Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2017/0046/З |
Дугаар | 221/МА2017/0684 |
Огноо | 2017-09-21 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2017/0684
2017 оны 09 сарын 21 өдөр | Дугаар 221/МА2017/0684 | Улаанбаатар хот |
“ГГИИ”-конпанийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0539 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “МИ” ХХК-ийн өмгөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “ГГИИ”-компанийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0539 дүгээр шийдвэрээрийн нэгдүгээр заалтаар Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.3, 23.1.4-д тус тус заасныг баримтлан “МИ” ХХК-ийг “ГОГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, хоёрдугаар зааалтаар Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас “Улсын бүртгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “ГОГ” ХХК-ийн өрийг хувьцаагаар сольж, хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг бүртгэхээс татгалзсан 01 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, энэхүү өөрчлөлтийг бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “ … Анхан шатны шүүх улсын бүртгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “ГОГ” ХХК-ийн өрийг хувьцаагаар сольж, хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлсэн хувьцаа ззэмшигчдийн хурлын шийдвэрийг бүртгэхээс татгалзсан 01 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулж, энэхүү өөрчлөлтийг бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ нэхэмжлэгчээс хувьцааны шилжилт хөдөлгөөнтэй холбоотой маргадаг боловч “ГОГ” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэртэй холбоотойгоор харьяалах шүүхэд маргаан үүсгээгүй тул дээрх хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэхээр байна, маргаан бүхий компанийн 30 хувийн хувьцааны асуудлыг эцэслэн шийдвэрлэгдсэний дараагаар холбогдох бүртгэлийг хийлгэх нь зүйтэй гэж тус тус тайлбарлажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх үндэслэл нь дараахь байдлаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
1. “ГОГ” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигчээр “МИ” ХХК-ийг бүртгэсэн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлээс өмнө буюу 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өрийг хувьцаанд хөрвүүлснээр, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, “ГГИИ” 98,52% буюу 199,595 ширхэг хувьцаа, Д.Г, Ж.Ж нар тус бүр 0,74% буюу 1500 ширхэг хувьцааг тус тус эзэмшихээр компанийн дүрэм батлагдсан. Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5-д Энэ хууль болон компанийн дүрэмд зааснаас дээгүүр хувь тогтоогоогүй, эсхүл хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол /гүйцэтгэх удирдлага/-ын гишүүдийг сонгохоос бусад асуудлаар гаргах шийдвэр хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу дээрх хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд уг шийдвэрийн дараа “МИ” ХХК хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн үйл баримт тогтоогдож байгаа болно. “МИ” ХХК-ийг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл хууль тогтоомж зөрчсөн буюу бүрдэл дутуу байгааг хариуцагч мэдсээр байж, бүртгэл хийсэн болох нь тогтоогдож, улмаар шүүхийн шийдвэрээр уг бүртгэл бүхэлдээ хүчингүй болсон. Тодруулбал хариуцагчийн бүртгэхээс татгалзсан үндэслэл болгож байсан бүртгэл хууль бус болох нь тогтоогдсон тул хариуцагчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот мэдэгдлийг зөвтгөх хууль зүйн үндэслэл огт байхгүй болно.
2. “ГОГ” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэртэй холбоотойгоор харьяалах шүүхэд маргаан үүсгээгүй тул дээрх хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэхээр байна гэх дүгнэлт илтэд үндэслэлгүй бөгөөд маргаагүй тохиолдолд хүчин төгөлдөр гэж үзэх эрх зүйн зохицуулалт байхгүй юм. Хууль тогтоомж зөрчсөн, хуульд заасан журмыг баримтлаагүй илт хууль бус хувьцаа эзэмшигчдийн шийдвэр болон гэрээ, хэлцлийг үндэслэж улсын бүртгэгч хууль бус шийдвэр гаргасан талаар маргасан бөгөөд шүүхийн шийдвэрээр “МИ” ХХК-ийг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн “бүртгэл”-ийг хүчингүй болгосон. Бүртгэл хийхэд саад болж байсан бүртгэл буюу захиргааны актыг шүүхээс хүчингүй болсон тул “ГОГ” ХХК-ийн өрийг хувьцаагаар сольж, хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг бүртгэхээс татгалзсан 01 тоот мэдэгдлийг хүчингүй болгож, энэхүү өөрчлөлтийг бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх ёстой байсан. Маргаан бүхий компанийн 30 хувийн хувьцааны асуудлыг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа холбогдох бүртгэлийг хийлгэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх “хариуцагчийн бүртгэл хийхээс татгалзсан захиргааны акт хууль тогтоомжид нийцсэн эсэхийг” тогтоох бүрэн эрхтэй болохоос биш нэхэмжлэгчийн ирээдүйд бий болох боломжийг тодорхойлж, үүнийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох эрх зүйн зохицуулалт байхгүй болно.
3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 19.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 19.1.2-т үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй, 19.1.3-т “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон” гэж тус тус зааснаас үзвэл бүртгэхээс татгалзах 3 үндэслэлийг хуульд заасан байна. Дээрх 3 үндэслэлийн талаар шүүхийн шийдвэрт дурдагдаагүй бөгөөд дээрх үндэслэлүүд огт бүрдээгүй, хариуцагч үүнийг нотолж чадаагүй болно. Иймээс нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох хуульд заасан үндэслэл бий болоогүй гэж үзнэ.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0539 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “…Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “....итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, мөн хуулийн 27.4.2-т итгэмжлэлд “олгосон он, сар, өдрийг заах” гэж тавигдах шаардлагыг хуульд тодорхой заасан.
Гэтэл “ГГИИ”-ээс Б.Н, Б.Б нарт олгосон итгэмжлэлд он, сар, өдрийг заагаагүй /х.х.8/, өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу итгэмжлэл хүчин төгөлдөр бус байхад шүүх захиргааны хэрэг үүсгэсэн.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т зааснаар “шүүх хэргийн оролцогч, бусад оролцогчдийн төлөөлөх, өмгөөлөх бүрэн эрхийг шалгах” үүрэгтэй. Гэтэл шүүхээс дээрх үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулж, түүнээс гаргасан хүсэлт, гомдолын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байсан байна. /х.х.63, 71, 73/
Түүгээр ч зогсохгүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс энэхүү зөрчлийн талаар удаа дараа мэдэгдэж байсныг /х.х.2-87, 105/ үл тоож, энэ талаар арга хэмжээ аваагүй нь шүүгч хараат бус, төвийг сахисан байх зарчмыг зөрчиж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Иймээс шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхилоо.
1. Гуравдагч этгээд “МИ” ХХК-ийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлд он, сар, өдөр заагаагүй, хүчин төгөлдөр бус итгэмжлэл байхад захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй ...” гэжээ.
Нэхэмжлэгч Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй “ГГИИ” хуулийн этгээдийн захирал Л Ж О-оос Монгол Улсын иргэн Б.Н-д “нэхэмжлэл гаргах” эрх олгосон, нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн итгэмжлэлд он, сар, өдөр байхгүй боловч хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр олгосон итгэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нөхөн ирүүлсэн, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Б.Н-д бүх эрхээ олгосон АНУ-ын Калифорни мужийн нотариатчаас олгосон апостиль гэрчилгээгээр баталгаажуулсан итгэмжлэлийг мөн хэрэгт өгсөн байх тул Б.Н-г нэхэмжлэгчийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл төлөөлүүлэгчээс удаа дараа олгосон итгэмжлэлүүдээр төлөөлөгчийн эрх үгүйсгэгдэхгүй байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
2. Анхан шатны шүүх захиргааны хэргийн шүүхийн харьяаллын асуудал болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтсийн “ГОГ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж хувьцаа эзэмшигчээр “МИ” ХХК-ийг бүртгэхдээ “ГОГ” ХХК-ийн өөрчлөгдсөн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр зэргийг ирүүлээгүй байхад бүртгэсэн үйлдлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3, 23.1.4-д заасныг зөрчсөн талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, уг бүртгэлийг хүчингүй болгожээ.
Харин уг бүртгэлийг хүчингүй болгосон нь “улсын бүртгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “ГОГ” ХХК-ийн өрийг хувьцаагаар сольж, хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгож, бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.
Учир нь дээрх хууль бус бүртгэлийн үндэслэл болсон “ГОГ” ХХК-ийн тус бүр 15 хувийн хувьцаа эзэмшигч Ж.Ж, Д.Г болон “МИ” ХХК-ийн хооронд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан хувьцаа худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаагаас гадна “ГОГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хурлын “Ж.Ж, Д.Г нарын эзэмшиж байсан хувьцааг “МИ” ХХК-д шилжүүлсэн” шийдвэр (хувьцаа эзэмшигч “ГГИИ” оролцоогүй), мөн 03 дугаар сарын 20-ны өдрийн хурлын “Компанийн өрийг хувьцаагаар сольж, нэмж хувьцаа гаргасан” шийдвэр (хувьцаа эзэмшигч Ж.Ж, Д.Г нар оролцоогүй)-үүдийн аль нь хүчинтэй, үнэн зөв болох нь тогтоогдоогүй байхад улсын бүртгэлийн алба нэхэмжлэгчийн хүсэлтээр 03 дугаар сарын 20-ны өдрийн хурлын шийдвэрээр оруулсан нэмэлт өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл “ГОГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн хувьцаа худалдах, өрөө хувьцаагаар сольж, хувьцаа нэмж гаргасантай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхгүй бөгөөд уг маргаанаа хувьцаа эзэмшигч нар шийдвэрлүүлээгүй байхад захиргааны хэргийн шүүхээс бүртгэхийг даалгах үндэслэлгүй.
Харин дээрх хууль бус бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч “ГГИИ” компанийн “ГОГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд бусад хувьцаа эзэмшигч хоорондын маргаанаа зохих журмын дагуу шийдвэрлүүлэх хууль ёсны ашиг сонирхол сэргээгдсэн гэж үзнэ.
Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... бүртгэлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосноор бүртгэхээс татгалзсан шалтгаан арилсан тул даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн зохицуулалт байхгүй ...” гэх гомдол үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0539 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ГГИИ” компаний өмгөөлөгч нарын болон гуравдагч этгээд “МИ” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ