Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 582

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Ш.Хосбаяр,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Эрүүгийн хэргийн дугаар 201725031239

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Бод холбогдох эрүүгийн 201725031239 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Д.Б, .................................

Холбогдсон хэргийн талаар; 

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөх дуулга ХХК-ний 2 давхарт байрлах цахим тоглоомын газарт иргэн Ц.Эрдэнэболдыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, өөр хэлэх зүйлгүй гэв.  

Шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтанд өгсөн:

“…Тэгэхээр нь би Алтаншагайг чи битгий давраад байгаарай гээд уурласан. Тэр үеэр Эрдэнэболд орж ирээд би олон ахтай чамайг ах нараараа цохиулна гээд намайг шанаа руу 1 удаа цохихоор нь би зөрүүлээд Эрдэнэболдыг гараараа шанаа руу нь 1 удаа цохьсон. Тэгэхэд Эрдэнэдаваа намайг өрөөний булан руу, Эрдэнэболдыг хаалга руу түлхээд салга гэхэд тэр 2 Цэрэндаваа руу дайраад маргалдаад Цэрэндаваа Эрдэнэболдыг үсдэж дараад суулгачихсан. Алтаншагай Цэрэндавааг заамдчихсан байхаар нь би ууж байсан архитай шилийг аваад ширээний хөлөнд цохиод та нар боль гээд хагалахад шил хагараад цацарч бутарсан. Тэгээд Эрдэнэболд босоод ирэхэд хүзүүнээс нь цус гарч байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/

Хохирогч Ц.Эрдэнэболдоос мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Тэгээд би тэр 2 залуутай давраад байгаарай гэж хэлээд хэрэлдэхэд Шонхын найз нь намайг үсдэж дарж аваад өшиглөхөд Шонх бас намайг өшиглөхөд Алтаншагай Шонхыг түлхээд салгахад Шонх хойшоо ухраад ширээн дээр басан архины шил бариад ширээний буланд цохиж хагалаад хагархай шилээрээ миний хүзүү рүү цохьсон. Тэгээд Алтаншагай хүзүүнээс цус гарч байна гэж хэлээд салцгаасан… гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Гэрч Ц.Цэрэндаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“…2017 оны 06 сарын 04-ний өдөр Болороо тухайн үед шил аваад газар луу шидэж байсан, тэгээд нэг мэдэхэд энд тэнд цус болсон, хэнээс гарсан яасан гэж сандарцгаагаад Эрдэнэболд гэх залуугийн хүзүүнээс цус гараад түүнийг тогтоох гээд цамцаар хүзүүгийн ороогоод хөдөлгөөгүй суулгасан…” гэх мэдүүлэг  /хх-ийн 24-25 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ¹7412 дугаартай дүгнэлтэнд: Ц.Эрдэнэболдын биед хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус тусдааа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/

            Ял шийтгэлийн талаар: Д.Б нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж эдэлсэн гэх шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71-72 дугаар хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөх дуулга ХХК-ний 2 давхарт байрлах цахим тоглоомын газарт хохирогч Ц.Эрдэнэболдыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Эрдэнэболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Цэрэндаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөх дуулга ХХК-ний 2 давхарт байрлах цахим тоглоомын газарт иргэн Ц.Эрдэнэболдыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний бие махбодид нь хүзүүнд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Хохирогчид хэргийн талаар мэдэгдэх гэсэн боловч Турк улсруу ажил хийхээр явсан гэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.       

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.                                                  

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д.Быг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн

хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Быг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бод оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бод хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НАРАНТУЯА