2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/01164

 


2025 02 11 192/ШШ2025/01164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-д холбогдох,

 

*** ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** нь *** ХХК-д холбогдуулан ***-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэлийн үндэслэл: *** би 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр *** ХХК /гүйцэтгэх захирал ***-тай *** ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд болох ***ХХК /РД: **, УБД:***/-ийн 60 хувийн хувьцааг нэрлэсэн үнээр нь 12,000 /арван хоёр мянга/ төгрөгөөр худалдсан. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр *** ХХК-ийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээг ***ХХК /гүйцэтгэх захирал ***/-тай байгуулж, тус компанийн баримт бичиг, тамга, гэрчилгээг хүлээлгэн өгсөн. Ийнхүү*** ХХК-ийн 60 хувийн хувьцааг гүйцэтгэх захирлаа томилох "эрхийн хамт хүлээлгэн өгсөн боловч худалдан авагч *** ХХК -ний зүгээс Компанийн тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулаагүй, компанийн 40 хувийн хувьцаа эзэмшиж буй миний эрх ашгийг ноцтой зөрчиж, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй, үйл ажиллагааны тайлан, мэдээллээ өгөхгүй, цаашдын үйл ажиллагаа, төлөвлөгөөний талаар ямар ч мэдээлэл өгөхгүй, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөхгүй байх тул гэрээнээс татгалзахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Хариуцагч хувьцааны мөнгөө шилжүүлээгүй, энэ талаар баримт гаргаж өгөөгүй, мөнгө шилжүүлж байсан тохиолдол байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлага: *** ХХК-тай байгуулсан *** ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах. гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт гэрээний үүргийг зөрчсөн. Төлбөрийг өгөөгүй гэж тайлбарлаж байна. Төлбөрийг авсан. Улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор зөвхөн нэрлэсэн үнийн дүнгээр шилжүүлэх болсон. Үүнийг өөрөө мэдэж байгаа. Би нэхэмжлэгчийн төлөөлөгчийг мэднэ. Өмгөөлөгч, хуульч хүн. Мэдэхгүйгээр уг үйлдлийг хийнэ гэдэгт миний хувьд итгэхгүй байна. Төлбөрийн хувьд баримт байхгүй учраас тайлбарлаж байна. Төлбөрийг төлсөн. ...Шүүх хуралдаанд гаргасан оролцогч талуудын тайлбар нотлох баримт болно. Өнөөдрийг хүртэл эвлэрлийн талаар тодорхой ямар санал гаргаж байсан гэдгээ хэлээгүй. Гэхдээ яаж эвлэрэхээр байсан бэ гэхээр тухайн хувьцааг, энэ нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий том талбар дээр нөөц, гэрээний үнийн дүнгээс хамаарч заавал татвар төлөгддөг. Компанийн 60 хувийн хувьцааг 12,000 төгрөгөөр шилжүүлж байгаа нь бодит байдалд байх боломжтой гэрээ юу гэх асуудал байна. Бид нэгэнт үүссэн нөхцөл байдлыг бодитоор харж эвлэрлийн талаар ярьж байсан. Худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгээс 50-аас дээш хувийг хариуцагч төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагад бичигдээгүй хэр нь дурдагдсан зөрчлүүдийн үнэлгээг гаргасан эсэх нь огт тодорхойгүй. Хариуцагчийн зүгээс үлдэгдэл төлбөрийг төлнө. Үйл ажиллагааг явуулна. Нэхэмжлэгч компанитай холбогдож энэ ажлыг анх зөвшилцсөн хүн нь өөрийнхөн нь найз нь байгаа юм. Компанийн 60 хувийн хувьцааг 12,000 төгрөгөөр шилжүүлсэн гэх зүйлийг яримааргүй байна гэж ярьж байсан. Бид төлөх хугацааг Үйл ажиллагааны хувьд хувьцаа эзэмшигчдийн хурал зарладаггүй гэж байна. Компанийн тухай хуульд зааснаар компанийн 10 хувиас дээш хувьцаа эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч өөрөө хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах боломжтой. Хурлаа өөрөө яагаад зарлаагүй юм. Үүргээ хэрхэн эдэлмээр байгаагаа яагаад хэрэгжүүлээгүй юм. Үйл ажиллагаа доголдолтой гэдэг тайлбар байгаа нэхэмжлэлийн шаардлага нотлох үүрэгтэй. Тухайн тайлбарлаж байгаагаар үйл ажиллагаа нь доголдсон. Хувьцаа эзэмшигдийн хурал зарлаагүй. Хайж очсон гэх зүйл байгаа юм уу, нэхэмжлэгч ямар үйлдэл хийгээд хариу өгөхгүй өдийг хүрсэн гэдэг байдал нь нотлогдохгүй байна. Миний гарын үсэг зурсан нэг ч гэрээ байхгүй. Би мөнгө хүлээж аваагүй гэж тайлбарлаж байна. Энд ард нь өр төлбөрийн асуудал яригдаж байгаа. Тийм ч учраас зөвхөн энэ гэрээг өгч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа байх. Энэ асуудлыг энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэлтэй гэж шийдвэрлэх юм бол хариуцагч талын төлбөр төлсөн асуудал их хэмжээгээр хохирох нөхцөл байдал үүсэхээр байна. Гэрээнээс татгалзсан гэдгээ Япон улсад явж байхдаа хэлсэн гэж байгаа боловч албан ёсоор мэдэгдсэн баримт байхгүй. Хариуцагчаас хувьцаа нэхэмжилсэн байна. Яаж эвлэрэх талаар асуутал үүнээс өөр мөнгө нэхэмжилж байгаа. Дутуу байгаа төлбөрийг төлж чадаагүй учраас энэ асуудал үүсэж байгаа, манай найз учраас хувьцаа шилжих асуудал байхгүй гэж ойлгуулсан. Нэхэмжлэлийн шаардлага болох 60 хувийн хувьцааны үнэ 12,000 төгрөгийг төлсөн баримт харагдахгүй байгаа боловч үүний ард маш их хэмжээний мөнгөний тохиролцоо явж байгаа гэдгийг шүүх ойлгож хүлээж аваасай. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар холбогдох баримтуудыг олж авахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Хуулийн хүрээнд шийдвэрлэж болох юм. Гэхдээ энэ хэрэгт хамгийн гол нь иргэдийн эрх ашгийг хамгаалж шийдвэр гаргах учраас зөвхөн өнөөдөр хэрэгт харагдаж байгаа баримтаас илүү бодит нөхцөл байдлыг олж харж шийдвэрлэх байх гэж найдаж байна. Хэдий харагдахгүй байгаа хэдий ч цаана нь хэлцэл байгаа. Гэрээнээс татгалзсан талаар албан ёсоор бидэнд мэдэгдээгүй. Бид албан ёсоор хүлээж аваагүй. Мэдсэн бол аль эрт энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Нэхэмжлэгч талаас асуултаар тодруулж асуусан. Шүүхийн шийдвэр яаж гарахыг мэдэхгүй байгаа учраас магадгүй дараа нь төлбөр төлж байсан гэдгээ илэрхийлж байсан талаар асуулт асуусан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж хуулийн дагуу үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү... гэв.

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ***ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ***ХХК-ийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээний хуулбар, ***ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн баримт бичиг хүлээлцэх акт зэрэг баримтыг гаргаж өгөв.

Хариуцагч талаас итгэмжлэл, өмгөөлөгч оролцуулах хүсэлт, итгэмжлэлээсээ татгалзах тухай бичиг зэрэг баримт гаргаж өгөв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***ХХК-д холбогдуулан хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 60 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

3.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдов:

3.1.Нэхэмжлэгч ****болон хариуцагч *** ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал **** нарын хооронд 2022 оны 10 сарын 19-ний өдөр *** (РД:***, улсын бүртгэлийн дугаар ***)-ийн нийт зарласан болон эргэлтэд гаргасан хувьцааны 60 хувь буюу 60 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь буюу 200 төгрөг нийт 12,000 төгрөгөөр шилжүүлэхээр харилцан тохиролцож хувьцааг худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулж, гарын үсэг зуржээ. (хэргийн 4,7 дахь тал).

3.2. Нэхэмжлэгч *** нь ***ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг, тус компани дахь өөрийн эзэмшлийн 60 ширхэг хувьцааг худалдсан байх ба уг үйл баримт дээр зохигчид маргаагүй (зохигчдын тайлбар).

3.3. Зохигчид хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, *** ХХК нь *** ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. Зохигчид уг үйл баримт дээр маргаагүй (зохигчдын тайлбар).

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Зохигчдын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг дүгнэвэл нэг талаас хариуцагч нь 60 ширхэг хувьцааг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч хувьцааны нэрлэсэн үнийг төлөхөөр тохирсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Хувьцаа худалдах, худалдах авах гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т нийцсэн. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр.

5. Хариуцагч хувьцааны шилжилтийг улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор уг гэрээг байгуулсан, өөр үнийн дүн бүхий хэлцэл байгуулсан гэж тайлбарласан бол нэхэмжлэгч хувьцааг худалдахтай холбоотой өөр гэрээ хийгдээгүй хэмээн эс зөвшөөрсөн. Хариуцагч өөр ямар төрлийн гэрээ байгуулснаа, өөр үнийн дүн бүхий гэрээ байгуулснаа шүүхийн өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотолж чадаагүй.

Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

6. Зохигчдын тайлбараар нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлж, 60 ширхэг хувьцааг хариуцагч талд шилжүүлж, улсын бүртгэлд *** ХХК хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. Харин хариуцагч нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд заасан хувьцааны үнэ 12,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй, хувьцааны үнийг төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс үзэхэд зохигчид хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдахаар тохиролцсон байх ба уг гэрээнд өөр үнэ буюу хувьцааг зах зээлийн үнээр худалдах тохиролцоо хийгдээгүй. Иймд хариуцагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үнийг төлөх үүргээ биелүүлээгүй.

7. Хариуцагч шүүх хуралдаан дээр төлбөр төлсөн баримт, дутуу баримтуудыг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу баримт шаардаж, шүүх хуралдааныг хойшлуулах агуулгатай хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгч төлбөр төлсөн баримт байхгүй, хүсэлт үндэслэлгүй гэх агуулгаар тайлбар гаргасан. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэхь хэсгийг хэрэглэх нөхцөл бүрдээгүй гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан. Нэхэмжлэгч 2024 оны 08 сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ анх ... хариуцагч хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөхгүй байх тул гэрээнээс татгалзаж байна... гэж дурджээ. Иймд хувьцаа худалдах, худалдах авах гэрээний үнийг төлсөн эсэх нь шүүх хуралдаан дээр шинээр үүссэн нөхцөл байдалд хамаарахгүй тул шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан үзээгүй. Хариуцагч нэхэмжлэлийг 2024 оны 08 сарын 20-ны өдөр гардан авснаас хойш нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй тайлбар, баримтаа гарган өгөх боломжтой байтал уг үүргээ биелүүлээгүй байгаа нөхцөлд шүүх нотлох баримт бүрдүүлэхгүй, иргэний шүүхийн процесст хэрэгждэг талуудын мэтгэлцэх зарчимд халдахгүй.

8. Түүнчлэн Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 17 дугаартай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38,120,124,166,167 дугаар зүйлийн зарим заалтын тайлбарлах тухай тогтоолын Тайлбарлах хэсгийн 1-д шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах зохицуулалтыг хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд хэрэглэхээр тайлбарлажээ. Шүүх тодруулах, чиглүүлэх үүргээ биелүүлж, ямар баримт гаргуулахаар хүсэж байгааг тодруулахад хариуцагчийн өмгөөлөгч ..Ашигт малтмалын лиценз эзэмшиж байгаа компанийн 60 хувийн хувьцааг 12,000 төгрөгөөр шилжүүлэх боломжтой юу эсэх. Тухайн баримтыг заах боломжгүй байна. Худалдах, худалдан авах гэрээг гаргуулах шаардлага гэж үзэж байна ... гэж хариулсан байх (шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дэхь тал) ба ямар баримтыг, хэзээ үйлдэгдсэн, хаана байгаа нь тодорхой бус баримтыг шүүх шаардах боломжгүй юм. Тиймээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэхь хэсгийн дагуу баримтыг шаардах хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлгүй гэж үзэн, шийдвэр гаргасан болно.

9. Нэхэмжлэгч нь шүүхэд гэрээний дагуу шилжүүлсэн хувьцааг үнэ төлөгдөөгүй үндэслэлээр буцаан гаргуулахаар шаардаж байх ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар үүргийн зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.

10. Гэрээнээс татгалзсан бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч хувьцаа худалдах, худалдан гэрээнээс татгалзсан тул хариуцагч *** ХХК хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн *** ХХК-ийн 60 ширхэг хувьцааг хариуцагчаас гаргуулахаар шүүх шийдвэрлэлээ.

11. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш шүүх хуралдаан даргалагчаас татгалзсан байх ба татгалзлын үндэслэлээ Татгалзал асуусан гэхдээ тэрний дараагийн үйл явцаас шалтгаалаад шүүгчид итгэх үндэслэл бүхий эргэлзээ үүсэж байна гэж үзэж байна. Яагаад гэхээр ажиллагаатай холбоотой хүсэлтийг ирцтэй холбоотой хүсэлттэй хамтатган шийдвэрлээд тухайн үе шат нь өнгөрчихсөн гэдэг байдлаар оролцогчдын аль нэг талын эрх ашгийг зөрчиж байгааг буруу гэж үзэж байна. Тийм учраас нэгэнт шүүгчээс татгалзаж байгаа хүсэлт гаргаж байгаатай холбоотой бол Ерөнхий шүүгч шийдвэрлэх нь зүйтэй байх гэж бодож байна гэжээ (шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 болон 3 дахь тал). Хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлд заасан шүүх хуралдаан даргалагч шүүгчээс татгалзах үе шат өнгөрсөн, түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангаагүйтэй холбогдуулан шүүгчээс татгалзсан байх тул Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 сарын 12-ны өдрийн 05 дугаартай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 5.3-т заасны дагуу хүсэлтийг гаргаагүйд тооцон, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

12. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэхь хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч***ХХК (РД: ***)-д *** ХХК-ийн 60 ширхэг хувьцааг нэхэмжлэгч ***д буцаан шилжүүлэхийг даалгасугай.

 

2. Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөгийг гаргуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ