Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 584

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Д.Дэлгэрмаа,

Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Эрүүгийн хэргийн дугаар 1711011530280

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Сд холбогдох эрүүгийн 1711011530280 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч С.С /РД:.улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар; 

Шүүгдэгч С.С нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-17-375 тоот гэртээ эхнэр Л.Батгэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, өөр хэлэх зүйлгүй гэв. 

Шүүгдэгч С.С мөрдөн байцаалтанд өгсөн:

“…Эхнэр маань намайг урд шөнө нь гэртээ ирээгүй болохоор уурлаад хардсан. Хардаад хувцасаа аваад яв, дээд айлын хүүхэнтэйгээ яваарай гээд хэрүүл хийгээд эхэлсэн. Би эхэндээ дуугүй байсан боловч эхнэр маань гэртээ орж ирэнгүүтээ хэрүүл хийгээд учир зүггүй дээд айлын хүүхэнтэй хардаад дэмий балай зүйл яриад байхаар нь гэнэт миний уур хүрээд барьж аваад толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиж алгадсан. Үүний дараа манай хүн гэрээсээ гараад явчихаар нь би багаг хүүхдээ булааж авах гээд зууралдаад байсан. Тэгэхээр нь би түүнийг хойг нь түлхтэл газар уначихсан. Газар унангуут нь би босч очоод гэдэс рүү нь нэг удаа өшиглөтөл эвхрээд их эвгүй болоод ёолсон. Тэгэхээр нь дахин цохиж зодоогүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

Хохирогч Л.Батгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр өглөө гэрээсээ гарч яваад тэр орой нь гэртээ ирж хоноогүй. 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр орой ажлаасаа ирсэн чинь манай нөхөр Санжаажав нь гэртээ ирчихсэн унтах гээд хэвтэж байсан. Тэгэхээр нь гадуур хоносон гээд хардаж уурлаад арынхаа хашааны нэг хүүхэнтэй хардаад хэрүүл маргаан болсон. Тэгтэл хэрүүл нилээн хурцдаад Санжаажав нь намайг гар зайл гэхээр нь чи өөрөө хойд айл руугаа зайлахгүй юу гэсэн чинь босч ирээд толгойны дагз хэсэг рүү гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон. Тэгтэл Санжаажав зөрүүлээд гараа атгаж байгаад 1 цохиод намайг түлхэж газарт унагаасан, миний цээж болон хөхний доод хэсэгт 4 удаа хөлөөрөө дэвссэн. Тэгтэл би амьсгалж чадахаа болиод ууц рүү хатгаж өвдөөд босч чадахаа больсон… гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дугаар хуудас/

Гэрч Д.Туваанжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“…Би хүү Санжаажавын хашаанд гэрээ барьчихсэн амьдарч байгаа юм. Санжаажавын охин Солонго 21 цагийн орчимд уйлчихсан орж ирээд эмээ манай аав ээж хоёр муудалцаад байна манай гэрт ороодхооч гэхээр нь орсон. Манай бэр Батгэрэл сандал дээр Санжаажав буйдан дээр суучихсан муудалцаж байхаар юу болов гэхэд Батгэрэл “танай хүүхэд өдөр шөнөгүй яваад үг хэлсэн чинь зодох гэж дайрч байна гэхээр нь хүүгээ аргадаад чи хаагуур, юу хийгээд яваад байгаа юм гээд загнасан. Тэгтэл Санжаажав нь намайг гадуур явахаар байнга хойноос чаргууцалдаж явдаг, зовлонтой гэж ярьж байсан. Намайг гэрлүүгээ орох гэж байхад бэ орж байхаар нь одоо гайгүй гээд гэртээ байж байтал охин дахиад гүйгээр ороод ирэхээр нь ортол Батгэрэл ёо ёо гээд орилоод танай хүүхэд намайг өшиглөөд дэвсчихлээ гэж хэлэхээр нь түргэн тусламж дуудсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

Гэрч Б.Жавзанпагмын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“…Санжаажав ах өмнөх өдөр нь гэртээ ирж хоноогүй учир тэдний гэр маргаантай байсан. Батгэрэл эгч Санжаажав ахын толгой руу цохиж авснаас болж ах уурлаад зодсон. Тэр хоёр нээх хэрэлдээд байдаггүй, Санжаажав ах урьд нь эхнэрээ зодож байгаагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ¹13541 дугаартай дүгнэлтэнд: Л.Батгэрэлийн биед бүсэлхийн 2,3,4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн далны доор цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус тусдааа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/

            Ял шийтгэлийн талаар: С.С нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх /хх-ийн 36 дугаар хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч С.С нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-17-375 тоот гэртээ эхнэр Л.Батгэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Батгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Туваанжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Жавзанпагмын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.С нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-17-375 тоот гэртээ эхнэр Л.Батгэрэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож бүсэлхийн 2,3,4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн далны доор цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Хохирогчид Л.Батгэрэл нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.       

Шүүгдэгч С.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.                                                  

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч С.Сыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Сыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Сд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. С.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НАРАНТУЯА