Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 159/ШШ2025/0025

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2024/0070/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “М” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А

Гомдлын шаардлага: “Сэлэнгэ аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Аын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 0049040 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 01/05 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хяналт шалгалт хийх явцад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр 8 дугаар баг, 2 дугаар хэсэг *** тоот хаягт байрлах “М” ХХК-ийн Сэлэнгэ агуулах нь тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй зэрэг үйл ажиллагаа явуулсан гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 2431000651 дугаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийддвэрлэх ажиллагааг явуулж, “М” ХХК-нд Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэх үндэслэлээр 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 0049040 дугаар шийтгэлийн хуудсаар 3.000.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, хууль бус орлого 875.966.160 төгрөгийг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэжээ. 

Зөрчилд холбогдогчоос байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Аын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 0049040 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргажээ. 

Гомдол гаргагч “М” ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн гомдолдоо: “Манай компанийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 08-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч шалгалт хийж байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, төлөвлөгөөнд орсон ажлуудыг хугацаанд нь бүрэн хийж холбогдох төрийн байгууллагад тайлангаа хүргүүлж баталгаажуулаагүй нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.5, 9.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсгийг үндэслэн шийтгэлийн хуудас үйлдэж, торгууль оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, мөн нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна.

Манай компани нь 2021 онд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан болон 2021-2025 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дээрх үнэлгээний тайлан болон төлөвлөгөөг шалгалтын явцад танилцуулсаар байхад Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу торгож байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүй эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр дүгнэж шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн шийтгэлийн хуудасны 6 дахь хэсэгт хууль бус орлого болох 875,966,100 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд тус орлогын хэмжээг хэрхэн яаж тогтоож, нотолсон нь тодорхойгүй байгаа зэрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, компанийн эрх ашгийг хохироосон үйлдэл юм.

Тухайлбал байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тогтоох шаардлагатай нөхцөл байдлуудыг бүрэн тогтоогоогүй байна.

Иймд Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Аын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 0049040 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Сүхбаатар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 01/05 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тус сумын Буур хээр 8 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “М” ХХК-ийн Сэлэнгэ агуулахын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад “М” ХХК-ийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлага биелүүлээгүй /2020 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн, байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна./ зэрэг зөрчилд цаашид зөрчлийн хэрэг бүртгэл явуулах шаардлагатай тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийг хэрэг нээсэн байна.

Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 0049040 дугаар шийтгэлийн хуудсаар 3.000.000 сая төгрөгийн торгууль, хууль бус орлого 875.966.160 төгрөгийг улсын орлого болгох шийтгэл оногдуулсан байна.

Дээрх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх явцад “М” ХХК нь 2021-2025 он гэж байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулсан, энэ нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална.” гэсэн заалтыг зөрчсөн, хуульд зааснаар жил бүр тайлагнаж, менежментийн төлөвлөгөө батлуулаагүй учраас 2021-2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь хүчингүй гэж үзэж зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3.000.000 сая төгрөгийн торгууль, хууль бус орлого болох 875.966.160 төгрөгийг улсын орлого болгохоор шийтгэл оногдуулсан байна.

Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна.” гэж заасан бөгөөд “М” ХХК нь жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй тул байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь хүчингүй гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагч Ш.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 01/05 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр 8 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “М” ХХК-ийн Сэлэнгэ агуулахын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй зөрчил илэрсэн тул 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2431000651 дугаар зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж илэрсэн зөрчилд шийтгэл оногдуулсан байна.

"М" ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн утга дээр “Манай компанийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 08-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч шалгалт хийж байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, төлөвлөгөөнд орсон ажлуудыг хугацаанд нь бүрэн хийж холбогдох төрийн байгууллагад тайлангаа хүргүүлж баталгаажуулаагүй нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.5, 9.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсгийг үндэслэн шийтгэлийн хуудас үйлдэж, торгууль ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, мөн нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна.” гэжээ

Энэ нь 2012 онд шинэчилсэн найруулгаар баталсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна.”, мөн зүйлийн 9.5-д “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэнэ.”, 9.6-д “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээ, дүйцүүлэн хамгаалал хийх, тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгасан байна.”, 9.7-д “Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт төслийн үйл ажиллагааны улмаас байгаль орчны төлөв байдалд үзүүлж байгаа өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал, хугацааг тодорхойлон тусгана.”, 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална”, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын шийдвэр, улсын байцаагч, байгаль хамгаалагчийн шаардлагыг биелүүлэх”, мөн зүйлийн 2-т “эрх бүхий байгууллагаас баталсан байгаль орчны холбогдолтой стандарт, хэм хэмжээ, дүрэм, журмыг чанд сахин биелүүлж, дотоодын хяналтыг хэрэгжүүлэх”, 3-т “үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх явцад байгаль орчинд гаргаж байгаа хорт бодис, физикийн хортой нөлөөлөл, хог хаягдлын хэмжээг бүртгэж, тэдгээрийг багасгах, цэвэрлэх талаар авсан арга хэмжээ, хянах төхөөрөмжийн ажиллагааны тухай тайлан мэдээг хугацаанд нь гаргаж холбогдох байгууллагад өгөх”, 4-т “байгаль орчинд сөрөг нөлөөлөл бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагааныхаа сөрөг нөлөөллийг бууруулах, зогсоох болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг жил бүр төсөвтөө тусган хэрэгжүүлэх”, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2019 оны А/618 дугаар Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 1.1-д “Төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн байгаль орчныг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хянан батлах, хэрэгжилтийг ханган тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.”, 1.3-т “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч боловсруулж, ерөнхий үнэлгээг хийсэн байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, эсхүл аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан газарт хүргүүлэн хянуулж, батлуулна.”, 1.4-т “Ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагын хянаж, баталсан тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь төслийн үйл ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байгаль орчны үндсэн баримт бичиг болно.” 2.4-т “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээлэл, төслийн танилцуулга, төслийн хэрэгжилтийн явц, ашиглаж байгаа техник технологи, төсөл хэрэгжиж буй нутгийн байгаль орчин, нийгэм-эдийн засгийн төлөв байдлын товч танилцуулга, энэ журмын 1.5-д заасан бүрдэл хэсгүүд, баримтлах хууль тогтоомж, стандартын шаардлага болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг тодорхой тусгана.”, 3.1-д “Тухайн төсөлд хийсэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд үндэслэн боловсруулсан тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага хянан баталснаар төслийн тухайн жилийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх үүснэ.”, 4.1-д “Төсөл хэрэгжүүлэгч тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ханган биелүүлж түүний үр дүнг тусгасан биелэлтийн тайланг 11 дүгээр сарын 01-ний дотор энэхүү журмын 3-р хавсралтын дагуу гаргаж, харьяалагдах аймаг, нийслэлийн байгаль орчны газарт 3-аас доошгүй хэвлэмэл хувь болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.” гэж тус тус хууль болон журамд заасан байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад "М" ХХК-ийн Сэлэнгэ салбарын дарга Г.Ү 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 39 тоот албан бичгээр "М" ХХК-ийн "Газрын тосны бүтээгдэхүүний агуулах"-ийн төслийн 2021-2025 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан, 2022, 2023, 2024 онд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн боловч батлагдаагүй гэж ирүүлсэн нь тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, энэ нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна” гэсэн шаардлагыг хангаж байх тул гаргасан зөрчлийг хангалттай нотолж байна. Иймээс зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан нь нотлогдож байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэлийн утга дээр “…шийтгэлийн хуудасны 6 дахь хэсэгт хууль бус орлого болох 875.966.160 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд тус орлогын хэмжээг хэрхэн яаж тогтоож, нотолсон нь тодорхойгүй байгаа зэрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, компанийн эрх ашгийг хохироосон үйлдэл юм. Тухайлбал байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1-д заасан эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тогтоох шаардлагатай нөхцөл байдлуудыг бүрэн тогтоогоогүй байна...” гэжээ.

Зөрчлийн хэрэгт авагдсан материалаас үзэхэд Сэлэнгэ салбарын нярав Д.П 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн орлого гэж албан бичиг ирүүлсэн байна. Дээрх албан бичгийг үндэслэн тухайн үеийн зах зээлийн ханшаар орлогыг тооцон Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу 875.966.160 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна. Тухайн жилийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй зөрчил гаргасан байх бөгөөд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна.” гэсэн заалт нь хуульд нийцэж байгаа тул нөхцөл байдал бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Мөн түүнчлэн тухайн зөрлийн хэрэгт Сүхбаатар сумын Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1/365 дугаар "Нью грийн ворлд" ХХК-нд хандсан шинжээч томилж хамтран ажиллах тухай албан бичиг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/398 дугаар "Пийк ом аудит" ХХК-нд хандсан шинжээч томилж хамтран ажиллах тухай албан бичгүүдийг илгээж шинжээч томилсон боловч "М" ХХК-иас тухайн мэдээллүүдийг гаргаж ирүүлээгүй, хамтарч ажиллаагүй болно.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн хийж хуулийн хүрээнд шийтгэл оногдуулсан бөгөөд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй юм. Мөн зөрлийн хэрэг болон холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримт материалыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулж байсан ба удирдлагууддаа тухай бүр танилцуулж байхыг, шаардлагатай гэж үзвэл удирдлагуудаасаа ирж, уулзах тухайн зөрлийн хэрэгтэй танилцах талаар мэдэгдэж байсан болно.” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

...Гомдлын гол утга нь манай компанийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахад байгаль орчны хяналтын улсын байцаагч 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийхдээ байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, төлөвлөгөөнд орсон ажлуудыг хугацаанд нь бүрэн хийж холбогдох төрийн байгууллагад тайлангаа хүргүүлж, баталгаажуулаагүй нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.5, 9.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг үндэслэж шийтгэлийн хуудас оногдуулж, торгууль оногдуулсан. Мөн үндэслэлгүй олсон орлогыг хураах шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ нь гомдол гаргагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Яагаад гэвэл “М” ХХК нь 2021 онд батлуулсан байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2021 оноос 2025 он хүртэл 5 жилийн хугацаатайгаар мэргэжлийн байгууллагуудаар батлуулсан. Гэтэл огт байгаагүй мэтээр шийтгэлийн хуудсандаа дүгнэлт гарган шийтгэл ногдуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4-д хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийг батлах замаар хийхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн. Үүгээр манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргасан. Гомдлын шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна.

Нэмээд нэг зүйл хэлэхэд шийтгэлийн хуудас дээр “М” ХХК-ийн хууль бусаар олсон 875.966.160 төгрөгийн орлогыг хураах гэсэн шийдвэр гаргасан. Гэвч шүүхэд ирүүлсэн зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх материал дунд тус орлогыг хэрхэн яаж тогтоогоод байгаа нь тодорхойгүй байдаг. Албан ёсны аудитын шинжээчийн дүгнэлт байхгүй. Үнийн дүнг хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй. Орлогын нийт үнийн дүн, бараа материалын литр хэмжээг хэрхэн яаж тогтоогоод байгаа нь тодорхойгүй үйл ажиллагаа явуулсан байдаг. “М” ХХК-ийг торгоод байгаа боловч “МТ Баянзүрх” ХХК-ийн тусдаа үйл ажиллагаатай компанийн бараа материал тэр агуулахад хадгалагдаж байхад “М” ХХК-ийн ашиг орлого, шатахуун, бараа материал байсан юм шигээр шалгасан. Үүнийг шалгаж тогтоохдоо бүрэн шалгаж тогтоохгүйгээр дүгнэлтээ гаргасан гэж үзэж байна. Тийм учраас улсын байцаагчийн 004940 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ш.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Гомдолтой танилцсан. Гомдол гаргагчийн зүгээс хэлж байх шиг байна. Шийтгэлийн хуудас дээр тухайн орлогыг хураана гэсэн зүйлийг оруулаагүй. Хуульд улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Үүнд тайлбар гаргахад тухайн “М” ХХК-ийн зүгээс удаа дараалан удирдлагууд болон холбогдох захирал, дарга нарыг дуудуулсан боловч ирээгүй. Салбарын дарга нараар нь дамжуулж удаа дараа хэлж байсан. Зөрчлийн хэргийн материал дээр Мэдээлэл аудит, “Пийк Ом аудит” ХХК болох хоёр санхүүгийн хяналт шалгалт хийх, тухайн компанийн үйл ажиллагаанд улсын орлого болгох мөнгөн дүнг тодорхойлуулах зорилгоор шинжээч томилсон боловч харамсалтай нь “М” ХХК-иас энэ талаарх холбогдолтой санхүүгийн мэдээллийг огт гаргаж өгөөгүй. Албан бичгээр боломжгүй гэсэн хариуг өгсөн. Хууль бусаар олсон орлого болох 875.966.160  төгрөгийг тодорхойлохдоо тухайн компанийн нярав нь тодорхойлж 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд тухайн компани дээр авсан орлого буюу шатахууны үлдэгдлийн тооцоог надад гаргаж өгсөн. Миний зүгээс санхүүтэй холбоотой мэдээллийг тодорхойлох боломжгүй учраас мэргэжлийн байгууллага оролцуулах шаардлагатайгаар шинжээч томилсон боловч тухайн үйл ажиллагаанд үл хүндэтгэсэн байдалтай оролцсон. Мөн зөрчлийн хэргийн материалтай танилц гэж байхад огт ирж танилцаагүй. Хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараар дамжуулж тухай бүрд нь мэдүүлэг авах, гэрчийн мэдүүлэг авах, хяналт шалгалт хийх явц болгондоо удаа дараа танилцуулж байсан.

2021-2025 оны Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг дурдаж байх шиг байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар заасан байдаг. Шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа нэг бүрчлэн бичсэн. Уншвал 4 хуудас баримт байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хууль, мөн журам байгаа. Газрын тосны бүтээгдэхүүн буюу онц чухал объект. Өнгөрсөн онд Монгол Улсад маш том хэмжээний осол аваар гарсан. Үүнтэй холбоотой удирдамжаар хяналт шалгалт хийгдсэн. Магадгүй түүнээс үүдсэн аваар осол гарвал Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий “Алтантариа” ХХК гурилын үйлдвэр эрсдэлд орох мөн цаашлаад дэлхийн хэмжээний асуудал үүсэхээр болчхож байгаа юм. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд нөлөөлж байдаг. Магадгүй Орхон голын эрэг, буйрын голын эрэг дээр байгаа шатахуун түгээх станцын буруутай үйл ажиллагаа, алдаа оноо, дутагдлаас болоод гамшиг эрсдэл тохиолдвол Буурийн гол, Орхон голоор дамжин цаашлаад Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ мөрөн урсаад Байгаль далайд цутгаж байгаа. Дэлхийн өвд бүртгэгдчихсэн Байгаль далайн усыг бохирдуулах, хордуулах нь ганцхан “М ХХК” шатахуун түгээх станц, Сэлэнгэ аймгийн асуудал биш, Монгол улсын асуудал биш, дэлхийн хэмжээний асуудал учраас нэлээн нухацтай хандаж, хяналт шалгалтыг хийсэн боловч компанийн зүгээс удаа дараалан шаардаад ирээгүй. Салбарын эрхлэгч Г.Ү гэх хүн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр байгаль орчны мэргэжилтэн, хөдөлмөр хамгааллын хүмүүсийг удаа дараалан тавьж байсан. Ийм хяналт шалгалт болж өнгөрсөн. Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн бүх заалтаар тайлбар дээрээ дурдаад өгчихсөн байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч “М” ХХК нь Сэлэнгэ аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Аын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 0049040 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан бөгөөд шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 0049040 дугаар шийтгэлийн  хуудсаар[1] Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгожээ.

Гомдол гаргагч “М” ХХК “...Бид Байгаль орчин аялал жуулчлалын яамаар 2021-2025 онд хэрэгжүүлэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан байхад Байгаль орчны менежментийн төлөвлөгөө огт байгаагүй мэт шийтгэлийн хуудас оногдуулсан энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно.”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасныг тус тус зөрчиж байна. Түүнчлэн хууль бусаар олсон орлогыг хэрхэн яаж тооцсон нь ойлгомжгүй, тус орлого нь аль хуулийн этгээдийн орлого болохыг нарийвчлан тогтоогоогүй. “М” ХХК-ийн орлого биш “МТ Баянзүрх” ХХК-ийн орлогыг хурааж авсан нь үндэслэлгүй. Дарга Г.Ү, нярав Д.П нар нь “М ХХК-ийн ажилтан биш, “МТ Баянзүрх” ХХК-ийн ажилтан тул тэдгээрийг хаана ажилладгийг тогтоогоогүй…” гэж маргадаг.

Нэг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 2 дугаар бүлэгт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний бүтэц, тогтолцоо, зохицуулалтын талаар тусгаж, 4 дүгээр зүйлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд байгаль орчны стратегийн үнэлгээ, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ тус тус хамаарахаар зохицуулжээ.

 Нөлөөллийн үнэлгээ нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнээс бүрдэх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Энэ хуулийн 8.2-т заасан эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнгээр тайлан бэлтгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна.”, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна.” гэж тус тус зааснаас үзвэл аливаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч нь төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх,  нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг үндэслэн боловсруулж, батлуулахаар байна.

Ингэхдээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална.”, Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 2.1-д “Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон сөрөг нөлөөг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үндэслэн жил бүрийн 12 дугаар сард багтаан дараа оны тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна.”, 3.1-д “Тухайн төсөлд хийсэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд үндэслэн боловсруулсан тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага хянан баталснаар төслийн тухайн жилийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх үүснэ.” гэж тус тус заасны дагуу Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр батлуулснаар тухайн жилийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх үүсэх юм.

Иймд гомдол гаргагч “М” ХХК-ийн 2021-2025 оны багцалсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө бус жил бүр эрх бүхий байгууллагаар боловсруулж, батлуулсан тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсноор сая “М” ХХК-ийн тухайн жилийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх үүснэ.

Иймд хариуцагчийн “...Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад "М" ХХК-ийн Сэлэнгэ салбарын дарга Г.Ү 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 39 тоот албан бичгээр "М" ХХК-ийн "Газрын тосны бүтээгдэхүүний агуулах"-ийн төслийн 2021-2025 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан, 2022, 2023, 2024 онд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн боловч батлагдаагүй гэж ирүүлсэн нь тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, энэ нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг зөрчиж байх тул гаргасан зөрчлийг хангалттай нотолж байна.” гэх тайлбар үндэслэлтэй байна.

Хоёр. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2431000651 дугаар зөрчлийн хэргийн материалын Шалгалтын тэмдэглэл[2], Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл[3], Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[4], Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол[5], “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Туулаас Г.Үад олгосон итгэмжлэл[6], Г.Үыг Сэлэнгэ аймаг дахь Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын салбарын даргаар шилжүүлэн томилсон “МТЧ” ХХК-ийн ерөнхий захирлын тушаал[7], “М ХХК сэлэнгэ салбар” гэсэн хэвлэмэл хуудас дээр Сэлэнгэ салбарын нярав Д.П гэсэн албан бичиг[8], “М ХХК сэлэнгэ салбар” гэсэн хэвлэмэл хуудас дээр Сэлэнгэ салбарын дарга Г.Ү гэсэн албан бичиг[9] зэргээс үзвэл хариуцагч Ш.Аыг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл зөрчил шалган шийдвэрлэх хугацаанд Г.Ү нь Сэлэнгэ аймаг дахь Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын салбарын даргаар, Д.П нь Сэлэнгэ аймаг дахь Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын салбарын нярваар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Гомдол гаргагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оаас Г.Ү, Д.П нарын хөдөлмөрийн гэрээ[10]-г шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн үндэслэлдээ “…Г.Ү, Д.П нар нь “М” ХХК-ийн ажилтан биш, “МТ Баянзүрх” ХХК-ийн ажилтан болохыг нотолно…” гэх боловч тус гэрээний дөрөв дэх хэсэгт “Ажилтны эрх, үүрэг”-ийн талаар зохицуулсан бөгөөд 4.1-д “ “М” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт болон компаниас баталсан журам, тушаал, шийдвэрийг чанд мөрдөж… ажиллах” талаар тусгажээ.

Хэдийгээр тус гэрээнд Г.Ү, Д.П нарыг “МТ Баянзүрх” ХХК-ийн салбарын дарга, нярав албан тушаалтай гэх боловч эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байх хугацаанд холбогдогч “М” ХХК-ийн зүгээс Г.Ү, Д.П нарын ажил, албан тушаалыг үгүйсгээгүй, энэ талаар баримт гаргаж өгөөгүй. Харин ч тус компанийг төлөөлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах итгэмжлэл олгосны дагуу  Г.Үыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй юм.

Иймд Гомдол гаргагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд “…Дарга Г.Ү, нярав Д.П нар нь “М ХХК-ийн ажилтан биш, “МТ Баянзүрх” ХХК-ийн ажилтан тул хариуцагч тэдгээрийг хаана ажилладгийг тогтоогоогүй” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Гурав. Хариуцагчаас 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “М” ХХК-ийн Сэлэнгэ агуулахын орлогыг тодорхойлуулахаар “Пийк ом аудит” ХХК-ийн ахлах аудитор А.Мөнхцэцэгийг шинжээчээр оролцуулах тухай тогтоол[11] үйлдсэн боловч “М” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 623/24 тоот, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 628/24 тоот албан бичиг[12]-ээр “…Манай компанийн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, шатахуун түгээх станцууд нь импортоор нефтийн бүтээгдэхүүн оруулж ирж бөөний болон жижиглэнгээр борлуулах үйл ажиллагаа явуулдаг…, Тус агуулахад танай байгууллагаас томилсон аудитын “Пийк ом” ХХК-нд шалтгаан нөхцөл тодорхойгүй байгаа учир санхүүгийн тайлан тооцоог шалгуулах боломжгүй байна…” гэсэн хариуг тус тус хүргүүлжээ.

Иймд “...“М” ХХК-ийн Сэлэнгэ салбарын нярав Д.Паас 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн орлого гэж албан бичиг ирүүлсэн. Дээрх албан бичгийг үндэслэн тухайн үеийн зах зээлийн ханшаар орлогыг тооцон Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу 875.966.160 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн...” гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй юм.

Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчилд холбогдогчийн хууль бусаар олсон орлогыг хэрхэн тооцох талаар нарийвчлан зохицуулаагүй. Хариуцагчаас зөрчилд холбогдогч хуулийн этгээдийн хууль бус үйл ажиллагаанаас олсон орлогыг тооцуулахаар шинжээч оролцуулах тогтоол үйлдсэн ч тухайн шинжээчид дүгнэлт гаргахад шаардлагатай баримтыг гаргаж өгөөгүй байна.

Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан “М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ[13]-нд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх гэсэн байх бөгөөд компанийн дүрэмд гадаад худалдаа, бүх төрлийн шатахууны жижиглэнгийн болон бөөний худалдаа эрхлэх, бүх төрлийн шатахууныг импортлох үйл ажиллагаа эрхлэх, газрын тос хайх, Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон Бүртгэлийн гэрчилгээ[14]-нд үйл ажиллагааны төрөл хэсэгт газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа гэж тус тус дурдсанаас гадна “М” ХХК-ийн албан бичигт “…Манай компанийн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, шатахуун түгээх станцууд нь импортоор нефтийн бүтээгдэхүүн оруулж ирж бөөний болон жижиглэнгээр борлуулах үйл ажиллагаа явуулдаг…” гэх тайлбараас үзвэл гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “М” ХХК-ийн Сэлэнгэ салбар дахь агуулахын орлогыг “М” ХХК-ийн Сэлэнгэ салбарын нярав Д.Пын албан бичгээр гаргаж өгсөн тооцоог үндэслэсэн нь буруу, энэ нь “М” ХХК-ийн орлого биш, “МТ Баянзүрх” ХХК-ийн орлого гэж маргасан нь үндэслэлгүй.

Иймд Сэлэнгэ аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Аын “М” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэж үзэн зөрчил шалган шийдвэрлэж, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 0049040 дугаар шийтгэлийн хуудсаар 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгууль оногдуулж, хууль бус орлого 875.996.160 төгрөгийг хурааж улсын орлого болгон шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж заасантай нийцэж байх тул “М” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж  шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйл, 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.8 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн “Сэлэнгэ аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Аын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 0049040 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МӨНХЗАЯА

 

 

[1] Хавтаст хэргийн 1-р хавтас, 15-р хуудас

[2] Хавтас хэргийн 2-р хавтас, 176-р хуудас

[3] Хавтаст хэргийн 2-р хавтас, 181-р хуудас

[4] Хавтаст хэргийн 2-р хавтас, 189-193-р хуудас

[5] Хавтаст хэргийн 2-р хавтас, 200-р хуудас

[6] Хавтаст хэргийн 2-р хавтас, 201-р хуудас

[7] Хавтаст хэргийн 2-р хавтас, 202-р хуудас

[8] Хавтаст хэргийн 2-р хавтас, 212-р хуудас

[9] Хавтаст хэргийн 2-р хавтас, 215- хуудас

[10] Хавтаст хэргийн 2-р хавтас, 1-4-р хуудас

[11] Хавтаст хэргийн 2-р хавтас, 211-р хуудас

[12] Хавтас хэргийн 1-р хавтас, 21-24-р хуудас

[13] Хавтаст хэргийн 1-р хавтас, 6-р хуудас

[14] Хавтаст хэргийн 1-р хавтас, 12-р хуудас