| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/04371/И |
| Дугаар | 192/ШШ2025/01420 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/01420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М,
Хариуцагч: Б.О нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15 002 877 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов. Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А******* ХХК нь хариуцагч Б.М*******, Б.О******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 002 877 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.1.Тус банк нь зээлдэгч Б.М*******, Б.О******* нартай 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 2104019132 тоот Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийн зээлийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар олгосон. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2022 оны 12 дугаар сараас эхлэн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн зөрчил үүсгэсэн. Энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийгдээгүй болно. Зээлдэгч Б.М*******, Б.О******* нарын зээл нь гэрээний дагуу 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 28 726 639 төгрөг, зээлийн үндсэн хүү 1 720 318 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 188 360 төгрөг, нийт 30 635 318 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Б.М*******, Б.О******* нартай байгуулсан Зээлийн гэрээний 5.2.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 30 635 318 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 30 635 318 төгрөгийг 15 632 441 төгрөгөөр багасгаж үлдэх 15 002 877 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэсэн.
1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А******* ХК нь зээлдэгч Б.М*******, Б.О******* нартай 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр №2104019132 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 50 сая төгрөгийн зээлийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай олгосон. Уг зээлийн барьцаанд *** тоот хаягт байрлах 76,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч Б.М*******, Б.О******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2022 оны 12 дугаар сараас эхлэн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн мөнгөн дүнгийн төлөлтөд зөрчил үүсгэсэн. Энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч өнөөдрийг хүртэл зөрчлөө арилгаагүй байдаг. Зээлдэгч Б.М*******, Б.О******* нарын зээл нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл нь 28 726 639.62 төгрөг, үндсэн хүү нь 1 720 318.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 188 360.33 төгрөг нийт 30 635 318 төгрөг байна. Шүүхэд А******* ХК-аас 2024 оны 6 дугаар сард нэхэмжлэл гаргаснаас хойш зээлдэгч нар 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15 632 441.67 төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс хойш зээлийн үлдэгдэл үндсэн зээлийн 13 885 354 төгрөг, үндсэн хүү нь 940 399,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 188 079.98 төгрөг нийт 15 002 877.14 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч Б.М*******, Б.О******* нартай байгуулсан зээлийн гэрээний 5.2.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг үндэслэн зээлдэгч Б.М*******, Б.О******* нараас нийт 15 002 877.14 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулж, үүргээ гүйцэтгэхгүй, зохих ёсоор гүйцэтгэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч Б.М*******, Б.О******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 30 635 318 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд бид төлж барагдуулах болно гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №2104019132 тоот Зээлийн гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, №11-2263074 тоот Барьцаалбар, Ү-2206******* дугаартай Б.М*******ийн өмчлөх эрхийн гэрчилгээ, мемориалын баримт, зээл хүсэгчийн анкет, зээлийн дансны хуулга, мэдэгдлийн баримтууд /хэргийн 3-31-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч нараас хариу тайлбар, /хэргийн 45-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.М*******, Б.О******* нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаандаа зээлээ төлөөгүй тул зээлийн гэрээг цуцлаж, гэрээний үүрэгт нийт 15 002 877 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нар нь нэхэмжлэгч А******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гардан авч, хүлээн зөвшөөрч байгаа талаарх хариу тайлбарыг ирүүлсэн байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч А******* ХХК нь хариуцагч Б.М*******, Б.О******* нартай 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр №2104019132 тоот Зээлийн гэрээ байгуулж, өрхийн хэрэглээний зориулалтаар 50 000 000 төгрөгийг нэг сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай буюу 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаатай байхаар харилцан тохиролцжээ.
4.2.Мөн талууд 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, хариуцагч Б.М*******ийн өмчлөлийн Ү-2206******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн *******, 19 хороолол /17033/ 48 байр тоот хаягт байрлах 76,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцаалбар үйлдэж, үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлсэн байна.
5.Талууд зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй талаар маргаагүй болно.
6.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451.2-т зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна, 156 дугаар зүйлийн 156.1-д барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-д үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж зааснаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
6.1.Нэхэмжлэгч А******* ХХК нь хариуцагч нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хэрэгт авагдсан зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлийн тооцооллоор хариуцагч Б.М*******, Б.О******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 13 874 399 төгрөг, үндсэн хүү 940 399 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 188 079 төгрөг, нийт 15 002 877 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
6.2.Нэхэмжлэгч А******* ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу 50 000 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн ба зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн хуваарийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
6.3.Иймд хариуцагч Б.М*******, Б.О******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 15 002 877 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А******* ХХК-д олгох үндэслэлтэй байна гэж үзэв.
7.Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд зохигч талууд 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Б.М*******ийн өмчлөлийн Ү-2206******* дугаарт бүртгэлтэй *******, *******, *******, /17033/, гудамж, байр, тоот хаягт байрлах, 76.5 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай гурван өрөө орон сууцыг барьцаалжээ.
7.1.Нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд гэрээний 4.1-д энэ талаар харилцан тохиролцсон байна.
7.2.Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгэхгүй, зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.М*******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч А******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 043 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М*******, Б.О******* нараас 234 043 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.М*******, Б.О******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 15 002 877 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А******* ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.М*******, Б.О******* нар нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Б.М*******ийн өмчлөлийн Ү-2206******* дугаарт бүртгэлтэй *******, *******, *******, /17033/, гудамж, байр, тоот хаягт байрлах, 76.5 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай гурван өрөө орон сууцыг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 043 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М*******, Б.О******* нараас 234 043 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А******* ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН