Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 29

 

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 123/ШШ2016/0029

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Эрдэнэ сумын 4 дүгээр багийн иргэн Б.Цэдэнбалыг нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сумын Сонгуулийн хороонд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрдэнэ сумын Сонгуулийн хороонд Б.Цэдэнбалыг орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж, нэр дэвшигчээр бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Цэдэнбал, хариуцагч О.Мөнхсүлд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаСолонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэдэнбал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1990 оноос хойш аав Батсайхан, ээж Тунгалаг нартайгаа Төв аймгийн Эрдэнэ суманд мал маллаж амьдарч эхэлсэн. Гэр бүл зохиож Улаанбаатар хот руу шилжиж, эхнэр 3 хүүхэдтэйгээ амьдрах болсон. Эрдэнэ сумын Гурван хүрэн гэх нэртэй морин спорт уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж байгаа. Миний мал хөрөнгө Эрдэнэ суманд байдаг, сумандаа амьдрах хүсэлтэй учир 2016 оны 04 сарын 19-ний өдөр сум руугаа шилжсэн. 2016 оны 04 сарын 19-ний өдөр тус суманд очоод улсын бүртгэлийн ажилтан Батболд гэх хүнд шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх гэсэн боловч Төв аймаг, Зуунмод суманд ажилтай гээд ажил дээрээ байгаагүй. Иймд тус өдрөө сумандаа шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлж чадаагүй. Үүнээс хойш 2, 3 удаа бүртгүүлэхээр очиход Батболд ажил дээрээ байдаггүй, тийм учраас би 2016 оны 04 сарын 26-ны өдөр бүртгүүлсэн. Намайг Төв аймгийн Эрдэнэ суманд амьдарч байгааг сумынЗасаг дарга, багийн Засаг дарга, тус сумын ард иргэд бүгд мэднэ. Энэ ажилтаны хариуцлагагүй байдлаас болоод би Улаанбаатар хотоос 2016 оны 04 сарын 19-ний өдөр хасалт хийлгэсэн шилжилтээ, 2016 оны 04 сарын 26-ны өдөр сумандаа бүртгүүлсэн. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заасан хугацаанаас хоцорч хаягаа шилжүүлж бүртгүүлсэн. Иймд Б.Цэдэнбал миний бие Улаанбаатар хотоос 2016 оны 04 сарын 19-ний өдөр шилжилт хийлгэсэн, Төв аймгийн Эрдэнэ сумын Улсын бүртгэгчийн ажилтаныхариуцлагагүй байдлаас болж бүртгүүлээгүй шалтгааныг хүндэтгэн үзэж, Төв аймгийн Эрдэнэ сумын сонгуулийн хороонд Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрдэнэ сумын Сонгуулийн хорооны дарга О.Мөнхсүлд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Орон нутгийн хурлын сонгуульд Төв нутаг эвслээс нэр дэвшигчдийн материалыг хуулийн хугацаанд хүлээн авч хянан шалгахад нэр дэвшигч Б.Цэдэнбал нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д ...тухайн аймаг суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй байнгын оршин суугчаар бүртгүүлсэн...иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Б.Цэдэнбалын шилжилт хөдөлгөөний лавлагааг 2016 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр улсын бүртгэлээс авч үзэхэд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шилжиж ирснээр бүртгүүлсэн нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заасан хугацаанд хүрээгүйг үндэслэн шийдвэр гаргасан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Цэдэнбалаас Эрдэнэ сумын Сонгуулийн хороонд Б.Цэдэнбалыг орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж, нэр дэвшигчээр бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...1990 оноос хойш Эрдэнэ суманд мал маллаж амьдарсан, гэр бүл зохион Улаанбаатар хот руу шилжиж, 2016 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр сум руугаа шилжсэн гэжээ.

Хариуцагчаас ... Б.Цэдэнбал 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шилжиж ирсэн, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заасан хугацаанд хүрээгүй гэж тайлбар гаргажээ.

Улсын Их Хурлын 2016 оны 6 дугаар тогтоолоор Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 10 дугаар сарын 19-ны өдөр явуулахаар товлосон. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д 25 нас хүрсэн, тухайн суманд санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн хугацаанд байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн хуульд заасан шаардлага хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй гэж тус тус зааснаар орон нутгийн хуралд нэр дэвшигч 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө тухайн орон нутагт байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх шаардлагатай байн.

Нэхэмжлэгч Б.Цэдэнбал нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байнга оршин сууж байгаад 2016оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шилжин явж, 4 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд шилжин ирж оршин суугчаар бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэл, статистикийн хэлтсээс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн Б.Цэдэнбалын иргэний үнэмлэхний лавлагаа, улсын бүртгэгч Х.Батболдын шилжин ирсэн тухай тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул түүнийг Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заасан тухайн суманд санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн хугацаанд байнгын оршин суугчаар бүртгүүлсэн байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Иймд Б.Цэдэнбалыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Эрдэнэ сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоол Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалт болон 158 дугаар зүйлийн 158.1.2-д нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана гэж заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн орон нутгийн хуралд сонгогдох эрхийг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Эрдэнэ сумын Сонгуулийн хороо 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Б.Цэдэнбалыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул сонгуулийн хороонд Б.Цэдэнбалыг орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 115 дугаар зүйлийн 115.1, 157 дугаар зүйлийн 157.9, 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.ЦэдэнбалынЭрдэнэ сумын Сонгуулийн хороонд Б.Цэдэнбалыг орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН