Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/60

 

 

 

 

 

 

 

 

  2023            7                03                                                  2023/ДШМ/60

 

 

Б.О-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа, даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Сонинмөнх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н, түүний өмгөөлөгч Б.Мянган,

Иргэний хариуцагч “Х” ХХК-ийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх, Б.Гомбожав,

Шүүгдэгч Б.О,

Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

   Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/151 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх, О.Анхбаяр, Б.Гомбодорж, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Мянган нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.О-т холбогдох эрүүгийн 2234004220367 дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт хувиараа мал аж ахуй эрхлэн Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б О,

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор хөндий” гэх газар Улаанбаатараас Булган аймаг явах чиглэлийн 159 километрийн заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд Тоёота Пробокс маркийн 56-78 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа,  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчиж, замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Б, Г.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Ш-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас: Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х Б Оыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  зааснаар иргэний хариуцагч "Х" ХХК-иас 6 280 607 /зургаан сая хоёр зуун наян мянга зургаан зуун долоо/ төгрөг, иргэний хариуцагч  Баас 12 561 214 /арван хоёр сая таван зуун жаран нэгэн мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөг тус тус гаргуулж Улаанбаатар хот Баянгол дүүргийн 3-р хороо 35Б байрны 47 тоотод оршин суух амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т Жы Н д олгож,

шүүгдэгч Б.Оаас хохирогч нарын эрүүл мэндийн даатгалаас зарцуулсан 1 131 340 /нэг сая нэг зуун гучин нэгэн мянга гурван зуун дөч/ төгрөгийн төлбөрийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд шилжүүлж,

 Хууль ёсны төлөөлөгч Ж.Ны нэхэмжлэлийн шаардлагаас 120 102 035 /нэг зуун хорин сая нэг зуун хоёр мянга гучин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэлэлцээгүй орхисон 136 080 000 /нэг зуун гучин зургаан сая наян мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 Эрүүгийн 2234004220367 дугаартай хэрэгт шүүгдэгч Б.Оын эзэмшлийн №1400012 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэх, №01654204 дугаартай 5674 ХОА улсын дугаартай Toyota Probox маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ тус тус хураагдаж ирсэнийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн гэрчилгээг Бид буцааж олгож, шүүгдэгч Б.Оын жолоочийн үнэмлэхийг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа эхлэн тоолохыг дурдаж,

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж,

 Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,

 Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдолд:  “... Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч О.Анхбаяр би эрүүгийн 2234004220367 дугаартай хэрэгт шүүгдэгч Б От хууль зүйн туслалцаа үзүүлж, түүний өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Төв аймаг сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 203/ШЦТ/151 дугаартай шийтгэх тогтоолыг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр биечлэн гардаж аваад шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүгдэгч Б.О нь мөрдөн байцаалтын эхнээс өөрийн холбогдоод буй хэргийн талаар шударгаар мэдүүлж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн тал дээр огт маргаагүй. Шүүгдэгчийн гэм бурууг мөрдөгч, прокурорын зүгээс нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон бөгөөд өмгөөлөх тал үүн дээр маргаж байгаагүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын тухайд шүүгдэгч Б.О нь анх удаа хөнгөн хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн болно. Зам тээврийн осол гарахад хоёр байдал нөлөөлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Нэгдүгээрт шүүгдэгч замын хөдөлгөөний дүрмээр зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлсэн байх магадлалтай гэж шинжээч дүгнэсэн. Гэхдээ шинжээч энэхүү дүгнэлтийг гаргахдаа таамаглал дээр үндэслэж, томьёогоор бодож автомашины хурдыг тооцоолсон байдаг. Хоёрдугаарт осол гарахад авто замын эвдрэл буюу хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон замын хагархай нь осол гарахад нөлөөлсөн. Шинжээчид энэ тухай дүгнэлт болоод мэдүүлэгтээ тодорхой дурдсан байдаг. Хэрвээ гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг 100 хувь гэж үзвэл 50 хувьд нь яалт ч үгүй замын эвдрэл нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэрэг гарахад дан ганц шүүгдэгчийн буруутай үйлдлээс шалтгаалаагүй, бас замын эвдрэл гэх нэгэн хүчин зүйл байсан нь тодорхой байна. Энэ бол энэхүү хэргийн үйлдэгдэн гарах болсон гол нөхцөл байдал юм.

Шүүгдэгч Б.О нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо хохирогчийн хууль төлөөлөгчийн нэхэмжилж буй хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Улмаар шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Б.Оыг 12,561,214 төгрөгийг хохирогч талд төлүүлэхээр шийдвэрлэсэн ба шүүгдэгч Б.О нь шүүх хурлыг түр завсарлуулан хохирлыг тэр дор нь газар дээр нь бүрэн төлж барагдуулсан болно. Энэ тухай шүүхийн шийдвэрийн 14 дүгээр нүүрт шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй хэмээн тодорхой дурджээ. Мөн шүүгдэгчийн аав буюу иргэний хариуцагч Б нь хохирогч талд төлүүлэхээр шүүхээс тогтоосон 12.561214 төгрөгийг бүрэн төлсөн болно.

Хор уршгийн тухайд, анхан шатны шүүхээс амь хохирогчийн ирээдүйд олох ёстой байсан орлого 136,080,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй нээлттэй үлдээж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэхийг дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл энэхүү хор уршгийг шүүгдэгч Б.О төлөх ёстой хэмээн албан ёсоор үүрэг ноогдуулаагүй атлаа хор уршиг арилаагүй хэмээн шүүгдэгчийг тэнсэхээс татгалзаж, энэ талаар шийтгэх тогтоолын 11 дүгээр нүүрт “гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй зэрэг нөхцөл байдлаас үүдэн хүлээн авах боломжгүй гэж дүгнэв." гэж бичсэн байдаг. Хор уршгийг хэлэлцэхгүй нээлттэй үлдээн гэдэг нь хор уршгийг хэн, хэзээ хэрхэн төлөх талаар ямар ч хууль зүйн үр дагавар үүсээгүй хэмээн ойлгоно. Өөрөөр хэлбэл хор уршиг огт шийдэгдээгүй. Гэтэл анхан шатны шүүх нь өөрийн огт шийдээгүй нээлттэй үлдээсэн асуудлаа шүүгдэгчийг тэнсэхгүй гэх үндэслэлээ болгосон явдал өөрөө хууль зүйн алдаатай дүгнэлт юм. Мөн шийтгэх тогтоолын 11 дүгээр талын 4 дэх догол мөрөнд бичсэн “... шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас жирэмсэн эхийн амь нас хохирч...” гэжээ.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "амь нас” бол хохирол хэмээх ойлголтод хамаарах юм. Энэхүү амь нас хохирсон хохирлыг Монгол Улсад өнөөдрийн байдлаар оршуулгын зардлыг төлснөөр барагдуулсан хэмээн дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл хүний амь нас хохирсон явдал нь хор уршигт хамаарахгүй байхаар хуульд заасан байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын 11 дүгээр нүүрний 4 дэх доголд "Амь хохирогчийн бага насны хүүхэд эхгүй үлдсэн, хохирогчийн ар гэр гомдолтой саналтай" гэх анхан шатны шүүхийн өмгөөлөгчийн саналыг няцаасан үндэслэлүүд нь Эрүүгийн хуульд огт байхгүй ойлголтууд юм. Хор уршиг гэх ойлголтод "бага насны хүүхэд эхгүй хоцрох, ар гэр гомдол саналтай" гэх асуудал хамаарах эсэхийг өнөөдөр тодорхойлсон зүйл байхгүй. Хуулийг гагцхүү Улсын Дээд шүүх л тайлбарлах эрхийг эдэлдэг. Дээд шүүхээс хор уршигт ямар ойлголтууд хамаардаг болохыг тоочиж тайлбарласан зүйл алга байна. Мөн Эрүүгийн хуульд Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглодог. Өмгөөлөх талаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэх боломжтой талаар дүгнэлт гаргасан. Эрүүгийн хуульд тэр дундаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд анхан шатны шүүхийн тогтоолд бичсэн шиг "хүүхэд эхгүй үлдсэн, ар гэр гомдолтой" гэх зүйл огт бичигдээгүй.

Шүүгдэгч Б.О нь хувийн байдлын тухайд Архангай аймгийн Өлзийт суманд оршин суудаг, жирийн нэгэн малчин эмэгтэй бөгөөд даруу төлөв зантай нэгэн болох нь гэрч Б.Нарантуяа, гэрч Б.Баасандорж нарын мэдүүлгээр хангалттай нотлогддог. Энэхүү хэргийн дээр дурдсан дахин давтагдашгүй онцлог нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих бүрэн үндэслэлтэй хэмээн дүгнэж байна.

Иймд шүүгдэгч Б.От түүний байнга оршин суудаг Архангай аймгийн Өлзийт сумын дэвсгэрийн хэмжээгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Юуны өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт хандаж хэлэхэд энэ гэмт хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас эрсэдсэн хүнд хор уршиг учирсанд үйлчлүүлэгчийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа гүнээ харамсаж буйгаа илэрхийлэхийн сацуу миний бие зөвхөн шүүгдэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөллийн үйл ажиллагаа явуулж буй учраас илэрхийлсэн санал, дүгнэлтэд авах, гээхийн уужуу ухаанаар хүлээцтэй хандана гэдэгт итгэж буйгаа илэрхийлье.

Шүүгдэгч Б.Оын хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ талаар ямар нэг гомдол, саналгүй. Зөвхөн оногдуулсан хорих ялыг хуульд заасан үндэслэлүүдээр  хөнгөрүүлж өгөхийг хүсэлт болгож, гомдол гаргасан билээ. Ийм ч учраас өмгөөлөгч би өөрийн давж заалдсан гомдолдоо өмнө нь Б.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхийг санал болгосныг татгалзан өөрчилж, түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сонгох санкци болох “зорчих эрх хязгаарлах” ял шийтгэл болгон гомдолд дурдсан үндэслэлүүдээр хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг эрхэм шүүх бүрэлдэхүүнд санал болгож байна.

Үндэслэл нь: Шүүх Б.От холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ  “шүүхийн тогтоолд заасан эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь ...Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад сөргөөр нөлөөлсөн”  гэж үзэж байна. Үүнд:

Хэдийгээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгож хэрэглэх нь шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон онцгой бүрэн эрх мөн боловч  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн  байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ, тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл хэмжээ нь Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу  гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг. Шударга ёсны зарчим нь бусад суурь зарчмууд, юуны түрүүнд хууль ёсны тэгш байдал, хүнлэг энэрэнгүй зарчмын үзэл санааг өөртөө агуулж байдгийг бид мэднэ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан  хариуцлагыг хөнгөрүүлэх ердийн болон онцгой нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй, мөрдөн байцаалтад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд бага насны хоёр хүүхэдтэй зэргээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл байхад “хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэн түүнд хорих оногдуулсанд гомдолтой байна. Тухайлбал, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, ...дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх ... нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, энэ нь шүүх хэрэглэвэл  зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэл дүгнэлтэд хүргэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1, 2-т заасан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нөхцөл байдалд хүрнэ гэж үзэж байна. Үүнд:

Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,2 , 1.4 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  учруулсан хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх бусад нөхцөл байдлуудыг огт  харгалзан үзсэнгүй.

1. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч Б.О гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй нь бусдын амь нас эрсдсэнд туйлын ихээр харамсан гэмшиж,  ар гэрээс нь нэхэмжилсэн гэм хорын хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн.

2. Б.О нь  өндөр настай жолооч аавынхаа гарыг түр сэлгэх зорилгоор авто машиныг нь түр жолоодоод зорчин явах хугацаанд гэнэт замын хагархай нүх эвдрэл /хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд авагдсанаар “...гүн 8 см-тэй урдаас хойш чиглэлд 1.30 м, баруунаас зүүн чиглэлд 1 метр хэмжээтэй эвдэрсэн нүх байв” гэх /1 хх 6 дугаар хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх, 14-15 дугаар хуудас/ таарснаас  уг хагархай хэсэг дээгүүр хүчтэй харайлгахдаа самгардаж айн цочирдсоноос авто машин онхолдож, бусдын амь нас хохирсон золгүй явдал тохиолдсон. Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал” гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

3. Хохирогч  Шийн амь нас эрсдэх,  гэмт хэргийн нийгмийн хор аюул нэмэгдэхэд зөвхөн жолоочийн төдийгүй, тэр өөрөө хамгаалалтын бүс хэрэглээгүй эс үйлдэхүй нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөлд тооцож болохоор байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн амь эрсдэхэд түүний гэм буруу тогтоогдсон хэдий ч тухайн үед хохирогч суудлын бүс, даруулгыг хийгээгүй нь түүний амь нас хохирох буюу гэмт хэргийн улмаас учрах нийгмийн хор аюулын хир хэмжээг нэмэгдүүлсэн, ЗХД-ийн 6-д тээврийн хэрэгслээр зорчигчийн үүргийг заасан байна, тухайлбал, дүрмийн  6.1-ийн ”а”-д: хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх үүрэгтэй.” гэж заасныг хэрэгжүүлээгүй. Хохирогч Банзрагч  мэдүүлэхдээ: “ Би машинд суухдаа  ...бүсээ хийгээрэй гэж хэлсэн...” /1хх, 39-40 дүгээр тал/ гэжээ.

4.Б.О нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн ангиллын гэмт хэргийг хайхрамж болгоомжгүй үйлдсэн, хор уршгийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр санамсаргүй учруулсан,

5.Зам тээврийн хөгжлийн яам, Х ХХК-ны баталсан “Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийг хариуцан ажиллах гэрээ”-нд заасан “ авто замд үзлэгийг хуваарь гарган тогтмол хийж, авто замын бүрэн бүтэн байдалд онцгой анхаарч ажиллана, хариуцаж байгаа авто замаа байгалийн гэнэтийн аюулаас хамгаалах бүх талын арга хэмжээг урьдчилан авч ашиглалтын болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэг, хариуцан ажиллаж буй авто зам, замын байгууламжийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд байнгын бэлэн байлгаж, авто зам хэрэглэгчдийг техник ашиглалтын болон үйлчилгээний түвшин хангасан авто замаар үйлчлэх зорилготой“ боловч уг үүрэг зорилгоо иргэний хариуцагч  “Х” ХХК биелүүлээгүй нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн,

6.Оршуулгатай холбогдсон зайлшгүй зардлыг нөхөн төлсөн болон нөхөн төлөхөө илэрхийлсээр байхад хохирогч талаас үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө хөрөнгө /250 000 000 төг/ нэмж өгөхийг шаардсан хэдий ч гэм буруугаа түмэнтээ ойлгож цаашид хохирогчийн ар гэрт эд мөнгөний тусламж үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн, 

7. Шинэчлэн найруулж 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн гол үзэл баримтлал бол Эрүүгийн хариуцлагын зорилгыг өөрчлөн хариуцлагын төрөл хэмжээг өргөтгөн тогтоосонд оршино. Эрүүгийн хариуцлагын зорилго бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг зөвхөн цээрлүүлэхдээ гол нь бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тухайн этгээдийг нийгэмшүүлэхэд чигэлдэгээрээ өмнөх Эрүүгийн хуулиас ялгагдах онцлогтой. Эл зорилгыг хангах үүднээс гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд зөвхөн хорих ял шийтгэл оногдуулах биш, эрүүгийн хариуцлагын бусад  арга хэмжээг өргөтгөн түүнийг аль болох түлхүү хэрэглэхээр хуулийн үзэл баримтлалд тусгасан. Б.О цээрлэлээ зохих хэмжээгээр хүлээсэн гэж үзэж байна.  2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийтдээ гурван сар шахам, нийт 88 хоног цагдан хоригдоод байна.

8.Болгоомжгүйгээр бусдад хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогдон гэм буруугаа хүлээн гэмшиж буй, хөдөө орон нутагтаа мал аж ахуй эрхлэн амьдарч яваа 4-6 насны буюу бага насны хоёр хүүхэдтэй эх буюу жирийн малчин бүсгүй От холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн сонгох санкцтай ялын төрлөөс  зөвхөн хорих ялыг сонгон авч ялыг заавал биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, хуулийн холбогдох заалтуудад нийцээгүй. Учир нь, Монгол улс НҮБ-д гишүүнээр элссэн учраас олон улсын гэрээ, конвенцод заасан хэм хэмжээг баримталдаг улс орон болохыг бүгд мэднэ. НҮБ-ийн хүний эрхийн комиссарын газар, ДЭМБ-аас өндөр настан, хүүхэд, эмэгтэйчүүдийг цагдан хорих, мөн хорих ял шийтгэл оногдуулахаас аль болох зайлсхийхийг гишүүн орнууддаа уриалсан байдаг. Үүнийг дэмжиж шинэчлэн найруулж баталсан 2015 оны Эрүүгийн хуульд сонгох ялын төрөл хэмжээг өргөтгөн шүүхээс хорих ял оногдуулах явдлыг багасгах зорилгоор электрон гавны  тусламжтайгаар цахим хяналт тавих гэсэн үзэл баримтлалын хүрээнд зорчих эрх хязгаарлах ялыг нэмж хуульчилсан билээ.  Иймд шүүх, Олон улсын гэрээ конвенц, Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Б.От оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг дахин илэрхийлж байна.

Архангай аймгийн Өлзийт суманд эцгийнхээ асрамжид байгаа бага насны хоёр хүүхэд нь ээжтэйгээ уулзалгүй олон сар болсноос сэтгэл санаагаар унаж, ээжийгээ байнга нэхэж, санаж бэтгэрч  сэтгэл санаа, асрамж хүмүүжлийн хүнд нөхцөлд байна.

Тэгвэл, шүүгдэгч Б.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, туйлын ихээр гэмшиж, харамсаж буй, хэргийн  улмаас учруулсан бодит хохиролд мөрдөн байцаалтын шатанд 5 000 000 төгрөг, шүүхийн шатанд 7 500 000 төгрөг бүгд 12 500 000 төгрөг, анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу эцэг Б  нь 12 500 000 төгрөг, тэдний ар гэрээс бүгд 25 000 000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч Б.О 04-06 насны буюу бага насны хүүхэдтэй эх, эмэгтэй болох зэрэг түүний хувийн байдал, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан ялаас зорчих эрх хязгаарлах ял шийтгэлийг сонгож хэрэглэх нь Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх “ шударга ёсны зарчим”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан: “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.“ гэсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлд бүрэн нийцнэ гэж үзэж байна.

8. ХХ-ийн 181 дүгээр хуудсанд  хохирогч Б, Г.Н нар эрүүл мэндийн даатгалд 548 470 төгрөгийн санхүүжилт авсан баримт авагдсан байхад прокурор 1 131 340 төгрөг нэхэмжилсэн, шийтгэх тогтоолд Б.Оаас  1 131 340 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор заасан нь үндэслэлгүй байх тул тогтоолын холбогдох заалтыг өөрчилж өгнө үү.

Иймд хэргийн дээрхи Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээ, шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б От 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг нь тухайн сумын нутаг дэвсгэрээр хязгаарлах ял шийтгэл оногдуулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гомбодорж давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч би шүүгдэгч Б.Оын хүсэлтээр түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр нь ажиллаж байна. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/151 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 6 сарын 01-ний өдөр Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох "Бор хөндий" гэх газар Улаанбаатараас Булган аймаг явах чиглэлийн 159 километрийн заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд Тоёота Пробокс маркийн 56-78 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу тал руу онхолдож зам тээврийн осол гарсны улмаас зорчигч Б, Г.Н нарын эрүүл хүндэвтэр хохирол учруулж, зорчигч Ж.Шинэцэнэгийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн.

Шүүгдэгч нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, амь хохирогч Шийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж буйгаа илэрхийлэн амь хохирогчийн ар гэрээс уучлалт гуйн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж бусдад төлөх төлбөрийн үлдэгдэлгүй болсон ба үүнийг шүүхийн шийтгэх тогтоолд дурддаг юм.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй буюу урьд ял шийтгэгдэж байгаагүй нь дээр 2022 оны 06 сарын 01-ний өдөр тохиолдлын шинжтэй өөрийн болгоомжгүй үйлдэл, нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж бусдын амь насыг хохироосон бөгөөд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "...Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж хуульчилсан.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдалд ялангуяа тус зүйлийн 1.2 дах хэсэг заасан "...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ял оногдуулахгүйгээр таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх талаар зохицуулсан зохицуулалтад хамаарч байгаа юм.

Гэтэл шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал зэргийг харгалзан 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч гэх саналыг шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас жирэмсэн эхийн амь нас хохирч, амь хохирогчийн бага насны хүүхэд эхгүй үлдсэн, хохирогчийн ар гэр гомдол саналтай, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй зэрэг нөхцөл байдлаас үүдэн хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын зорилго болох гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцэхгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг хэрэглэх бүрэн боломжтой байхад уг заалтыг огт хэрэглэхгүйгээр, эрүүгийн хуулийг буруу хэрэглэх буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй 2 жил хорих оногдуулан шийдвэрлэсэн шийдвэрийг хянаж шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж 5 жилийн хугацаагаар тэнсэж өгөхийг хүсч энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.07 өдрийн 2023/ШЦТ/151 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан үндэслэлээр өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Иргэний хариуцагч “Х” ХХК-ийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 505 дугаар зүйлийн 505,1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч " Х" ХХК-аас 6,280,607/ Зургаан сая хоёр зуун наян мянга зургаан зуун долоон / төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Баянгол дүүргийн 3-р хороо 35Б байрны 47 тоотод оршин суух амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т Жы Нд олгуулахаар шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хилс ташаа дүгнэлт хийсэн, эрүүгийн хуулийг буру хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зэрэгт дор дурьдсан үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэг: Шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан шүүхийн дүгнэлт

Иргэний хариуцагч Ч.Алтанзаяагийн гэрчээр өгсөн мэдүүлэгт "... Манай компани нь зам барилга засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Төв аймгийн Лун сумын 2 дугаар багийн нутагт байрлах Булган аймгийн Баяннуур сум руу салдаг 3 замын уулзвараас эхлээд Архангай аймгийн Өгийнуур сумын салдаг хүртэл нийт 172 км асфальтан замыг хариуцан ажилладаг. Манайх энэ жил Зам тээврийн хөгжлийн яамнаас 400 гаран сая төгрөгийн засвар үйлчилгээ 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлээд графикийн дагуу явагдаж байгаа. Нийт 1390м/кв талбайд нөхөөс хийх хуваарь гарсан. Манайх засварлах нүхний тоо олон учраас засвар хийх газрын эхлэл төгсгөл дээр зөөврийн анхааруулах, ажил хийж байна, хурд заасан тэмдэглэгээнүүдийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны үеэр байрлуулсан байсан. Лүн сумаас Баяннуур сум явах уулвар дээр" засвартай, эвдрэлтэй" гэсэн бичигтэй самбар 2022 оны 5 дугаар сарын 10-ны үеэр байрлуулсан байсан. ..." /1хх-47-48 тал/ "Цагаан шонхорын жигүүр" НҮТББ шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 22/58 дугаартай дүгнэлт “...1. Хавтас хэргийн материалтай танилцахад “Х” ХХК-ийн захирал Алтанзаяагийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...замын зорчих хэсэг олон тооны нүхтэй эвдрэлт эй байсан...” гэж мэдүүлсэн байх тул Товота Probox маркийн 56-78 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д зааснаар замын нөхцөл байдалд хурдаа тохируулж яваагүй. 2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3 “...Зам ашиглалт хот асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм дүрэм стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна...” гэсэн үүргийг биелүүлээгүй байна...” /1хх 10-105 тал/

Техникийн шинжээчдийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/09 дугаартай дүгнэлт “... 1. Монгол Улсын ШШТ хуулийн 17.2-д “Шинжээчийн дүгнэлт нь бодит үр дүнг тусгасан шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна.” , 17.4-т “... Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцана...” гэж заасан тул дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна. 2. Уг осол болоход замын эвдрэл нөлөөлсөн гэж үзэж байна...” /хх-155-157/

Шинжээч Н. Мөнхзулын өгсөн “... Уг зам тээврийн осол болохоос өмнө зам дээр замын эвдрэл үүссэн байна. Тоёота Probox автомашины хурдыг тооцохдоо зам дээр шарвалт үүсээд, дугуй шарвасан мөрний урт болон шарвах үеийн радиусыг тогтоож хурдыг тооцоход 88,29 км/ц гэж гарсан. Энэ хурд нь тухайн автомашины явсан байж болох хамгийн бага хурд юм. Зам дээр өндөр хурдтай хөдөлгөөнд оролцож явахад замын эвдрэлээс хамааран автомашины тогтворжилт алдагдан улмаар шарвалт үүсэн замын хажуу руу гарч онхолдсон гэж үзсэн. Хэрэв автомашин хурдаа тохируулан замын хөдөлгөөний дүрэмд заагдсан хурдны хязгаараас бага хурдтай явж байгаа тохиолдолд зам дээр эвдрэл байсан ч уг замын эвдрэлтэй хэсгийг өнгөрсний дараагаар автомашины тогтворжилт алдагдан шарвалт үүсэхгүй..." гэх мэдүүлэг /хх-162/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1х.х.-5-7/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх.8/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1 х.х.-9-18/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Б.Оын холбогдсон гэмт хэрэг гэм буруугийн болгоомжгүй болон санаатай холимог хэлбэртэй бөгөөд шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гар утсаараа оролдож явсан талаар гэрчийн мэдүүлэгт дурьдагдсан мөн шинжээчийн дугнэлтэд түүнийг хурд хэтрүүлж явсан нь зам тээврийн осол гаргахад шууд нөлөөлсөн талаар шинжээчийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж шүүх дүгнэв. Иргэний хариуцагч "Х" ХХК-ийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн шинжээчийн гаргасан дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, эхний дүгнэлтийг нотлох баримтаар тооцох боломжгүй" гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

1-р хавтас хэргийн 104-105-р хуудсанд “Цагаан шонхорын жигүүр" НҮТББ шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 22/58 дугаартай дүгнэлт, 2-р хавтас хэргийн 155-157-р хуудсанд техникийн шинжээчдийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/09 дугаартай техникийн шинжээч нарын дүгнэлтүүд авагдсан байх бөгөөд уг дүгнэлтүүд агуулгын хувьд зөрүүгүй, нэг нь нэгнийгээ үгүйсгэсэн нөхцөл байдал байхгүй, шинжээч нар дээрх дүгнэлтүүдийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, холбогдох хуулийг зөрчөөгүй хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт гаргасан байна гэж шүүх үзэв.

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Шүүх хавтас хэргийн материалтай танилцан "Х" ХХК, Б нарыг иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй гэж үзэн шүүхийн шатанд иргэний хариуцагчаар татсан.

 "Х" ХХК-ийн захирал Ч.Алтанзаяа манай "Х" ХХК Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлийн орон нутгийн замын 169 дэх км шонгийн ойролцоо 136 дахь км-ын шонгийн ойролцоо зам засварын ажил явагдаж байна хурдаа тохируулж явна уу км 135-233 гэсэн бичигтэй мөн зам засварын тэмдэглэлийг 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тавьсан. Манай "Х" ХХК төсөв мөнгөний асуудал болон төлөвлөгөөн дээр заагдсан ажлын дагуу хийж гүйцэтгэсэн тул тус хэрэгт иргэний хариуцагчаар татагдаж оролцоход татгалзал байна" гэж маргасан.

Иргэний хариуцагч Ч.Алтанзаяагийн өгсөн “Х” ХХК орон нутгийн замын Төв аймгийн Лүн сум 135 дахь км-ын шонгоос Архангай аймгийн Өгийнуур сум руу салдаг хүртэл 306 дахь км-ын шон хүртэлх зам засварын ажлыг хариуцаж байгаа. Манай “Х” ХХ компани 3 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл ажилладаг бусад цаг хугацаанд байнгын бэлэн байдалд байдаг. Манай компани нь төлөвлөгөө гаргаж Зам тээврийн хөгжлийн яамаар батлуулж цаг тухай бурд нь төлөвлөгөөнд заагдсан ажлыг хугацаанд нь багтааж ажилладаг гэх мэдүүлгээр /2х х-9-11тал/ Зам тээврийн хөгжлийн  яам, "Х ХХК-ийн баталсан Олон улс улсын чанартай авто зам, замын байгууламжийг хариуцан ажиллах гэрээ зэргээр зам тээврийн осол гарсан газрыг хариуцан ажилладаг болох нь тогтоогдсон бөгөөд тус компани Зам тээврийн хөгжлийн яам, “ Х” ХХК-ийн баталсан Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийг хариуцан ажиллах гэрээнд заасан "... авто замд үзлэгийг хуваарь гарган тогтмол хийж, авто замын бүрэн бүтэн байдалд онцгой анхаарч ажиллана, хариуцаж байгаа авто замаа байгалийн гэнэтийн аюулаас хамгаалах бүх талын арга хэмжээг урьдчилан авч ашиглалтын болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэг, хариуцан ажиллаж буй авто зам, замын байгууламжийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд байнгын бэлэн байлгаж, авто зам хэрэглэгчдийг техник ашиглалтын болон үйлчилгээний түвшин хангасан замаар үйлчлэх зорилготой уг үүрэг зорилгоо биелүүлээгүйн улмаас шүүгдэгч Б.О тээврийн хэрэгсэл жолоодож явахад нь замын нүх таарсны улмаас зам тээврийн осол гарахад нөлөөлсөн болох нь:

Хохирогч Д. Б өгсөн: “... замын цоорхой харагдаад манай охин алдаа гаргаад арай цочмог ухас хийгээд машин далбилзаад онхолдсон гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.О өгсөн: “... Тэгээд явж байхад гэнэт засмал замын хагархай гарч ирээд тухай хагархайн дээгүүр хүчтэй харайлгаад цаана нь гарахдаа засмал замынхаа баруун хэсэг рүү унасан. Тухайн үед нүх дайраад л цааш нь юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд л машин онхолдсон байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч М.Батцэнгэлийн өгсөн :".... Жолооч О нэг гараараа утсаа бариад нөгөө гараараа жолоогоо бариад явж байснаа гэнэт зүүн гар тийшээ огцом дараад буцаагаад баруун тийшээ огцом дараад тэгээд сандрахдаа хаазаа гишгээд тэр чигээрээ замынхаа баруун тал руу маш хүчтэй ороод олон удаа өнхрөөд зогссоны дараа би Банзрагч гэдэг өвгөнтэй хамт машины багаж хэсэгт орчихсон байсан...” гэх мэдүүлэг/хх-25-26 тал/,

Цагаан шонхорын жигүүр" НҮТББ шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 22/58 дугаартай дүгнэлтийн "...2. Тухайн зам зорчих хэсгийн бүрэн бүтэн байдлыг хариуцсан ажилтан, албан тушаалтан нь Монгол Улсын Замын хөдөдгөөний дүрмийн 27.3 “... Зам ашиглалт, хот тохижилтийн асуудал эрхэлс байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна...” гэсэн үүргийг биелүүлээгүй байна” гэх /1 хх-104-105/,

Техникийн шинжээчдийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/09 дугаартай дүгнэлт: “1.2. Уг зам тээврийн осол болоход замын эвдрэл нөлөөлсөн гэж үзэж байна” гэх дүгнэлт/хх-155-157/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...Асфальтан замын голд 1 дугаартай мөрнөөс зүүн зүгт 67.40 м зайд гүн нь 8 см-тэй урдаасаа хойш чиглэлд 1.30м,  баруунаасаа 1 метр хэмжээтэй эвдэрсэн нүх байв" гэх /хх-6/,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулна гэж заасны дагуу "Х” ХХ компанийг иргэний хариуцагчаар тогтоосон болно гэж үзээд шүүх иргэний нэхэмжлэлийн шаардлагаас "Х" ХХК-аас 20% буюу 6.280.607 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497 1, 508 дугаар зүйлийн 508.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар олгохоор шийдвэрлэв

Хоёр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл нотолбол зохих байдлыг тогтоож чадсангүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Мөнхтэмүүлэн нь 2023 оны .. сарын ... өдөр нэмэлт шинжилгээ хийлгэж Техникийн шинжээчдийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/09 дугаартай дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Мөнхтэмүүлэн нь шинжээч нарт тавьсан асуултанд урд гаргасан “Цагаан шонхорын жигүүр" НҮТББ шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 22/58 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар өөр шинжээч нарт асуулт тавьсан нь дахин шинжилгээ хийлгэхэд шүүх, прокурор гэж заасан байхад мөрдөгч гэж бичээгүй байна. Шүүх шинжилгээний тухай хуульд нэмэлт болон дахин дүгнэлтийг тодорхойлсон байна. Үүнд:

27 дугаар зүйл Нэмэлт шинжилгээ хийх

27.1 хэсэгт “ ... Шинжээчийн дүгнэлт бүрэн бус эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохилдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэмэлт шинжилгээ хийнэ.",

27.2 хэсэгт “...Нэмэлт шинжилгээг анхдагч шинжилгээ хийж дүгнэлт гаргасан болон гаргахад оролцсон шинжээчээр хийлгэж болно”,

27.3 хэсэгт “Нэмэлт шинжилгээ хийлгэх хугацааг энэ хуулийн 16-р зүйлд заасан журмын дагуу тогтооно...”,

28 дугаар зүйл Дахин шинжилгээ хийх

28.1 хэсэгт “...Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ.”

28.2 хэсэгт “...Дахин шинжилгээ хийхэд анхдагч, эсхүл нэмэлт шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулахыг хориглоно…” гэж тус тус заасан байна. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/215/421 тушаалын 2.3 дахь хэсэгт “...Дахин шинжилгээг бүрэлдэхүүнтэй хийх бөгөөд бүрэлдэхүүний тоо сондгой байна...” гэж заасан байхад шүүх “Цагаан шонхорын жигүүр" НҮТББ шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 22/58 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчдийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/09 дугаартай техникийн шинжээч нарын дүгнэлтүүд авагдсан байх бөгөөд уг дүгнэлтүүд агуулгын хувьд зөрүүгүй, нэг нь нэгнийгээ үгүйсгэсэн нөхцөл байдал байхгүй, шинжээч нар дээрх дүгнэлтүүдийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, холбогдох хуулийг зөрчөөгүй, хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт гаргасан байна гэж шүүх үзсэн нь хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Зам тээврийн хөгжлийн яамны баталсан "Х" ХХК-ийн хариуцдаг А27 дугаартай Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлийн 135км-306км хоорондох хатуу хучилттай авто зам, замын байгууламжид 2022 онд хийж гүйцэтгэх арчлалт, засварын ажлын график төлөвлөгөөний дагуу замын эвдрэлийн урсгал засварын ажлыг 6 дугаар сарын 1 дэх 7 хоногоос хийхээр төлөвлөсөн/2хх-12,1хх-178/, иргэний хариуцагч Ч.Алтанзаяа нь шүүхийн хэлэлцүүлэгт ".... зам засварын ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэдэг, цаг агаарын нөхцөлд тохируулж хийдэг..." гэж мэдүүлсэн зэрэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3 “...Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэсэн үүргийг биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлгүй юм. Тэгээд ч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд асфальтан замын голд 1 дугаартай мөрнөөс зүүн тийш 67.40 метр зайд гүн 8 см-тэй урдаас хойш чиглэлтэй 1.30м, баруунаас зүүн тийш 1 метр хэмжээтэй эвдэрсэн нүх байв гэх /хх-6/ гэрэл зургийн үзүүлэлт /1хх-14-15/ зэрэг баримтуудаар замын звдрэл тогтоогдож байгаа гэх боловч тухайн замын эвдрэлтэй хэсгээр жолооч машиныхаа дугуйгаар дайруулж гарсан, тойрч гарсан эсэх нь тодорхой биш, хохирогч, гэрч М.Батцэнгэлийн мэдүүлгээр жолооч О нь нэг гараараа утсаа бариад, нөгөө гараараа жолоогоо бариад явж байснаа гэнэт зүүн гар тийшээ огцом дараад буцаагаад баруун тийшээ огцом дараад тэгээд сандрахдаа хаазаа гишгээд тэр чигээрээ замынхаа баруун тал руу маш хүчтэй ороод нилээн олон удаа өнхрөөд зогссон..." гэсэн мэдүүлэгт дурьдагддаг боловч шинжээчийн дүгнэлтэд түүнийг хурд хэтрүүлсэн явсан нь тухайн зам тээврийн осол гаргахад шууд нөлөөлсөн талаар гаргасан шинжээчийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж шүүх дүгнэсэн хэдий ч замын эвдрэл гэмтлээс болж зам тээврийн осол гарсан талаар дүгнэлтийг шүүх хийсэнгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ны өгсөн мэдүүлэгт тухай эвдэрсэн гэх нүхийг тойрч гараад явчих боломжтой энэ нүхнээс болж осол гарах тийм нөхцөл байдал байгаагүй гэж мэдүүлсэн байдаг. Улсын яллагч нэмэлтээр гарсан техникийн шинжээчдийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/09 дугаартай дүгнэлтэд "... Зам тээврийн осол болоход замын эвдрэл нөлөөлсөн гэж үзсэн ч "Х" ХХК нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөн эсэх талаар хариулах боломжгүй, жолооч Б.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалт буюу "Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна цагт 80км ..ээс хэтрүүлэхийг хориглоно" гэснийг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна гэсэн дүгнэлтээр "Х" ХХК-ийг яллах дүгнэлт, гэм буруугийн дүгнэлтүүдэд иргэний хариуцагчаар татаагүй байхад шүүх гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцана гэж үзэж иргэний хариуцагчаар тогтоосон нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Зам тээврийн хөгжлийн яам," Х"ХХК-ны баталсан Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийг хариуцан 2022 онд арчлалт, засварын ажил гүйцэтгэх 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №114 тоот гэрээний ерөнхий нөхцлийн 1.3-т ажил гүйцэтгэх компанийн үүргийг тодорхой зааж, төлөвлөгөөний дагуу зам засварын ажлыг гүйцэтгэх хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэсний дагуу зам засварын ажлыг 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Лүн, Архангайн Батцэнгэл, Булганы Дашинчилэн сумдын чиглэлийн 135-306 км-т авто замд зам засварын ажлаа хийж эхлэж байхад анхан шатны шүүх "Х" ХХК-ийг үүрэг зорилгоо биелүүлээгүйн улмаас шүүгдэгч Б.О тээврийн хэрэгсэл жолоодож явахад нь замын нүх таарсны улмаас зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж иргэний хариуцагчаар татаж амь хохирогчийн хохирлын 20%-иар тооцож хохирлыг гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар “Х” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж 6.280.607 төгрөгийг гаргуулах анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/151 тоот шийтгэх тогтоолын иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Мянган давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Мянган би Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн Б.От холбогдох эрүүгийн 2234004220367 дугаартай хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ны өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д заасан дагуу Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/151 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гэм буруутай этгээдээс оршуулгын зардал 41,938,670 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 4,566,400 төгрөг, өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 100,000,000 төгрөг, гэм хорын хохирол 135,000,000 төгрөг, нийт 287,505,070 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх оршуулгын зардлаас 10,535,635 төгрөгийг "...энэ хэрэгт хамааралгүй..." гэх үндэслэлээр, цалингийн зээлийн улдэгдэл 4,566,400 төгрөгийг "...эээлийн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй...” гэх үндэслэлээр, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 100,000,000 төгрөгийг "...сэтгэл санааны хохирол тооцох хуулийн зохицуулалт байхгүй..." гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс талийгаачийн буяны ажилд зориулагдсан зан үйлийн зардал болон унаа, тээвэр, шатахуун, сэлбэг хэрэгслийн зардлыг орон нутгаас олдсон баримтын хүрээнд нэхэмжилсэн бөгөөд хэрэгт хамааралгүй мөнгийг хэн нэгэн этгээдээс гаргуулах гэсэн санаа зорилго агуулаагүйгээс гадна талийгаачийн хувьд амьд сэрүүн, ажил хөдөлмөр эрхлэж байсан бол өөрийн нэрээр авсан цалингийн зээлээ төлж, ар гэр, гэр бүлээ цалингийн зээл төл гэсэн банкны байгууллагын дарамт шахалтанд учируулахгүй байх байсан юм.

Мөн талийгаачийн ар гэр болох аав, ээж, эгч, дүүгээс нараас гадна нөхөр, 4 настай охины сэтгэл санаанд учирсан нөхөж баршгүй хохирлыг хуулийн зохицуулалт байхгүй гэх үндэслэл зааж хэрэгсэхгүй орхиж байгаа нь хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмд байж боломжгүй шийдвэр, хуулийн зохицуулалт гэж үзэхээр байна. Талийгаач зөвхөн өөрөө биш 8 сар гаруй тээсэн, хэзээ мөдгүй төрөх болоод байсан нялх үрийнхээ хамт гэмт хэргийн золиос болсон гэдгийг шүүх анхаарч үзээгүйд харамсаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар бичсэн гомдолтой танилцсан бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар зам тээврийн осолд замын компани 50%-ийн буруутай, оршуулгын зардал төлсөн учир хор уршиг арилсан гэсэн утга бүхий гомдол гаргажээ.

Замын компани буюу "Х" ХХК-ийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гараагүй, зам тээврийн осол зөвхөн хурд хэтрүүлснээс бус зорчигч нарт хамгаалах бүс зүүлгээгүйгээр хөдөлгөөнд оролцсон, зөвшөөрөгдөх хэмжээнээс их тооны хүн тээвэрлэсэн, аюул саад бий болоход хөдөлгөөний хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг Монгол Улсын Замын хеделгеений дүрмийн хэд хэдэн заалт зөрчсөн болох нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шинэчилсэн байцаалтаар тогтоогдсоор байхад гэм бурууг өөрөөсөө биш хэн нэгнээс хайж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл мэтээр гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн зөвхөн оршуулгын зардал төлснөөр гэм хор арилдаггүй юм. Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн 31,403,035 төгрөг аав, ээжид нь охиныг нь, эгчид нь дүүг нь, дүүд нь эгчийг нь, хань нөхөрт нь гэргийг нь, бяцхан охинд нь хайртай ээжийг нь орлож чадахгүй гэдгийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар ойлгож, ухаарахгүйгээр хор уршиг арилсан мэтээр ял шийтгэлээ хөнгөрүүлэхээр гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Иймд шүүгдэгч Д.От оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээж, шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг нотлох баримт, хуулийн хүрээнд үнэн зөв тооцож, гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөпт оруулж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сонинмөнх гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангаас мөрдөгч нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргахдаа тогтоол гаргасан гэж гомдолдоо дурдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 27.8.1-д “шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ гэж заасны дагуу 3 шинжээчийн дүгнэлт гарсан. Уг 3 шинжээчийн дүгнэлтээр иргэний хариуцагчийг энэ зам тээврийн осолд буруутай гэх үндэслэл алга гээд дүгнэсэн. Иргэний хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс утга нь ойлгогдохгүй давж заалдах гомдол гаргаад яваад байна. Мөрдөгчийн эд зүйл хурааж авсан тогтоол, мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд авагдсанаар иргэний хариуцагч компани нь өөрийнхөө зам ашиглалтын гэрээ хэлцлүүдийг Зам Тээврийн Хөгжлийн яамаар батлуулаад ажиллагаа хийгээд явж байсан. Мөн Ганбат гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авахад зам дээр үүссэн нүх, эвдрэлүүдийг тэмдэглээд явж байгаа нь завсарын ажил хийж байна гэж ойлгоно гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Мөн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргахад Б.Оыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д зааснаар замын нөхцөл байдалд хурдаа тохируулж яваагүй гэж буруутгасан. Тухайн үед Б.Оын тээврийн хэрэгслийн хурд нь 88м/км хурдтай явж байсан. Энэ нь осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзсэн учраас улсын яллагчийн зүгээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулаад өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.4-т заалтуудыг зөрчсөн гэж үзэж өөрчлөлт оруулж хэргийг шилжүүлсэн. Д.Гансүх өмгөөлөгчийн ярьж байгаа хавтаст хэргийн 181 дүгээр хуудсанд байгаа хохирогч эрүүл мэндийн даатгалд 548.470 төгрөгийн санхүүжилт авсан баримт авагдсан байхад прокурор 1.131.340 төгрөг нэхэмжилсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэх гомдлыг хүлээн авч давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулах боломжтой” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н гаргасан тайлбартаа: “... Энэ хүн хүүхдүүдээ 3 сар хараагүй гэж  байна. Өнөөдөр миний эгчийн хүүхэд төрсөн бол 1 настай, дүү минь элэг бүтэн байх байсан. Миний дүү маш сэргэлэн цовоо хүүхэд байсан, одоо бэтгэрээд тийм биш болсон. Цэцэрлэгт явахгүй, нийгэмшиж чадахгүй байна. Өдөр, шөнөгүй надаас ээжийгээ нэхэж, хүн хүний гар харж байна. Шүүгдэгч нээлттэй хорих ангид байх учир 2 хүүхэд нь очоод уулзаж болно. Гэтэл дүү минь дахин хэзээ ч ээжийгээ харахгүй. Та нар ээж, аавд нь ямар хэцүү байгаа бол гэдгийг бодож үзсэн юм уу. Миний дүү, нөхөр, ар гэрийнх нь сэтгэл зүйн байдал маш хүнд байгаа. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.О гаргасан тайлбартаа: “...Би хэрэг үйлдсэндээ үнэхээр их харамсаж, гэмшиж байна гэв” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.От холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх, О.Анхбаяр, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж нарын хамтран гаргасан болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н, түүний өмгөөлөгч Б.Мянган нарын хамтран гаргасан, иргэний хариуцагч “Х” ХХК-ийн төлөөлөгч Ч.Алтанзаяагийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

2.Б.От холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 3.Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Б.О нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор хөндий” гэх газар Улаанбаатар хотоос Булган аймаг явах чиглэлийн 159 дэх километрийн заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд Тоёота Пробокс маркийн 5678 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа,  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчин замын хажуу руу онхолдон зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Б, Г.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Шийн амь нас хохирсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

4.Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ны өгсөн: “...М.Батцэнгэл болон талийгаач хоёрын дундаас 2018 онд Б.Гэгээлэн охин гарсан, одоо 4 настай. Талийгаач маань 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Өлзийт сум руу зарын дагуу замын машинд нөхөр хүүхэдтэйгээ суугаад явж байхдаа Төв аймгийн Лүн сум өнгөрч яваад зам тээврийн осолд орж нас барсан, талийгаач маань нас барахдаа 8 сартай жирэмсэн байсан...” /хх-ийн 1-р хавтас 22-23-р тал/ гэх,

Гэрч М.Батцэнгэлийн: “...2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Өлзийт сумын чиглэл рүү зар дээрээс Өлзийт сум руу явна гэсэн машины жолоочтой утсаар яриад эхнэр талийгаач Ш болон охин Б.Гэгээлэн нарын хамт 5678 ХОА улсын дугаартай цагаан өнгийн Пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Бид тухайн өдрийн өглөө 08-09 цагийн үед Улаанбаатар хотоос хөдөлсөн. ...Жолооч Б Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сумын Урьхан зоогийн газар хүртэл барьсан, дараа нь түүний охин Б.О Урьханаас бариад цааш явсан. Тэгээд цааш 20-25 орчим км яваад засмал зам дээр онхолдсон. Б.О нь жолоо барьж явахдаа гар утсаараа оролдоод яваад байсан, манай талийгаач Ш хөөе чи наад утсаа болиоч ээ гэж хэлж байсан. ...Жолооч Б.О нэг гараараа утсаа бариад нөгөө гараараа жолоо бариад явж байснаа гэнэт зүүн гар тийшээ огцом дараад буцаагаад баруун тийшээ огцом дараад тэгээд сандрахдаа хаазаа гишгээд тэр чигээрээ замынхаа баруун тал руу маш хүчтэй ороод нэлээд олон удаа өнхрөөд зогссоны дараа би Б гэдэг өвгөнтэй хамт машины багаж хэсэгт орчихсон байсан. ...машинаас гараад харахад эхнэр, охин хоёр машинаас 4-5 орчим метр зайд  шидэгдсэн, охин маань газар суугаад уйлж байсан, эхнэр маань хажуу талаараа хараад хэвтсэн, амнаас нь цус гоожиж байсан. ...Ослын дараа замын машинтай Булган аймгийн Баяннуур сумын эмнэлэг ороод яаралтай тусламж эмчилгээ хийлгэсэн. Тэгээд Улаанбаатар хот руу зөөвөрлөх гээд эмнэлгийн фургон машин руу ороод нас барсан...’’/хх-ийн 1-р хавтас 25-26-р тал/ гэх,

Хохирогч Г.Нгийн: “...Төв аймгийн Лүн сумын нутаг, Урьхан зоогийн газарт буудаллаад бие засчхаад буцаад суутал Б.О жолоо бариад Б хойно суугаад цааш хөдлөөд явсан. Тэгээд нэлээн явж байгаад би зүүрмэглэж байтал гэнэт пир, пар гээд машин онхолдчихсон, намайг танихгүй хоёр хүн машинаас гаргасан. Тэгээд миний ухаан санаа орж гараад байсан ба би хүмүүсийг бүртгэтэл жирэмсэн эмэгтэйг нөхөр нь толгой доор нь өвдгөө хийгээд хэвтүүлж байсан..., ...Миний 11 хавирга хугарсан, хамгаалалтын бүсний ормоор шархалсан, нурууны хоёр сэртэн яс хугарсан, баруун талын ташаанаас хонго хүртэл хөхөрсөн байсан...” /хх-ийн 1-р хавтас 36-р тал/ гэх,

Хохирогч Д.Б: “...Би 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос охин Б.Оыг Архангай аймгийн Өлзийт суманд хүргэж өгөх гээд өөрийн 5678 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод эхнэр Г.Н миний хажуу талд суугаад, охин Б.О Г.Нгийн ар талд суугаад, хажууд нь фэйсбүүк зараар Архангай явж байсан залуу, эхнэр хүүхдийн хамт суугаад 10 цагийн үед хөдөлсөн. Тэгээд явж байгаад замдаа Төв аймгийн Лүн сумын Урьхан зоогийн газарт бүгд буудаллаад буцаад машинд суух гэхэд манай охин Б.О би жолооны үнэмлэхтэй машиныг чинь баримаар байна гэж хэлээд, би жолоогоо Б.От өгөөд, өөрөө хойд талд Норжмаагийн хойд суудалд суугаад цааш хөдлөөд явж байтал замын цоорхой харагдаад манай охин алдаа гаргаад арай цочмог ухас хийгээд машин далбилзаад онхолдоод би ухаан самгардаад байж байхад машинаас намайг хүмүүс гаргаад түргэн ирж намайг аваад явсан” /хх-ийн 1-р хавтас 39-40-р тал/ гэх,

Гэрч Б.Үүрийнтуяагийн: “...2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 11 цаг 52 минутад тухайн осолд орсон хүнийг тээвэрлэж явсан цагаан өнгийн Тоёота приус маркийн машин ирсэн. Машинаас тухайн осолд орсон эмэгтэйг эмнэлгийн дамнуурга ашиглан яаралтай тусламжийн тасагт хүргэж эрэмбэлэн ангилалтыг үргэлжлүүлэн хийсэн. Тухайн өвчтөний биеийн байдал маш хүнд ухаан санаа самуурсан, арьс нь хүйтэн эрээнтсэн хүүхэн хараа хоёр талд ижил өргөссөн, гэрлийн урвал сул, зүрхний авиа бүдэгхэн, жигд бус зүрхний цохилт олширсон, уушги цулцангийн суларсан амьсгалтай доод хэсгээрээ амьсгал сонсогдохгүй, толгойны орой чамархай, дух хэсэгт зулгарсан, хавдсан, хөхөрсөн гэмтлүүдтэй, баруун талын хавирга хугарсан хугарлын шинжтэй, эрүү хугарсан, амнаас цус гарсан, хэлээ хазсан байсан. ...амьсгалын зам чөлөөлж амнаас гарсан цусыг насосоор соруулж хүчилтөрөгчийг дөрвөөс тавын урсгалаар авч эхэлсэн, мониторинг аппаратаар амин чухал үзүүлэлтүүдийг хянаж эхэлсэн. Лавшруулсан үзлэгийг хийсэн. Ажиллах хүчээ нэмэгдүүлж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бүгдийг дуудсан, өвдөлт намдаах, шокийн эсрэг, цус тогтоох, шингэн сэлбэх, ураг дэмжих чиглэлийн эмийн эмчилгээнүүдийг хийсэн..., ....нөхөрт нь өвчтөний биеийн байдал маш хүнд олон эрхтэнг хавсарсан гэмтэлтэй амь нас эрсдэх магадлал өндөр гэдгийг тайлбарлан хэлж бусад ар гэрийнхэндээ хэлээрэй гэдгийг хэлсэн. Эх нь амьсгал, зүрх судасны дутагдалд орж амьсгалын болон зүрхний цохилт тасалдаж эхлэх үед эхэд амилуулах суурь тусламжийг үзүүлж ураг аврах боломжийг хайж эхийн цээж шахалтыг зогсоолгүйгээр амилуулах суурь тусламжийг үргэлжлүүлэн үзүүлсээр хэвлийг босоо зүслэгээр 12-15 сантиметр орчим зүсэхэд цус их хуримтлагдсан байсныг соруулж авч ургийг умайн хөндийгөөс гаргахад амьсгалгүй, зүрхний цохилтгүй байсан. Хүйг тасалж нярайн эрт үеийн сэхээн амьдруулалт хийж зүрхэнд иллэг, массаж, амбо маскаар амьсгал өгсөн боловч амьсгал, зүрх ороогүй тул сэхээн амьдруулахыг зогсоосон. 8 сартай ураг бол амьдрах боломжтой байдаг учраас бид ургийг аврах боломжийг хайж дээд шатны байгууллага болох аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс зөвлөгөө, зөвшөөрөл авч ажилбарыг хийсэн.” /хх-ийн 1-р хавтас 43-45-р тал/ гэх,

Шүүгдэгч  Б.Оын өгсөн: “Миний бие Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багт нөхөр, 2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Миний төрсөн эгч Нарантуяа Улаанбаатар хотод алдарт эхийн одон аваад би хөдөөгөөс замын унаагаар ирж цайллагад нь ирж оролцсон. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр аав Банзрагч болон хойд ээж Норжмаа болон зарын дагуу Архангай аймгийн Өлзийт сум руу явах бага насны эмэгтэй хүүхэдтэй эхнэр, нөхөр 2-ийг авсан. Тэгээд Улаанбаатар хотоос өглөө 08-09 цагийн орчим гарсан. Анх Улаанбаатар хотоос хөдлөх үед аав өөрөө машинаа бариад явж байгаад Төв аймгийн Лүн сумын Урьхан зоогийн газар ороод гарч ирэхдээ цааш нь би бариад явсан. Тэгээд хойшоо Булган аймаг руу салдаг засмал замаараа эргээд явж байгаад Улаанбаатар хотоос 150 дахь км-ийн шонгийн ойролцоо онхолдсон. Намайг машин жолоодож явахад жолоочийн эсрэг талын урд талд хойд ээж Г.Н, миний ар талд талийгаач эмэгтэй, түүний нөхөр нь хүүхэдтэйгээ миний зүүн талд нь манай аав Банзрагч сууж явсан. Би осол болох үед ойролцоогоор 60 орчим км\цаг хурдтай явж байсан. Тэгээд явж байхад гэнэт засмал замын хагархай гарч ирээд тухайн хагархай дээгүүр хүчтэй харайлгаад цаана нь гарахдаа засмал замынхаа баруун хэсэг рүү унасан болно. Тухайн үед нүх дайраад л цааш нь юу болсныг сайн санахгүй байгаад байна. Нэг мэдэхэд л машин онхолдчихсон байсан. Би талийгаач эмэгтэйг өмнө нь таньдаггүй байсан, зарын дагуу л авч явсан байсан. Би 2021 онд Улаанбаатар хотод Отгон Жолоо нэртэй жолооны курс төгссөн. В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Осол болох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Цаг агаарын хувьд гадна дулаахан, нартай, үзэгдэх орчин хэвийн байсан. Засмал замын хувьд бол хагархай байсан. Би болон жолоочийн эсрэг талын урд суудалд сууж явсан манай хойд ээж Норжмаа нар хамгаалах бүсээ бүсэлсэн байсан, бусад хүмүүс бол хамгаалах бүсээ бүслээгүй байсан. Миний биед гэмтэл учраагүй, баруун хүзүү хэсгээр суудлын бүсний улаалтын ором орсон байсан.",

"Би 2021 оны 5 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод Отгон жолоо гэх нэртэй авто сургуульд сурч 45 хоног танхимаар суралцахаар тогтож суралцсан. Анх орохдоо л 280.000 төгрөгийн сургалтын төлбөрийг төлсөн. Тэгээд нэг өдрийн хичээл нь 1 цаг, заримдаа багш нь завтай бол 1 цаг 30 минут ороод, ажлын 7 хоногийн 1, 4, 5 дахь өдрүүдэд танхимаар дүрмийн хичээлүүд ордог байсан. Харин дромын хичээл Бямба, Ням гаригуудад, Алтан жолоо гэх сургуулийн Нарангийн голын урд руу байдаг дромын талбайд очиж хичээл ордог байсан. Тэгээд би 7 сарын сүүлээр шалгалтаа өгч сургуулиа төгссөн. Харин жолооны үнэмлэх сүүлд 2021  оны 11 сард жолооны үнэмлэх гарч ирсэн. Би машинаас гарч ирээд шууд жирэмсэн эмэгтэй дээр очиход, хамт байсан залуу нь өндийлгөөд цээжийг нь хөлөө налуулаад хэвтүүлсэн байсан бөгөөд нөхөр нь над руу чи муу яах гэж машин барьсан юм гээд орилоод байсан. Тэгээд би утсаа аваад түргэн рүү залгахад бүртгээд авсан байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг ирээгүй байхад замын унаанд нөхөр нь уг жирэмсэн эмэгтэйг суулгаад аваад явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.’’ гэх мэдүүлэг /1хх-ийн 28-29, 33 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар “...1. Талийгаач Шийн цогцост баруун 1, 2, 3, 4-р хавирга зөрсөн хоёрлосон хугаралтай. Зүүн 2, 3-р хавирга хоёрлосон хугарал, уушгины эдийн няцрал, цээжний хөндийн цус хураа /1300мл/, чацархай, сэмж, бүдүүн гэдэс, бөөрний хальсанд цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа /300мл /, эрүү ясны хугарал, нүүр, цээж, хэвлий, нуруу, мөчдөд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Талийгаач нь 7-8 сартай буюу 31-32 долоо хоногтой жирэмсэн байх боломжтой байна, талийгаач хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...’’ /хх-ийн 1-р хавтас 82-85-р тал/ гэх,

Эрүүл мэндийн яамны эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Г.Баттулгын  гаргасан 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “...хэвийн жирэмслэлт, 2700 грамм жинтэй, 47 см урттай, 8 сартай жирэмсэн хүн гэж үзэх үү эсэх асуултад:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамж, Эрүүл мэндийн сайдын тушаалд заасны дагуу Монгол Улсад 24 долоо хоног буюу 6 сараас дээш тээсэн жирэмснийг төрөлт гэж үзнэ. Мөн ургийн үзүүлэлтээс авч үзвэл 2500гр дээш, 45см дээш үзүүлэлттэй гарсан /төрсөн/ нярайг гүйцэд амьдрах чадвартай гэж үзнэ. /8 сартай жирэмсэн/ Жирэмсний хугацаанд ямар нэгэн эмгэг өөрчлөлтгүй, хүндрэл онош, жирэмсний хугацаанд оношилж, эмчилгээ хийлгэж байгаагүй зэрэг нь ураг амьдрах чадвартай, жирэмсэн хэвийн тээгдэж байсан гэж үзэхээр байна. /Жирэмсний хяналтын карт, өгсөн шинжилгээ г.м/...” /хх-ийн 1-р хавтас 239-р тал/ гэх,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаар “...Ургийн гадна үзлэгээр гэмтэл тогтоогдсонгүй, Баяннуур эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсанд эход ургийн зүрхний цохилт 92 удаа, хөдөлгөөн мэдэгдэхгүй гэж тусгагдсан. Ураг эхийн хэвлийд амьд байсан, Шийн ураг нь 2700 грамм жинтэй, 47см урттай амьдрах чадвартай хэвийн ураг байсан, Ш нь 31-32 долоо хоногтой, 8 сартай жирэмсэн байсан, ...жирэмсний хяналтын картад хөтлөгдсөнөөр хэвийн жирэмслэлтэй байсан байна...’’ /хх-ийн 1-р хавтас 116-121-р тал/ гэх,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1417 дугаар “...Г.Нгийн биед тухайн үед баруун талын 7, 8, 9, зүүн талын 2-р хавирганы далд хугарал, бүсэлхийн 2, 3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, баруун уушгины дунд, доод дэлбэн, зүүн уушгины доод дэлбэнгийн голомтлог авчилт, хүзүү, цээжинд зулгаралт, хонго, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон  удаагийн, тухайлбал автомашины бүхээгийн эд зүйлд цохигдох, мөргөх үйлчлэлээр, 2022.6.01-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх-ийн 1-р хавтас 67-69-р тал/ гэх,

2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8332 дугаар “...Д.Б биед сээрний 12, бүсэлхийн 1, 2-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, дух, зулай, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-ийн 1-р хавтас 71-72-р тал/ гэх болон,

 Цагаан шонхрын жигүүр НҮТББ шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны 22/58 дугаар “...Хавтаст хэргийн материалтай танилцахад “Х” ХХК-ийн захирал Ч.Алтанзаяагийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт “замын зорчих хэсэг олон тооны нүхтэй эвдрэлтэй байсан” гэж мэдүүлсэн байх тул Toyota Probox маркийн 5678 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч замын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тухайн зам зорчих хэсгийн бүрэн бүтэн байдлыг хариуцсан ажилтан албан тушаалтан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3 “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэж заасан үүргийг биелүүлээгүй байна...” /хх-ийн 1-р хавтас 104-105-р тал/ гэх,

Техникийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/09 дугаар “...Уг зам тээврийн осол болоход замын эвдрэл нөлөөлсөн гэж үзэж байна. 5678 ХОА улсын дугаартай Toyota Probox маркийн тээврийн хэрэгслийн хурдыг ...шарваж эхлэхээс өмнө 88.29 км/цаг-с их хурдтай явж байжээ. 5876 ХОА улсын дугаартай Toyota Probox  маркийн автомашины жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурын газрын гадна цагт 80 км-с хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон...” /хх-ийн 155-157-р тал/ гэх тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүд,

Шинжээч Н.Мөнхзулын “...Уг зам тээврийн осол болохоос өмнө зам дээр замын эвдрэл үүссэн байсан. Toyota Probox  автомашины хурдыг тооцохдоо зам дээр шарвалт үүсээд, дугуй шарвасан мөрний урт болон шарвах үеийн радиусыг тогтоож хурдыг тооцоход 88.29 км/ц гэж гаргасан. Энэ хурд нь тухайн автомашины явсан байж болох хамгийн бага хурд юм. Зам дээр өндөр хурдтай хөдөлгөөнд оролцож явахад замын эвдрэлээс хамааран автомашины тогтворжилт алдагдан улмаар шарвалт үүсэн замын хажуу руу гарч онхолдсон гэж үзсэн. Хэрэв автомашин хурдаа тохируулан замын хөдөлгөөний дүрэмд заагдсан хурдны хязгаараас бага хурдтай явж байгаа тохиолдолд зам дээр эвдрэл байсан ч уг замын эвдрэлтэй хэсгийг өнгөрсний дараагаар автомашины тогтворжилт алдагдан шарвалт үүсэхгүй...” /хх-ийн 2-р хавтас 162-р тал/ гэх мэдүүлэг,

Хэргийн газрын болон талийгаач Шийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн1-р хавтас 5-9, 10-16-р тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

          5.Прокуророос Б.О нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

          6.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэх шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Оын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

          7.Шүүхээс гэм буруу нь тогтоогдсон этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхдээ мөн хуулийн ерөнхий ангид заасан журам, зарчмуудыг удирдлага болгодог. Ингэхдээ шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг. Харин эрх олгосон зарчмыг хэрэглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үздэг болно.

          Өөрөөр хэлбэл,Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хуульчилан шүүхэд эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгогдсон онцгой бүрэн эрхийн асуудал юм.

          8.Шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд оруулан тооцохоор байхад анхан шатны шүүх “хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж хуульд нийцээгүй дүгнэлт хийжээ. Гэхдээ шүүхээс Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулж болох ялын төрөл, хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршиг зэрэгт нийцсэн байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас нийт 20.102.035 төгрөгийг тухайн хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр буюу банкнаас авсан зээлүүд нь гэмт хэрэгтэй шалтгаант холбоогүй, өмгөөлөлийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгон үлдэх хэсгийг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас тодорхой хувь хэмжээгээр гаргуулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн болон Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

          9.Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар зам хариуцагч байгууллагад авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, тогтоосон журмын дагуу үзлэг, арчлалт, засварын ажлыг тогтмол гүйцэтгэх, авто замаар зорчигчдоос зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаар мэдээлэл авч, шуурхай арга хэмжээ авах... гэх мэт үүргийг хүлээлгэжээ.

          Мөн Авто замын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг эрх бүхий байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө гэж заасан.

          Хэрэгт авагдсан шүүгдэгч, гэрч, шинжээчийн дүгнэлт зэргээс үзвэл уг хэрэг учрал шүүгдэгч Б.Оын тээврийн хэрэгсэл жолоодон явсан замд үүссэн эвдрэл, гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчилэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болохоор заасан тул “Х” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан ажиллагаа нь хуульд нийцсэн.

 

          Иргэний хариуцагч “Х” ХХК-ийн захирал Ч.Алтанзаяагийн “...Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлийн орон нутгийн замын 159 дэх километр шонгийн ойролцоо 136 дахь километрийн шонгийн ойролцоо “Зам засварын ажил явагдаж байна, хурдаа тохируулж явна уу, км 135-233 гэсэн бичигтэй мөн зам засварын тэмдэглэлийг 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тавьсан...” /хх-ийн 2-р хавтас 9-11-р тал/ гэх мэдүүлгээр тухайн замын арчлалт, засварын ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэхээргүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг тодорхой хувь хэмжээгээр иргэний хариуцагч “Х” ХХК-нд хариуцуулан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

          10.Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б, Г.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхад анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцохдоо зөвхөн хүний амь нас хохирсон мэтээр гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох шаардлагад нийцүүлэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцоогүй, 

          Амь хохирогчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол гэх 100.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон,

          Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас улсад учирсан хохирлыг түүнээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгон шийдвэрлэхдээ хэрэгт энэ талаар хавтаст хэргийн 1-р хавтасны 181 дүгээр талд авагдсан баримтыг бодит байдлаас нь зөрүүтэй үнэлж гаргуулахдаа холбогдох хуулийн нарийвчилсан заалтыг хэрэглэлгүй орхигдуулсан, 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэлэлцэхгүй орхигдуулсан, цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг тоолох талаар шийдвэрлэхдээ хуулийн үг, хэллэгийг орхигдуулан бичсэн зэрэг алдаа гаргасныг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

          11. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын “сэтгэл санааны хохирлыг хэрэгсэхгүй болгосон” гэх, шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Д.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлын “...8 дахь хэсэг буюу Б.Оаас 1.131.340 төгрөг гаргуулсныг зөвтгөж өгнө үү...” гэх хэсгүүдийг тус тус хүлээн авч, үлдэх хэсгүүдийг болон өмгөөлөгч О.Анхбаяр, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж нарын хамтран гаргасан, иргэний хариуцагч “Х” ХХК-ийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

          12. Шийтгэх тогтоолд магадлалд дурдсан үндэслэлүүдээр өөрчлөлт оруулан, шүүгдэгч Б.От анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болсон буюу 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 86 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

          13. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг байхад анхан шатны шүүх уг гэмт хэрэг нь гэм буруугийн “холимог” хэлбэртэй гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн, шүүгдэгч Б.Оыг хохирогч Б, Г.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцолгүй орхигдуулсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй ч давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал хүндрэхээр байгаа тул уг алдаануудыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/151 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Х Б Оыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг,

          “...Шүүгдэгч Х овогт Б Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,  

          4 дэх заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Х” ХХК-иас 6 280 607 /зургаан сая хоёр зуун наян мянга зургаан зуун долоо/ төгрөг, иргэний хариуцагч Баас 12 561 214 /арван хоёр сая таван зуун жаран нэгэн мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөг тус тус гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т Жы Н -д олгож,

          Шүүгдэгч Б.Оаас хохирогч нарын эрүүл мэндийн даатгалаас зарцуулсан 1 131 640 /нэг сая нэг зуун гучин нэгэн мянга гурван зуун дөч/ төгрөгийн төлбөрийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд шилжүүлсүгэй...” гэснийг

          “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Х” ХХК-иас 6 280 607 /зургаан сая хоёр зуун наян мянга зургаан зуун долоо/ төгрөг, иргэний хариуцагч Баас 12 561 214 /арван хоёр сая таван зуун жаран нэгэн мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөг тус тус гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т Жы -д олгож,

          Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Оаас хохирогч нарт мэндийн даатгалаас зарцуулсан 548.470 /таван зуун дөчин найман мянга дөрвөн зуун дал/ төгрөгийн төлбөр гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд шилжүүлсүгэй...” гэж,    

          5 дахь заалтад “...Хууль ёсны төлөөлөгч Ж.Ны нэхэмжлэлийн шаардлагаас 120 102 035 /нэг зуун хорин сая нэг зуун хоёр мянга гучин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэлэлцээгүй орхисон 136 080 000 /нэг зуун гучин зургаан сая наян мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэснийг

          “...Хууль ёсны төлөөлөгч Ж.Ны нэхэмжлэлийн шаардлагаас 20.102.035 /хорин сая нэг зуун хоёр мянга гучин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцээгүй орхисон 236.080.000 /хоёр зуун гучин зургаан сая наян мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэж,

          7 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа эхлэн тоолохыг дурдсугай...” гэснийг,

          “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолохыг дурдсугай...” гэж тус тус өөрчилж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н, түүний өмгөөлөгч Б.Мянган нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Д.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлуудын зарим хэсгийг магадлалд дурдсан үндэслэлүүдээр хүлээн авч ханган, үлдэх хэсгүүдийг болон өмгөөлөгч О.Анхбаяр, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж нарын гаргасан, иргэний хариуцагч “Х” ХХК-ийн төлөөлөгч Ч.Алтанзаяагийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

          2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оын 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 86 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

         

                  3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХДАВАА

 

                                                ШҮҮГЧИД                                           ЦЦ.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                            З.ТҮВШИНТӨГС