| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Цэнд |
| Хэргийн индекс | 115/ШШ2025/0003 |
| Дугаар | 115/ШШ2025/0003 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 115/ШШ2025/0003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Цэнд даргалж, мөн шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: иргэн Ч.Б /РД: ....../
Хариуцагч: Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газар, нарын хооронд цэргийн тэтгэвэр тогтоохтой холбоотой үүссэн захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Б.У, Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч иргэн Ч.Б нь Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн ... тоот шийдвэрийг үндэслэн түүнд цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр тус аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан маргаж байна.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Б миний бие хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн ... тоот шийдвэрийг үндэслэн Ч.Бд цэргийн тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ч.Бд цэргийн тэтгэвэр тогтоохыг даалгах.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах нь: Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрт ... тоот тушаалд энгийнээр гэж бичигдсэнийг цэргийн алба хаасан хугацаанд хамааруулахгүй, цэргийн жинхэнэ албыг хаасан гэж үзэхгүй, цэргийн тэтгэврийг тогтооход цэргийн алба хаасан уг хугацаанд ажилласан жил чинь хүрэлцэхгүй байна гэж хуульд нийцэхгүй шийдвэрийг гарган миний цэргийн тэтгэвэр тогтоолгох жилийг хасаж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
Би ...-нийг хүртэл Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ахлагчийн орон тоон дээр цэргийн албыг биеэр хаасан учир энэхүү хугацаа цэргийн алба хаасан хугацаанд хамрагддаг. Миний Зэвсэгт хүчний ангид ахлагчийн албан тушаалд ажиллах нь Цэргийн албаны тухай хуульд зааснаар цэргийн алба хаасан хугацаанд хамаарахаар заагдсан. Мөн миний ахлагчаар ажилласан жил цэргийн алба хаасан хугацаанд хамрагдахаар заагдсан тул уг хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй юм. /ЦАХТТтХуулийн 22 дугаар зүйл, ЗГ-ын 2008 оны 11 сарын 5-ны өдрийн 26 дугаар тогтоолоор ЗГ-ын 212 дугаар тогтоолд өөрчлөлт/
Иймд Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн ... тоот шийдвэрийг үндэслэн Ч.Бд цэргийн тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ч.Бд цэргийн тэтгэвэр тогтоохыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан бөгөөд,
Тэрээр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ч.Б. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газар нь Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн ... тоот шийдвэрийг үндэслэн тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, цэргийн тэтгэвэр тогтоохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд тус Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар цэргийн жинхэнэ албанд 25 жил 10 сар алба хаасан үндэслэлээр 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг авч ажлаасаа чөлөөлөгдсөн.
Би Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2013 оны 11 сарын 11-ний өдрийн ... тоот тушаалаар Зэвсэгт хүчний 336 -р ангид гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаал дээр энгийн гэдгээр томилогдон ажиллаж цэргийн албан хааж байсан. Цэргийн албаны тухай хуульд зааснаар ахлагчийн албан тушаал нь цэргийн алба хаасан хугацаанд хамаарахаар, мөн миний ахлагчаар ажилласан жил нь цэргийн алба хаасан хугацаанд хамаарахаар заагдсан тул уг хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй юм.
Гэтэл Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн ... тоот шийдвэрээр намайг энгийн албан тушаалд ажиллаж байсан гэж үзэж ахлагчийн албан тушаалд энгийнээр томилогдон ажиллаж байсан хугацааг цэргийн ангид ажиллаж байсан хугацаанд оруулж тооцохгүй байгаа нь үндэслэлгүй тул уг шийдвэрийг үндэслэн Ч.Б миний цэргийн тэтгэврийг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, цэргийн тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
2.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбартай танилцлаа. Маргаан болоод байгаа ...-нийг хүртэлх хугацаанд Ч.Б энгийн гэсэн тушаалаар цолгүй ажиллаж байсан нь цэргийн албанд ажилласан жилд хамаарахгүй гэх тайлбарыг гаргаж байгаа нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл Ч.Б нь энэ хугацаанд буюу 08 сар 26 хоногт цэргийн албанд биеэр ажиллаж байжээ. Гэтэл үүнийг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд хамаарахгүй гэж 1992 оны хуульд заасныг үндэслэн тайлбарлаж байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна.
Учир нь хариуцагчийн тайлбар дахь 1992 оны хууль болон одоо мөрдөгдөж байгаа Цэргийн албаны тухай хуулийн утга агуулга ерөөсөө өөрчлөгдсөн зүйл байдаггүй. Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д Зэвсэгт хүчний байгууллагыг цэргийн албанд хамаарна гээд заагаад өгчихсөн. Нэхэмжлэгч Ч.Бийн ажиллаж байсан Зэвсэгт хүчний 336 дугаар анги нь дээрх заалтаар цэргийн албаны байгууллагад хамаарах юм. Хариуцагч нараас мөн бэлтгэл алба нь цэргийн албанд хамаардаггүй гэсэн тайлбарыг тавьж байгаа нь үндэслэлгүй байна.
Цэргийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар цэргийн жинхэнэ алба нь хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэнэ гэж байгаа. Ч.Бийн ажиллаж байсан хугацаа бол Цэргийн албаны тухай хуулийн дээрх заалтаар ахлагчийн албанд хамаарч байна. Ч.Б энэ олон жилийн хугацаанд болон ... онд цэргийн жинхэнэ албыг биеэр хаасан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар маш тодорхой харагдаж байдаг. Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т цэргийн жинхэнэ албан хаагч гэж цэргийн байгууллагад цэргийн албыг биеэр хааж байгаа Монгол Улсын иргэн байхаар заасан. Тэгэхээр Ч.Б нь цэргийн жинхэнэ албыг биеэр хааж байснаар хуульд заасан шаардлагыг хангадаг.
Хэдийгээр энгийн гэсэн тушаалтай байсан нь цэргийн албыг хаагаагүй гэж үзэх үндэслэл болохгүй гэх нөхцөлийг Цэргийн албаны тухай хуульд тодорхой зааж өгөөгүй байхад урвуулан буруугаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Ч.Бийн хувьд цэргийн албанд 25 жил ажилласан тул цэргийн алба хаасан хугацаагаараа тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийг Дорноговь аймгийн нийгмийн даатгалын байгууллагад гаргасан.
Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Ч.Бийн цэргийн алба хаасан хугацааны тэтгэвэр тэтгэмжийг тогтоох бүрэн эрхтэй байгууллага юм. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэж байна.
Нөгөө талаар энгийн гэсэн тушаалаар ажилласан жилийг цэргийн алба хаасан хугацаанд тооцохгүй гэдгийг нэмэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У тайлбарлалаа. Энэ нь энгийнээр ажилласан хугацааг цэргийн албаны хугацаанд хамаарахгүй гэж байна уу, цолгүйгээр ажилласан нь хамаарахгүй гэж байгаа юм уу гэдгийг хариуцагч нар маш учир дутагдалтай өрөөсгөл байдлаар тайлбар хийж байгаа нь нэг талдаа хүний эрхийг хэтэрхий дордуулж тайлбарласан гэж үзэж байна.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т цэргийн тэтгэвэр тогтоох эрхийг заасан. Мөн хуулийн 8 дугаар зүйлд 25-аас доошгүй жил алба хаасан бол цэргийн алба хаасан тэтгэвэр тэтгэмжийг тогтоолгох эрхтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтад Ч.Бийн ажилласан жилийн нэмэгдэл болон тооцоонуудыг энэ дагуу гаргасан. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслээд нэмэгдэлтэй тооцоог хийж гаргахад нийт ажилласан жил нь 25 жил 10 сар 7 хоног ажилласан байна. Гэтэл маргааны гол эх үүсвэр болоод байгаа ...-ний хооронд энгийнээр, цолгүй ажилласан нь хамаарахгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
Цэргийн албаны тухай хуульд цэргийн цолыг заасан байдаг. Энэ нь цэргийн албан хаагчдад цол олгох асуудлыг зохицуулсан болохоос цэргийн цолгүй ажилласан нь цэргийн жинхэнэ албыг хаагаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ахлагчаар ажилласан 10-аас доошгүй жил алба хаасан бол уг хугацааг тухайн иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно гэж заагаад өгчихсөн.
Гэтэл яагаад Ч.Бийн цолгүй ажилласан ч цэргийн албыг биеэр хаачихсан энэ хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцохгүй, цэргийн албанд 10-аас дээш жил ажиллачихсан хугацааг тухайн иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохгүй байгаа нь хуулийн хэрэгжилтийг хангахгүйгээр тухайн цэргийн албаны тэтгэвэр тэтгэмжийг тогтоох боломжгүй гэж хариу өгч байгаа нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй байна.
Мөн иргэний тэтгэвэр авах эрхийг нь маш ноцтой зөрчсөн эс үйлдэхүй байна гэж харж байна. Мэдээж Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд цэргийн албан хаагчийн цалин хөлсний талаар тодорхой заагаад өгчихсөн байгаа.
Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд цэргийн албан хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин болон цэргийн бусад нэмэгдлээс бүрдэнэ гэж байгаагаар цол нь цалингийн нэмэгдэл болохоос яг үндсэн цалин биш гэж үзэхээр хууль, эрх зүйн хувьд зохицуулсан байна. Тиймээс цэргийн албан хаагчийн цалин хөлс нь цол олгосон өдрөөс нэмэгдээд явахаар зохицуулагдсан байгаа болохоос цолгүйгээр ажилласан жил нь цэргийн албанд хамаарахгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т тухайн шимтгэл төлөгчийн хувь хэмжээг заасан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийн хувь хэмжээг заахдаа цол авсан бол өөрөөр шимтгэлийг тооцно гэж ерөөсөө хуульд зааж өгөөгүй. Гэтэл нийгмийн даатгалын кодоороо тэтгэвэр тэтгэмж нь цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн кодод хамаарахгүй байна гэж үзэж байгаа нь хуультай нийцэхгүй тайлбар юм. Энэ хуулийн зохицуулалтаар тухайн хөдөлмөрийн хөлс түүнтэй адил орлогоос л шимтгэлийн хувь хэмжээг тооцож төлнө гэж байгаа.
Тиймээс Ч.Бийн ...-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан хугацааныхаа авч байсан цалингийн хэмжээгээр орлогын шимтгэлийн хувь хэмжээг төлсөн болохоос биш цолны нэмэгдэл цалин аваагүй нь энэ шимтгэлд тооцохгүй байх үндэслэлд хамаарахгүй байна. Тэгэхээр хуульд тусгаагүй зүйл дээр тайлбар хийж байгаа нь хариуцагч талын хувьд үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байгаа юм гэв.
...-ний өдрийн ... дугаар тушаал нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаалд Ч.Бийг бэлтгэл ахлагчаас нь дэвшүүлээд томилсон. Анх Ахлагчийн алба хаах журамд заасныг үндэслэж энгийнээр гэж томилсон боловч журам нь дараа нь хүчингүй болсон. Хэдийгээр журам хүчингүй болсон ч Ч.Бийн эрх зүйн байдал дордох үндэслэл болохгүй гэдэг нь Цэргийн албаны тухай хуулиар тодорхойлогдож байна. Одоо дагаж мөрдөгдөж байгаа Цэргийн албаны тухай хуулийн 3.1.12-т зааснаар цэргийн бэлтгэл үүрэгтэн гэдэг нь цэргийн бүртгэлд байгаа Монгол Улсын иргэн байна уу гэхээс биш ямар ч ажил, албан тушаал эрхлээгүй хүн цэргийн бэлтгэл үүрэгтэнд хамаарах үндэслэл харагдахгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд Зэвсэгт хүчний 336 ангид ажиллаж байх хугацаанд ахлагчийн орон тоон дээр цэргийн жинхэнэ албанд ажиллаж, алба хааж байсан нь хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад нотлогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан шимтгэлийг ажил олгогчоос төлөхөөс биш нэхэмжлэгч өөрөө төлж мэдүүлсэн асуудал байдаггүй. Үүнээс харахад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн хугацаа, нэхэмжлэгчийн одоо авч байсан цалин хөлсний тооцооллоор нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд цэргийн цолгүй ажилласан хугацаа нь цэргийн жинхэнэ албанд ажилласан жилд нь хамааралгүй гэж үзэх үндэслэл болохгүй байна.
Нэхэмжлэгчийн цэргийн албанд ажиллаж байсан гэдгийг нотлох хэрэгт авагдсан баримтууд болох Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлал гэх гурван газраас гаргасан архивын лавлагаа болон тухайн үеийн тушаал шийдвэрүүд бүгд үндэслэлтэй. Учир нь цэргийн анги буюу байгууллага нь маш хатуу журамтай. Энэ ч үндэслэлээрээ цэргийн алба хаасан тушаал шийдвэрүүд тодорхой, дээд харьяалах байгууллагаасаа гаргаж ирүүлдэг. Тиймээс тухайн үед цэргийн албанд бэлтгэл үүрэгтэн байсан гэх мэт нөхцөл байдлуудаар буюу хуулиар хориглосон хэм хэмжээг тогтоогоогүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
3. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Сайншанд сумын иргэн Ч.Бийн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгч Ч.Б нь цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор Нийгмийн даатгалын газар хандсан боловч Таны цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа хуульд заасан 25 жилийн болзол журмыг хангахгүй өөрөөр хэлбэл цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг эрх бүхий байгууллагаас гаргасан тушаалаар тооцож үзэхэд 24 жил 6 сар болж байгаа учир цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй байна гэдэг хариуг өгсөн.
Учир нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт /25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй:/ цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан.
Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архиваас ирүүлсэн "Ажилласан жилийн архивын лавлагаа"-д "ЗХЖШ-ын даргын ...-ний өдрийн ... дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангид гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаалд энгийнээр томилогдсон" гэсэн байна.
Нийгмийн даатгалын нэгдсэн мэдээллийн сангаас 2013-2014 оны шимтгэл төлөлтийн талаарх мэдээллийг шүүж үзэхэд ... сараас ... сар хүртэл Нийгмийн даатгалын тухай хууль /өмнө нь мөрдөж байсан/-ийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр буюу энгийн ажилтнаар тооцож төлсөн нь дээрх хугацаанд энгийн албан тушаалд ажиллаж байсан гэдгийг давхар нотолж байна. Иймд дээрх хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан тооцох үндэслэлгүй байна гэж үзсэн.
Учир нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт /Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно./ гэж заасан.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт /Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй:/ 4.1.1 /зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч/ гэж заасан.
Цэргийн албаны тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.2-т "цэргийн жинхэнэ алба" гэж Монгол Улсын хуулийн гийн байгууллагад цэргийн алба хаах үүргийг биеэ гүйцэтгэхийг мөн хуулийн 315. "цэргийн жинхэнэ алба хаагч" гэж цэргийн байгууллагад Цэргийн алба биеэр хааж байгаа Монгол Улсын иргэнийг; 3.1.7. "ахлагчийн албадлагад Монгол Улсын иргэн цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр цэргийн байгууллагад алба чилж албан тушаалд цэргийн жинхэнэ алба хаахыг, 6 дугаар зүйлийн 6.2.-т Цэргийн жинхэнэ алба нь хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэнэ. гэж заасан.
Иймд Ч.Бийн цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан болзол журмыг хангахгүй байгаа учир цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох боломжгүй нөхцөл үүссэн байна.
Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл дээрх нөхцөл байдлыг хянаж үзээд хариуг ... тоот албан бичгээр Ч.Бд хүргүүлсэн, гэх тайлбарыг бичгээр ирүүлсэн бөгөөд,
3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нь: Иргэн Ч.Б нь цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор 2023 онд Нийгмийн даатгалын байгууллагад хандсан. Тэтгэвэр тэтгэмжийн хэлтсийн дарга Б.У нь тухайн үед цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиараа 25 жил алба хаасан байх ёстой гэх болзол журамд хүрэхгүй байна гэсэн тайлбарыг нэхэмжлэгчид өгч тэтгэвэр тогтоохоос татгалзсан байдаг.
2024 оны 11 дүгээр сард иргэн Ч.Б энэ талаар маргаан үүсгэж Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд энэ талаар хандсан бөгөөд салбар зөвлөлөөс хариуг хүргүүлсэн. Тухайн хариу болох 01 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Ч.Бд, таны цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа хуульд заасан 25 жил байх нөхцөл журмыг хангахгүй байна, өөрөөр хэлбэл цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг эрх бүхий байгууллагаас гаргасан тушаалаар тооцож үзэхэд 24 жил 6 сар болж байгаа тул цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна гэсэн хариуг хүргүүлсэн.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт 25 жилээс доошгүй жил алба хаасан эрэгтэй цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй гэж заасан.
Батлан хамгаалах яамны төв архиваас ирүүлсэн нэхэмжлэгчийн ажилласан жилийн лавлагаанд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын ...-ний өдрийн ... дугаар тушаалаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангид гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаалд энгийнээр томилсон тушаалтай байсан тул цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан тооцох боломжгүй гэж үзсэн. Мөн энгийнээр ажилласан нь яаж нотлогдоод байна вэ гэхээр Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сангаас 2013-2014 оны шимтгэл төлөлтийн талаарх мэдээллийг шүүж үзэхэд Ч.Б нь ... сараас ... сар хүртэл өмнө нь мөрдөж байсан Нийгмийн даатгалын тухай хууль буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр буюу энгийн ажилласнаар тооцогдож нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь дээрх хугацаанд энгийн албан тушаалд ажиллаж байсныг давхар нотолж байгаа юм.
Хоёрдугаарт, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д цэргийн тэтгэвэр тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно гэж заасан.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт цэргийн тэтгэвэр тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй, 4.1.1-д Зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч гэж заасан. Бид цаг хугацааны хувьд 2013-2014 оны тухай асуудал ярьж байгаа учраас энэ асуудал маань 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Их хурлаар батлагдсан Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль буюу 2016 онд хүчингүй болсон ч тухайн үед мөрдөж байсан энэ хуулийн зүйл заалтыг ярих ёстой гэж бодож байна.
Тус хууль нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Цэргийн албаны тухай хууль болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар хүчингүй болсон. Гэхдээ 1992 оны уг хуулийн үйлчлэлд энэ маргаантай асуудал нь хамаарна гэж үзэж байгаа бөгөөд 1992 оны хуулиас тодорхой хэдэн зүйлүүдийг авч үзэх шаардлагатай байна. 1992 оны уг хуулийн 3 дугаар зүйлд, цэргийн алба нь төрийн албаны онцлог төрөл бөгөөд цэргийн жинхэнэ болон бэлтгэл албанаас бүрдэнэ. Монгол Улсын иргэн Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд цэргийн үүрэг гүйцэтгэхийг цэргийн жинхэнэ алба гэнэ. Цэргийн жинхэнэ алба нь байлдагч, түрүүчийн алба, ахлагчийн болон офицерын албанаас бүрдэнэ.
3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, Энэ хуульд заасан бэлтгэл албаны насны эрэгтэйчүүд, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд цэргийн тоо бүртгэлд байж дайчилгааны сургууль, цугларалтаар болон хууль тогтоомжид заасан цэргийн албаны бусад үүрэг гүйцэтгэхийг цэргийн бэлтгэл алба гэнэ. Цэргийн бэлтгэл алба нь нэг, хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний албанаас бүрдэнэ.
4 дүгээр зүйлд, цэргийн жинхэнэ албан хаагч ба цэргийн үүрэгтэн гэдгийг тус тус тодорхой заагаад өгсөн байгаа ба 4 дүгээр зүйлийн 1-д цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг цэргийн албан хаагч гэнэ. 2 дахь хэсэгт зааснаар цэргийн бэлтгэл албанд байгаа иргэнийг цэргийн үүрэгтэн гэнэ гэсэн бөгөөд өнгөрсөн цаг хугацаанд цэргийн жинхэнэ алба хаасан байлдагч, түрүүч, ахлагч, офицер нь нэгдүгээр зэргийн үүрэгтэн гэдэгт хамаарч, харин бэлтгэлд байгаа цэргийн алба хаагаагүй эрэгтэйчүүд нь, мөн цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд нь хоёрдугаар зэргийн үүрэгтэнд тус тус хамаарахаар байна.
Мөн тус 1992 оны хуулийн 18 дугаар зүйлд, Цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий иргэн сайн дураараа ахлагчийн албан тушаалд гэрээгээр цэргийн жинхэнэ алба хаахыг ахлагчийн алба гэнэ. Гэрээний анхны хугацаа нь таваас доошгүй жил байна. 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, ахлагч нь дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч, сургагч ахлагч, тэргүүн ахлагч цолтой байна гэж зааснаар ахлагчийн албан тушаалд гэрээгээр ажиллахаар байна.
Нэхэмжлэгч Ч.Б нь ... онд цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр чөлөөлөгдсөн байгаад, 2013 онд 1992 оны дээрх хууль мөрдөгдөж байх үед Зэвсэгт хүчний 336 дугаар ангид гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаалд энгийнээр гэж томилогдсон байдаг. Иймд энэ хуулийн дагуу 35 нас хүрээгүй иргэн цэргийн бэлтгэл нэгдүгээр зэргийн үүрэгтэн байна гэдгийг тодотгож заасан, нөгөө талаар цэргийн бэлтгэл үүрэгтнийг хуульд заасан цэргийн албаны бусад үүрэг гүйцэтгэхийг хуулиар зөвшөөрсөн байдаг. Тиймээс Ч.Бийг цэргийн жинхэнэ албан хаагч биш, харин цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн гэдэг ангилалд хуулиараа авч үзэх боломжтой юм. Үүнийг хуульд хоёрдмол утгагүйгээр заагаад өгчихсөн байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тухайд аймгийн Нийгмийн даатгалын газраас шүүхэд гаргасан тайлбартаа шимтгэл төлөлтийг Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Ч.Бд хамааралтай тайланг нь хуулбарлаж хүргүүлсэн. Үүнээс үзэхэд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар 2014 оны 08 дугаар сард гэхэд Чын Б нь 01 код бүхий төрөл буюу хуучнаар мөрдөж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан энгийн албан хаагч гэдэг хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байдаг.
Харин ... сараас эхлээд 11 дугаартай код бүхий төрөл буюу цэргийн албан хаагч хуулиар зөвхөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг тул энд хамаарах хувь хэмжээгээр 11 гэсэн төрлийн код болох цэргийн албан хаагчийн офицер, ахлагч гэсэн төрлөөр нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд тусгагдсан байгаа юм.
Иймд хууль эрх зүйн хувьд дээрх шалтгааны үүднээс нийгмийн даатгалын газар нь иргэн Ч.Бийн гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа ба өөр ямар нэгэн байдлаар эвлэрэхгүй, зөвшөөрөхгүй гэж хандаж байгаа асуудал байхгүй.
1992 оны Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд цэргийн жинхэнэ алба, цэргийн нэгдүгээр зэргийн үүрэгтэн гэж хэн болох, цэргийн алба гэж юуг хэлэх, ахлагчийн алба гэж хэнийг хэлэх вэ гэдэг талаар ямар нэгэн хоёрдмол санаа утгагүйгээр тайлбарлаж өгсөн байна.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт цэргийн жинхэнэ албыг 25-аас доошгүй жил хаасан эрэгтэй, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэж заасан. Бид энэ хууль болон хуульд үндэслэн гарч байгаа дүрэм, журам, заавар, зөвлөмжүүдийг баримтлан ажиллаж байна.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 хэсэгт цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт цэргийн тэтгэвэр тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй буюу 4.1.1-д зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч гэж заасан.
Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т цэргийн жинхэнэ алба гэдэг нь Монгол Улсын иргэн цэргийн байгууллагад цэргийн алба хаах үүргийг биеэр гүйцэтгэхээр, мөн хуулийн 3.1.5-т цэргийн жинхэнэ албан хаагч гэж цэргийн байгууллагад цэргийн алба биеэр хааж байгаа Монгол Улсын иргэн гэж, 3.1.7-д ахлагчийн алба гэж Монгол Улсын иргэн цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр цэргийн байгууллагад ахлагчийн албан тушаалд цэргийн жинхэнэ алба хаахыг, 6 дугаар зүйлийн 6.2-т цэргийн жинхэнэ алба нь хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэнэ гэж тус тус заасан.
Иймд эдгээр хууль эрх зүйд заасан үндэслэлээс авч үзэхэд Ч.Б нь тухайн үед ажиллаж байсан байдал нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан болзол журмыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл 25 жилийг гүйцэд хангаагүй учир цэргийн тэтгэвэр тэтгэмжийг тогтоолгон авах хууль эрх зүйн үндэслэл байхгүй нь нэхэмжлэгчтэй холбогдож гарсан ажил албан тушаалын үүрэг гүйцэтгэхтэй холбоотой байгууллагаас гаргасан тушаал, архивын лавлагаануудаар энэ нь бүрэн нотлогдож байна гэж үзэж байгаа юм.
Хамгийн ойлгомжтой хэсэг нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15/3686 тоот жанжин штабын архивын лавлагаанд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын ... оны ...сарын ...-ний өдрийн .... тушаалаар нэхэмжлэгчийг ахлагчийн албан тушаалд 6 сараас дээш ажилласан гэж байна. Энэ 6 сараас дээш гэдэг нь ахлагчийн албан тушаал дээр энгийнээр туршилтын хугацаанд ажилласныг хэлж байгаа болов уу гэж би ойлгож байгаа юм. 6 сараас дээш хугацаагаар ажилласан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн гал унтраах ангийн гал сөнөөгч бэлтгэл ахлагч Ч.Бийн цэргийн алба, цолыг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс сэргээсэн болохыг тодорхойлов, Захиргааны удирдлагын газрын дарга хурандаа Дашзэвэг гэсэн архивын лавлагаанд тодорхой байна.
Энэ лавлагаанаас үзэхэд энэ хүн цэргийн жинхэнэ албан хаагч биш, цэргийн бэлтгэл үүрэгтэн гэдэгт хамаарч байгаа юм. Тухайн үед мөрдөгдөж байсан 1992 оны хуулиар цэргийн нэгдүгээр үүрэгтэн нь цэргийн жинхэнэ алба хаасан байлдагч, түрүүч, ахлагч, офицерыг нэгдүгээр зэргийн үүрэгтэй байхаар, мөн энэ хуульд бэлтгэл албаны насны эрэгтэйчүүд, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд, цэргийн тоо бүртгэлд байж дайчилгааны сургууль, цугларалтаар болон хууль тогтоомжид заасан цэргийн албаны бусад үүрэг гүйцэтгэхийг цэргийн бэлтгэл алба болохыг заасан.
Энэ хууль 2016 он хүртэл мөрдөгдөж байсан бөгөөд тухайн үед цэргийн нэгдүгээр зэргийн үүрэгтэн нь тухайн цэргийн анги, байгууллагадаа хуулиар тогтоосон албан үүргийг гүйцэтгэж болно. Гэхдээ энэ нь бэлтгэл үүрэгтэн байна. Иймд хууль эрх зүйн талаасаа ч тэр, тухайн эрх бүхий байгууллагынх нь эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрээр ч тэр Ч.Б нь маргаан үүсгэж байгаа хугацаанд цэргийн жинхэнэ албан хаагч биш, харин цэргийн бэлтгэл үүрэгтэн байжээ.
Ийм учраас Нийгмийн даатгалын байгууллага нэхэмжлэгчид цэргийн алба хаасны тэтгэврийг тогтоох боломжгүй. Энэ нь хуульд заасан 25 жилийн болзлыг хангаагүй учраас тэтгэврийг тогтоох боломжгүй байна гэсэн үндэслэлийг гаргаж байна гэв.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нь: Иргэн Ч.Бийн хувьд 2023 оны 2 дугаар сард Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасны дагуу нас харгалзахгүйгээр 25 жил буюу түүнээс дээш жил алба хаасан нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор холбогдох материалыг Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газарт ирүүлсэн. Үүний дагуу материалыг судалж үзэхэд иргэний холбогдох материал ...-наас ...-нийг хүртэлх хугацаанд ахлагчийн орон тоонд энгийнээр ажиллаж байснаар шимтгэл төлж ажилласан байдаг бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар ... оны ... сарын .....-ний өдрөөс тухайн ахлагчийн цолыг сэргээсэн байна.
...ний өдөр ахлах ахлагч Чын Бийн ажилласан жилийн нэмэгдлийн тооцоог Зэвсэгт хүчний жанжин штабын хүний нөөцийн хэлтсийн ахлагчийн нөхөн хангалтын мэргэжилтэн сургагч ахлагч Б.Энхбаяр гэж хүн ажилласан жилийнх нь тооцоог гаргасан байсан. Ингэж тооцохдоо тухайн албан хаагчийн нийт 25 жил 10 сар 07 хоног гэж тооцсон хугацаанд нэхэмжлэгчийн ...-нийг хүртэл цолгүй байсан хугацааг цолтой байсан хугацаатай ижилсүүлж тооцоог гаргасан байна. Тиймээс энэ нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн зүйл 8 дугаар зүйлийн 8.1-д заасан шаардлагыг хангахгүй тул нэхэмжлэгчид тэтгэвэр тэтгэмжийн эрх үүсэх боломжгүй гэх үндэслэлээр тэтгэврийг тогтоох боломжгүй юм гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг эс зөвшөөрч хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон тус маргааныг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад тухайн хэргийн оролцогчид болох нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргаж буй тайлбарууд, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд зэргийг үнэлж, дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч, хариуцагч талуудаас шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон түүнийг эс зөвшөөрч буй үндэслэл зэргийг тэдгээрээс гаргасан тайлбарын хүрээнд дараахь агуулгаар тодорхойлбол:
2.1 Нэхэмжлэгч талаас, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн ... тоот албан бичиг болох шийдвэрээр Зэвсэгт хүчний жанжин штаб (цаашид ЗХЖШ-ын даргын гэх)-ын даргын ...-ний өдрийн ... тоот тушаалд нэхэмжлэгчийг ...-ны өдрөөс Зэвсэгт хүчний 336 дугаар ангид гал сөнөөгчөөр, ахлагчийн албан тушаалд энгийнээр томилсныг үндэслэн, нэхэмжлэгчийн цэргийн байгууллагад ажилласан нийт хугацаа нь 24 жил 6 сар байгаа тул түүнд цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй байна гэж шийдвэрлэсний дагуу,
Хариуцагч тус аймгийн Нийгмийн даатгалын газар нь нэхэмжлэгчийн цэргийн байгууллагад буюу ЗХЖШ-ын даргын 2013 оны ... тоот тушаалаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ...-ны өдрөөс, ЗХЖШ-ын даргын ... оны .... дугаар сарын ...-ний өдрийн ... тоот тушаалаар нэхэмжлэгчийн цэргийн алба, цолыг ...-ний өдрөөс сэргээх хүртэл хугацаанд ахлагчийн албан тушаал дээр ажиллаж байсан байдлыг цэргийн албанд ажилласан хугацаанд оруулж тооцохгүйгээр хуульд заасан болзол, шаардлагыг хангахгүй байна гэж үзэн нэхэмжлэгчид цэргийн тэтгэвэр тогтоох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэсэн агуулгаар,
2.2. Хариуцагч талаас, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дараах хоёр байдлаар буюу:
Нэгдүгээрт: Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн хариу албан бичиг болох 01 тоот шийдвэрт үндэслэл болгож буй Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2013 оны ... тоот тушаалаар нэхэмжлэгчийг гал сөнөөгчөөр ахлагчийн албан тушаалд энгийн гэдгээр томилсон байдал,
Хоёрдугаарт: Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл нь 2013 оны 01 дүгээр сараас ... сарыг хүртэл хугацаанд энгийн ажил, албан тушаалд төлөгддөг хувь хэмжээгээр төлөгдсөн зэрэг байдлуудаар цэргийн байгууллагад энгийнээр ажиллаж байсан нь нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ч.Бийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ...-ны өдрөөс ...-ний өдрийг хүртэл хугацаанд ахлагчийн албан тушаал дээр энгийнээр ажиллаж байсан нь цэргийн алба хаасан хугацаанд хамаарахгүй болох нь холбогдох хууль, тогтоомжид зааснаар тодорхойлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн агуулгаар тус тус тодорхойлон маргаж байна.
3. Маргааны үйл баримтын тухайд:
3.1 ЗХЖШ-ын даргын ...-ний өдрийн “Ахлах ахлагч Ч.Бийг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох, чөлөөлөх, нэг удаагийн тэтгэмж олгох тухай” ... тоот тушаал /хх-ийн 8 дахь тал/-аар Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн гал түймэр унтраах салааны ээлжийн ахлагч, ахлах ахлагч Ч.Бтэй байгуулсан “Ахлагчийн алба хаах гэрээ”-г ...-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, албан тушаалаас нь чөлөөлснөөр нэхэмжлэгч нь цэргийн албанаас чөлөөлөгджээ.
3.2 Хавтаст хэрэг дэх нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-ийн 22, 23 дахь тал/-д болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уаас шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар зэрэгт тус тус дурдагдаж байгаагаар иргэн Ч.Б нь дээрх тушаал гарсны дараа /.... онд/ цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газарт хандсан боловч түүний цэргийн албанд ажилласан жил нь 24 жил 6 сар байгаа тул цэргийн алба хаасны тэтгэвэр тогтооход баримтлах ажилласан жилд хүрэлцэхгүй байна гэсэн хариуг өгсөн байх ба,
3.3 Үүний дараа нэхэмжлэгч нь 2024 оны 8 дугаар сард хариуцагч Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд гомдол гаргасны дагуу тус зөвлөлөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 01 тоот албан бичиг /хх-ийн 16,17 дахь тал/-ээр нэхэмжлэгчийг ЗХЖШ-ын даргын ...-ний өдрийн ... тоот тушаалаар “ахлагчийн албан тушаалд энгийн” -ээр томилогдсон байна, мөн 2013 оны 01 дүгээр сараас ... сарыг хүртэл хугацаанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь энгийн ажил, албан тушаалын хувь хэмжээгээр төлөгдсөн байгаа тул тухайн хугацааны ажилласан байдлыг цэргийн алба хаасан хугацаанд оруулж тооцох үндэслэлгүй гэснээр тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариуг өгчээ.
4. Иймд нэхэмжлэгчээс дээрх албан бичиг бүхий шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан бөгөөд энэ дагуу тус маргааны үйл баримт нь ...-ны өдрөөс ...-ний өдрийг хүртэлх хугацаагаар тодорхойлогдож байна.
5. Маргааны зүйл болж буй хариуцагчаас тус газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрийг үндэслэл болгон нэхэмжлэгчид цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй эсэх тухайд;
5.1 Нэхэмжлэгч иргэн Ч.Б нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид өмнө нь ажиллаж байгаад /хх-ийн 7, 28, 59-60 дахь тал/, тухайн ангид буцаж ажилд орохдоо тус ангийн захирагчийн 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Ажилтанг сэлгэн ажиллуулах, иргэдийг ажилд авах тухай” Б/14 тоот тушаал /хх-ийн 61 дэх тал/-д зааснаар мөн өдрөөс “сантехникийн слесарьч” -ээр томилогдон, ТҮ-3 -ын 2 дугаар шатлалаар буюу “төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал”-аар цалинжиж байсан байх ба,
5.2 Улмаар ЗХЖШ-ын даргын ...-ний өдрийн “Томилох тухай” ... тоот тушаал /хх-ийн 34 дэх тал/-аар Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн “сантехникийн слесарь бэлтгэл ахлагч”-аас дэвшүүлж, гал унтраах ангийн гал сөнөөгчөөр, ахлагчийн албан тушаалд ...-ны өдрөөс “энгийн”-ээр томилогдсон байх бөгөөд,
5.3 “энгийн” гэх томилгоог тус тушаалд үндэслэл болгосон хууль, тогтоомжуудын нэг болох тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Батлан хамгаалахын сайдын 2008 оны 75 дугаар тушаалаар батлагдсан “Ахлагчийн алба хаах журам”-ын 3.2.3-т “Ажлын зайлшгүй шаардлага, мэргэжлийн онцлогийг харгалзан, ахлагчийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага хангасан 30 хүртэлх насны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэй, цэргийн бүртгэлтэй мэргэжил бүхий 25 хүртэлх насны эмэгтэйг ахлагчийн гүйцэтгэх албан тушаалд энгийнээр авч ажиллуулж болно.” гэж заасныг тухайн үед үндэслэл болгон баримталж шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.
5.4 ЗХЖШ-ын даргын дээрх ... тоот тушаалыг үндэслэн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагчийн ...-ны өдрийн “Данс бүртгэлд авч ажиллуулах тухай” ... тоот тушаал /хх-ийн 32 дахь тал/ гарч, уг тушаалд зааснаар нэхэмжлэгч Ч.Б нь ТТ-4-ийн 4 дүгээр шатлалаар буюу “төрийн тусгай албан тушаалын ангилал”-аар цалинжих болсон байна.
5.5 Үүнээс хойш ЗХЖШ-ын даргын ... оны ...-ний өдрийн “Томилох, цэргийн цол олгох, цэргийн алба, цолыг сэргээх тухай” ... тоот тушаал /хх-ийн 87 дахь тал/-аар ахлагчийн албан тушаалд 6 сараас дээш хугацаагаар ажилласан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Бийн цэргийн алба, цолыг ...-ний өдрөөс сэргээжээ.
5.6 Дээрх тушаал, шийдвэрүүдээс үзэхэд, хэдийгээр “энгийн” гэж томилогдсон боловч нэхэмжлэгч нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ...-ны өдрөөс ...-ний өдрийг хүртэл хугацаанд “ахлагчийн ажил, албан тушаал”-ыг эрхэлж, улмаар тус албан тушаалын дагуу буюу “төрийн тусгай албан тушаалын ангилал”-аар цалинжиж байсан зэрэг байдлууд тогтоогдож байна.
5.7 Маргаанд хамаарах хууль зүйн үндэслэлийн тухайд;
5.7.1 Нэхэмжлэгч талаас маргаж буй үндэслэлд хамаарах ...-наас ...-нийг хүртэлх хугацаанд буюу тухайн үеийн цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тогтоон зохицуулж байсан Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /1992 оны/-ийн 3 дугаар зүйлийн 1 -д “Цэргийн алба нь төрийн албаны онцлог төрөл бөгөөд цэргийн жинхэнэ болон бэлтгэл албанаас бүрдэнэ”,
Мөн зүйлийн 2 -т “Монгол Улсын иргэн Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд цэргийн үүрэг гүйцэтгэхийг цэргийн жинхэнэ алба гэнэ. Цэргийн жинхэнэ алба нь байлдагч, түрүүчийн алба, ахлагчийн болон офицерийн албанаас бүрдэнэ ...” гэж тус тус заасан байх бөгөөд,
5.7.2 Ийнхүү дээрх хуульд цэргийн албыг “төрийн албаны онцлог төрөл” болохыг тодорхойлон заасны дагуу мөн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна” гэж зааснаар, мөн зүйлийн 8.6.1-дэх зүйлд “зэвсэгт хүчний байгууллагын ахлагч” нь төрийн тусгай албан тушаалд хамаарахаар зохицуулагджээ.
5.7.3 Хуулийн дээрх зохицуулалтуудаас үндэслэн дүгнэхэд нэхэмжлэгч иргэн Ч.Б нь Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн хэсэг болох Зэвсэгт хүчний 336 дугаар ангид дээр дурдсан холбогдох тушаал, шийдвэрүүдийн дагуу нэгэнт төрийн тусгай албан тушаалын ангиллаар цалинжин, түүнд хамаарах “ахлагч”-ийн ажил, албан тушаалыг тухайн хугацаанд эрхэлж байсан тул нэхэмжлэгчийг уг ажил, албан тушаалд “энгийн” гэдгээр томилсон байдал болон энгийн ажил, албан тушаалд хамаарах хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан зэргээс үл хамааран,
5.7.4 Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба ... байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч талын маргаж буй үндэслэлд хамаарч буй ...-ны өдрөөс ...-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Ч.Бийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ажиллаж байсан тухайн байдлыг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байх ба,
5.7.5 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь Зэвсэгт хүчний байгууллагад цэргийн жинхэнэ албанд хамаарах “ахлагч”-ийн ажил, албан тушаалыг эрхэлж байсны хувьд тэрээр Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй:”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д “зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны ... ахлагч, ...” гэж, мөн 8 дугаар зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй;”, тус зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д “25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй;” гэж тус тус заасны дагуу тэрээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байна.
5.7.6 Гэтэл хариуцагчийн зүгээс холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчид Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д заасан “цэргийн алба хаасны тэтгэвэр” -ийг тогтоох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх ба түүний улмаас нэхэмжлэгчийн цэргийн тэтгэвэр авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул хариуцагч талаас нэхэмжлэгчид тухайн тэтгэврийг тогтоох боломжгүй талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар, нотлох баримтуудыг шүүх хүлээн авах боломжгүй байна.
6. Иймд дээр тогтоогдож буй үндэслэлүүдээр хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газар нь нэхэмжлэгчийн гомдлыг хянан шийдвэрлэж гаргасан тус газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн ... тоот албан бичиг бүхий шийдвэрийг үндэслэн, нэхэмжлэгч Ч.Бд цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоохыг хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /1992 оны/-ийн 3 дугаар зүйлийн 1, 2, Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.6, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/, 4 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1/, 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1/ дэх зүйлүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газар нь тус газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн ... тоот албан бичиг бүхий шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч иргэн Ч.Бд цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоохыг хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦЭНД