийн баримт гэх СИДИ бичлэгт намайг хүн зодож байгаа талаар үйл баримт байдаггүй. Зөвхөн Г.Г бид хоёр буудлын өрөөнөөс орж гарч байгаа бичлэг байдаг. Шүүх Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдлыг харгалзаж үзээгүй. Шүүхээс 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснээр би хөдөө орон нутагт ажилладаг тул 3 сар орчмын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байдалд хүрч байна. Би өндөр насны тэтгэвэрт гарсан эх, 4 настай дүүгийн хамт амьдардаг. Дүү маань нийт 3 удаа нүдний хагалгаанд орсон, одоо ч эмчилгээ хийлгэж байгаа тул би ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлийнхээ санхүүгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Намайг чөлөөтэй ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж, миний үйлдсэн хэрэгт торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Миний хувийн байдалд тохирсон ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Отгонзаяа хэлсэн саналдаа: “Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих саналыг дэмжиж байна. Энэ хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс болсон юм. Хохирогч нь 7 удаа зөрчлийн арга хэмжээ, 3 удаа гэмт хэрэгт холбогдож байсан. Шүүгдэгчийг онц харгис хэрцгий аргаар гэж дүгнээд байгаа боловч хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа юм” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор Г.Гэрэлтуяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Тт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд гэм буруутайд тооцож түүнд тохирох ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Тын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Тын үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хотол” зочид буудалд иргэн Г.Гын толгой, нүүрэн тус газарт олон удаагийн үйлдлээр цохиж, түүний биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг эрүүний шарх, хамрын зулгаралт, доод уруулын шарх, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, зүүн бугалга, баруун чихний ар гадаргуу хөхлөг сэртэнгийн цус хуралт бүхий хөнгөн хохирлыг болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Харин шүүгдэгч Б.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 556.000 төгрөг төлж барагдуулсан, мөн түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих тухай хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Тыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                           ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН