2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/00723

 


2025 01 28 192/ШШ2025/00723

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ***/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 35,058,121.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *** ХХК нь ***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,058,121 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага: 2024.01.24-ний өдрийн 1238130112000179 дугаартай "Зээлийн гэрээ-ний үүрэгт 35,058,121.11 /гучин таван сая тавин найман мянга нэг зуун хорин нэгэн төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах. Нэхэмжлэлийн үндэслэл, агуулга: Хариуцагч *** нь 2024.01.24-ний өдөр "*** ХХК-тай 1238130112000179 дугаартай зээлийн гэрээ байгуулж 34,765,000 /гучин дөрвөн сая долоон зуун жаран таван мянга/ төгрөгийг 48 сарын хугацаатай, сарын 3 хувь, жилийн 36 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус өдрөө 1238130112000179 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/" гэрээ байгуулж, ***ын өмчлөлийн *** улсын дугаартай, *** маркын авто машины өмчлөх эрхийг "***Д шилжүүлсэн байдаг. Зээлийн гэрээний 1-р хавсралтаар тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваариар хариуцагч нь 2024.02.18-ны өдрөөс эхлэн сар бүрийн 18-ны өдрүүдэд 1,368,205 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч 2024 оны 4-р сараас эхлэн төлбөрийн хуваарийн үүргээ зөрчин хугацаа хожимдуулах болсон бөгөөд хамгийн сүүлд 2024.07.26-ны өдөр 2,800,000 төгрөгийн төлөлт хийснээс хойш огт төлөлт хийлгүй, гэрээний үүргээ биелүүлэлгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Манай компанийн зүгээс удаа дараа утсаар холбогдон төлбөрийн үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан бөгөөд 2024.10.01-ний өдөр дуудаж уулзан үүрэг гүйцэтгэх 7 хоногийн нэмэлт хугацаа тогтоож, эс биелүүлвэл гэрээ цуцлах тухай мэдэгдэн ***ын гараар бичсэн хүсэлтийг нотариатаар гэрчлүүлж авсан байдаг. Нэхэмжлэл гаргах үеийн буюу 2024.10.10-ны өдрийн байдлаар *** нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 32,404,774.43 төгрөг, хүүгийн төлбөр 2,647,712.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,633.78 төгрөг, нийт 35,058,121.11 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч *** нь 2024.01.24-ний өдрийн 1238130112000179 дугаартай "Зээлийн гэрээ-ний үүргээ зөрчиж, нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үүргийн зөрчлөө арилгаагүй тул мөн өдрийн 1238130112000179 дугаартай "Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ"-нд зааснаар ***улсын дугаартай, ****маркын авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тус машиныг эрэн хайсан боловч олдохгүй байна. Иймд хариуцагч ***аас 35,058,121.11 төгрөгийг гаргуулж манайд олгуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Тус шүүхэд ***ХХК-ийн нэхэмжлэлтэй, ***д холбогдох 2024.01.24-ний өдрийн ***дугаартай "Зээлийн гэрээ-ний үүрэгт 35,058,121.11 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянагдаж байна. Хариуцагч *** нь 2024.01.24-ний өдөр *** ХХК-тай 1238130112000179 дугаартай зээлийн гэрээ байгуулж 34,765,000 /гучин дөрвөн сая долоон зуун жаран таван мянга/ төгрөгийг 48 сарын хугацаатай, сарын 3 хувь, жилийн 36 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийн гэрээний 1-р хавсралтаар тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваариар хариуцагч нь 2024.02.18-ны өдрөөс эхлэн сар бүрийн 18-ны өдрүүдэд 1,368,205 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч 2024 оны 4-р сараас эхлэн төлбөрийн хуваарийн үүргээ зөрчин хугацаа хожимдуулах болж мөн оны 8-р сараас эхлэн нэг ч төлөлт хийгээгүй нь зээлийн гэрээний 5.2.5-д заасан гэрээний үндсэн үүргээ биелүүлэхгүй, зориудаар зайлсхийж байна. *** ХХК-иас зээлээ хугацаанд нь төлөх, эс тэгвээс фидуцын гэрээний зүйл болох ***улсын дугаартай, ***маркын авто машинаар зээлийн гэрээний үүргийг хангуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэн тус машиныг эрэн хайсан боловч ***нь тухайн машиныг хүнд булаалгасан гэсэн тайлбарыг хэлж, өөр этгээдийн өмчлөлийн хашаанд байрлуулснаас болж манай ажилчид бусдын эзэмшил рүү халдаж чадахгүй, машиныг хураах боломжгүйд хүрээд байна. Дээр дурдсанаар хариуцагч ***нь зээлийн гэрээний 7.1.1, 7.1.6, 7.1.12-т заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан тул гэрээний 8.2.1-т зааснаар "***" ХХК нь гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, зээлийн төлбөрийг нэн даруй шаардах эрхтэй юм. Уг заалтын дагуу ***ХХК-иас ***ыг 2024.10.10-ны өдөр дуудаж уулзан зээлийн төлбөрийг шаардсан бөгөөд тэрээр 7 хоногийн хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулна хэмээн гараар хүсэлт бичиж нотариатаар гэрчлүүлсэн болно. Мөн тус гар хүсэлтээс ***ын хүсэлтээр *** ХХК нь түүнд зээл олгохдоо зээлийн төлбөрийг ***улсын дугаартай, ***маркын автомашиныг***д худалдан борлуулсан этгээд болох ***ийн ***банкин дахь ***тоот дансанд шилжүүлснийг харж болно. Иймд *** ХХК нь зээлийн гэрээг дангаар цуцалж, 2024.07.26-ны өдрийн байдлаар үлдэгдэл зээлийн төлбөр 32,404,774.43 төгрөг, нэхэмжлэл гаргах өдөр буюу 2024.10.10-ны өдөр хүртэлх хүүгийн төлбөр 2,647,712.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,633.78 төгрөг, нийт 35,058,121.11 төгрөгийн төлбөрийг нэхэмжилж байгаа болно. гэжээ.

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Автомашины зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/-ний хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ***-д гаргасан ***ын хүсэлтийн хуулбар, *** ХХК-ийн 1238130112000179 тоот гэрээтэй зээлдэгч ***ы зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хуулбар, ***банкны 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шилжүүлгийн мэдээллийн хуулбар, зээлдэгч ***-н ***тоот зээлийн дансны хуулгын хуулбар зэрэг баримтыг гарган өгөв.

ҮНДЭСЛЭХ нь

1.Нэхэмжлэгч ***ХХК нь хариуцагч ***д холбогдуулан зээлийн үндсэн төлбөрт 32,404,774.43 төгрөг, хүүгийн төлбөрт 2,647,712.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,633.78 төгрөг нийт 35,058,121.11 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдов:

 

3.1. Зохигчид 2024 оны 01 сарын 24-ний өдөр Автомашины зээлийн гэрээ байгуулж, 34,765,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү нэмэгдүүлсэн хүүтэйгээр, 48 сарын хугацаанд сар бүр эргэн төлөлт хийх нөхцөлөөр автомашин худалдан авах зориулалтаар данс эзэмшигч ****гийн ***банкны ***дугаартай дансанд шилжүүлэхээр тохиролцжээ (хэргийн 6 дахь тал).

 

3.2. Нэхэмжлэгч нь 2024 оны 02 сарын 16-ны өдөр 34,765,000 төгрөгийг Автомашины зээлийн гэрээнд дурдсан ***ийн ***банкны ***дугаартай дансанд шилжүүлсэн байна (хэргийн 4 дэхь тал).

 

4. Иргэний хуулийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ. Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байх бөгөөд гэрээнд заасны дагуу хариуцагчид зээлийг олгохоор, хариуцагч нь гэрээний дагуу зээлийг хүүгийн хамт эргэн төлөхөөр тохиролцсон байгаагаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

5. Автомашины зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх ба хариуцагч зээлийн эргэн төлөлт хийх хуваарьт хугацааг зөрчсөнөөр нэхэмжлэгч Автомашины зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээг дуусгавар болгосон.

 

6. Иргэний хуулийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан.

 

7. Хариуцагч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй, эргэн төлөлт хийх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 451.1, 452.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь төлөгдөөгүй зээлийн төлбөрт 32,404,774.43 төгрөг үүнээс гадна зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэгтгэсэн дүнгээр 2,653,346.68 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй, зээлийн хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол Автомашины зээлийн гэрээнд нийцсэн, зээлийн гэрээний зохицуулалт хууль зөрчөөгүй.

 

8. Хариуцагч нь шүүхэд бичгээр хариу тайлбар болон хэрэг маргаантай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

9. Шүүхээс хариуцагч ***д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2-т заасны дагуу утсаар мэдэгдсэн байх ба хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно, мөн хуулийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан. Хариуцагч нь шүүхэд хүрэлцэн ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, нотлох баримтаа гаргах боломжтой байсан хэдий ч энэ үүргээ биелүүлээгүй тул хуулийн дагуу нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдсон болохыг дурдья.

 

11. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,241 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 333,241 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 болон 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсгийг тус тус баримтлан хариуцагч ***аас зээлийн гэрээний үүрэгт 35,058,121.11 төгрөгийг гаргуулж, ***ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,241 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 333,241 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

Даргалагч шүүгч Б.Ганцэцэг