2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/01119

 

 

2025 02 10 192/ШШ2025/01119

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ***-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 9 692 440 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

Хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *** нь ***т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 9 692 440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүргийн дагуу 9 692 440 төгрөг гаргуулах тухай. Нэхэмжлэлийн агуулга: ***би өөрийн өмчлөлийн *** тоот хаягт байрлах ***дулаан граш авто угаалгын зориулалтай үл хөдлөхийг түрээслэх зар тавьсан. Зарын дагуу ***гэх залуу ирж 2024 оны 1-р сарын 13 өдрөөс 2025 оны 1-р сарын 13-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай сарын 2 000 000 сая төгрөгний түрээстэй түрээсийн мөнгө хугацаандаа өгөхгүй бол алданга 0,5% гэсэн гэрээ байгуулан түрээсэлсэн. ***нь эхний сар түрээсээ өгч байсан бөгөөд 3- р сарын түрээс 1 000 000 төгрөг дутуу өгсөн бөгөөд 4,5,6, саруудыг түрээсийг өгөлгүй алга болсон. Утсаар ярьж удахгүй өгнө гэдэг байсанч одоо бүр миний утсыг авахгүй болсон. Иймээс түрээсийн гэрээний үүргийн дагуу ***аас үндсэн түрээс 7 000 000 төгрөг алданга /өдрийн 37500 төгрөг 50 хоног /1 875 000 төгрөг мөн тогны мөнгө 317 440 төгрөг нийт 9 692 440 гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээний хуулбар зэрэг баримтыг гаргаж өгөв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 9,692,440 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.    Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

3.    Хэрэгт дараах үйл баримт тогтоогдлоо:

 

3.1.        Нэхэмжлэгч *** болон хариуцагч *** нар нь 2024 оны 01 сарын 13-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж, 1 жилийн хугацаатайгаар *** талбайтай 1 өрөө дулаан грашийг авто угаалгын газрын зориулалтаар сарын 2,000,000 төгрөгөөр хөлслөхөөр гэрээ байгуулжээ (хэргийн 4 дэхь тал).

 

3.2.        Хариуцагч *** нь 2024 оны 01,02 сарын төлбөрөө бүрэн төлж, 3 сарын төлбөрт 1,000,000 төгрөгийг төлсөн (нэхэмжлэгчийн тайлбар).

 

3.3.        Хариуцагч ***нь авто угаалгын зориулалтаар дулаан грашийг 2024 оны 06 сарыг хүртэл ашигласан (нэхэмжлэгчийн тайлбар).

 

4.    Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн дулаан грашийг авто угаалгын үйл ажиллагаа явуулахад зориулан хариуцагч талд хүлээлгэн өгч, үүний хариуд хариуцагч авто угаалгын үйл ажиллагаа явуулж, тохирсон төлбөрийг төлөхөөр тохиролцсоноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318.1-т заасан түрээсийн гэрээ байгуулагджээ.

 

5.    Түрээсийн гэрээг бичгээр байгуулж, зохигчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон байх ба гэрээний хэлбэрийн шаардлага Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 42 дугаар зүйлийн 42.2-т нийцсэн.

 

6.    Хариуцагч нь 2024 оны 3 сарын төлбөрийг 1,000,000 төгрөгөөр дутуу төлж, 2024 оны 4, 5, 6 сарын грашийн төлбөрийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт гэрээнд заасны дагуу 7,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

7.    Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээний 3.4-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно гэж заажээ. Гэрээний 3.4 дэхь заалт нь Иргэний хуулийн 232.1 хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6 хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэх хуулийн зохицуулалттай нийцэж байна.

 

8.    Алдангийг үүрэг гүйцэтгэх ёстой байсан 2024 оны 06 сарын 13-ны өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл тооцох боломжтой боловч нэхэмжлэгчийн тодорхойлсноор 50 хоногт тооцох нь талуудын мэтгэлцэх зарчимд нийцнэ. Ийнхүү гүйцэтгээгүй үүргийн дүн болох 7,000,000 төгрөгөөс алданги тооцоход нэг хоногт 35,000 төгрөг гарах ба хэтэрсэн хугацаагаар үржүүлэхэд 1,750,000 төгрөг (7,000,000*0.5/100*50=1,750,000) төгрөг болно. Нэхэмжлэгч өдөрт ногдох алдангийг 37,500 нийт 1,850,000 гэж бодсон нь тооцооллын алдаатай, гэрээнд нийцээгүй тул 100,000 төгрөгийн алдангийн зөрүүг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

 

9.    Хариуцагч түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул хугацаа хэтэрснээс үүдэлтэй алдангид 1,750,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэв.

 

10.  Харин нэхэмжлэгч нь дулаан грашт цахилгаан ашигласны төлбөр 317,440 төгрөгийг хариуцагчаас шаардсан байх ба нэхэмжлэгч нь цахилгааны мөнгө 317,440 төгрөг гарсантай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, уг төлбөр хариуцагчтай хамааралтай эсэх нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй. Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд 9,692,440 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь анхнаасаа тооцооллын алдаатай байх бөгөөд 7,000,000+1,875,000+317,440=9,192,440 төгрөг гарах тул зөрүү 500,000 төгрөгийн шаардлага үндэслэлгүй, үүнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11.  Нэгтгэн дүгнэвэл, хариуцагчаас түрээсийн төлбөрт 7,000,000 төгрөг, алдангид 1,750,000 төгрөг нийт 8,750,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, тооцооллын зөрүү болон цахилгааны мөнгө нэхэмжилсэнтэй холбоотой үлдэгдэл 942,440 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй.

 

12.  Хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу мэдэгдсэн байх ба хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Иймд шүүхээс нэхэмжлэгчээс гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг хангаж, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.Түүнчлэн хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдсон болохыг дурдах нь зүйтэй.

 

13.  Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,029 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 154,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 болон 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг тус тус баримтлан түрээсийн гэрээний үүрэгт 8,750,000 төгрөгийг хариуцагч ***аас гаргуулж, нэхэмжлэгч ***д олгож, үлдэх 942,440 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,029 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 154,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ