2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/01121

 


2025 02 10 192/ШШ2025/01121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:***нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-д холбогдох,

 

87 000 000 төгрөг гаргуулж, орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ***ХХК нь ***д холбогдуулан 87 000 000 төгрөг гаргуулж, орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан *** тоот Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах худалдан авах гэрээг цуцлах, гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 87,000,000 төгрөг гаргуулах, мөн *** тоот 4 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай. Нэхэмжлэлийн үндэслэл: "*** ХХК, *** нарын хооронд 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр *** тоот Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний 2.1-т Орон сууцны талбайн хэмжээ 106,5 м2 орон сууцны үнэ 319,500,000 төгрөг гэж талууд харилцан тохирсон. 3.2-т Орон сууцны үнээс 47,925,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. 7.4-т Худалдан авагчийн хүсэлтээр эсхүл худалдан авагч үүргээ биелүүлээгүйгээс худалдагч гэрээг цуцлах тохиолдолд худалдан авагч нь орон сууцыг хүлээн хүлээн авсан анхны байдалд нь оруулж хүлээлгэн өгөх бөгөөд ийнхүү хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд орон сууцыг хөлсөлж байсанд тооцно. Орон сууцыг хүлээн авсан өдрөөс хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд нэг сар тутамд 3,000,000 төгрөгөөр хөлсөлж байсанд тооцож хүлээлгэн өгөх хүртэлх хугацааны төлбөрийг худалдагч талд үл маргах журмаар төлнө гэж талууд тохиролцсон. Иргэн *** нь гэрээ байгуулсан өдөр түлхүүрийг хүлээн авч, байрандаа нүүж орсон. Хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч үр дүн гарсангүй, төлөлт хийлгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжилж буй 87,000,000 төгрөгийн тухайд: Орон сууцыг хүлээн авсан 2022 оны 7 дугаар сарын 28-ний өдрөөс эхлэн тооцоход 29 сарын хугацаа өнгөрсөн байна. 29 сарыг сар бүрийн 3,000,000 тооцон дээрх орон сууцыг ашиглаж байсаны төлбөрт 87,000,000 төгрөгийг гаргуулж, мөн *** тоот 4 өрөө орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах, худалдан авах *** дугаар гэрээний хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ***ийн гаргасан хүсэлт, *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг гаргаж өгөв.

Хариуцагч талаас иргэний үнэмлэхийн хуулбарыг гаргаж өгөв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ***д холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх, орон сууц ашигласны төлбөрт 87,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдлоо:

3.1. Нэхэмжлэгч *** ХХК болон хариуцагч ***нар нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр *** тоот Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах худалдан авах гэрээ байгуулж, ***тоот 4 өрөө ***м.кв талбай бүхий орон сууцыг 319,500,000 төгрөгөөр 3 жилийн хугацаанд хувааж төлөх нөхцөлөөр худалдан авахаар тохиролцжээ (хэргийн 5-8 дахь тал).

3.2. Нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагч талд 2022 оны 08 сард хүлээлгэн өгч, хариуцагч орон сууцыг ашиглаж эхэлжээ (шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дахь тал).

3.3. Хариуцагч орон сууцны төлбөрт 146,650,000 төгрөг төлсөн (зохигчдын тайлбар).

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Зохигчдын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээг дүгнэвэл нэг талаас хариуцагч нь бохирын системийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч тохирсон үнийг төлөхөөр тохирсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж шүүхээс дүгнэлээ. Худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ болжээ.

5. Нэхэмжлэгч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлж, орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгсөн байна. Харин хариуцагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу орон сууцны үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, 177,982,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндсэн үүргээ зөрчсөн байна.

6. Нэхэмжлэгч нь шүүхэд гэрээний дагуу хүлээлгэн өгсөн орон сууцаа хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардаж байх ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээнээс татгалзах эрхтэй. Гэрээнээс татгалзсан бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул *** тоот 4 өрөө 106.5 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагчаас гаргуулахаар шүүх шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул хариуцагчид ч мөн өгсөн зүйлээ буцаан шаардах эрх үүсэх тул ийнхүү татгалзсантай холбоотойгоор гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэгчээс шаардахад уг шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

8. Нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгсөн 2022 оны 07 сарын 28-ны өдрөөс эхлэн 29 сарын хугацаанд орон сууцыг ашигласны төлбөрт нэг сарыг 3,000,000 төгрөгөөр тооцож, 87,000,000 төгрөгийг шаардаж байна. Энэ хугацаанд орон сууцыг хариуцагч ашигласан дээр маргадаггүй.

9. Иргэний хуулийн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ.

10. Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах худалдан авах гэрээний 7.4-т Худалдан авагчийн хүсэлтээр эсхүл худалдан авагч үүргээ биелүүлээгүйгээс худалдагч гэрээг цуцлах тохиолдолд худалдан авагч нь орон сууцыг хүлээн хүлээн авсан анхны байдалд нь оруулж хүлээлгэн өгөх бөгөөд ийнхүү хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд орон сууцыг хөлсөлж байсанд тооцно. Орон сууцыг хүлээн авсан өдрөөс хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд нэг сар тутамд 3,000,000 төгрөгөөр хөлсөлж байсанд тооцож хүлээлгэн өгөх хүртэлх хугацааны төлбөрийг худалдагч талд үл маргах журмаар төлнө гэж талууд тохиролцсон. Хариуцагч орон сууцыг ашигласнаа хүлээн зөвшөөрдөг, түүнчлэн гэрээнээс татгалзах болсонд хариуцагчийн үүргийн зөрчил нөлөөлсөн, гэрээндээ урьдчилан нэг сарын төлбөрийг 3,000,000 төгрөгөөр тооцсоныг харгалзан шүүхээс 87,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлогод хамааруулан хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

11. Нэгтгэн дүгнэвэл, шүүхээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэхь хэсэгт заасны дагуу ***тоот 4 өрөө ***м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагчаас чөлөөлж, хохиролд 87,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 663,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 663,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэхь хэсэгт заасны дагуу *** талбай бүхий орон сууцыг хариуцагч ***өөс чөлөөлж, хохиролд 87,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 663,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 663,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

Даргалагч, шүүгч Б.Ганцэцэг