2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/01530

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Г,

Нэхэмжлэгч: Б.Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, автомашиныг буцаан өгч, автомашиныг худалдан авсан мөнгө, засварын зардлыг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Г*******, Б.Э*******,

Хариуцагч Б.Б*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Г*******, Б.Э******* нар нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, автомашиныг буцаан өгч, автомашиныг худалдан авсан мөнгө, засварын зардал 12 815 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.Г******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Д.Г******* миний бие нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Honda fit машин худалдан авсан. Уг машины эзэмшигч хийх зүйл байхгүй машин гэж зарсан. Машинаа аваад 3 хоноод араандаа орохгүй болж зогссон. Дараа нь 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр араандаа орохгүй зогссон. Хуучин эзэнтэй нь ярьж буцаая гэсэн боловч хэрүүл болсон. Тэр өдөр нь засварын газар оношлуулахад 1 дүгээр араандаа гэмтэлтэй юм байна, тос масло солиод үз гэсэн. Зөвлөсний дагуу тос маслоо солиулаад 815 000 төгрөгөөр янзлуулсан. Гэвч урьдын адил засал аваагүй тул цаашид гарах хохирол болох кроп солих хохирлоо гаргуулах хүсэлттэй байна. Иймд 4 049 000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өөрчилсөн. Эхнээсээ миний бие хариуцагч Б.Б*******гаас худалдаж авсан машины арилжааг хууль бус залилан доголдолтой машиныг худалдсан гэж үзэж уг арилжааг буцааж машин авсан төлбөрөө болон засварын зардлаа л гаргуулах байсан, мөн уг гэрээг хийхэд машиныг авахад засвар хийхэд манай нөхөр Б.Э******* байлцсан учир түүнийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах байсан, хуулийн мэдлэггүй болохоор мэдээгүй байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа тодруулсан, мөн хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтээ гаргасан. Тиймээс энэ шаардлагаа бид хоёр дэмжиж байгаа гэв.

1.2.Нэхэмжлэгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Энэ машиныг миний эхнэр 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.Б*******гаас худалдаж авсан юм. Тэгээд машиныг нь аваад хөдлөөд л машин болохгүй байгаа гэж мэдсэн байдаг. Тэгээд эхний 1,2 хоногт л доголдол мэдрэгдэж ирсэн. Тэгээд 2,3 унтраагаад байсан. Тэгээд бид хоёр авто засварын газарт очоод засуулчихъя гэсэн чинь мотор үндсээрээ л солигдоно гэсэн, араандаа ч орохгүй байна, аюултай байна гэж хэлсэн. Манай эхнэр уг машиныг үзээд дром дээр гаргаад харсан байдаг, би бас хараад сайн мэдэхгүй гээд хараад явсан. Мотор, хроп хар байсан. Гэтэл Б.Б*******гийн нөхөр залгаад зүгээр болчихлоо гэхээр нь бид авсан. Тэгээд дараа нь Смарт кар гээд сайтаас үзэхэд 357 000 км гэж байсан. Бид хоёр мэдсэн бол ийм их гүйлттэй машиныг бол огт сонирхохгүй, авах ч үгүй байсан. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Монгол улсад орж ирсэн. Банк бус дээр байж байгаад дараа нь иргэнд зарсан. 11 хоногийн дараа дахиад Б.Б******* дээр ирсэн. Тэгээд 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр манай эхнэр дээр ирсэн байна. Тиймээс энэ мэдээллийг үнэн зөв гаргаж өгөөгүй тул хүчин төгөлдөр наймаа биш залилан доголдолтой машиныг зарсан байгаа тул машиныг буцааж өгөөд төлсөн мөнгөө авна. Мөн засвар хийсэн зардал болох 815 000 төгрөгийг гаргуулна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2, 254.1, 256.1-д зааснаар шаардаж байгаа. Мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-т зааснаар доголдлыг санаатайгаар мэдсээр байж нуусан гэж үзэж байна гэв.

 

2.Хариуцагч Б.Б******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Машин худалдан авснаас хойш 10 хоногийн дараа над руу залгасан. Миний бие 2024 оны 6 сард уг автомашиныг аваад 3 сар хэрэглээд 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Д.Г*******д 12 000 000 төгрөгөөр зарсан, эхлээд 12 800 000 төгрөг гэж байсан боловч 800 000-гаад төгрөгөөр засвар хийлгэнэ гэж байсан учраас 800 000 төгрөгийг хасаад өгсөн. Энхнээсээ энэ машины эзэмшигч нь би байгаагүй, өөрөө аваад л энэ хүнд зарсан болохоос тэгж дамжуулсан зүйл байхгүй. Анх машиныг авахдаа Д.Г*******тай хамт явсан, бид хамт засварт очиж машинаа үзүүлсэн. Сальник тос болсон байна гэхээр нь солиулсан байгаа. Тэгээд унаж үзээд болно гээд машиныг авч явчихаад гэнэт л 10 хоногийн дараа машин эвдрэлтэй байна гээд 1сая төгрөг өгчих гэсэн юм. Би өөрсдөө үзээд хараад аваад явсан гэхэд намайг загнаад байсан. Тиймээс би машиныг буцаан авах боломжгүй, өөрсдөө унаж хэрэглэсэн, үзэж хараад л авсан. Би залилан мэхлээд хуураад доголдолтой машин худалдаагүй гэв.

2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн автомашиныг Б.Б******* 2024 оны 6 сард эзэмшигчээр бүртгүүлсэн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Д.Г*******д худалдсан, энэ автомашин эвдрэлтэй байсан гэж тайлбарладаг боловч энэ талаарх баримтгүй, эвдрэл гэмтлийг 815 000 төгрөгөөр засуулсан гэх боловч юуг хэзээ засуулсан гэдэг нь тодорхойгүй байна. 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр техникийн улсын үзлэгт ороод тэнцсэн гэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хонда авто засварын газрын баримт, иргэний үнэмлэхний хуулбар, оношилгоо, засварын хуудас, гэрэл зураг, зурвасны хуулбар, гүйлгээний баримтын хуулбар, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар, тээврийн хэрэгслийн мэдээллийн лавлагаа, хилээр нэвтрэн орж ирсэн үеийн мэдээлэл, гэрэл зураг, хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхээс Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/266 дугаар Шинжээчээр ажиллахаас татгалзсан албан бичиг гэсэн баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Б*******г доголдолтой унаж ашиглах боломжгүй, кроп эвдрэлтэй автомашин худалдсан, автомашины доголдлыг мэдсээр байж санаатайгаар нуун дарагдуулсан тул гэрээг цуцлаж, автомашины үнийг болон засварын зардал 12 815 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Г*******, Б.Э******* нар автомашиныг худалдан авахдаа унаж үзээд хамт засварын газарт үзүүлж шалгуулсан, автомашиныг эвдрэлтэй, унаж ашиглах боломжгүй, аюултай гэсэн боловч энэ талаарх баримтгүй, доголдлыг болон эвдрэл гэмтлийг нуусан гэсэн боловч техникийн улсын үзлэгт ороод тэнцсэн байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч Д.Г*******, Б.Э*******, хариуцагч Б.Б******* нар нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр мөнгөлөг өнгөтэй, GP63005909 арлын дугаартай, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нар нь автомашины үнэд хариуцагчид 12 000 000 төгрөгийг төлж, хариуцагч нь автомашиныг нэхэмжлэгч нарт шилжүүлэн өгчээ.

 

5.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигч талуудын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж шүүх дүгнэв.

 

6.Талууд автомашиныг хүлээн авсан, автомашины үнэд 12 000 000 төгрөгийг төлсөн, хэлцэл хийгдсэн талаар маргаагүй боловч уг автомашиныг доголдолтой байсан, доголдлыг нуун дарагдуулсан, доголдлыг мэдэх боломжтой байсан эсэх талаар маргаж байна.

 

7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-д худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэж заасныг зөрчиж, хилээр орж ирсэн гүйлтийн заалт 357 000 км явсан, банк бус санхүүгийн байгууллагад байсан машиныг хуурч мэхлэн худалдсан, мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-д худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан буюу кроп эвдрэлтэй, унаж ашиглах боломжгүй машиныг худалдсан тул гэрээг цуцлаж, автомашины үнийг буцаан гаргуулах, догодолтой холбоотой хийсэн засварын зардлыг гаргуулахаар шаарсан.

 

7.1.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заажээ.

7.2.Нэхэмжлэгч нар нь хариуцагчийг машины доголдлыг нуун дарагдуулсан гэж тайлбарласан боловч автомашиныг худалдан авахдаа зохигч талуудын хэн аль нь засварын газарт очиж үзүүлсэн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд автомашины гүйлт нь 357 000 км байсныг мэдээгүй, мэдсэн бол авахгүй байсан гэсэн боловч энэ талаар нэхэмжлэгч нар нь өөрсдөө мэдэх, шалгах боломжтой байсан болох нь тэдний шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн www.smartcar мэдээллийн санд байх тээврийн хэрэгслийн мэдээллээр тогтоогдож байх бөгөөд хариуцагчийг нуун дарагдуулсан, мэдээллийн дутуу өгсөн гэх үндэслэлгүй байна.

 

7.3.Мөн Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 251.2-т хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан.

7.4.Нэхэмжлэгч нар нь автомашиныг кроп эврэлтэй ашиглах боломжгүй, ашиглахад эрүүл мэндэд хохирол учруулахаар аюултай болох нь хэрэгт авагдсан Hondaa avto center Оношилгоо, завсарын хуудсаар нотлогдоно гэсэн.

7.5.Гэвч нэхэмжлэгч нар нь автомашиныг худалдан авснаас хойш ашиглах боломжгүй, эвдрэл гэмтэлтэй байсан гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төвийн www.autobox.mn сайтын тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаанд ...Оношилгоо: ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15:09:30-д техникийн үзлэгт тэнцсэн, гүйлт 202,315 км гэсэн байх тул эзэмшиж, ашиглах боломжгүй гэж үзэх үндэслэлгүй, ...Торгууль: ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 15:00 цагт 10 000 төгрөгөөр торгуулсан... гэсэн мэдээлэл байх тул уг автомашиныг нэхэмжлэгч нар нь ашиглаж байсан болох нь тогтоогдож байна гэж үзэв.

7.6.Нэхэмжлэгч нарын хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Hondaa avto center Оношилгоо, завсарын хуудсанд ...2024 оны 10 сарын 20-нд, үйлчлүүлэгчийн нэр Д.Г*******, утас:9105*******, машины дугаар *******, машины марк pit 616, нэмэлт зөвлөмж Кроп-1р араа асуудалтай, кроп солих гэсэн боловч энэ нь хэдэн төгрөг болох талаарх баримтыг ирүүлээгүй болно.

 

7.7.Дээрх үйл баримтуудаар нэхэмжлэгч нар нь гэрээг цуцлахаар шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэж, харин Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх эрхтэй гэж зааснаар автомашины догодлыг арилгуулахад гарсан зардал болох 815 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох үндэслтэй байна гэж үзэв.

7.8.Учир нь хариуцагч нь автомашиныг худалдахад буюу нэхэмжлэгч нартай хамт засварын газарт очиж үзүүлэхэд жижиг эвдрэл гэмтэл байсан тул уг доголдлыг арилгахад зориулан автомашины үнэ 12 800 000 төгрөгнөөс 800 000 төгрөгийг хасаж, 12 000 000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарласан боловч автомашины үнэ 12 800 000 төгрөг гэж тохиролцсон талаараа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч нар нь уг доголдлыг өөсдийн мөнгөөр завсарласан гэж хэрэгт 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Honda avto center-т 815 000 төгрөгийг Б.Э*******аас төлсөн гэх баримтыг ирүүлсэн, уг баримтад ******* улсын дугаартай машины марк pit 616 гэсэн байх тул уг зардлыг худалдан авсан автомашины доголдлыг нь арилгахад гарсан зардал гэж дүгнэсэн болно.

 

7.9.Иймд хариуцагч Б.Б*******гаас автомашины доголдлыг арилгахад гарсан зардал болох 815 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г*******, Б.Э******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гэрээг цуцлах, автомашины үнэ 12 000 000 төгрөгийг буцаан гаргуулахыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г*******, Б.Э******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Г*******, Б.Э******* нараас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн улсын тэмдэгтийн хураамжид 173 040 төгрөгийг нөхөн төлүүлж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Б.Б*******гаас 24 110 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г*******, Б.Э******* нарт олгох нь хуульд нийцнэ.

 

9.Нэхэмжлэгч Д.Г******* нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн шүүхэд 4 049 000 төгрөгийг гаргуулахаар тусгайлсан журмаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэл гаргахдаа Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа А-14 маягт-д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээ байгуулагдаагүй, хүчин төгөлдөр бус байсан эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлагын дагуу өгсөн мөнгөө буцааж гаргуулах, эсхүл өгсөн эд хөрөнгийн үнийн гаргуулах гэж тодорхойлоод нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл үйл баримтын талаар бичихдээ ....буцаая гэсэн боловч хэрүүл болоод дууссан, тэр өдөр нь засварын газар оношлуулахад 1-р араандаа гэмтэлтэй юм байна тос маслоо солиод үз гэсэн зөвлөсний дагуу тос масло солиулад бусад засварыг янзлуулахад 815 000-р янзлуулсан. Гэвч урьдын адил янзандаа засал авахгүй байгаа тул цаашид гарах хохирол болох кроп солих хохирлоо гаргуулах хүсэлтэй байгаа гэсэн байна.

9.1.Мөн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа автомашин худалдан авсан мөнгөө, засварын мөнгөө эргүүлж авахыг хүсэж байна гэж өөрчилсөн тул шүүх 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 183/ШЗ2024/258890 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Э*******ыг татан оролцуулсан бөгөөд нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаанд www.smartcar мэдээллийн санд байх тээврийн хэрэгслийн мэдээлэлд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан боловч уг мэдээлэл нь нийтэд илэрхий баримт болох талаар хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь хүлээн зөвшөөрсөн, мөн уг хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө нь гарах боломжтой байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч Б.Б*******гаас автомашины доголдлыг арилгахад гарсан зардалд 815 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г*******, Б.Э******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас худалдах, худалдан авах гэрээг цуцлах, автомашины үнэ 12 000 000 төгрөгийг буцаан гаргуулахыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г*******, Б.Э******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Г*******, Б.Э******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 173 040 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Б.Б*******гаас 24 110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г*******, Б.Э******* нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН