Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/62

 

 

 

  2023          9            26                                                            2023/ДШМ/62  

 

 

 

                                                 

 

                                                 Б.А, М.Г, М.Ш нарт

                                                 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

           

Прокурор М.Хэрлэнчимэг

Шүүгдэгч Б.А

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Ш.Амарбаяр

Шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Д.Амаржаргал

Шүүгдэгч М.Ш,

Шүүгдэгч М.Шын өмгөөлөгч И.Отгонсүрэн, М.Үүрийнтуяа

Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Д.Амаржаргал, шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ш.Амарбаяр, шүүгдэгч М.Ш нарын давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Б.А, М.Г, М.Ш нарт холбогдох эрүүгийн 2234003220058 дугаар хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Ч овогт Б А, 1980 оны 11 дүгээр сарын 09-нд Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгийн 11-151-22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Монгол улсын иргэн, Ж овогт М Г, 1977 оны 7 дугаар сарын 19-нд Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Три манинг” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо 2 дугаар байр 15 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Монгол улсын иргэн, М овогт М Ш, 1989 оны 12 дугаар сарын 28-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Тайгын булаг” ХХК-д хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо КН апартмент хотхоны 6/С байр, 14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Б.А, М.Г, М.Ш нар нь бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг “Баргын хоолой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр Хьюндай маркийн экскаватор ашиглан 427м² талбайд ашигт малтмалын эрэл хайгуул хийж, байгаль орчинд 4.186.642 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/   

 

Төв аймгийн прокурорын газраас Б.А, М.Г, М.Ш нарт тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч овогт Б А, Ж овогт М Г, М овогт М Ш нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат 2 /хоёр/ жил хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч М.Г, М.Ш нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн 34-73 УБ улсын дугаартай Hyundai 290LC-7A маркийн тээврийн хэрэгслийн үнэ 118.800.000 төгрөг, Б.Н-н эзэмшлийн 7978 УАХ улсын дугаартай Volvo FM-480 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 54.133.300 төгрөг,  нийт 172.933.300 төгрөгийг шүүгдэгч Б.А, М.Ш, М.Г нараас тус бүр 57.644.433 төгрөг тус тус гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин уур амьсгалын санд,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас гэмт хэргийн улмаас экологи эдийн засагт учруулсан хохирол 4.607.447 төгрөг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус оруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн хөлс 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ааас 1.000.000 төгрөг, М.Гаас 1.000.000 төгрөг, М.Шаас 1.000.000 төгрөг тус тус гаргуулж Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо 19 дүгээр хороолол 14-1504 тоот “Говь-Эко” ХХК-ний захирал Б.Ц-д олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Г, М.Ш нарын тус бүр тэнссэн 3 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, М.Ш нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, М.Ш нарт үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Хэрэгт Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн 34-73 УБ улсын дугаартай Hyundai 290LC-7A маркийн тээврийн хэрэгсэл, Б.Н эзэмшлийн 7978 УАХ улсын дугаартай Volvo FM-480 маркийн тээврийн хэрэгсэл тус тус битүүмжилсэн мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдан шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Д.Амаржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх эрүүгийн хууль буруу хэрэглэсэн: Шүүгч тогтоол уншиж танилцуулахдаа шүүгдэгч М.Г нь байгаль орчинд учруулсан хохирлын төлбөр 4.186.642 төгрөг, нөхөн сэргээлтийн төлбөр 1.306.487 төгрөг, “Эко говь” ХХК-ний үнэлгээний төлбөр гэж 1.000.000 төгрөг тус тус төлсөн байна. Нийт 6.493.129 төгрөг төлжээ гэсэн. Шүүгдэгч тус бүрээс Байгаль, орчин уур амьсгалын санд 57.644.433 төгрөгийг гаргуулж оруулахаар шийдвэрлэв. Уг дүнгээс шүүгдэгч М.Гын илүү төлсөн 1.885.129 төгрөгийг хасаж шүүгдэгч М.Г-аас 55.759.304 төгрөгийг Байгаль,  орчин уур амьсгалын санд гаргуулж оруулахаар шийдвэрлэв гэжээ. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нар нь тус бүр экологи эдийн засагт учирсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардалд 4.607.447 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд М.Г нь 6.493.129 төгрөг төлсөн гэж дурдсан.

Шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн хөлс 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.А-аас 1.000.000 төгрөгийг, М.Шаас 1.000.000 төгрөгийг, М.Гаас 1.000.000 төгрөгийг тус тус гаргуулж “Говь эко” ХХК-ны захирал Б.Ц-д олгохоор заасан.

Гэтэл М.Г нь байгаль орчинд учруулсан хохирол 4.186.642 төгрөг, нөхөн сэргээлтийн төлбөр 1.306.487 төгрөг, “Эко говь” үнэлгээний компанийн үнэлгээний төлбөр гэж 1.000.000 төгрөг тус тус төлсөн байтал шийтгэх тогтоол дээр энэ талаар бичигдээгүй байна.

Байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн болон үнэлгээний төлбөр төлсөн талаарх баримтуудыг шүүхийн шатанд гаргаж өгсөн. Шүүгчийн уншиж сонсгосон тогтоол нь шүүхийн шийтгэх тогтоолд илт зөрүүтэй буруу бичигдсэн байна.

Миний үйлчлүүлэгч М.Г нь үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлж, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруу дээрээ маргаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэнийг торгох ялаар сольж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Ш.Амарбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч нь 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Байгаль орчин уур, амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд 4.607.447 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Б.А нь өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, ял шийтгэлгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ, 1.5 гэмт хэргээ илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан, 1.2 гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон байна. Иймд Б.А-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч М.Ш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартааЭнэ хэрэгт Б.А, М.Г бид гурваас гадна Э.А, Н.Мөнхжаргал, М.Цогзолбоо, н.Доржсүрэн нарын хүмүүс хамтран оролцсон ба эдгээр хүмүүсийн үүрэг оролцооны талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчид хэлж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт маш тодорхой мэдүүлсэн боловч өөрсдийнх нь мэдүүлэгт үндэслэн гэмт хэрэг үйлдсэн газраа хүргүүлэх, мөнгө төгрөг зээлсэн төдий харилцаагаар холбогдсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.

Учир нь: М.Цогзолбоо, н.Доржсүрэн нар нь анх над дээр ирээд тухайн газрыг ухах талаар ярьж, чи яваад өгөөч дараа нь өөрт чинь ямар ч асуудал үүсэхгүй гээд гуйсан, би зөвшөөрөөд явахаар болсон. Тухайн газрыг ухаж баригдахаас өмнө хэд хэдэн удаа хотоос машин техник хөдөлгөсөн боловч зарим техник нь удаад хойшилж байсан. Энэ хугацаанд гарсан бүх зардлыг М.Цогзолбоо гаргаж байсан ба газар ухах асуудал хойшлогдох үед бөөн өрөнд орох нь байна хурдхан энэ газрыг ухъя гээд шүүгдэгч М.Гын найз болох Булган аймагт алтны уурхай ажиллуулдаг бух Тулгаа гэх залуутай Ганболд гэх хүний гэрт надтай хамт уулзаж яриа тохироогоо хийгээд тэр газарт очиж ухахаар болсон.

Өөрөөр хэлбэл М.Цогзолбоо, н.Доржсүрэн нар нь санаачилгыг гаргаж, санал нэгдэж зохион байгуулсан ба цагдаад баригдсан үеэс эхлэн бид нарын арыг чинь даана биднийг оролцсон талаар битгий хэлээрэй гэж байсан.

М.Цогзолбоо нь надад хэлэхдээ арыг чинь даана, битгий шалчигнаад бай гэж сүрдүүлж байсан. М.Цогзолбоо, н.Доржсүрэн хоёр нь цагдаагийн академийн нэг анги. Энэ хоёр Цагдаагийн академийн манай ангийн Баяраа гэх найз экологийн цагдаагийн газарт чиглэлийн ахлах байцаагч хийдэг, тэрэнд тухайн газрыг ухахаасаа ч өмнө хэлж байсан тэр зохицуулна гэж хэлж байсан. М.Цогзолбоо, н.Доржсүрэн нар нь Экологийн цагдаагийн албаны чиглэлийн ахлах Баяраа гэх залуугийн ангийн залуу гэсэн үг. Тийм учраас хэргийг шалгаж байсан байцаагч нь байцаалт авахдаа эдгээр хүмүүсийг холбогдолгүй мэтээр байцаалт авсан. Надаас байцаалт авахдаа бусдыгаа хэлж татуулж яах гээд байгаа юм, адилхан цагдаа байсан байж гэж ятгаж байсан. Тэгээд чи өөрөө прокурор, шүүх дээр Б.Атайгаа тохироод гарчих, нөгөөдүүл чинь төлбөр тооцоог нь хийчихнэ биз гэх зэргээр байцаалтаа хөтөлж байцаасан. Бусад хүмүүсээс ч мөн адил байцаалт авахдаа М.Цогзолбоо болно н.Доржсүрэн нарыг оролцоогүй мэтээр байцаалтыг авсан байсан.

Э.А. Н.Мөнхжаргал нар нь хэрэг гардаг өдөр тухайн газарт экскаватор ухсан чулуу шорооноос энд тэндээс дээж авч угааж үзэж байсан ба сумаас хүмүүс ирэх үед түрүүлээд зугтаасан ба тэндээс шороо чулуу авсан бол гарсан алттай чулууг авч явж зориулалтын газарт алтыг ялгах ажлыг хариуцсан байсан. Мөн яллагдагч Аыг мөрдөн байцаалтын шатанд байхад нь үг зааж өгч өөрсдийгөө холбогдолгүй мэтээр байцаалт өгүүлээд гарсан торгууль төлбөрийг нь даана гэж байгаад шүүх хурал хүртэл гарсан хохирлын төлбөрийг нь төлөөгүй учраас А нь шүүх хурал дээр А, Мөнхжаргал нар нь хэрэг үйлдэх бүх үед хамтран оролцсон талаар дээрх нөхцөл байдлыг хэлсэн боловч шүүх авч хэлэлцэлгүй Ат хохирол барагдуулаагүй гэм буруугаа ухамсарлаагүй гэж үзээд 2 жилийн хорих ял оногдуулсан.

Харин М.Ц мөнгө, үйл ажиллагааны зардлыг гаргаж ерөнхийд нь зохион байгуулж байсан ба хэрэг гарах үед хоол унд бусад хэрэглэх юм авч ирээд сумаас ирсэн хүмүүстэй таарч айл асуугаад өнгөрсөн. Доржсүрэн нь орон нутгийн цагдаа нарыг ярьж зохицуулна гэсэн үүрэг оролцоотой байсан ба тухайн цагдаагийн хариуцсан хүмүүстэй нь уулзахаар гэрчээр мэдүүлэг өгсөн. Атай хамт Заамар сумын Цагдаагийн хэлтэс рүү өмнө нь явж яриа хийж байсан. Намайг өмнө нь уул уурхайн чиглэлээр ажиллаж байсан болохоор бусад цуг оролцсон хүмүүсийг хараад хянаад байж байхаар ярьсан. н.Доржсүрэн бүх үе шатанд оролцож байсан ч баригдах үед байхгүй байж таарсан. Мөн цагдаад баригдах үед хэргийн газар дээр шүүгдэгч М.Гын танил гэх бух Тулга гэх хүн байсан ба тэр бүх зүйлд мөн адил оролцож байсан.

Хавтаст хэрэгт авагдсан хэргийг газарт анх очсон хүмүүс болох Г.Ж, Б.Г, А.Д, Э.Т, Ц.С, Б.Бямбадорж, А.С нарын мэдүүлэгт хэргийн газар хар өнгийн жип, хар өнгийн приус, портер, хагас ачааны жип машин зэрэг болон 10-аад хүмүүс байсан, зарим хүмүүс нь айл асууж явна гэсэн боловч худлаа хэлсэн байсан талаар маш тодорхой мэдүүлсэн байдаг.

Э.А, М.Ц, Н.М, н.Д, Т нар нь гэмт хэргийг санаачилж, зохион байгуулсан бүх үйл ажиллагаанд гар бие оролцсон боловч танил талаа ашиглаж, хохирол торгуулийг төлнө, та 3 хэргээ хүлээгээд үүрчих гэж ятгаж ял завшиж байгаад маш их гомдолтой байна. Дээрх хүмүүсийг уг хэрэгт оролцоотойг нотлох баримт, гэрчүүд байгаа. Мөн иргэний нэхэмжлэгчийг тогтоосон ч гэрчээр байцаагаад иргэний нэхэмжлэгчээр хууль сануулан байцаагаагүй байсан зэрэг зөрчлүүд байсаар байтал хэргийг нягтлан шалгалгүй шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх нэр бүхий хүмүүсийн үйлдэл оролцоог шалгуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Хэрлэнчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хуралдаанд дээрх асуудал яригдсан. Эдгээр хүмүүс гэрчээр мэдүүлэг өгсөн. Хэргээ хүлээж мэдүүлэг өгсөн тул яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг  шийдвэрлэсэн. Хэн нь хэнтэйгээ уулзаж хэдэн төгрөг авсан нь дансны хуулгаар нотлогдсон. Энэ хэрэгт хамааралтай, оролцоотой гэдэг нь тогтоогдоогүй тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарын тухайд ял шийтгэлийн хөнгөрүүлэх талаар гомдол гаргасан тул давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой гэв.           

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Шын өмгөөлөгч И.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч М.Ш давж заалдах  гомдол гаргасан, үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж байна. Энэ асуудал анхан шатны шүүх хуралдаан дээр яригдсан. Цогзолбоо, Доржсүрэн, Э.А, Мөнхжаргал нарын үйлдэл оролцоо байгаа. Бид 3 өнөөдөр шүүгдэгч болоод байгаа боловч бусад хүмүүс ч гэсэн адилхан үйлдэл оролцоотой байсан гэдгийг тайлбарлаж хэлдэг. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ бүхий үндэслэлүүд байна гэдэг саналаа хэлж байсан. 2 дугаар хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд иргэний нэхэмжлэгчээр Бат-Эрдэнэ, Нямдаваа нарыг тогтоосон боловч иргэний нэхэмжлэгчээр байцаалт авалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. Энэ саналаа дэмжиж байна. Өөр хэлэх тайлбар байхгүй гэв.   

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Шын өмгөөлөгч М.Үүрийнтуяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч М.Ш нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ уг хэргийг хамт үйлдсэн бусад хүмүүсийн оролцоотой байдлын талаар давж заалдах гомдолдоо Ш бичсэн байна. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Энэ талаарх мэдүүлгийг анхан шатны шүүхэд мэдүүлсэн. Б.А мэдүүлэг өгөхдөө Мөнхжаргал, Э.А гэх хүмүүс хамт хэргийг үйлдэхэд оролцоотой байсан гэж мэдүүлдэг. Анхнаасаа хэргээ чи даачих, хохирлыг төлнө гэж хэлж байсан гэж мэдүүлэг өгсөн боловч анхан шатны шүүхийн шүүгч шүүгдэгч нарын мэдүүлэгт огт үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Тиймээс үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв. 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч  Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Байгаль орчинд учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Өөр хэлэх тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.А, М.Г, М.Ш нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Д.Амаржаргал, шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Ш.Амарбаяр, шүүгдэгч М.Ш нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь цаашид хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох” үүрэгтэй байдаг.

4. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Э.Т, Ц.С, А.Д, Б.Г, Б.Б, Г.Ж, А.С, шүүгдэгч М.Ш нарын мэдүүлгүүд/хх-122-124, 125-127, 132-133, 135, 137, 139, 141/ болон бусад бичгийн нотлох баримтуудаас үзвэл тухайн хэрэг учрал болсон 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын “Баргын хоолой” гэх газарт хэн нь ямар автомашинтай, ямар зорилгоор очсон байсан, тухайн үйл баримт болсон газарт очоогүй ч тодорхой нэр бүхий этгээдүүд ямар үүрэгтэйгээр уг үйл баримтад оролцож байсан талаар тодорхой тусгагдсан байхад мөрдөн шалгах, прокурорын хяналтын шатанд тухайн газарт байсан гэх этгээдүүд болон тэдний уг газарт унаж очсон тээврийн хэрэгслүүд зэргийг олж тогтоох талаар ямар ч ажиллагааг хийж гүйцэтгэлгүйгээр орхигдуулан Б.А, М.Г, М.Ш нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.

4.1. Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр “...шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн газраа хүргүүлэх, мөнгө төгрөг зээлсэн талаар холбогдсон гэж үзсэн бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах болохыг дурдав...” гэх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүхээс анхаарч үзэлгүйгээр хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэн шийтгэх тогтоол гаргасан нь буруу болжээ.

 

5. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт болон хамтран оролцогчдын төрөл хэлбэр, мөн хуулийн 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тодорхой хуульчлан тогтоосон.

5.1. Гэмт хэрэгт хамтран оролцох нь гэмт этгээдүүд нь үүргээ хэрхэн хуваарилах болон хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэн зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны нэгдэл гэж үздэг.

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш этгээд санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай ба ингэх нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлж хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох, цаашлаад ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой.

5.3. Гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчээр үүргээ хуваарилан хүрэх зорилготой байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг болон гэмт этгээдүүд тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдэн гэмт хэргийн объектив талыг хамтран хэрэгжүүлснийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үздэг учир энэ тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог тул дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах болон шүүх хуралдаанаар зайлшгүй нотлон тогтоох учиртай.

6. Дээрхээс дүгнэн үзвэл эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг нотолбол зохих байдлуудад хамаардаг болно.

7. Иймд шүүгдэгч М.Шын гаргасан давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

8. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан энэ удаагийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Д.Амаржаргалын “...М.Гын төлсөн хохирол, хор уршигийн талаар тооцож гаргасан М дүн уншиж сонсгосноос өөрөөр шийтгэх тогтоолд бичигдсэн… 3 жилийн хугацаагаар тэнссэнийг торгох ялаар сольж өгнө үү...” гэх, шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Ш.Амарбаярын “...Б.Ат оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

9. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, шүүгдэгч М.Ш, М.Г нарт урьд хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээн шийдвэрлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Ат хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.Ш, М.Г нарт урьд хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.МӨНХДАВАА

 

                                    ШҮҮГЧИД                                           Х.ГЭРЭЛМАА

 

                                                                                                З.ТҮВШИНТӨГС.