| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
| Хэргийн индекс | 118/2024/0022/З |
| Дугаар | 118/ШШ2025/0003 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 118/ШШ2025/0003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах, шүүгч Ч.Оюунсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж. Ш........
Хариуцагч: Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга
Гуравдагч этгээд: С.О......... нарын хоорондын төрийн захиргааны албан тушаалаас чөлөөлөхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Ш........ /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А......... /онлайнаар/, хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга И.Б........ /онлайнаар/, гуравдагч этгээд С.О........ /онлайнаар /, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Үндсэн шаардлага: Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Ш........г үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх.
1.2. Нэмэгдүүлсэн шаардлага: Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгуулах.
2. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч Ж.Ш......... нь Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар байгаль орчны хяналтын улсын байцаагчаар түр томилогдон, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилласан.
2.1 Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар Ж.Ш.......... Завхан аймгийн Их-Уул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлсөн.
2.2 Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар дээрх 2024 оны Б/10 дугаар захирамжид “Ж.Ш.......... ажлаас чөлөөлсөн үндэслэл”-ийн талаар өөрчлөлт оруулсан.
3. Маргаж буй үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “...би байгаль орчны улсын байцаагчийн эрхтэй, ажлын байрны шаардлагыг хангаж байгаа, ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэж, тайлагнаж ирсэн, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн талаар надад хэлж, анхааруулж байгаагүй,...” гэж маргасан.
3.1 Хариуцагч ”...нэхэмжлэгч байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан, уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй, ажил үүргээ удаа дараа хангалтгүй гүйцэтгэсэн бөгөөд төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах журмын дагуу шаардлага хангасан албан хаагчаар тухайн ажлын байрны сул орон тоог нөхсөн тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй ...” гэж тайлбарласан.
3.2. Гуравдагч этгээд “...Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс уг албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллах зарын дагуу материалаа бүрдүүлэн өгч шаардлага хангасан бөгөөд улсын байцаагчийн эрх авсан миний бие хуулийн дагуу томилогдсон...” гэж маргасан.
4. Нэхэмжлэгч нь тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаартай тушаалын талаар Төрийн албаны салбар зөвлөлд хандан 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 71 дүгээр албан бичгээр хариу авч, 5 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар Их-Уул сумын байгаль хамгаалагчаар түр томилогдон ажиллаж байгаад 2018 оны 5 сарын 31-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар чөлөөлөгдөн, 2019 оны 10 дугаар сарын 22-ны Б/46 дугаар тушаалаар Их-Уул сумын байгаль хамгаалагчаар түр томилогдон ажилласан. Гэтэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар намайг байгаль орчны хяналтын улсын байцаагчаар түр томилон ажиллуулаад, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар сэлгэн ажиллах зарын дагуу шаардлага хангасан албан хаагч орон тоог нөхсөн гэж намайг 2024 оны 3 сарын 06-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2. "ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино" гэснийг үндэслэн ажлаас чөлөөлсөн боловч ажил олгогч нь намайг ажиллах боломж, компьютер, унаа, техникээр хангаж өгөөгүй. Мөн надад мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд ажил үүрэгтээ тэнцэхгүй байна гэж анхааруулж хэлсэн зүйл байхгүй. Ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэж тайлагнадаг байсан гэтэл яагаад ийм үндэслэлээр намайг ажлаас чөлөөлж байгааг ойлгохгүй байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 47.1. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална: 47.1.1. хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 47.1.2. гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэх заалтуудыг үндэслэсэнд гомдолтой байна. Би ажил үүргээ цаг тухайд гүйцэтгэж явсан. Надад ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж анхааруулга, сануулга ирсэн удаагүй. Би Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өргөдөл гаргасан. Гэтэл салбар зөвлөлийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 71 дүгээр "Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан тоотоор хууль бус захирамж гаргасныг тогтоосон боловч ажилд минь авахгүй байна... 2023 оны 10 дугаар сараас мэргэжлийн хяналт татан буугдсанаас хойш байгаль орчны улсын байцаагч гэж явсан. Тэгэнгүүтээ бүүр татагдан бууж ирснээс хойш байгаль орчны мэргэжилтэн болж солигдсон... Би улсын байцаагчийн эрхтэй байсан, энэ талаараа мэдэж байсан, улсын байцаагчийн эрхгүй гэж хэлээд ажил хийхгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй... надад 2022 оноос хойш ажлын байрны тодорхойлолт гэж гарын үсэг зуруулж баталгаажуулсан зүйл байхгүй. Тэрнээс өмнө бол гарын үсэг зуруулж байсан... Миний бие төрийн албанд 7 жил гаруй ажилласан тул Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан журамд заасны дагуу 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал 7 920 000 төгрөг авах ёстой боловч хариуцагч олгохгүй байгаа нь хууль бус. Намайг ажиллаж байх хугацаанд буюу 2023 оны 5 сард сумын төсвийн мэргэжилтэн, нягтлан бодогч нар дээрх журмын шаардлагыг хангасан албан хаагчдын нэрсийн жагсаалтыг авч 2024 оны төсөв суулгуулсан байдаг. Энэ жагсаалтад байгаль орчны хяналтын улсын байцаагч миний нэр багтсан, төсөвт мөнгөн урамшуулал суусан боловч өнөөдрийг хүртэл шилжүүлэхгүй байгаа… 2020 оны тухайд 1 болон 9 саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, бусад хугацаанд ажилгүй тасарсан байгаа... гэжээ.
7. Хариуцагч Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ш...... анх чөлөөлөгдсөн учир нь өөрөө байгаль орчны хяналтын улсын байцаагч гэж явсан. Мэргэжлийн хяналтын газар татан буугдсанаас хойш байгаль орчны мэргэжилтнээр ажиллаж байсан. Ш....... анх томилогдохдоо төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй. Ерөнхий шалгалт өгчхөөд байгаль орчны мэргэжилтнээр ажиллаж байхад шаардлага хангахгүй байсан. Ерөнхий шалгалтад ороод тэнцээд, тусгай шалгалт аймгийн хэмжээнд зарласан байсан. Ерөнхийдөө орон тоо нөхөх байдлаар бол тусгай шалгалт зарлуулсан. Шаардлага хангасан хүнээ ажиллуулах ёстой гэсэн. Тэрний дагуу бол Төрийн албаны зөвлөлөөс бол тусгай шалгалтаа зарласан. Тусгай шалгалт зарлахаас 7 хоногийн өмнө сэлгэн ажиллах боломжтой хүн байвал нөхдөг. Тэрний дагуу О......... нөхөн ажилд томилсон. Ш......... тусгай шалгалтаа өгөөгүй шаардлага хангахгүй байсан. Ш......... чөлөөлөхдөө бол Төрийн албаны тухай хууль болон саяны шаардлагыг хоёуланг нь үндэслэж халсан. Ж.Ш........ энэ албан тушаалд анх томилох шийдвэрийг би гаргаж байсан. Анх байгаль орчны улсын байцаагчийг түр орлон гүйцэтгэгч гэж томилж байсан, ажлын байрны тодорхойлолтыг энэ нэрээр үйлдсэн. Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаас хойш байгаль орчны мэргэжилтэн болсон. Албан тушаалын нэршил өөрчлөгдсөн, харин гүйцэтгэх үүргийн хувьд бол адилхан, хэвээрээ байгаа. Энэ албан тушаалд тусгай шалгалт зарлуулахаар миний хувьд хандаж байгаагүй. Өмнөх У......... дарга зарлуулахаар явуулсан байсан. Төрийн албаны тухай хуулийг үндэслэн Засгийн газраас төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэлийг тогтоосон. 2023 оноос ТЗ-7 болсон гэж үзэж байгаа... Ж.Ш........... чөлөөлөөд оронд нь С.О............. сэлгэн ажиллуулахаар томилсон... Миний зүгээс сул орон тоог сэлгэн ажиллуулж нөхсөн, үүнийгээ хуульд заасан бусад үндэслэл гэдэгт хамааруулж чөлөөлсөн гэж үзэж байна. Адилхан улсын байцаагчийн эрхтэй юу? гэвэл эрхтэй. Ш........... ерөнхийдөө тухайн ажлын байрыг зарлахад өөрөө тусгай шалгалт өгөөгүй гэдгээр халагдсан. Ажил үүргээ гүйцэтгээгүй гэдэг дээр миний хувьд нотлох баримт байхгүй учир хэлэх боломжгүй байна. Ш........... энэ албан тушаалд томилогдохдоо тусгай шалгалт өгөөгүй учраас албан тушаалын шаардлагыг хангахын тулд тусгай шалгалтыг зарлуулахаар Төрийн албаны зөвлөлд сул орон тооны захиалга өгсөн. Захиалгын дагуу эхний ээлжид сэлгэн ажиллах эрх нээгдсэн. Тэрний дагуу л О........... томилсон нь зөв гэж бодож байна. Төрийн албаны сул орон тоо шаардлага хангаагүй хүнийг ажиллуулах ёсгүй тэрний дагуу зөв томилсон гэж үзэж байна... Би тухайн үед Ш........... гэрээ хийж, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулаад ажиллаж, үүрэг даалгавар өгч ажиллаагүй учир ямар үүрэг гүйцэтгээгүй гэдгийг бол мэдэхгүй байна. Энэ талаар ямар нэгэн баримт байхгүй байгаа. Цалинг харахаар арга хэмжээ авсан зүйл байхгүй. Зөрчил гаргасан гэсэн баримт байхгүй. Хариуцаж байсан У........ дарга бол ямар үндэслэлээр ингэснийг бол мэдэхгүй, энэ талаар тайлбарлаж чадахгүй... мөн маргаан бүхий захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 дахь хэсгийг яагаад барьсныг тайлбарлаж чадахгүй байна... Нэмэгдүүлсэн шаардлагаа төрийн албанд тасралтгүй ажиллаж байсан гэж үзэж гаргасан байна. Ш............ хувьд 2020 оны 9 дүгээр сард анх ажилд томилогдсон. 3 жил 6 сар ажилласан. Тэр ажилласан хугацаандаа төрийн албанд түр ажиллаж байгаад дахиж байгаль хамгаалагчаас чөлөөлөгдөөд дахиад ажилд ороод байгаль орчны улсын байцаагчаар ажилласан. 2024 оны 3 дугаар сарын 11-нд ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Ингэхээр төсөвт суулгахдаа төрийн албан хаагч хөдөө орон нутагт ажилласан 5 жилийн тэтгэмж олгоно гэдэг байдлаар төсвийн төсөөллөө хийгээд явуулсан байсан. Тэгээд төсөвтөө суусан байсан. Мөнгийг олгох үед бол дээрээс санхүүгийн хэлтсээс ямар чиглэл өгсөн бэ? гэхээр тасралтгүй 5 жил ажилласан байх ёстой гэсэн. Ш............. тухайд 2020 оны 2 дугаар сарын 03-нд ажлаасаа чөлөөлөгдөөд 7 сар ажилгүй явж байгаад 2020 оны 9 дүгээр сарын 16-нд буцаад байгаль орчны байцаагчаар орсон. Тэгэхээр дунд нь тасарсан учраас бид нар олгохгүй юм байна, журам зөрчинө гээд Ш........... мөнгөн урамшууллыг олгоогүй. 2024 оны жилийн эцсээр буцаагаад төсөвт байсан мөнгө татагдсан... Ш............ 7 сар дундаа тасарсан байна гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас тэтгэмжийг нь олгох боломжгүй гэж үзэж байна... гэв.
8. Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 2007 оны 1 дүгээр сарын 01-нд Завхан аймгийн байгаль орчны газарт байгаль хамгаалагчаар томилогдон 2024 оны 3 дугаар сарын 01-нийг хүртэл тасралтгүй 18 жил ажилласан. Улсад 23 жил ажилласан. Энэ ажиллах хугацаандаа Төрийн албаны зөвлөлөөс байгаль орчны мэргэжилтэн авна гэсэн зар байсан. Зарын дагуу материалаа бүрдүүлээд Төрийн албаны зөвлөлд өгсөн. Байгаль орчин, аялал жуулчлалын газар Төрийн албаны зөвлөлд мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Тэрний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга М.............. 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Их-Уул сумын Засаг даргын тамгын газарт албан бичиг хүргүүлж шилжүүлэн ажиллуулахаар явуулсан. Үүний дагуу 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар байгаль орчны мэргэжилтний орон тоон дээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна... Миний тухайд Их-Уул сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд шилжин ажилласан, байгаль хамгаалагчийн албан тушаалд дэс түшмэлийн ТЗ-9 зэрэглэлээр цалинжин ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа энэ улсын байцаагчийн албан тушаал нь ТЗ-7 зэрэглэлд хамаардаг... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт тулгуурлан нэхэмжлэгч Ж.Ш.............. нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах байдлаар шийдвэрлэв.
2. Хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргуулахаар маргаан бүхий захиргааны акт буюу хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Ш.......... үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Б/10 дугаар, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Тушаалын хуулийн заалтыг өөрчлөх тухай” Б/16 дугаар тушаалуудыг шүүхийн шийдвэр хүчин хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
2.1. Завхан аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар Их-Уул сумын байгаль хамгаалагч С.О.............. өөрийнх нь хүсэлтээр тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. (Хэргийн 1 дэх хавтасны 228 дугаар хуудсанд)
2.2. Ингэхдээ “…Их-Уул сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан үндэслэлээр С.О............ уг албан тушаалд томилон ажиллуулах хүсэлт уламжлах…” агуулга бүхий Их-уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 03/43 дугаар албан бичгийг үндэслэсэн байна. (Хэргийн 1 дэх хавтасны 131 дүгээр хуудсанд)
2.3. Маргаан бүхий захиргааны акт буюу хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг үндэслэн “…сэлгэн ажиллуулах зарын дагуу шаардлага хангасан албан хаагч орон тоог нөхсөн…” хэмээн тус сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд түр ажиллаж байсан Ж.Ш............. 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс төрийн албанаас чөлөөлж, мөн өдрийн Б/11 дүгээр тушаалаар С.О............. уг албан тушаалд томилжээ. (Хэргийн 1 дэх хавтасны 27, 132 дугаар хуудсанд)
2.4. Дээрх тушаалуудад маргаан бүхий албан тушаалын нэрийг “байгаль орчны улсын байцаагч”, “байгаль орчны хяналтын мэргэжилтэн” гэж өөр өөрөөр тодорхойлж бичсэн байгааг дурдах нь зүйтэй.
2.5. Маргаан бүхий дараагийн захиргааны акт буюу Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаар албан бичгийг үндэслэн урьд гаргасан 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаар тушаалын үндэслэл хэсэгт дурдсан Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн “47.1.2” гэх заалтыг “46 дугаар зүйлийн 46.2.5” болгон өөрчлөхөөр шийдвэрлэсэн байна. (Хэргийн 1 дэх хавтасны 26 дугаар хуудсанд)
2.6. Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаар албан бичигт “...Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.Ш............төрийн албанаас чөлөөлсөн тушаалын эрх зүйн үндэслэлийг ханган, холбогдох хуулийн заалтыг зөв хэрэглэж ажиллах...”- чиглэл болгосон. (Хэргийн 1 дэх хавтасны 156 дугаар хуудсанд)
2.7. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн тамгын газрын дарга Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө. 67.5-д “…Засаг даргын тамгын газрын дарга, …эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах…” гэж заасан эрхийн хүрээнд хариуцагч Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь дээрх маргаан бүхий 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаар, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаар тушаалуудыг гаргасан байна. (Хэргийн 1 дэх хавтасны 26, 27 дугаар хуудсанд)
2.8. Хариуцагч маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Ж.Ш.......... ажлаас чөлөөлөхдөө “төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн байгууллага хооронд шилжүүлэн ажиллуулах”, “төрийн албан хаагчийг удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр төрийн албанаас халах”, “хуульд заасан бусад үндэслэлээр ажлаас чөлөөлөх” тухай Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтуудыг, мөн “мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон” гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг тус тус эрх зүйн үндэслэл болгосноос харахад маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халсан, эсхүл сул орон тоог нөхөх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, эсхүл ажил мэргэжилдээ тэнцэхгүй үндэслэлээр чөлөөлсний аль нь болох нь тодорхойгүй, ойлгомжгүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн эргэлзээ бүхий үндэслэлээр шийдвэрийг гаргасан нь бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, 40 дүгээр зүйлийн 40.2-д “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: ...40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасантай нийцээгүй байна.
2.9. Маргаан бүхий тушаалд дурдсан эрх зүйн зохицуулалтуудыг тодруулж үзвэл, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”, 46 дугаар зүйлийн 46.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: …46.2.5.хуульд заасан бусад үндэслэл”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална: 47.1.1.хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн; 47.1.2.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон…”, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: …80.1.2.ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон…” гэж заажээ.
2.10. Эдгээрээс “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон” гэх үндэслэлийг хариуцагчаас 2024 оны Б/16 дугаар тушаалаар хасаж өөрчилсөн тул уг үндэслэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэлд хамааралгүй болсон тул “удаа дараа албан үүргээ гүйцэтгээгүй”, “ажил үүрэгтээ тэнцэхгүй”, “хуульд заасан бусад үндэслэл” буюу “сул орон тоог нөхсөн” зэрэг үндэслэлийг хариуцагчаас Ж.Ш............ холбогдуулан хэрхэн тогтоосон талаар шүүх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байна. (Хэргийн 1 дэх хавтасны 26 дугаар хуудсанд)
2.11. Нэхэмжлэгч Ж.Ш........... нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар Их-Уул сумын байгаль хамгаалагчаар түр томилогдон ажиллаж байгаад “төрийн албаны шалгалтад тэнцээгүй” үндэслэлээр тус газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар Их-Уул сумын байгаль хамгаалагчаар дахин түр томилогдон ажилласан байна. (Хэргийн 1 дэх хавтасны 39 дүгээр хуудсанд)
2.12. Хүүхэд асрах чөлөөтэй байсан байгаль хамгаалагч Б.С.............. чөлөөний хугацаа дуусч ажилдаа эргэн орсноор нэхэмжлэгч Ж.Ш......... Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар төрийн албанаас бүрмөсөн чөлөөлөгдсөн байна. (Хэргийн 2 дахь хавтасны 118 дугаар хуудсанд)
2.13. Нэхэмжлэгчийг төрийн албанаас тийнхүү чөлөөлөгдөж, ажил эрхлээгүй байх үед буюу Их-уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр Б.Д......... байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлснөөр тухайн ажлын байрны сул орон тоо бий болсон бөгөөд нэхэмжлэгч Ж.Ш............ уг албан тушаалд түр томилогдсон.(Хэргийн 1 дэх хавтасны 82 дугаар хуудсанд)
2.14. Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Ж.Ш.........дээрх албан тушаалд томилохдоо албан тушаалын нэрийг “байгаль орчны хяналтын улсын байцаагч” гэж тусган, ТЗ-6-1 гэх шатлалаар цалинжуулахаар тусгажээ. (Хэргийн 1 дэх хавтасны 28 дугаар хуудсанд)
2.15.Хариуцагч Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргаас дээрх албан тушаалын тодорхойлолтыг зөвхөн нэг удаа үйлдэн, баталгаажуулсан байх ба 2021 оноос албан тушаалын нэршил өөрчлөгдсөн гэж тайлбарлах боловч уг үндэслэлээр албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн баталгаажуулаагүй, уг албан тушаалын нэршил хэрхэн өөрчлөгдсөнийг баримтаар нотолж чадахгүй байна.
2.16. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсны дагуу Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.М........., Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга И.Б........... нарын гарын үсгээр 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр баталгаажуулсан албан тушаалын тодорхойлолтод албан тушаалын зорилгыг “Байгаль орчныг хамгаалах багц хууль, Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Захиргааны ерөнхий хууль болон холбогдон гарсан стандарт, журмын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж, гүйцэтгэл, үр дүнг сумын Засаг даргын Тамгын газрын даргын өмнө хариуцна” гэжээ.
2.17. Мөн уг албан тушаалын тодорхойлолтод байгууллагын нэрийг “Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газар”, албан тушаалын нэрийг “байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн”, албан тушаалын ангилал, зэрэглэлийг “туслах түшмэлийн ТЗ-3” гэж тусгасан мөртлөө Ж.Ш........... тухайн албан тушаалд томилох тухай 2020 оны Б/04 дүгээр, ажлаас чөлөөлөх тухай 2024 оны Б/10 дугаар тушаалуудад албан тушаалын нэрийг “байгаль орчны хяналтын улсын байцаагч” албан тушаалын зэрэглэлийг “ТЗ-6-1” гэж өөрөөр тодорхойлсон. (Хэргийн 1 дэх хавтасны 27, 28, 48, 83 дугаар хуудсанд)
2.18. Нэхэмжлэгчийн маргаж буй албан тушаалын нэр, ангилал, зэрэглэлийг тийнхүү зөрүүтэй тусгасан байгаа хэдий ч тэдгээр баримтыг үндэслэн дүгнэхэд нэхэмжлэгчийн маргаж буй албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д заасан сумын Засаг даргын ажлын албаны гүйцэтгэх албан тушаал буюу төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалд хамаарахаар байх тул Төрийн албаны тухай хуульд заасан төрийн захиргааны албан тушаал /төрийн жинхэнэ албан тушаал/-д томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалтуудыг энэ маргаанд хэрэглэхээр байна.
2.19. Хариуцагчаас маргаан бүхий тушаалд төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарах хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх 80 дугаар зүйлийн 80.1.2-д заасан зохицуулалтыг үндэслэсэн нь буруу байна.
2.20. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар "сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг ойлгохоор байна.
2.21.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлээр төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуур, 27 дугаар зүйлээр сонгон шалгаруулж томилох асуудлыг тус зохицуулсан бөгөөд 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно, 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө: ...27.1.2.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас; 27.1.3.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс; 27.2-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэж заасан.
2.22. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн захиргааны албан тушаалд томилогдохын тулд албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурыг хангасан байхаас гадна тусгай шалгалт өгч тэнцсэн байх шаардлагатай бөгөөд сул орон тоог нөхөхдөө дарааллын хувьд тусгай шалгалтаас өмнө эхний ээлжид тухайн байгууллагад ажиллаж байгаа, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа шаардлага хангасан төрийн албан хаагчдаас нөхөхөөр байна.
2.23. Их-уул сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалын сул орон тоо анх бий болох үед буюу 2020 онд нийтэд илэрхий үйл баримт буюу Коронавируст халдварын цар тахлын улмаас хорио цээрийн дэглэм үргэлжилж, сул орон тоог нөхөх журмыг хэрэгжүүлэх боломжгүй байсан шалтгаанаар хариуцагч тусгай шалгалтгүйгээр Ж.Ш.............. түр томилон ажиллуулсан байх ба Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу сул орон тоог нөхөх зайлшгүй шаардлагаар тухайн албан тушаалаас чөлөөлсөн” гэх агуулгаар хариуцагч тайлбарлан маргаж байгаа бөгөөд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” ХЭГ/595 дугаар албан бичигт “...”Төрийн жинхэнэ албан тушаалд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, тэнцээгүй томилогдсон, Төрийн албаны тухай хууль, уг хуулийг дагаж гарсан дүрэм, журмыг зөрчиж томилогдсон... этгээдийг ажлаас чөлөөлөх...” гэж заасны дагуу дээрх сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлуулах захиалгыг Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 01/337 дугаар албан бичгээр хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. (Хэргийн 1 дэх хавтасны 29, 156 дугаар хуудсанд)
2.24. Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хуульд заасан сул орон тоог нөхөх дарааллын дагуу эхлээд тухайн сул орон тоонд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зарыг нийтэд мэдээлсний дагуу уг албан тушаалд ажиллах хүсэлтээ илэрхийлсэн Их-Уул сумын байгаль хамгаалагч С.О........... хүсэлт, материалыг хянаж үзээд, тухайн ажлын байрны шаардлагыг хангасан хэмээн үзэж, хариуцагч Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар түүнийг томилсон бөгөөд албан тушаалын нэрийг “байгаль орчны хяналтын мэргэжилтэн”, албан тушаалын зэрэглэлийг “ТЗ-7” гэж тодорхойлж тусгасан байна. (Хэргийн 1 дэх хавтасны 46, 56-72, 132 дугаар хуудсанд)
2.25. Гуравдагч этгээд С.О........ тухайд анх Завхан аймгийн Байгаль орчны албаны даргын 2007 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаар тушаалаар Их-Уул сумын байгаль хамгаалагчаар томилогдон 10-аас дээш жил ажилласан, байгаль хамгаалал, экологийн мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшсэн, тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагч байх ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Б/31, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/68 дугаар тушаалаар тус тус улсын байцаагчийн эрх түүнд олгогдсон. Өөрөөр хэлбэл, улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчаар ажиллаж иржээ. (Хэргийн 1 дэх хавтасны 65-73, 229-230, 233-238, 2 дахь хавтасны 97, 99, 102, 107, 108 дугаар хуудсанд)
2.26. Нэхэмжлэгч Ж.Ш........... маргаан бүхий албан тушаалд түр томилогдон ажиллаж байх хугацаандаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/06, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/68 дугаар тушаалаар улсын байцаагчийн эрх авсан байгаа хэдий ч уг маргаан бүхий төрийн захиргааны албан тушаалд түр томилогдсон түүний хувьд тусгай шалгалтад орж тэнцсэн байх шаардлагыг хангаагүй, баримтаар нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын “…маргаан бүхий албан тушаалд томилогдон ажиллах шаардлагыг хангасан, гуравдагч этгээд С.О............ адилхан нөхцлөөр томилогдох боломжтой” гэх тайлбар үндэсгүй. (Хэргийн 2 дахь хавтасны 97, 100, 104, 106 дугаар хуудсанд)
2.27. Иймд хариуцагч Их-уул сумын Засаг даргын Тамгын газрын даргаас маргаан бүхий албан тушаалын “сул орон тоог нөхсөн” гэх нөхцөл байдлыг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасан “хуульд заасан бусад үндэслэл” буюу төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх үндэслэлд хамааруулан маргаан бүхий 2024 оны Б/10 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ж.Ш............ чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд тухайн албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
2.28. Гэвч маргаан бүхий албан тушаалын нэр, ангилал, зэрэглэлийг албан тушаалын тодорхойлолт болон нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, гуравдагч этгээдийг томилсон тушаалуудад зөрүүтэй тусгасан тул шүүх маргаан бүхий албан тушаалын нэрийг шууд тодорхойлох боломжгүй, шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж үзнэ.
2.29. Мөн төрийн албан хаагчийг төрийн өөр байгууллагад шилжүүлэн томилох, сэлгэн ажиллуулах нь өөр өөр үр дагавартай, тусдаа зохицуулалт байхад маргаан бүхий Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны Б/10 дугаар тушаалд төрийн албан хаагчийг шилжүүлэх талаарх Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтыг үндэслэсэн мөртлөө “Тушаах” хэсгийн 1 дэх заалтад “төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулахаар сул орон тоог нөхсөн” гэх агуулгыг тусгасан байх бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд тухайн үндэслэлийг дэмжиж тайлбар гаргасан.
2.30. Хэрэгт авагдсан Завхан аймгийн Байгаль орчны газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаал, Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн “Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зар” гэх баримтуудаас харахад тухайн маргаан бүхий албан тушаалд Их-Уул сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан С.О........... шилжүүлэн ажиллуулах замаар сул орон тоог нөхсөн нь тогтоогдож байх тул маргаан бүхий 2024 оны Б/10 дугаар тушаал дахь “төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулахаар сул орон тоог нөхсөн” гэх агуулгыг шүүх зөвтгөх, өөрчлөх эрх хэмжээгүй юм. (Хэргийн 1 дэх хавтасны 54, 228 дугаар хуудсанд)
2.31. Эдгээрээс дүгнэж үзвэл, шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байх бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх үндэстэй байх тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хариуцагч Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.32. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална”, 23.6-д “Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.5-д заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална” гэж заасан бөгөөд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор журмыг баталсан байна.
2.33. Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмын 1.2-д “Албан тушаалын тодорхойлолт” гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын тусгай шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно”, 1.3-д “Албан тушаалын тодорхойлолт нь төрийн албан хаагч тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, биелэлтийг хариуцах үндэслэл болно”, 1.4-д “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах ажлын зорилго нь төрийн албан хаагчдын албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх төрийн албан хаагчид тавигдах шаардлагыг чадахуйн /мерит/ зарчимд нийцүүлэн тодорхойлоход оршино”, 5.1-д “Албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд шийдвэр гаргаж, албан тушаал тус бүрээр батална” 3.10-т “Албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрөл хүсэх албан бичигт дараах баримт бичгийг хавсаргана: 3.10.1.төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч, байгууллага, нэгжийн чиг үүргийн шинжилгээ, стратеги төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөө…” гэж зааснаас үзвэл тухайн байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг үндэслэн албан тушаал бүрээр тодорхойлолтыг нарийвчлан боловсруулан, хянан батлуулахаар байна.
2.34. Энэ маргааны тухайд, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог хамгийн сүүлд тус сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/26, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дүгээр захирамжуудаар тогтоосон байх ба түүнээс өмнө хэрхэн тогтоосон нь баримтаар нотлогдохгүй байна. (Хэргийн 1 дэх хавтасны 135-138, 2 дахь хавтасны 92 дугаар хуудсанд)
2.35. Дээрх 2024 оны Б/01 дүгээр захирамжийн хавсралтын жагсаалтын 6-д “БОХ-ын улсын байцаагч” гэж дурдсанаас өөрөөр “байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн” гэх албан тушаал тодорхойлогдоогүй байна.
2.36. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн тамгын газрын дарга Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж зааснаас үзвэл сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог тус тамгын газрын дарга тогтоохоор байх боловч хариуцагч Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргаас бүтэц, орон тоог тогтоох талаар гаргасан захиргааны акт байхгүй тул нэхэмжлэгчээс маргаж буй тухайн албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан гаргасан эсэх, хэрэгт авагдсан “байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн” гэх нэрээр боловсруулан, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр баталгаажуулсан албан тушаалын тодорхойлолт тухайн маргаан бүхий албан тушаалд хамаарах эсэх нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.
2.37. Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д “Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-ыг баталсан.
2.39. Үүнээс үзвэл, төрийн захиргааны албан тушаалын гүйцэтгэх төрлийн дэс түшмэлийн ангилалд хамаарах сумын Засаг даргын Тамгын газрын “байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн”, эсхүл “байгаль орчны улсын байцаагч” гэсэн аль ч албан тушаалын сул орон тоонд тэдгээртэй адил төрлийн нэг ангилалд хамаарах сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд ажиллаж байсан С.О.......... шилжүүлэн ажиллуулж болохоор байх ба албан тушаалын төрөл, /гүйцэтгэх/ ангилал /дэс түшмэл/, зэрэглэл түүний хувьд буурахааргүй тул уг сул орон тоог хариуцагч Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргатай харилцан тохиролцож, С.О........... хүсэлт, зөвшөөрлийн үндсэн дээр хуульд заасан журмын дагуу нөхсөн гэж үзэж болохоор байна.
2.40. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.5-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулна”, 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй”, 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна”, 2.5-д “Төрийн жинхэнэ албан хаагч өөрөө хүсвэл энэ журмын 2.1-д заасан үндэслэлээр төрийн өөр байгууллагад шилжин ажиллах хүсэлтээ байгууллагын удирдлагад гаргаж болно” гэж заасныг зөрчөөгүй байна.
2.41. Харин Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолоос өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-д зааснаар сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтний албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын туслах түшмэлийн ангилалын ТЗ-3 зэрэглэлд, сумын байгаль хамгаалагчийн албан тушаал нь мөн туслах түшмэлийн ангилалын ТЗ-2 зэрэглэлд, харин улсын байцаагчийн албан тушаал нь дэс түшмэлийн ангилалын ТЗ-7 зэрэглэлд тус тус хамаарч байсныг дурдах нь зүйтэй.
2.42. Иймд хариуцагч Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга нэхэмжлэгчээс маргаж буй албан тушаалын нэр, ангилал, зэрэглэлийг зөв тодорхойлсон албан тушаалын тодорхойлолтыг зохих ёсоор боловсруулан, хянуулж, баталгаажуулсны эцэст нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх асуудлаар захиргааны актыг шинээр гаргах нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг үндэслэн маргаан бүхий захиргааны акт буюу хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаар, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаар тушаалуудыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
2.43. Нэхэмжлэгч Ж.Ш............ “удаа дараа албан үүргээ гүйцэтгээгүй” гэж буруутгасан үндэслэлийн тухайд: Хариуцагчаас Ж.Ш........... удаа дараа албан үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж маргаан бүхий 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/11 дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан төрийн албанаас халах зохицуулалтыг баримталсан нь үндэслэлгүй, нэхэмжлэгч албан тушаалын тодорхойлолтод заасан ямар үүргийг хэрхэн гүйцэтгээгүйг хариуцагчаас тодорхой тайлбарлаж, баримтаар нотолж чадахгүй байгаа тул уг үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй.
2.44. Нэхэмжлэгч Ж.Ш.......... нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг Их-Уул сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргаар батлуулан ажиллаж ирсэн байх бөгөөд 2023 оны 1-4 дүгээр улирлын урамшууллыг тус бүр албан тушаалын цалингийн 20 хувиар түүнд олгож байсан нь Их-уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/09, 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/21, 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/30, 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/43 дугаар тушаалуудаар тогтоогдож байна. (Хэргийн 2 дахь хавтасны 24-31 дүгээр хуудсанд)
2.45. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2023 оны 1 дүгээр улирлын тайлан, түүнд хавсаргасан хүн, хуулийн этгээдэд авсан арга хэмжээний судалгаа, байгаль орчны улсын байцаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулсан, хянасан этгээдийн гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулаагүй тул шүүх үнэлээгүйг дурдах нь зүйтэй. (Хэргийн 2 дахь хавтасны 1-6, 16-23 дугаар хуудсанд)
3. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын дагуу төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажилласан төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээгээр олгох мөнгөн урамшуулал буюу 7 920 000 төгрөгийг Ж.Ш......... олгохгүй байгаа Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх мөнгөн урамшууллыг олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3.1. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг баталжээ.
3.2. Энэ журмын хоёр дахь хэсэгт төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгоход тавигдах нөхцөлийг тодорхойлсон ба 2.1-д “Сум болон нийслэлийн Баганхангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил {60 сар}, түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна”, 2.3-д “Мөнгөн урамшууллын хэмжээг тодорхойлохдоо Төрийн албаны тухай хуулийн 51.3-т заасныг баримтлан тухайн төрийн захиргааны албан хаагчийн сүүлийн 12 сарын үндсэн цалингийн дунджийг 6 дахин нэмэгдүүлж тооцно”, 4.1-д “Төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авах хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт ажил олгогчид гаргана”, 4.2-д “Төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу холбогдох албан тушаалтан урамшуулал авах нөхцөл хангасан төрийн захиргааны албан хаагчийн Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг хянасны үндсэн дээр тасралтгүй ажилласан хугацааг тооцож, байгууллагын удирдлагад танилцуулна”, 4.3-т “Байгууллагын удирдлага энэ журмын 4.1-д заасан хүсэлт, 4.2-т заасан баримтыг хянан үзэж төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргана” гэж нарийвчлан заажээ.
3.3. Нэхэмжлэгч Ж.Ш........... нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Их-Уул сумын Засаг даргын Тамгын газарт байгаль орчны улсын байцаагчаар томилогдон ажилласан буюу төрийн захиргааны албан тушаалд нийт 6 жил 9 сар 28 хоногийн хугацаагаар ажилласан боловч тасралтгүй 5 жил ажиллаагүй болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/30, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/22, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/46, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалууд, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/04, 2024 оны 03 дугаар сарын 11-ний Б/10 дугаар тушаалууд, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаар албан бичиг, Ж.Ш......... нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна. (Хэргийн 1 дэх хавтасны 10-12, 27-28, 39, 2 дахь хавтасны 111-114 дүгээр хуудсанд)
3.4. Их-уул сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн ажилтнаас дээрх журмын үйлчлэлд хамрагдах нэр бүхий ажилтнуудын нэрсийн судалгааг гаргаж, нийт 52 422 000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тооцсоны дотор нэхэмжлэгч Ж.Ш.......... төрийн захиргааны албан тушаалд 6 жил ажилласнаар 7 920 000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгох агуулга тусгагдсан байна. (Хэргийн 2 дахь хавтасны 81-83 дугаар хуудсанд)
3.5. Уг судалгааны дагуу мөнгөн урамшууллын 52 422 000 төгрөгийг 2024 оны төсөвт багтаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/25 дугаар тогтоолоор баталсан хэдий ч тийнхүү төсөв батлагдсан гэх үндэслэлээр холбогдох журамд заасан шаардлагыг хангахгүй байгаа нэхэмжлэгчид уг мөнгөн урамшууллыг олгох үндэслэлгүй болно.
3.6. Иймд нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл төрийн албанд ажиллаагүй /нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тасалдсан/ тул 2017 оны Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй 5 жил /60 сар/ ажилласан гэж үзэх үндэслэлгүй байна.
3.7. Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.1-д заасан “...5 жил {60 сар}, түүнээс дээш хугацаагаар ажилласан...” байх шаардлагыг нэхэмжлэгч тийнхүү хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Ж.Ш........... “мөнгөн урамшуулал олгохгүй, эс үйлдэхүй” гаргаж, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасан “мөнгөн урамшуулал авах” нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж хариуцагч Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргыг буруутгах үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5 дах хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.6, 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.2, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргуулахаар Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Ш........... үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Б/10 дугаар, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Тушаалын хуулийн заалтыг өөрчлөх тухай” Б/16 дугаар тушаалуудыг шүүхийн шийдвэр хүчин хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Ш.......... үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Б/10 дугаар, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Тушаалын хуулийн заалтыг өөрчлөх тухай” Б/16 тушаалуудад заасан буюу Ж.Ш........... чөлөөлсөн гэх албан тушаалын нэр, ангилал, зэрэглэлийг зөв тодорхойлж, зохих ёсоор шинэчлэн боловсруулан хянуулж баталсан тухайн албан тушаалын тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгч Ж.Ш......... ажлаас чөлөөлөх үндэслэлийг тодорхой болгосон захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон 45 хоногийн хугацаанд хариуцагч гаргахгүй тохиолдолд Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Ш.......... үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Б/10, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Тушаалын хуулийн заалтыг өөрчлөх тухай” Б/16 дугаар тушаалууд хүчингүй болох бөгөөд нэхэмжлэгчийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгахыг дурдсугай.
3. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ш........... нэхэмжлэлээс Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д заасан мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мөнгөн урамшууллын 7 920 000 /долоон сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг олгохыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч Ж.Ш............ улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон оролцогч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛБАДРАХ
Ч.ОЮУНСҮРЭН