| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2017/0617/э |
| Дугаар | 585 |
| Огноо | 2017-12-08 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | С.Батжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Б.Батжаргал,
Шүүгдэгч Б.Л,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Эрүүгийн хэргийн дугаар 1702001760070
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Лд холбогдох эрүүгийн 1702001760070 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Б.Л: ....................
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Б.Л нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидрозаннабинолын агуулга бүхий 7.2 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлт бодисыг хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Б.Лгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
...Хэсэг бүжиглэж байгаад гадаа гарч тамхи татацгааж байсан. Би бааранд байх үед 3-4 удаа гарч тамхилсан ба нэг удаа тамхилахаар гартал нэг залуу намайг “тамхилах уу” гэж хэлсэн. Би тэгье гэж хэлтэл тэр ууттай өвс гаргаж ирээд янжуур тамхины тамхийг нь асгаад дотор нь уг өвснөөс хийгээд асаагаад татсан. Тэгээд намайг татаж үзэх үү гэхээр нь би сонирхоод хэдэн удаа сорсон. Тэгээд би уг залуугаас салаад баар руу ороод хэсэг бүжиглэж байгаад бид нар Тэнгисийн хажуу талын Скай баар руу орсон. ...Нэг мэдэх би караокед ганцаараа сэрсэн бөгөөд караокены 2 эмэгтэй “цагдаа дуудчихсан” гэж хэлсэн. Ингээд удаагүй цагдаа нар ирээд миний биед үзлэг хийтэл миний куртикны халаасанд “ууттай өвс” байсан ба намайг эрүүлжүүлэх байр руу авч явсан…“гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/
Гэрч О.Ану-Үжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Дагиймаа бид хоёр уг залууд уурлаад та нар тооцоогоо хийгүй гарч явлаа гэтэл тэр ганцаараа үлдсэн хар өнгийн куртиктай залуу бид хоёрын урдаас харж инээж байснаа сүүлдээ бид хоёртой маргалдаад уурлаж эхэлсэн. Тэгээд уг залуу хэрүүл маргаан үүсгээд байсан учир цагдаа дуудсан ба уг залуу цагдаад дуудлага өгсөнг мэдчихээд куртикныхаа халааснаас цэнхэр өнгийн уутанд ороогоод зангидчихсан жижгэвтэр хэмжээтэй зүйл гаргаж ирээд хогийн саванд хийх гээд байхаар нь караокед битгий хог хая гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар удалгүй ирээд уг залуугийн биед үзлэг хийгээд ууттай зүйлийг хурааж авсан. Тэр үед би уг ууттай зүйлийг хар тамхины төрлийн өвс байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
Гэрч Ж.Хонгорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Лакс бааранд Б.Л хэн нэгэнтэй уулзсан эсэхийг мэдэхгүй байна. Бид нар уугаад бүжиглээд байсан. Би бааранд Б.Л өвс хэрэглэсэн эсэх талаар мэдэхгүй байна. Ямар нэгэн охинтой уулзахыг хараагүй, гадуур хувцасаа хэн нэгэнд өмсүүлсэн эсэх талаар мэдэхгүй байна. Уг бааранд гадуур хувцастайгаа орчихдог баар байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дугаар хуудас/
2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10137 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. “Б.Л ЧДЦХ” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинолын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/
2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10422 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “Г-8061 Б.Лгийн биед үзлэг хийж хураан авсан өвс мэт зүйл” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинолын агуулга илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтдаг болно” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 34-35 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 41-43 дугаар хуудас/, Б.Лгийн биед үзлэг хийсэн “..өмсөж явсан хар өнгийн куртикны баруун талын халааснаас хөх өнгийн ууттай ургамал мэт зүйл..” гэх тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/
Ял шийтгэлийн талаар: Б.Лахамсүрэн нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасаар урьд ял шийтгэлгүй гэх /хх-ийн 54 дүгээр хуудас/.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидрозаннабинолын агуулга бүхий 7.2 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлт бодисыг хуул бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ж.Хонгор, О.Ану-Үжин нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹10137, ¹10422 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулйин дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Л нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидрозаннабинолын агуулга бүхий 7.2 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлт бодисыг хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:
Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Б.Лг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн хор уршигийг харгалзан түүнд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 1 жилийн хугацаагаар хориглож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Лг эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Лг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Б.Лд оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж согтууруулах ундаа, мансууруулах бодис 1 жилийн хугацаагаар хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэж хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ¹89 гэж дугаарласан дельта-9 тетрагидроканнабинол агуулга бүхий 7.2826 грамм жинтэй хар ногоон өнгийн ургамалыг зохих журмын дагуу устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНТУЯА