Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/957

 

 

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/918 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2208000001955 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овогт Б Б, 2001 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Х аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “Т” ХХК-д кузов засварчин ажилтай, ам бүл 5, эх, дүү нарын хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нарийн ам гэх газраас хохирогч С.Дн эзэмшлийн 40-50 тооны үхрээс улаан хүрэн, саарал зүсмийн 2 тооны шүдлэн үхрийг зарж, борлуулах зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар салган тууж, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлж, хашаандаа оруулан хашиж, бусдад 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Б Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Бт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шүүхийн шийдвэрт гомдолтой байна. 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай Партизаны нарийн хөшигийн 9-1 тоот хашаанд өвс буусан. Манай хашааны баруун тал нурж унаад онгорхой байсан. Тэр орой айлын 20-30 тооны үхэр манай хашаанд орж ирээд өвс идэж байсныг нь хараад тууж гаргасан. Тэр үед орой болж байсан учир саравчны ард үлдсэн 2 үхрийг хараагүй бөгөөд өглөө нь тууж гаргасан. Дараа нь манайд цагдаа нар ирээд “дуудлага мэдээлэл ирсэн, танай хашаанд байсан үхрүүд хаачсан бэ?” гэж асуусан. Би цагдаа нартай явж өглөө гаргасан 2 үхрийг зааж өгөхөд, “эзнийг нь орж иртэл хашаандаа байлгаж бай” гэсэн. Удалгүй эзнийг нь олж ирээд туугаад яв гэсэн. Манайхаас 3-4 км зайтай байсан айлд хүргэж өгсөн. Надаас дүүрэг орж мэдүүлэг авна гэсэн. Би дэслэгч Эрхэсийн хэлсний дагуу мэдүүлэг өгсөн. Гэтэл дэслэгч Эрхэс намайг “2 үхрийг зарах гэж байсан чинь үнэн биз дээ” гэж тулган шаардаж, миний утсыг авч үзээд тухайн үед байсан чатуудыг гүйлгэн гаргаж өмнөх жилийн “үхэр зарна” гэсэн чатыг харсан байсан. Миний өгсөн мэдүүлэг энэ мэдүүлэгтэй зөрж, худал болсон байна. Иймд миний хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Т.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материалтай танилцахад М гэх хүнээс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 20 минутад “үхэр хулгайлсан хүмүүсийг бариад авлаа” гэсэн дуудлагыг өгсөн байдаг. Энэхүү дуудлагын дагуу ахлах ахлагч Баатарсүх, олон нийтийн цагдаа Пүрэвсүрэн нар очиж, дуудлага өгсөн М гэх хүнтэй уулзсан. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс мөрдөгч, цагдаагийн дэслэгч Шинэбаяр 11 цаг 12 минутад очсон. Мөрдөгч очсоны дагуу ахлах ахлагч Баатарсүх, олон нийтийн цагдаа Пүрэвсүрэн нар дуудлагыг хүлээлгэж өгсөн талаар дуудлагын тэмдэглэлд тусгагдсан байгаа юм. Дуудлагын дараа мөрдөгч Шинэбаяр нь хохирогч С.Д с гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, хэрэгт хавсаргасан. Өмгөөлөгчийн зүгээс ахлах ахлагч Баатарсүх, олон нийтийн цагдаа Пүрэвсүх нараас мөрдөгч Шинэбаярт дуудлагыг хүлээлгэж өгч, мөрдөгч Т.Шинэбаяр хохирогч С.Д с гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхэлсэн гэж үзэж байна. Гэтэл хавтаст хэргийн 4 дүгээр хуудаст дуудлагын лавлагааны бичигт бичигдээгүй, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж аваагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхгүй алба хаагч буюу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Жаргалант цагдаагийн тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Сэргэлэнбаатар гэх хүн Б.Бтай уулзаж, ямар байдлаар уг үхрүүдийг хашаандаа байлгаж байсан, хэний үхэр болох талаар асууж, мөн үхрүүдийг хурааж авах, хүлээлгэж өгөх зэрэг ажиллагаануудыг явуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан байдлыг тогтоох ажиллагааг ахлах ахлагч Сэргэлэнбаатар явуулсан. Ахлах ахлагч Сэргэлэнбаатарын бичсэн илтгэх хуудаст Б холбогдсон хэрэг, өөрийн гэм буруугийн талаар хэлсэн өглөө зарах гэж байсан гэх тул уг хоёр үхрийг тусгай дарагчаар дарж, дахин засаж бичсэн байдаг. Бодит байдалд юу байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг гарсан байдлыг нотолно гэж заасан. Гэтэл хавтаст хэргийн материалтай танилцахад хохирогчийн үхэр алга болсон гэх баримтууд байгаа болохоос Б.Б үхрийг хулгайлсан талаарх нотлох баримт байдаггүй. Өөрөөр хэлбэл, хулгайлсан газар очсон, хэргийн газрын үзлэг хийсэн, үхэр тухайн газарт байгаа талаар асуусан, гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээллийг өгсөн М гэх хүнээс хэзээ, хаана, үхэр хулгайлсан хүмүүсийг таньж олсон талаар асуусан ямар нэгэн нотлох баримт байдаггүй. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй илтгэх хуудас гэх баримтыг үндэслэж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Илтгэх хуудасны агуулга, зорилгыг авч үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн газрын үзлэг, тэмдэглэлтэй төсөөтэй байгаа юм. Энэ хэрэгт мөрдөгч Н гэх хүн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Мөрдөгч Нн явуулсан ажиллагаанаас харахад хуулийг чанд сахиагүй зөрчлийг гаргасан. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан мөрдөгч нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх гэсэн 3 шийдвэрийг гаргах ёстой. Гэтэл гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах шатнаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг гаргасан. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг мөрдөгч гаргаж болно. Гэхдээ хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа хаах эсхүл, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг гаргах ёстой. Гэтэл мөрдөгч Нн ажиллагаанаас харахад хуульд заагаагүй ажиллагааг явуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэдийгээр прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах эрхтэй боловч Б.Бт холбогдох эрүүгийн хэргийн тухайд мөрдөгчийн гаргасан саналыг үндэслэж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах ажиллагааг явуулсан. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдал, гэмт хэрэг гарсан байдал зэргийг хангалттай нотлоогүй гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Шинэбаярыг шалга гэсэн ямар нэгэн цохолт байхгүй. Шинэбаяр нь тухайн өдөр жижүүр хийж байсан мөрдөгч юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан дуудлага, мэдээллийг хүлээж авах ажилчдын нэг нь юм. Энэ хэргийг Нг шалга гэсэн албаны даргын цохолт байгаа бөгөөд хэргийг Н цааш нь шалгасан. Гомдол, мэдээллийг хүлээн авч, дуудлагын дагуу очсон мөрдөгч болон жижүүрийн мөрдөгч нарын хийсэн ажиллагаануудыг хууль зөрчсөн гэж маргадаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхтэй холбоотой хуулийн зохицуулалт бий. Нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэнэ. Тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд зааснаас зөрчөөгүй бол хуульд нийцсэн бусад ямар ч арга хэлбэрийг хэрэглэж болно гэж байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, харьцангуй хөнгөн ял шийтгэх оногдуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Яллагдагч нь анх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гэсэн хүсэлт өгсөн. Харин өмгөөлөгч оролцож эхэлснээс хойш энэ хэргийг цагаатгаж чадах юм байна гэсэн байр суурийг харсныг мэдэхгүй байна. Яллагдагчийн өгсөн мэдүүлэг нь гэрч, хохирогч нараас авсан мэдүүлгээр давхар нотлогддог. Мөн Б.Б “...манай хашаанд 2 үхэр өөрсдөө орж ирсэн...” гэж байна. Энэ үйл баримт хэрэгт авагдсан баримтад байхгүй бөгөөд шүүх хуралдаанд ярьдаг. Хэргийг шүүх рүү шилжүүлэх санал орж ирэхэд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирсэн. Хэрэгт авагдсан ямар нэгэн баримт байхгүй байхад шүүх хуралдаанд “манай хашаанд 2 үхэр орж ирсэн, өвс идэх гээд орж ирсэн байлгүй дээ” гэх зүйлийг ярьдаг. Анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Б.Баас “танайх хохирогчийнхоос хэр бол вэ” гэж асуухад “200 метрийн зайтай” гэж мэдүүлсэн үйл баримт нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. 200 метрийн зайтай бол үхэр хэрхэн Б.Бын хашаа руу орох вэ. Хохирогчийн өгсөн мэдүүлэгт үхрүүд нь бөөндөө усаа уугаад хашаандаа өөрсдөө ирдэг гэж байгаа. Түүнээс 2 үхэр дутах боломжгүй. Учир нь, үхэр сүргээрээ явдаг. Эдгээр нотлох баримтуудаар дээрх өгсөн мэдүүлэг нь үнэн зөв биш гэдэг нь тогтоогдож байгаа. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн. Б.Бын зүгээс үйл баримтад маргаж байгаа боловч гэм буруутайд тооцсоны дараа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх зүйлийг ярьсан учраас тухайн үеийн л шийдвэр байсан. Тус шийдвэр нь тухайн цаг хугацаандаа бодитой байсан гэж үзэж эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нарийн ам гэх газраас хохирогч С.Д эзэмшлийн 40-50 тооны үхрээс улаан хүрэн, саарал зүсмийн 2 тооны шүдлэн үхрийг зарж, борлуулах зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар салган тууж, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлж, хашаандаа оруулан хашиж, бусдад 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;

хохирогч С.Д“...2022 оны 10 дугаар сарын 19-ний өглөө үхрээ Нарийн ам руу бэлчээрт гаргаад, орой 18 цагийн үед хөндлөнгийн 1 дүгээр гудамжинд байдаг гүний худаг дээр үхрээ услаад тэнд үлдээгээд явсан. Манай үхрүүд усаа уугаад гэрийнхээ үүдэнд өөрсдөө ирдэг юм. Тэгээд үхрээ тоолоход шүдлэн үхэр 2 дутаад байсан. Орой болсон байсан болохоор сайн хайж чадаагүй гэрийнхээ ойр орчмоор хайж байгаад унтсан. Тэгээд маргааш нь үргэлжлүүлээд үхрээ хайж байгаад Партизаны цагдаад хэлсэн. Тэгтэл удалгүй цагдаа ... залгаад “танай үхэр айлын хашаанаас олдлоо” гээд манай гэрт авчирч өгсөн. ...” /хх 11/,

гэрч Т.Бн “...Б надад хэлэхдээ “ажлынхаа хөлсөндөө хоёр үхэр авсан” гэж хэлсэн. Тэгээд цагдаа сэргийлэх гээд яваад байхаар нь “ямар учиртай, яагаад цагдаагаар яваад байгаа юм бэ” гээд асуухад үнэнээ хэлсэн ба танихгүй хүний хоёр үхрийг авчихсан юм гэж хэлсэн. ...” /хх 17/,

Б.Бын яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нарийн аманд бэлчээр дээрээ явж байсан 40-50 орчим үхрээс хоёр үхрийг салгаж тууж яваад гэрийнхээ хашаанд оруулж хонуулсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эмч Заяат дээр очоод малын бичиг авах гээд очсон боловч гэртээ байгаагүй. Тэгээд тус хоёр үхрийг зарах гээд өөрийн Б.Б гэсэн фэйсбүүк хаягаасаа “үхэр зарна” гээд хүмүүс рүү чат бичихэд авах хүн олдоогүй. Тэгээд гэртээ байж байсан чинь цагдаа хүрч ирээд “юун үхэр юм бэ? хаанаас авсан” гээд асуухаар нь “мөнгө олох зорилгоор бэлчээр дээрээс туугаад хашаандаа авчирч тавьсан юм” гэж хэлсэн. ...” /хх 32/ гэсэн мэдүүлгүүд,

“Т” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 20-21/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-7/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Б.Бын хохирогч С.Д эзэмшлийн үхрээс хоёр үхрийг салгаж туун хашаанд авчирч, өөртөө захиран зарцуулах боломжтой болгон зарж борлуулах зорилгоор зар тавьж, бусдад санал болгосон үйлдэл нь бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Олон тооны мал гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “...найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. ...” гэж заажээ.

Шүүхээс дээрх үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн агуулж буй талаар болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Быг олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан, эсхүл барагдуулахаа илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлд хамаарах боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулах ялыг хөнгөрүүлэх эсэхийг шийдвэрлэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болно.” гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хэдий ч шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээр маргаагүй тул шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч гомдолгүй, хохирол төлбөргүй, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Бт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нар шүүгдэгч Б.Быг дарамтад оруулж, тулган шаардаж хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бын анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 4-ний энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/918 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ