| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/08107/И |
| Дугаар | 192/ШШ2025/01421 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/01421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 104 468 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэнээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийг түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С******* ХХК нь хариуцагч М******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 104 468 500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.С******* ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Аялал жуулчлал, Худалдааны зуучлал чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээд 000200214 дугаартай гэрчилгээ аваад одоог хүртэл ажиллаж байна. Манай компани 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр М******* ХХК-тай Үйлчилгээ авах гэрээ байгуулан ажиллаж эхлээд, уг гэрээндээ нэмж Нэмэлт цэвэрлэгээ үйлчилгээ авах гэрээг 2024 оны 04 дүгээр сарын 29-нд байгуулан ажилласан. Улмаар 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр дахин Үйлчилгээ авах №ҮА/24/04/02 дугаартай гэрээ байгуулан Баянхонгор аймаг Шинэ жист сумын Баян хөндий кемпэд 2024 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл гэрээний 3.1 дэх заалтыг тухайн компанийн уурхайн ажиллагсдад өдөрт 3 удаа хоолоор хангах үйлчилгээ үзүүлж ирсэн. Дээрх хугацаанд гэрээний нэг тал болох үйлчилгээ үзүүлэгч манай байгууллага, хамт олон ямар нэгэн зөрчилгүйгээр гэрээнд заасан нөхцөө бүрэн хэрэгжүүлсэн боловч хариуцагч байгууллага болох М******* ХХК нь тус гэрээний Долоодугаар зүйл Төлбөр Тооцоо хэсгийн 7.1 дэх заалтыг удаа дараа зөрчиж ирсэн. Хариуцагч байгууллага өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул ийнхүү шүүхэд хандаж үйлчилгээ авах гэрээний үүрэгт 104 468 500 төгрөгийг М******* ХХК-иас гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. С*******" ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Аялал жуулчлал, Худалдааны зуучлал чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээд 000200214 дугаартай гэрчилгээ аваад одоог хүртэл ажиллаж байна. Манай компани 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр " М и к иХХК-д " ХХК-тай "Үйлчилгээ авах гэрээ" байгуулан ажиллаж эхлээд, уг гэрээндээ нэмж Нэмэлт цэвэрлэгээ үйлчилгээ авах гэрээ-г 2024 оны 4 дүгээр сарын 29-нд байгуулан ажилласан. Улмаар манайх гэрээний үүргээ сайн биелүүлж 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дахин Үйлчилгээ авах №YA/24/04/02 дугаартай гэрээ байгуулан Баянхонгор аймаг Шинэжист сумын Баян хөндий кемпэд 2024 оны 08 дугаар сараас 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл гэрээний 3.1 дэх заалтыг тухайн компанийн уурхайн ажиллагсдад өдөрт 3 удаа хоол бэлтгэх үйлчилгээ үзүүлсэн. Манай компани тухай бүр үүргээ сайн биелүүлсээр ирсэн боловч хариуцагч компани үргэлж төлбөрөө хожимдуулдаг байсан. Хамгийн сүүлийн төлбөрөө хожимдуулж уг төлбөрөө дутуу төлсөн талаар нь мэдэгдсэн боловч одоо хүртэл төлбөрөө гүйцэт төлөөгүй байгаа. 09 дүгээр сард 25 000 000 төгрөг, 10 дугаар сарын үйлчилгээний төлбөр 64 650 000 төгрөг, 11 дүгээр сарын төлбөр 14 818 500 төгрөг нийт 104 468 500 төгрөгийг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа тул үйлчилгээ авах гэрээний төлбөрийг шаардаж байгаа гэв.
1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талд төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдсэн, мөн эвлэрэх санал тавьсан боловч огт ирж уулзаж байгаагүй, хуралдаандаа ч ирэхгүй байна. Хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй, хариу тайлбар ч өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Үйлчилгээ авах гэрээ, 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Нэмэлт цэвэрлэгээ үйлчилгээ авах гэрээ, 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Үйлчилгээ авах гэрээ, тооцоо нийлсэн акт, С******* ХХК-ийн 2024.11.07-ны өдрийн 16 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 3-20-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 29-30-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч М******* ХХК-тай үйлчилгээ авах гэрээг байгуулж, гэрээнд заасан үүргээ биелүүлж үйлчилгээ үзүүлсэн боловч үйлчилгээний төлбөрөө төлж барагдуулаагүй тул гэрээний үүрэгт 104 468 500 төгрөгийг төлүүлэхээр шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч С******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч С******* ХХК нь хариуцагч М******* ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр №ҮА-24/04/02 тоот Үйлчилгээ авах гэрээ, 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр №ҮА/24/04/29 тоот Нэмэлт цэвэрлэгээ үйлчилгээ авах гэрээ, 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр №ҮА/24/04/02 тоот Үйлчилгээ авах гэрээг тус тус байгуулж, С******* ХХК нь уурхайн ажилчдын болон гадны зочид, томилолтоор ажиллагсдад хоол хүнсийг өдөрт 3 удаа бэлтгэн нийлүүлэх, түгээх үйлчилгээ үзүүлэх, уурхайн нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрийн болон гэрээт байгууллагын ажиллагсдын ажлын хувцас цагаан хэрэгсэл оффис гэр цэвэрлэгээ орчны цэвэрлэгээг бүрэн хариуцах, М******* ХХК нь хоол, үйлчилгээний зардал буюу үйлдвэрлэлийн үйлчилгээний зардал өдрийн 20-51 ажилтан 1 хүний 60 000 төгрөг, 52-дээш 1 хүний 55 000 төгрөг, шөнийн ээлж 1 хүний 15 050 төгрөгөөр тооцон шилжүүлэх, үйлдвэрлэлийн үйлчилгээний зардал өдрийн 20-51 ажилтан 1 хүний 7 хоногт 45 000 төгрөг, 51-70 ажилтан 1 хүний 40 000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.
4.2.Хэрэгт авагдсан Тооцоо нийлсэн актанд 2024.10.01-2024.10.31-ний өдрийг хүртэл өглөө 1002, 20 040 000 төгрөг, өдөр 1004, 20 080 000 төгрөг, орой 1052, 21 040 000 төгрөг, цэвэрлэгээ, угаалга 1002, 6 440 856 төгрөг, нийт 67 600 856 төгрөг. Үүнээс хүн тээвэр 2 950 200 төгрөг, гүйцэтгэгчид шилжүүлэх дүн 64 650 656 төгрөг. 2024.9 сарын гүйцэтгэл 78 649 000 төгрөг, шилжүүлсэн дүн 53 649 000 төгрөг, 2024.09 сарын үлдэгдэл 25 000 000 төгрөг, нийт 89 650 656 төгрөг /64 650 656+25 000 000/ төгрөг гэжээ.
5.Талуудын маргааны зүйл нь үйлчилгээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй талаар байна, гэрээ байгуулсан талаараа маргаагүй байна.
6.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар зохигч талууд 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр №ҮА-24/04/02 тоот Үйлчилгээ авах гэрээ, 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр №ҮА/24/04/29 тоот Нэмэлт цэвэрлэгээ үйлчилгээ авах гэрээ, 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр №ҮА/24/04/02 тоот Үйлчилгээ авах гэрээг тус тус байгуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
6.1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-д ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заажээ.
6.2.Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн байхад хариуцагч нь гэрээнд заасан үйлчилгээний хөлсийг төлөөгүй гэж тайлбарлаад энэ нь хэрэгт авагдсан Тооцоо нийлсэн акт, шаардлага хүргүүлэх тухай албан бичгээр нотлогдоно гэсэн.
6.3.Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №ҮА-24/04/02 тоот Үйлчилгээ авах гэрээ, 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №ҮА/24/04/02 тоот Үйлчигээ авах гэрээний 7.1-д Үйлчлүүлэгч тал хоол үйлчилгээний зардлыг С******* ХХК-ийн дансанд сарын 5-20-нд хүний тоогоор тооцон шилжүүлж байна. Хоол үйлчилгээний зардалд дараах байдлаар задарч тооцогдоно: /НӨАТ/ багтсан болно. Үйлдвэрлэлийн үйлчилгээний зардал өдрийн 20-51 ажилтан 1 хүний 60 000 төгрөг, 52-дээш 1 хүний 55 000 төгрөг, шөнийн ээлж 1 хүний 15 050 төгрөгөөр тооцно гэжээ.
6.4.Мөн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №ҮА/24/04/29 тоот Нэмэлт цэвэрлэгээ үйлчилгээ авах гэрээний 2.1-д үйлчлүүлэгч тал нь цэвэрлэгээ үйлчилгээний зардлыг С******* ХХК-ийн дансанд сар бүрийн 5, 20-нд хүний тоогоор төлбөр тооцоог шилжүүлж байна. Цэвэрлэгээ угаалга үйлчилгээний зардалд дараах байдлаар задарч тооцогдоно. /НӨАТ/ багтсан болно. Үйлдвэрлэлийн үйлчилгээний зардал өдрийн 20-51 ажилтан 1 хүний 7 хоногт 45 000 төгрөг, 52-70 ажилтан 1 хүний 40 000 төгрөг гэж харилцан тохиролцсон байна.
6.5.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн С******* ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16 тоот албан бичигт ...Дээрх хугацаанд гэрээний нэг тал болох үйлчилгээ үзүүлэгч манай байгууллага, хамт олон ямар нэгэн гэрээнд заасан нөхцөлд зөрчилгүй хэрэгжүүлсэн боловч гэрээний Долдугаар зүйл Төлбөр тооцоо хэсгийн 7.1 дэх заалтыг удаа дараа танай байгууллага зөрчиж ирлээ. Иймд гэрээт хугацаанд 9 дүгээр сар 25 000 000 төгрөг, 10 дугаар сар 64 650 000 төгрөг, 11 дүгээр сар 14 818 500 төгрөг, төлбөл зохих ажил үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл нийт 104 468 500 төгрөгийн төлбөрийг яаралтай манай Богд банкны дансанд 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор шилжүүлж өгнө үү гэсэн байх бөгөөд Тооцоо нийлсэн актанд 2024.9 сарын гүйцэтгэл 78 649 000 төгрөг, шилжүүлсэн дүн 53 649 000 төгрөг, 2024.09 сарын үлдэгдэл 25 000 000 төгрөг, 2024 оны 10 сарын гүйцэтгэл 64 650 656 төгрөг гэжээ.
6.6.Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэж гэрээнд зааснаар төлбөрийг шаардсан нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч нь харилцан тохиролцсон хөлс төлөх үүргээ биелүүлэх үүрэгтэй байна гэж үзэв.
7.Хариуцагч М******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н******* нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэсэн үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна гэж үзэв.
7.1.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхээ хэрэгжүүлээгүй, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн үүргээ биелүүлээгүй болно.
8.Иймд хариуцагч М******* ХХК-иас үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт нийт 104 468 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С******* ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
9.Хариуцагч М******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******д 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг түүний 99194979 дугаарын утсаар нь зурвас бичиж мэдэгдсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, хэргийн материалтай танилцаж, эрх, үүрэг тайлбарласан баримтад гарын үсгээ зурсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг нээж ирцийг шалгахад хүсэлт санал ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 680 293 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 680 293 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч М******* ХХК-иас гэрээний үүрэгт 104 468 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С******* ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 680 293 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 680 293 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН