Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 579

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Б.Байгалмаа,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,        

Эрүүгийн хэргийн дугаар 201725031249

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Гэд холбогдох эрүүгийн 201725031249 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Д.Г /......................... оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 224 тоотод хохирогч Д.Эрдэнэчимэгийг мөнгөний асуудлаас болж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, өөр хэлэх зүйлгүй гэв.  

Шүүгдэгч Д.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

“…2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Тахилтын 4 дүгээр гудамжны 224 тоотод байх ээж Гаадангийд байж байтал гаднаас төрсөн эгч Д.Эрдэнэчимэг орж ирээд надаас зээлсэн 2.000.000 төгрөгөө хурдан өг гэж нэхсэн, үүнээс болж би эгч Д.Эрдэнэчимэгтэй муудалцсан юм. Надаас мөнгөө нэхээд байхаар нь би эгчийн нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиод ээжийнхээс гараад шууд Эрдэнэт хот руу явчихсан юм. Тэгтэл намайг байхгүй хойгуур эгч маань цагдаа сэргийлэхэд өгчихсөн байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

Хохирогч Д.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 16-17 цагийн үед манай дүү Гансүх ээжийн гэрт ирсэн. Бид нар хамтарч барилгын ажил эрхэлдэг юм. Тэгээд ажлынхаа хөлсийг авах гээд бага насны хүүхэд тэврээд ээжийн гэрт ороход Гансүх миний өөдөөс хар үүрээр яах гэж мөнгө нэхээд байгаа юм ална шүү гэж намайг 2 нүдний хооронд 1 удаа цохисон дахиж цохиогүй. Би Гансүхээс 1.550.000 төгрөг авах ёстой байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

Гэрч Г.Одмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“…2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 4-224” тоотод байх хадам ээж Гаадангийнд байж байтал гаднаас хадам эгч Эрдэнэчимэг нь мөнгөө нэхэж орж ирээд мөнгө өгсөнгүй гэж Гансүхтэй хэрүүл хийсэн. Тэгээд манай нөхөр Гансүхтэй Эрдэнэчимэг маргалдаад Гансүх нь эгч Эрдэнэчимэгийнхээ нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Үүний дараагаар эгч Эрдэнэчимэг нь нөхөртэйгөө гараад явсан. Удалгүй араас нь Гансүх бид хоёр гараад манай ээж Норжмаагийнд очсон. Тухайн өдрийн орой Гансүх рүү ар гэрээс нь залгаад Эрдэнэчимэгийн нүдийг нь аймаар болгочихсон байна гэж хэлсэн байх. …Манай нөхөр Гансүх нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Эгч Эрдэнэчимэгтээ эмчилгээний мөнгө 1.000.000 төгрөг өгсөн…” гэх мэдүүлэг  /хх-ийн19 дүгээр хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ¹7851 дугаартай дүгнэлтэнд: Д.Эрдэнэчимэгийн биед тархи доргилт, зүүн ухархайн доод ханын хугарал, 2 зовхи хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тус тусдааа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэсэн дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/

            Ял шийтгэлийн талаар: Д.Г нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх /хх-ийн 30 дугаар хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 224 тоотод хохирогч Д.Эрдэнэчимэгийг мөнгөний асуудлаас болж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Г.Одмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 224 тоотод хохирогч Д.Эрдэнэчимэгийг мөнгөний асуудлаас болж зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн ухархайн доод ханын хугарал, 2 зовхи хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Хохирогч Д.Эрдэнэчимэг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.       

Шүүгдэгч Д.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.                                                  

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д.Гийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Гийг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Гэд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар Д.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Гэд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НАРАНТУЯА