Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/59

 

 

 

 

 

 

 

 

 

  2023           6             29                                                                 2023/ДШМ/59                  

 

 

 

                                                Д.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

               Прокурор Ц.Сонинмөнх

               Хохирогч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э

               Шүүгдэгч Д.Б

               Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Б.Баярмагнай

               Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

   Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/171 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Бд холбогдох эрүүгийн 2234000000394 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 11-нд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Цахир 7 дугаар баг, 24 дүгээр гудамж 20 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдийн 188 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлэгдэж байсан, Б Дгийн Б,

Д.Б нь согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатараас хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн 217 дахь километрийн заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд Тоёота Марк-х маркийн 5631 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, эсрэг урсгалд зорчиж явсан Тоёота Алион маркийн 2380 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Х.Лхагвасүрэн, Э.Зэндмэнь нарын амь нас хохирч, Э.М, Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б Дгийн Быг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2-т зааснаар шүүгдэгч Д.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 5 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 27.087.016 төгрөг гаргуулж хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Эт олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 50.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа эхлэн тоолохыг дурдаж,

Хохирогч Э, насанд хүрээгүй хохирогч Э.М нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж, шүүгдэгч Д.Бын Toyota.Marк-х120 маркийн тээврийн хэрэгслийн №03993231 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, №0073440, 895542 жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч талд оршуулгын болон эмчилгээний зардалд 7.500.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, эдлэх ялыг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж түүнд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосонтой холбогдуулан Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалган шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна

Үүнд: 1. Шүүгдэгч Д Б нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг анх удаагаа үйлдсэн байна. Анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэм буруутайд тооцжээ. Уг гэмт хэргийн субьектив шинжийн тухайд болгоомжгүй байдлаар үйлдэгддэгээрээ бусад ойролцоо төрлийн гэмт хэргээс ялгагдана. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь санаатай үйлдэл хэдий ч үр дагавар нь болгоомжгүй гэж дүгнэсэн байна. Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрийн үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаасаа гэмшиж хохирогчид учирсан хохирол хор уршгийг арилгах талаар идэвх санаачилга гаргасан байдаг. Иймд анх удаагаа болгоомжгүй төрлийн гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж байна.

2. Хохирол хор уршгийн талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ хохирогч талаас гаргаж өгсөн 84.587.016 төгрөгөөс баримтаар гаргаж өгсөн 34.587.016 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байдаг. Шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 7.500.000 төгрөгийг хохирогчид өгсөн бөгөөд үлдэгдэл 27.087.016 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Д.Бын зүгээс анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл төлж барагдуулах талаараа өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн байна. Иймд шүүхээс тогтоосон хохирлыг барагдуулсан нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал юм.

3. Мөн шүүгдэгч Д.Б нь эрхэлсэн тодорхой ажилтай улс эх орондоо шударгаар хөдөлмөрлөж татвар төлдөг, хамт олон, найз нөхдийн дундаа нэр хүндтэй бөгөөд өөрийн эрүүл мэндийн байдал сайнгүй, байнгын эмчийн хяналтад байдаг зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Бд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч, амь хохирогч Э.Зэндмэний хууль ёсны төлөөлөгч Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маш их гомдолтой байна. Хоёр хөл хоёулаа хугарсан, мөн гарын шөрмөс хайлах гээд дахин хагалгаанд орох болсон, хөдөлмөрийн чадвараа алдсан. Миний охин байнга ээж, аавыгаа нэхэн уйлж зүүдлэн сэрж байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сонинмөнх гаргасан дүгнэлтдээ: Д.Б нь согтуугаар уг гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх түүний үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийтгэх тогтоол гарган эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог учиртай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох, ингэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг энэ хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.

Мөн материаллаг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн шүүхээс оновчтой тодорхойлж зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоон хийсэн бодит дүгнэлт бүхий шийдвэрийг үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үздэг.

4. Прокуророос Д.Быг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатараас хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн асфальтан замын 217 дахь километрийн заалт бүхий шонгийн ойролцоо Тоёота Марк-Х маркийн 5631 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3-т тус тус заасныг зөрчин эсрэг урсгалд зорчиж явсан Тоёота Алион маркийн 2380 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Х.Лхагвасүрэн, Э.Зэндмэнь нарын амь нас хохирч, Э.М, Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

5. Хавтаст хэргийн 1-р хавтасны 73-74 дүгээр талд авагдсан Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 114 тоот шинжээчийн дүгнэлтээр бага насны хохирогч Э.Мийн эрүүл мэндэд уг гэмт хэргийн улмаас дэлүүний няцрал, хэвлийд шингэн, нүүрэнд зулгаралт, хэлний язарсан шарх бүхий хүнд хохирол учирсан нь тогтоогдсон байхад мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасны дагуу түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар хууль ёсны төлөөлөгчийг томилолгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж гаргасан шийтгэх тогтоол нь хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил байх бөгөөд шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, гарсан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. 

6. Шүүхээс гаргасан дээрх алдаа зөрчлүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан...” гэх болон мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан “...шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, ...зүйлд заасан шаардлагыг хангаагүй...” гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна.

7. Давж заалдах шатны анхан шатны шүүхийн гаргасан уг алдааг зөвтгөн өөрчлөх хууль зүйн боломжгүй, энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасан үндэслэлүүдэд хамаарч байгаа болно.   

8. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж, хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Д.Бд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

9. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/171 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Б-д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   

 

 

    ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                     

                              ШҮҮГЧИД                                                 З.ТҮВШИНТӨГС                                                                                                                  

 

                                                                                                            М.МӨНХДАВАА

                                                                                   

 

Ц