Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 159/ШШ2025/0024

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2024/0075/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “А” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Э-

Гомдлын шаардлага: “Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Э-ын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 069302313 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Э- “А” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар бүлгийн 15.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй зөрчил үйлдсэн гэх үндэслэлээр 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 069302313 дугаар шийтгэлийн хуудсаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2. Зөрчилд холбогдогчоос Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Э-ын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 069302313 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргажээ.  

Гомдол гаргагч “А” ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн гомдолдоо: “А” ХХК-ийн зочид буудлыг зөрчил гаргаагүй байхад, зөрчил гаргасан мэтээр гүтгэж, 069302313 тоот хууль бус шийтгэл ноогдуулсан. Шалгалт хүчингүй болгуулах Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2-д заасан үндэслэлд огт хамаарахгүй.” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Э- шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“Миний бие Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Э- би, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Салбарын Хяналтын газрын даргын баталсан 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10-00/24 дүгээр “Хүн амын ундны усны эх үүсвэр, зочид буудал, амралтын газар, аялал жуулчлалын баазад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай" удирдамжийн хүрээнд тухайн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтэд үнэлэлт өгч, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зорилгоор Сүхбаатар сумын 7 дугаар багт байрлах тус аж ахуйн нэгжийн "Хөх чулуут” зочид буудлын үйл ажиллагаанд захирал Б.Т болон ажилтан Д.Одцэцэгийг байлцуулан 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Тухайн өдрийн хяналт шалгалтын үед захирал Б.Т өөрийн дэлгүүрийн касс дээр байсан бөгөөд зочид буудлын ажилтан Д.Одцэцэг өрөөнүүдэд цэвэрлэгээ хийж байгаа тул 3 давхарт гараад шалгалтаа хийхийг өөрийн биеэр зөвшөөрсөн, утсаар ажилтандаа мэдэгдсэн.

Төлөвлөгөөт хяналт шалгалтыг 10.10.10 кодтой "Зочид буудлын эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэмийг шалгах хяналтын хуудас"-аар үнэлэхэд эрсдэл үүсэх магадлал 38.2%, хууль сахин мөрдөлт 61.8%-тай, дунд эрсдэлтэй үнэлэгдэж захирал Б.Т гарын үсэг зурсан, тухайн үед аж ахуйн нэгжийн тамгаа гэртээ үлдээсэн тул дараа нь албан шаардлагаа хүлээж авахдаа дарна гэсэн тайлбар хэлсэн.

Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар хугацаатай өгсөн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 10-29-02/110/12 дугаар бүхий 14 заалт бүхий 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дотор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын нэр дээр ирүүлэх албан шаардлагыг тухайн өдөр эрх зүйн бланк дээр бичиж 99082609 дугаарын утсанд албан шаардлагаа тамга тэмдэгтэйгээ ирж авахыг хэлсэн боловч 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өөрийн аж ахуйн нэгжийн ажилтан н.А гэх нэр бүхий төлөөллийг явуулж гарын үсэг зуруулж баталгаажуулж хүлээн авсан.

Сүхбаатар сумын 7 дугаар багт байрлах "А" ХХК /РД:2819759/-ийн захирал Банзрагч овогтой Тт 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 10 дугаар сарын 26-ны өдөр, 10 дугаар сарын 29-ний өдрүүдэд 99082609 дугаарын утсаар холбогдож албан шаардлагын хариуг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланд зургаар баталгаажуулж ирүүлэх тухай мэдэгдэхэд 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 27 минутад 99082609 дугаараас "Маргааш ажлын дүгнэлтээ аваад очъё" гэсэн утга бүхий мессеж ирүүлсний дагуу Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн 14 номерын өрөөнд өөрийн иргэний үнэмлэх болон, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгаа хамт авч ирэх хариуг явуулсан баримтыг хавсаргаж тэмдэглэл үйлдсэн.

"А” ХХК-ийн захирал Б.Ттай 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 16 цаг 02 минутад утсаар холбогдож ярихад би чиний өгсөн даалгаврын хариуг бичүүлэхээр Орон нутгийн газрын дарга П.Эрдэнэсайханд өгсөн боловч Улаанбаатар хотод төгсөгчдийн тэмцээнд оролцохоор явахдаа бичиж өгөөгүй, өрөөндөө цоожлоод явсан байна дахиад нэг хувь байвал өгөөч гэж ярьсан.

Түүнээс хойш 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирээгүй, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12 цаг 44 минутад хугацаандаа хариу ирүүлээгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан холбогдогчоос мэдүүлэг авах зорилгоор өөрийн 99143706 дугаараас 99082609 дугаарт зөрчлийн холбогдогч "А” ХХК-ийн захирал Банзрагч овогтой Тыг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн газрын хяналт шалгалтын хэлтсийн 14 номерын өрөөнд хүрэлцэн ирэхийг дуудаж, тэмдэглэл үйлдсэн.

Холбогдогч "А” ХХК-ийн захирал Б.Ттай 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12 цаг 44 минутад хугацаандаа хариу ирүүлээгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан холбогдогчоос мэдүүлэг авах зорилгоор өөрийн 99143706 дугаараас 99082609 дугаарт холбогдож "Би ажил дээрээ байна чиний бас таньдаг хүн хамт байна ирээд өдрийн цай хамт уугаад тэгээд хамт ажил руу чинь явъя, эсхүл н.Жагаагаар явуулъя" гэж хэлэхэд нь тэгвэл та цайны цагийн дараа Эрүүл мэндийн газрын хяналт шалгалтын хэлтсийн 14 номерын өрөөнд тамга тэмдэг, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, өөрийн биеийн байцаалтын хамт ирээрэй гэж хэлээд утсаа тасалсан, тухайн өдрийн цайны завсарлагааны дараа ирээгүй болно.

Орон нутгийн өмчийн дарга П.Эрдэнэсайхан даргын гэр бүлийн хүн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 21 цаг 04 минутад холбогдож тодруулах зүйл байна гэж хэлсний дараагийн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12 цаг 56 минутад 99013734 дугаарын утсанд н.Буянзаяатай холбогдоход “Таа, Өлзий 2 өчигдөр орой дүрсээр харж дуудлага хийгээд чамд таньдаг прокурор байгаа биз дээ, танай ажлын газрын н.Амараагийн эхнэр арга хэмжээ тооцно гээд байна, тэр нөхөрт нь бас хэл гэж" ярьсан тухай хэлэхэд эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явцад хөндлөнгөөс саад учруулсан, гаргасан шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлсөн тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцогддог гэдгийг хэлж сануулсан. Бид ажлаа хийж байгаа хүний ажилд оролцох гээгүй утсаар холбогдоод тодруулсан тухай тайлбарыг н.Буянзаяа хэлсэн.

Дахин 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12 цаг 12 минут, 12 цаг 13 минут, 12 цаг 16 минутад 3 удаагийн давтамжтай 99082609 дугаарын утсанд холбогдоход аваагүй, буцааж 12 цаг 29 минутад холбогдогч "А” ХХК-ийн захирал Б.Т иргэдийн ажлын байраар хангаж, улсад татвар төлж байхад торгууль тавиулж мэдүүлэг өгөхөөс айж байна очихгүй, холбогдогчийн мэдүүлэг өгөхгүй гэсэн тайлбар өгсөн, н.Өлзий энэ У.Э- чинь намайг торгоно гээд байна гэж хэлээд гэр бүлийн хүн болох н.Өлзий гэдэг хүн хөөш У.Э-аа гэж зүй бус хандлагатай ярихад нь тухайн "А” ХХК-тай хамааралгүй албан тушаалтанд доромжлуулах хууль бус үйлдэл гаргаагүй тул утсаа тасалсан.

Миний бие Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Э- би Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар бүлгийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх, 1.2 дахь заалтыг үндэслэн Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1.1-т тусгагдсан зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үндэслэлтэй тул ЭМГ-26 дугаар "Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал"-ыг бүрдүүлж Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын нэгдсэн бүртгэлд хуулийн хугацаанд бүртгүүлж шийдвэрлэсэн болно.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үндэслэлтэй, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад "Зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг үйлдсэн хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж заасан байдаг тул шийтгэлийн хуудсыг албан ёсны хүргэлтээр бичиг хэргээр дамжуулан 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүргүүлж ажилласан.

Дээрх "А" ХХК-ийн захирал Банзрагч овогтой Тын гаргасан гомдол нь үндэслэлгүй тул 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Гомдлын хувьд “А” ХХК нь Сэлэнгэ аймагт 6 жилийн өмнө анх удаа шилэн фасадтай бүрэн цутгамал 3 давхар барилгыг барьж, шинэ зочид буудал, дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан. Сэлэнгэ аймгийн төвд манайх шиг шинэ барилга байхгүй. Одоогоор гоё маркет баригдсан. Зочид буудал бол шинэ зочид буудал. Уг зочид буудлыг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хяналтын улсын байцаагч У.Э- гэж хүн ирж шалгасан. Шалгахдаа энгийн хувцастай, хүүхдээ дагуулж орж ирсэн. Манай эхнэр дэлгүүр дээрээ худалдагч хийгээд сууж байхад буудал шалгая гэсэн зүйл ярьж орж ирсэн. Дээшээ гараад шалга, манай ажилтан байгаа гэж хэлэхэд 10 минутын дараа бууж ирээд гараар бичсэн бичиг баримт дээр гарын үсэг зурчих гэж хэлэхэд нь манай эхнэр зурчихсан. Олон хүмүүс үйлчилж байхад хариуцсан компанийн захирлыг байлцуулж танай байгууллагад ийм зөрчил байна, энэ нь болохгүй байна гэсэн зүйл ярихгүйгээр төрийн албаар далайлгаж гарын үсэг зуруулаад явчихсан. Дараа нь 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шаардлага гэх зүйл өгсөн гэж ярьж байна. Уг шаардлагыг миний бие хавтаст хэргээс сая харж байна. Манай эхнэр лүү 10 дугаар сарын эхээр гэнэт утсаар ярьж дарамтлаад, шаардлагын хариу, прокурорт өгнө, байцаана гэсэн зүйл ярьсан. 20-30 жил Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулж, олон ажлын байр бэлдэж байгаа хүмүүсийг төрийн нэрээр далайлгаж байхаар манай эхнэр очоогүй. Хавтаст хэргийн 17 дугаар талд өөрийнх нь тайлбар байна. Үнэхээр шаардлага хүргүүлсэн бол нэг хувийг нь өгчих гэж гуйсан. Гэтэл нэг хувийг нь өгөөгүй. Авсан байх ёстой, танай хүнээр өгүүлсэн гэж урдаас дайрсаар байгаад хялбаршуулсан журмаар шийдээд 500,000 төгрөгөөр торгож байгаа юм. Манай компани буруутай байгаад 500,000 төгрөгөөр торгуулахад бид нар хуулийн хугацаанд нь төлөх чадвар байна. Хууль эрх зүйн мэдлэг бөгөөд, иргэний үүргээ ухамсартайгаар биелүүлнэ. Гэтэл ямар ч зөрчил гаргаагүй. 5 дугаар сарын 16-ны өдөр шалгах үед манай зочид буудал дахин засвар хийж байсан. 100% шинэ засвар хийчихсэн буудал Сэлэнгэ аймгийн төвд ховорхон байгаа. Тэр өдрөө ганцхан манай буудлыг шалгасан байсан. Шан харамжаа өгөхгүй бол ингэж дарамталдаг. Сэлэнгэ аймгийн дэлгүүрийн холбоо гэсэн групп байдаг. Уг групп дээр хоёр торны У.Э- гэж нөхөр очсон уу? гэж зурвас биччихсэн байсан. Хоёр торны У.Э- гэдгийг сүүлд нь судлахад хоёр тороор дүүрэн юм аваад явдаг хүн юм байна лээ. Хууль эрх зүйн талаасаа нөлөөллийн мэдүүлэг өгөх ёсгүй. Нөхөр нь манай төрсөн дүүтэй хамт аймгийн захиргаанд ажилладаг. Хадам аав ээж нь манай талтай ах дүү шиг хүмүүс байдаг. Шалгах ёсгүй байсан. У.Э- нь өчнөөн удаа манай буудалд орж тор тороор нь юм аваад архидан согтуураад байж байсан. Чамаас өөр шалгах хүн байдаггүй юм уу?. Чи шалгахгүй гэж нөлөөллийн мэдүүлгээр татгалзах ёстой. Хувийн сонирхлоор юм өгөөгүй гээд шалгасан.

Албан шаардлагыг сая харсан. Хэрвээ тийм зөрчил байсан бол бид нар хугацаанд нь давж заалдах байсан. Ямар ч зөрчил гаргаагүй. Вокзалын хажуу талын СU-тэй хөх чулуут нь хоёр талаасаа барилгатай, урд талдаа таксины зогсоолтой байхад ногоон байгууламж барьж, мод тарих ямар ч боломж байхгүй. Би ATM байсан газарт 7 ширхэг мод тарьчихсан байгаа. Амьдралд байхгүй баахан шаардлага бичсэн байсан. 14 төрлийн шаардлага нь дэлхийд ч байхгүй. Хамгийн гол нь шаардлага гэх зүйлийг 8 дугаар сарын 16-нд өгсөн байсан. 5 дугаар сарын 16-ны өдөр шалгачихаад 8 дугаар сарын 16-ны өдөр шаардлага өгсөн байсан. 8 дугаар сарын 16-ны өдөр уг шаардлагыг бид нар хүлээж аваагүй. Авсан бол би гомдол гаргах байсан. Яагаад гэвэл би өөрөө хуулийн хүн. Манай эхнэр айгаад нэг хувийг нь өгчих гээд гуйсан байна. Гэтэл нэг хувийг нь өгөөгүй. Өөрийнх нь бичсэн хуурамч нотлох баримт хавтаст хэргээр дүүрэн байна. Шаардлага дээрээ н.А гэж хүн хүлээж авсан гэж байгаа юм. “А” ХХК-нд сүүлийн 5 жил н.А гэж ямар ч хүн ажиллаж байгаагүй. Хэрвээ ажиллаж байсан бол тэр хүний овог, нэр, регистрийг нь гаргаад ир. Гомдол гаргаж иргэний бүртгэлээр лавлагаа аваад ямар н.А байгааг нь олъё. Амьд хүн бол Монголоос олдох байх. Чухал шаардлагыг өгч байж яагаад хамаагүй н.А нэртэй хүнд өгсөн бэ. Ядаж камерын бичлэгээр баримтлуулж авдаггүй юм уу. Шаардлага хүлээж аваагүй, зөрчил гаргаагүй, хувийн сонирхлоор торгууль бичиж байгаад нь гомдол гаргасан.

Манай буудлыг албан шаардлага дээрээ цагаан хэрэглэл байхгүй гэж бичсэн байна. Манай буудалд 100 ширхэг цагаан хэрэглэл байсан. 10 минутын хугацаанд яаж шалгах вэ?. Эзнийг нь байлцуулж шалгахгүй яасан бэ?. Цагийн ажилтан чамд юу гэж үнэнээ хэлэх вэ?. Цалин авч байгаа хүмүүс эзэндээ дургүй байна. Төрийн ажлыг хүүхэдтэйгээ хийдэг юм уу?. Цагийн ажилтандаа энгийн хувцастай, хүүхдээ дагуулсан хүн орно гэж манай эхнэр хэлсэн байсан. Албан ёсны форм, хувцас, үнэмлэх, бичиг баримт байдаггүй юм уу?. Нөхрөөрөө хүргүүлж ирсэн гэж байгаа юм. Эрүүл мэндийн газрын машин тэрэг байдаггүй юм уу?. Төрийн ажлыг ингэж хийдэггүй. Найз нь дундаа орчихсон. Энэ хүнтэй би үеийн үед тэмцэнэ. Авлигатай тэмцэх газар өгөх зүйл ч байгаа.

Зөрчил шалгасан нотлох баримт байхгүй байна. Хавтаст хэргийн 20 дугаар талд мэдүүлэг авсан тухай тэмдэглэл гэж байна. Манай эхнэр Б.Таас ямар ч мэдүүлэг аваагүй. Утсаар ярьсан тухай тэмдэглэл үйлдэх ёстой болохоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл үйлдэж хуурамчаар нотлох баримт үйлдсэн байна. Шийдвэрийн хуудас дээр мэдүүлэг өгөх явцад нотлогдсон гэсэн байна. Манай зүгээс ямар ч мэдүүлэг өгөөгүй. Эцэст нь хэлэхэд Монгол Улсын шүүхэд итгэж байна. Ямар ч шийдвэр гарсан шүүхийг хүндэтгэнэ. Гомдлын шаардлагаа дэмжинэ.” гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хуулийн хүрээнд аваад үзвэл гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн гомдлын шаардлага үндэслэлтэй. Зөрчлийн тухай хуулиар тавьсан зөрчил нь өөрөө 15.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг гээд байх шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хууль ёсны дагуу шаардсан мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй.  Уг зөрчлийг харахад хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ мэдээлэл гэдэг нь юу вэ?. Хоёрдугаарт цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй гэдэг нь юу вэ? гэх хоёр шинж байгаа юм. Ямар мэдээ мэдээлэл гаргаж өгөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтад байхгүй байна. Ямар зорилгоор юу шаардсан нь тодорхойгүй байна. Шийтгэлийн хуудсыг харвал хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэдэг шийтгэлийн хуудас байгаад байна. 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн зөрчил арилгуулах 14 хоногийн хугацаатай үүрэг өгөхөд хариуг хугацаанд нь ирүүлээгүй гэсэн шаардлага байгаад байна. 14 хоногийн хугацаанд зөрчил арилгуулах шаардлага өгсөн үү гэхээр 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гарсан асуудал байхгүй. 2024 оны 8 дугаар сарын 16-нд гаргасан гэж харагдаад байна. Тухайн шаардлагыг өгсөн бол гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлээд байгаагаар  заавал гардуулах ёстой. Гэтэл н.А гэдэг хүнд гардуулсан гэж яриад байгаа боловч н.А гэдэг нь ямар хүн бэ. Хэрвээ н.А гэх хүнд гардуулсан байвал эрх бүхий албан тушаалтан өөрийн зүгээс нотолсон баримтаа хавсаргаж өгөх ёстой. Нэгэнт гардуулаагүй учраас гомдол гаргагчийн хувьд албан шаардлагад гомдол гаргах шаардлагаа хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шатанд албан шаардлагатай танилцаж байна гэж ойлгож байна. Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ажиллагаа бүр худлаа болчихсон. Яагаад гэвэл хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ажиллагаа дээр шийдэхдээ 5 хоногийн хугацаанд шийдэх ёстой. 5 хоногийн хугацаанд хялбаршуулсан журмаар шийдэх үү, хэрэг бүртгэлийг хаах уу, нээх үү гэх асуудлыг шийдэх ёстой байтал зөрчил гаргасан гэж үзвэл хэзээ гаргасан нь ойлгомжгүй болчихоод байна. Хэрвээ 5 дугаар сарын 16-ны өдөр албан шаардлага өгөөд 6 дугаар сарын 24-ний өдөр албан шаардлагын хариу өгөх ёстой байтал, 6 дугаар сарын 24-ний өдөр өгөөгүй байвал хугацааг нь 6 дугаар сарын 24-ний өдрөөс тоолно. 6 дугаар сарын 24-ний өдөр өгөөгүй гэж тоолбол 5 хоног нь дуусчихсан. Хэрэг бүртгэл нээгээд шалгах хугацаа өнгөрснөөс 5 сарын дараа арга хэмжээ авагдаж байгаа үйлдэл байна. Хялбаршуулсан журмаар шийдэх гэж байгаа бол зөрчлийг илрүүлээд 5 хоногийн дотор шийдэх ёстой. Сүүлд утсаар ярьсан тэмдэглэлийг зөрчил гаргасан өдөр гэж үзээд байгаа бол өөрийнх нь үйлдсэн утсаар ярьсан тэмдэглэл дээр 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрүүдэд албан шаардлагын хариуг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг ирүүлэх тухай мэдэгдэх гэж байгаа юм. Тухайн өгөөд байгаа дуудлага, мессеж байх шиг байгаа юм. Энэ дээр огтоос албан шаардлага, хариу тайлбар ирүүл гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй. Уг шаардлагаа өг гэсэн нэг ч мессеж байхгүй байна. Эхний утсаар ярьсан өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зөрчил гаргасан гэж үзвэл 5 хоног нь дуусчихсан. 5 хоног нь дуусчихсан тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдэх боломжгүй. Энгийн журмаар шийдээд явна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 27 минутыг тэмдэглээд маргааш ажлын дүгнэлтээ аваад очъё гэх мессеж байна. Зөрүүлээд байцаагч юу гэсэн бэ гэхээр үнэмлэх болон аж ахуйн гэрчилгээ, тамгаа аваад ирээрэй гэж байгаа юм. Байцаагчаас ганцхан мессеж байгаа юм. Мэдээ мэдээлэл, албан шаардлага шаардсан зүйлүүд байхгүй байна. Мэдүүлэг өгөхөөс айж байна, мэдүүлэг өгөхгүй гэж 10 дугаар сарын 31-ний өдөр миний үйлчлүүлэгч хэлсэн. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Мэдүүлэг өгөхгүй байгаа тохиолдолд улсын байцаагч тэмдэглэл үйлдэх ёстой. Түүнээс биш мэдүүлэг өгөөгүй гэх шалтгаанаар арга хэмжээ авч болохгүй. Ийм заалт байхгүй. 8 дугаар сарын 16-ны өдөр гардуулсан байлаа гэж үзэхэд 6 дугаар сарын 24-ний өдөр эрүүл мэндийн газрын даргад хариу хүргүүлэх гэж байгаа юм. 8 дугаар сарын 16-ны өдөр нөхөж бичсэн гэж миний үйлчлүүлэгч хардаад байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн үед гардуулаагүй учраас 8 дугаар сарын 16-ны өдөр нөхөж бичсэн бол хариуг 6 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл он цагийг ухраах боломжгүй. 8 дугаар сарын 16-ны өдөр бичсэн бол дор хаяж 9 сард өгөх ёстой байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  6.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар байцаагч хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа хуулиар шалган шийдвэрлэхээр харьяаллын шинжтэй зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн бол гомдол мэдээллийг илрүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор шалгаад дараах шийдвэрийн аль нэгээр нь шалгана гэж заасан. Тэгэхээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээд байгааг нь ойлгоогүй.

Дараагийн асуудал нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлд дуудан ирүүлэх ажиллагаа гэж байгаа. Хэрэгт авагдсан баримтаар дуудаж ирүүллээ гэсэн асуудал яригдаад байгаа юм. Зөрчилд холбогдогчийг харилцаа холбооны хэрэгслээр дуудсан байгаа юм. Өөрөөр хэлбэл зөрчилд холбогдогчийг 3 үндэслэлээр дуудна. Ямар үндэслэлээр дуудах ёстой вэ гэхээр нэгдүгээрт эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авахаар дуудна, шийдвэр танилцуулахаар дуудна, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцуулахаар дуудна. Уг 3 үндэслэлээр зөрчилд холбогдогчийг дуудах ёстой. Мэдүүлэг авах ажиллагаагаар дуудсан байж болно. Тэгэхдээ миний үйлчлүүлэгч мэдүүлэг өгөхгүй гэсэн. Шийдвэр танилцуулах ажиллагаа байгаагүй. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа оролцуулахаар дуудаагүй. Яагаад гэвэл хэрэг бүртгэл үүсгээгүй. Уг 3 үндэслэлээр дуудах ажиллагаа байхгүй болчихож байгаа юм. Хууль зөрчсөн асуудлаар дуудаад түүндээ арга хэмжээ авч байгаа нь буруу болчихоод байна.

Дараагийн асуудал нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлд зааснаар нотлох баримт яригдана. Нотлох баримтын асуудлыг эрх бүхий албан тушаалтан өөрөө нотлох үүргийг хүлээнэ. Зөрчил гаргасан хугацааг нотолж чадсангүй. Өөрөө тайлбар дээрээ хэлэх байх. Хялбаршуулсан журмаар шийдэж байгаа бол зөрчил үйлдэгдсэнийг газар дээр нь барьсан ч юм уу, ил тодорхой байгаа нөхцөлд хялбаршуулсан журмаар шийдэх ёстой. Тэгэхээр утсаар ярьсан тэмдэглэлээс үзээд, дээрээс нь мессеж, чатны асуудал байгаад байна. Утсаар ярьсан тэмдэглэл үйлдэж байгаа бол ямар утаснаас залгасан, ямар тэмдэглэл үйлдсэн талаар, юуны тухай ярьсан нь байхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 5-д хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан. Утсаар ярьж байгаа тэмдэглэл дээр нэг тал нь эрх бүхий албан тушаалтан байдаг учраас гэрчтэй байдаг. Өөрөө ямар ч баримт дээр биччих боломжтой учраас утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн тохиолдолд заавал гэрч оролцуулах ёстой. Тэмдэглэл дээр гэрч оролцуулсан асуудлыг огт тусгаагүй. Б.Таа эгч гээд биччихсэн. Ямар дугаартай, ямар утаснаас залгасан нь тодорхой байна гэсэн зохицуулалтууд байна. Уг ажиллагааны нотлох ажиллагаа байхгүй байна. Тийм учраас шийтгэлийн хуудас үндэслэлгүй гарсан байна.” гэжээ.  

Хариуцагч У.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар мэргэжлийн хяналтын газар татан буугдсантай холбогдуулан харьяаллын дагуу шилжиж ажилласан. Хүүхдээ дагуулаад ирсэн гэж хэлж байна. Тухайн үед болсон процесс маань юу болсон гэхээр эрүүл мэндийн газарт ирснээс хойш 6 хүний орон тоон дээр ганцаараа ажиллаж байгаа. 2023, 2024 онууд болон өнөөдрийг хүртэл хугацаанд байгууллага тээврийн хэрэгсэл байхгүй, хүний нөөцийн дутагдалтай байгаа учраас төрийн ажлыг өөрийн тээврийн хэрэгслээр 2 жил гаран хөөцөлдөөд явж байна. Хөх чулуут дээр 5 дугаар сарын 16-ны өдөр очиж шалгалт хийхэд би нөхрийнхөө тээврийн хэрэгслээр яваагүй. Өөрийнхөө тээврийн хэрэгслээр явж байсан. Хүүхэд дагуулж орсон гэдэг дээр юу болсон гэхээр шалгалт эхлэхээс өмнө хүүхдийн чинь хичээл тарчихлаа гэж багш нь залгасан. Тийм учраас охиныгоо аваад нөхөр лүүгээ залгасан. Тухайн үед манай нөхөр Алтанбулаг суманд иргэн н.Болормаагийн гомдол дээр ажиллаж байгаад Алтанбулаг сумаас гарч байна гээд Хөх чулуутын зочид буудал дээр шалгалт хийхээс өмнө манай нөхөр ирээд хүүхдээ авсан. Ороод удирдамжаа танилцуулсан. Б.Т захирал өөрөө байсан. Дээр манай ажилтан байгаа учраас би залгаад хэлчихье гээд ажилтан руугаа залгаж хэлсэн. Залгаж хэлсний дагуу би 3 давхарт гарч шалгалт хийсэн. Шалгалт хийхэд үйлчилгээний ажилтан цэвэрлэгээгээ хийж байсан. Хөх чулуут зочид буудал цөөхөн өрөөтэй. Удаан байх боломж байхгүй. Доошоо бууж ирээд Б.Т захирлаас анхан шатны бүртгэлүүдээ, ажиллагсдын хувийн ариун цэвэр, ажлын байрын цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой, эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх шинжилгээтэй холбоотой, өөрийн үйл ажиллагаанд тохирсон дотоод хяналтын журам, дотоод хяналтаа танайх яаж ажилладаг вэ гэдэг талаарх бичиг баримтуудыг асуусан. Б.Т захирал тухайн үед надад хөтөлсөн бичиг баримт байхгүй. Манайх үндсэн ажилтан авах боломж байхгүй, ажилтан хомсдолтой байгаа учраас гэрээгээр ажиллуулж байгаа. Эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулаагүй гэж хэлсэн. Шалгалтын тэмдэглэл дээр хяналтын хуудсаа бөглөөд Б.Т захиралтай 20-30 минут хамт байсан. Хяналтын хуудсаа бөглөөд, шалгалтын тэмдэглэлээ биччихээд Б.Т захирлаар гарын үсэг зуруулах гээд тайлбарлаад, би танд анхан шатны бүртгэлүүдийг удаа дараа цахимаар өгч байсан. Яагаад үүнийг хийгээгүй вэ гэж хэлсэн. Эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт ороогүй нь Зөрчлийн тухай хуульд зөрчил болоод орчихсон байдаг. Дотоод хяналтын журам хөтлөөгүй бол зөрчил болоод орчихсон байдаг. Гэхдээ энэ удаа би танд албан шаардлага өгье гээд шалгалтын тэмдэглэл, хяналтын хуудсан дээрээ гарын үсэг зуруулсан. Та тамга, тэмдгээ дараарай гэтэл эгчид нь одоо байхгүй байна гэрт байгаа гэж хэлсэн. Тэгвэл би тантай холбогдоод дуудахаар албан шаардлагаа ирээд аваарай. Эхний удаа би Төрийн хяналт шалгалтын тухай хуульд эрх, үүргийнхээ хүрээнд би хугацаатай үүрэг чиглэлийг өгье гэж хэлсэн. Маргааш, нөгөөдөр 2 өдөр утасдуулсан.

2022 онд ч тэр, хамгийн сүүлд мэргэжлийн хяналтын газар 9 сард нийт зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгч нартай газрын дарга Баттүвшин уулзсан байдаг. Тодорхой хэмжээнд үйл ажиллагаандаа анхаарах мэдээ мэдээлэл өгсөн. Б.Т захирал хэзээ ч өөрийн биеэр ирдэггүй. Дандаа ажилчдаа явуулдаг. Эсхүл боломжгүй байна гэх зүйлийг хэлдэг.

Албан шаардлагыг эрэгтэй хүн ирж авсан. Тухайн үед та яагаад өөрийн биеэр ирэх боломжгүй байсан бэ гэхэд Б.Т захирал эгч нь очих боломжгүй байгаа учир ажилтнаа явуулчихлаа гэсэн. Тамга тэмдэг нь яасан бэ гэтэл дахиад гэртээ үлдээчихсэн. Эгч нь гэртээ очих боломжгүй байна гэж хэлсэн.  Албан шаардлагыг нь энэ хүнд өгөөд явуулах уу? гэж асуухад өгөөд явуулчих гэж хэлсэн. Тийм учраас ирсэн хүнд нь албан шаардлагыг өгсөн. Тэр хүн нь гарын үсгээ зураад явсан.

Хамгийн сүүлд болсон асуудал нь юу вэ гэхээр “А” ХХК-нд шалгалт хийхгүй гэсэн урьдчилсан байдлаар энэ хүмүүстэй холбоо хамааралтайгаа илэрхийлэх, гарын үсэг зурж ямар нэгэн зүйл гаргах шаардлага байхгүй. Нэгдүгээрт би П.Ө гэх хүнийг мэдэхгүй. Хоёрдугаарт энэ хүмүүс надтай ямар ч хамаатан садангийн холбоо хамаарал байхгүй. Удаа дараа миний нэр төрд халдаж байгаад гомдолтой байна. Би хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулж ажилладаг ажилтан болохоос эрх үүргийн хүрээнд зөвлөгөө өгч байгаа аж ахуйн нэгж, иргэн болгонтой холбоо хамаарал бүхий байвал уг ажлыг би хийх ямар ч боломжгүй болно. Яагаад харилцаа холбооны хэрэгслээр дуудсан бэ гэхээр би өөрт нь хамгийн анх 10 дугаар сарын 10-ны өдөр холбогдож хэлсэн. Дараа нь 10 дугаар сарын 26-нд холбогдож хэлсэн. Тухайн үед Б.Т захирал юу гэж хэлсэн бэ гэхээр би чиний өгсөн дүгнэлтийн биелэлтийг нь гаргаад өгөөдөх гээд орон нутгийн өмчийн дарга П.Эрдэнэсайханд өгсөн. Тэгтэл П.Эрдэнэсайхан Улаанбаатар хот руу төгсөгчдийн тэмцээн гээд явчихсан байна. Тийм учраас тэрийг чинь би авч харах боломжгүй байна. Надад нэг хувийг нь өгөх үү гэж хэлсэн. Тэр үед нь би “та өөрөө авчихсан юм байна”. Хүлээгээд авчихсан учраас та хугацаанд нь гаргаад өгчих өө. Би таныг шууд торгоё гэж хэлээгүй. Албан шаардлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээ тайлангаар баталгаажуулаад ирүүлчих гэж хэлсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа буюу хялбаршуулсан журмаар яагаад арга хэмжээ авсан бэ гэхээр тухайн өдөр Б.Т захиралд би яваад очъё гэж хэлсэн. Очих гээд байж байтал чи манай хоёр давхарт хүрээд ир. Чиний таньдаг хүн чинь байна. Хамт өдрийн хоол идчихээд ажил руу чинь явъя гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би очоогүй. Тийм учраас харилцаа холбооны хэрэгслээр дамжуулж дуудсан эрх бүхий албан тушаалтныхаа тэмдэглэлүүдийг бүгдийг нь үйлдээд явсан. Хялбаршуулсан журмаар арга хэмжээ тооцсон  хугацааг 10 дугаар сарын 29-ний өдрөөр тооцсон. Яагаад гэвэл 10 дугаар сарын 29-ний өдөр сүүлд утсаар ярихад хүрээд ир, хамт хоол идье гэсэн. Ямар ч байсан энэ хүн надад албан шаардлагын хариу, албан шаардлагад тусгасны дагуу тодорхой хэмжээний ажлаа хийгээд тайлан мэдээгээ гаргаж ирүүлэхгүй юм байна гээд 10 дугаар сарын 30-ны өдөр холбогдоод 10 дугаар сарын 31-ний өдрөөр хялбаршуулсан журмаар албан шаардлагын хариу хугацаандаа ирүүлээгүй, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан мэдээг ирүүлээгүй учраас арга хэмжээ тооцсон. Өмнө нь энэ хүмүүс намайг яг ийм байдлаар Засгийн газрын 1111 дугаарт гомдол гаргасан. Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт гомдол гаргасан. Удаа дараа хэн нэгэн танил талтай, хэн нэгэн удирдах албан тушаалтанд байсан, хуулийг хэрэгжүүлдэг байсан төрийн тусгай албан тушаалаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх, эсхүл танил талаараа дарж болдог юм байна гээд уг үйлдэл нь давтагдаад байвал төрийн захиргаа буюу уг хуулийн хэрэгжилтийг хангуулахад ямар ч эрх бүхий албан тушаалтан ажиллах боломж байхгүй болно. Тийм учраас  шүүхийг ахисан түвшний шударга шийдвэр гаргаасай гэж хүсэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудаас гаргасан тайлбарыг үнэлээд эрх бүхий этгээд зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах үүргээ бүрэн биелүүлээгүй  нь хууль бус гэсэн үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Э- “А” ХХК-ийг зөрчил арилгуулах хугацаат үүрэг өгөхөд хариуг хугацаанд ирүүлээгүй гэж үзэж 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 06930231313 дугаар шийтгэлийн хуудсаар[1] Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн” гэж заасны дагуу 500,000 төгрөгөөр торгожээ.

Гомдол гаргагчаас “…Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг илрүүлснээс хойш 5 хоногийн дотор буюу хялбаршуулсан журмаар шийдвэрлэх байтал хуульд заасан хугацаа хэтрүүлэн шийтгэлийн хуудас оногдуулсан, шийтгэлийн хуудсыг холбогдогчид албан ёсоор гардуулаагүй, дуудан ирүүлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй...” гэж маргадаг.

        Хариуцагч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Э- нь Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10-00/24 дүгээр “Хүн амын ундны усны эх үүсвэр, зочид буудал, амралтын газар, аялал жуулчлалын баазад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн[2] хүрээнд тухайн салбарт  мөрдөгдөж буй хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтэд үнэлэлт өгч, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зорилгоор “А” ХХК-ийн зочид буудлын үйл ажиллагаанд 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 10-29-02/110/12 тоот улсын байцаагчийн албан шаардлага[3] тавьжээ.

Тус албан шаардлагаар нийт 14 зөрчил дутагдал илрүүлж, тус бүрт зөрчил дутагдлыг арилгуулах шаардлага тавьж, холбогдох арга хэмжээг авч, биелэлтийг 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дотор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын нэр дээр ирүүлэх талаар дурьдаад Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу хариуцлага тооцох талаар дурдсан.

Гэтэл хариуцагч “А” ХХК-нд зөрчил дутагдлыг арилгах хугацаатай албан шаардлага тавьж үл биелүүлбэл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага тооцох талаар дурьдсан атлаа тухайн хугацаанд холбогдох арга хэмжээг авалгүй дөрвөн сарын дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “А” ХХК-ийг зөрчил арилгуулах хугацаат үүрэг өгөхөд хариуг хугацаанд ирүүлээгүй гэж үзэж 069302313 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн” гэж заасны дагуу 500,000 төгрөгөөр торгосон нь үндэслэлгүй юм.

Тодруулбал, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн ЭМГ-26 дугаар материалд 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх ажиллагааны материал байх бөгөөд холбогдогч “А” ХХК-ийн захирал Б.Тыг тус компанийн зочид буудлын үйл ажиллагаанд 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төлөвлөгөөт хяналт шалгалт хийж 14 заалт албан шаардлага өгч биелэлтийг 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дотор ирүүлэх талаар хугацаатай үүрэг чиглэл өгсөн боловч албан шаардлагын биелэлтийг ирүүлээгүй. Албан шаардлагын биелэлтийг ирүүлэх талаар 2024 оны 10 дугаар сарын 10, 26, 28, 29, 30, 31-ний өдрүүдэд тус тус холбогдогчийг харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан дуудсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл[4] үйлдсэн зэргээс үзвэл албан шаардлага гарсан даруй түүний биелэлтийг хангуулах арга хэмжээ аваагүй, хугацаатай үүрэг чиглэл өгч, тухайн хугацаа өнгөрмөгц Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д заасан хариуцлага тооцоогүй гэнэт арав дугаар сард албан шаардлагын биелэлтийг шаардаж шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй нийцэхгүй байна.

Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн”, мөн зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 2.3-т “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх” гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл хариуцагч албан шаардлагын биелэлтийг хугацаанд нь биелүүлээгүй талаар холбогдох арга хэмжээг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж шийтгэлийн хуудас оногдуулахаар байсан байна.

Хэдийгээр албан шаардлагад дурдсан улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д “тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан” гэж заасан шийтгэлийг оногдуулаагүй, мөн зүйлийн 1.2-т “хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн” гэх үндэслэлээр шийтгэлийн хуудас оногдуулсныг зөвтгөх үндэслэлгүй.

Учир нь хариуцагч гомдол гаргагч “А” ХХК-иас ямар мэдээ, мэдээлэл шаардсан нь тодорхойгүй, түүнийг ямар цаг хугацаанд хэрхэн гаргаж өгөх талаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд тусгаагүй, эрх бүхий этгээдийн шаардсан мэдээ, мэдээлэл болон албан шаардлагын биелэлт нь өөр өөр утга агуулгатай болохыг ялгаж салгалгүй хольж, нэг зүйл мэт уг материалд зөвхөн албан шаардлагын биелтийг хугацаанд биелүүлээгүй талаар баримт материал байх бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд[5] “…Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед нь арга хэмжээг нь тооцоод явах ёстой байсан байна..., гаргасан албан шаардлага, үүрэг чиглэлтэй холбоотойгоор хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоо хамааралтай, сөрөг нөлөөтэй биш учраас үйл ажиллагааг нь зогсоож, албадлагын арга хэмжээ авах саналыг прокурорт хүргүүлээгүй. Харилцаа холбооны хэрэгслээр холбогдож явж байгаад, Б.Т захирлыг албан шаардлагын дагуу хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг ирүүлчих болов уу гэж холбогдоод яваад байсан...” гэх тайлбараар нотлогдож байна.

Түүнчлэн хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэлээр бүрэн хэрэгжүүлээгүй холбогдогчийг удаа дараа утсаар дуудан ирүүлэх талаар мэдэгдсэн боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 5-д “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн холбогдогч дуудсан цагт ирээгүй бол түүнийг албадан ирүүлнэ.” гэж заасан албадан ирүүлэх арга хэмжээ аваагүй, албан шаардлагыг гомдол гаргагчид хуульд заасан үндэслэлээр гардуулаагүй, түүнийгээ зөрчлийн хэргийн материал болон шүүхэд бичгээр, шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа нотолж чадаагүй, үүнээс үүдэн гомдол гаргагч “А” ХХК тус албан шаардагыг албан ёсоор гардаж аваагүй, хэрэв гардаж авсан бол тухайн хугацаанд гомдол гаргах байсан гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “А” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Э-ын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 069302313 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.         

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1, 2, 2.3, 4.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “А” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч У.Э-ын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 069302313 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА

 

[1] Хавтаст хэргийн 4 дэх тал

[2] Хавтаст хэргийн 25 дахь тал

[3] Хавтаст хэргийн 35 дахь тал

[4] Хавтаст хэргийн 38, 41, 44 дүгээр талууд

[5] Хавтаст хэргийн 121 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс