| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2025/0009/З |
| Дугаар | 159/ШШ2025/0026 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 159/ШШ2025/0026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2025/0009/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Я-
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-
Дүгнэлтийн шаардлага: “Г.Л-д холбогдох 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 0661072 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч хяналтын прокурор О.Я-, хариуцагч газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б- нь 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 0661072 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Г.Л-д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил үйлдсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Я- нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатарын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр баталсан "Хяналтын харьяа байгууллагын эрх бүхий албан тушаалтны 2024 оны 3 дугаар улирлын байдлаар шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэл болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгах" шалгалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-гийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон “Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-гийн Г.Л-д холбогдох 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 0661072 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 821 дүгнэлтийг захиргааны хэргийн шүүхэд ирүүлснийг шүүх 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Я- шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...“Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Я- би, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатарын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр баталсан "Хяналтын харьяа байгууллагын эрх бүхий албан тушаалтны 2024 оны 3 дугаар улирлын байдлаар шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэл болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгах" шалгалтын хүрээнд тус аймгийн Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б- нь “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, иргэн Г.Л-гийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0661072 дугаартай шийтгэлийн хуудсыг 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянав.
Хэрэгт цугларсан үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, холбогдогч Г.Л-гийн “...газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуссан байсан” гэх мэдүүлэг, иргэний газар эзэмших эрхийн 000102998 дугаартай гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар иргэн Г.Л-д Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/37 тоот захирамжаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 2 дугаар баг Могойт 4-404 тоот хаягт 306 мкв газрыг 02 жилийн хугацаатай эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах” гэж заасны дагуу хугацаа сунгуулах тухайн шатны Засаг даргад гаргана” гэж заасны дагуу хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй эс үйлдэхүйг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад зааснаар зөрчил үйлдсэн гэж үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан байна.
Учир нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрын чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ”, 41.2-т “энэ хуулийн 39.1.1-39.1.4-т заасан үндэслэлийн дагуу газар чөлөөлөхтэй холбогдон гарах зардлыг газар эзэмшиж байсан этгээд өөрөө хариуцна”, 41.4-т “Энэ хуулийн 41.1-т заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулна” гэж тус тус зааснаас үзэхэд иргэн Г.Л-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлтээ гаргаагүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад зааснаар зөрчлийн шинжийг агуулаагүй байна.
Нөгөөтээгүүр иргэн Г.Л- нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргах, эс гаргах нь газар эзэмшиж байгаа этгээдийн хуульд заасан бүрэн эрх бөгөөд газар эзэмшигч этгээдийн газар эзэмших эрх дээрх үндэслэлээр дуусгавар болсон тохиолдолд Газрын тухай хуулийг 41 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулсан.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “зөрчлийн шинжгүй” зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-гийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Зөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0661072 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б- би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 02 дугаар баг, Цагаан-Эрэг, Могойт 4-404 тоот хаягтай, нэгж талбарын 4308013012 дугаартай, 306м2 газрыг эзэмшигч гэх Г.Л- нь газар эзэмшигчийн хувьд Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээнд заасан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх боломжтой байсан ч уг үйлдлийг хийгээгүй, өөрөөр хэлбэл хууль болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн үр дагавраас үүдэн тухайн шатны Засаг даргын газар эзэмшүүлэх эрхийн шийдвэрийн хүчинтэй хугацаа буюу уг захирамжийн үйлчлэл 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөр дуусгавар болсон, тухайн өдрөөс хойш 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 7 сар гарангын хугацаанд тухайн шатны Засаг даргын газар эзэмших хүчин төгөлдөр шийдвэргүйгээр, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, хүчингүй болсон гэрээ, гэрчилгээтэйгээр газрыг үргэлжлүүлэн ашиглаж байсан, 7 сарын хугацаа өнгөрсөн байхад зөрчлийн үр дагаврыг арилгах ямар нэг арга хэмжээ авагдаагүй байсан тул зөрчлийг гомдол мэдээллээр бүртгэж, иргэн "эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан" зөрчил гаргасан гэж үзэж 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтын дагуу 500 нэгжээр торгох арга хэмжээ авсан, хохирол нөхөн төлбөрийг тооцоогүй болно.
Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтаар шийтгэлийн арга хэмжээ тооцохдоо хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй эс үйлдэхүйд нь арга хэмжээ тооцсон биш, уг эс үйлдэхүйгээс гарсан зөрчлийн үр дагавар буюу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж, ашигласан зөрчилд нь арга хэмжээ тооцсон болно.
Тодруулбал: Уг нэгж талбарыг анх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 тоот захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх ба сумын Засаг даргын 2022 оны 01 сарын 26-ны өдрийн А/37 дугаартай захирамжаар иргэн Г.Л-д 2 жилийн хугацаатайгаар эзэмших эрх нь шилжигдсэн, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр уг захирамжийн хугацаа нь дууссан, өөрөөр хэлбэл захирамжийн хүчинтэй байх, хүчин төгөлдөр байх үйлчлэл нь дууссан, үүнтэй холбоотойгоор газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацаа мөн дуусгавар болсон байсан.
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас 2016 оноос өнөөдрийг хүртэл газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санг цахим хэлбэрт шилжүүлэх, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарыг газрын харилцааны бүтээгдэхүүн, үйлчилгээгээр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хангах зорилготой www.egazar.gov.mn веб хандалт цахим хуудас болон Egazar ухаалаг гар утасны аппликешнийг хөгжүүлж, иргэд, олон нийтийн хэрэгцээнд зориулан www.egazar.gov.mn веб цахим хуудаснаас газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нар газартай холбоотой нээлттэй баталгаат мэдээллийг авахаас гадна Төрийн танилт, нэвтрэлтийн ДАН системийг ашиглан нэвтэрч өөрийн газартай холбоотой 72 төрлийн мэдээллийг авах боломж бүрдсэн бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас тэр дундаа газар эзэмших хугацаа сунгуулах өргөдөл, хүсэлтийг цахимаар илгээх, тухайн иргэн өөрийн хүссэн газраасаа хандаж ердөө 2-3 минутын дотор үйлчилгээгээ авах болон лавлагаа, мэдээллийг 1800-0101 дугаараас авах боломжтой болсон.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд:
-Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т улсын байцаагчийн эрх, үүргийг "газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу зохих мэргэжлийн байгууллагын хяналт хариуцсан албан тушаалтан буюу тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ" гэж,
-Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.7-д "газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг тус тус ойлгоно гэж,
- Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтад “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 27.3-д "Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна" гэж, 27.4-т "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж,
-Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 4 дэх хэсэгт тухайн шатны Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргаснаар уг шийдвэрийг үндэслэн газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоор, мөн журмын 8.2- д шийдвэрийн төсөлд эрхийн гэрчилгээ олгох үндэслэл:/, иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр/, регистрийн дугаар, эрхийн төрөл, нэгж талбарын дугаар, хэмжээ, хаяг, зориулалт, газар эзэмшүүлэх, ашиглуулах хугацааг заавал тусгана гэж, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасны дагуу Газар эзэмших гэрээнд газар эзэмшүүлэх үндэслэл, зориулалт, хэмжээ, байршил, нэгж талбарын дугаар, газар эзэмшүүлэх хугацаа, газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг, талуудын эрх, үүрэг, хариуцлага, газар эзэмших эрх дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг хэрхэх тухай тохиролцоо, эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах нөхцөл, журам, газрыг хамгаалах, нөхөн сэргээх талаар хийх ажил, шаардлагатай гэж үзсэн бусад зүйлийг тодорхой тусгасан байх, 34.8. Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж,
-Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1/Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно, 39.1.1./газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, 39.1.4./газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон/ бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасан байдаг.
Иргэн Г.Л- нь Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх гэрээнд заагдсан эрхээ эдэлж, үүргээ биелүүлж гэрээгээ жил бүр дүгнүүлж, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө буюу хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж, газар эзэмших эрхээ сунгуулах боломжтой байсан ч уг үйлдлийг хийгээгүйн улмаас тухайн шатны Засаг даргын газар эзэмшүүлэх эрхийн шийдвэрийн хүчинтэй хугацаа буюу уг захирамжийн үйлчлэл дуусгавар болсноор Засаг даргын хүчин төгөлдөр шийдвэргүйгээр, хүчинтэй хугацаа нь дууссан гэрээ гэрчилгээтэйгээр газраа үргэлжлүүлэн эзэмшиж байсан нь эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр газар эзэмшиж байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Г.Л- нь хэдийгээр эзэмшиж буй газрынхаа хугацааг сунгуулах хүсэлт гаргах, эс гаргах нь газар эзэмшиж байгаа этгээдийн хуульд заасан бүрэн эрх хэдий ч цаашид уг газрыг эзэмшихгүй гэж үзсэн бол газрыг чөлөөлөх, нөхөн сэргээлт хийж, эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгөх байсан ч өгөөгүй 7 сар гаруй хугацаа өнгөрсөн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл юм.
Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иргэн Г. Л- нь Газрын тухай хуулийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, мөн "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ"-ний 3 дахь хэсгийн 3.6, 4.1, 4.14-д заасан эрхээ эдэлж, үүргээ биелүүлээгүйгээс үүдсэн үр дагавар үүсээд 7 сарын хугацаа өнгөрсөн байхад, тухайн шатны Засаг даргын газар эзэмшүүлэх шийдвэрийн хүчинтэй үйлчлэлийн хугацаа дууссан, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ, гэрээ, гэрээний хүчин төгөлдөр байх салшгүй хэсэг болсон холбогдох бусад бичиг баримтын хугацаа мөн дуусгавар болсон байхад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй газар эзэмшиж, ашигласан гэж үзэх, Зөрчлийн тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д заасан "зөрчлийн шинжгүй", зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол гэж, зөрчил биш гэж үзэх, тухайн шатны Засаг даргын шийдвэрлэх асуудал гээд зөрчлийн хажуугаар дуугүй өнгөрөх ямар ч боломжгүй байх тул Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 821 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар, геодези зураг зүйн газрын хяналтын улсын байцаагч Б.Б- нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй 1 дүгээр баг, партизан 6 дугаар гудамж 11-б тоотод оршин суух Г.Л-д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар таван зуун нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Я- тус хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянаад “Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана” гэж заасны дагуу хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй эс үйлдэхүйг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалтад заасан .... зөрчил үйлдсэн гэж үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан байна.
Учир нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ”, 41.2-т “энэ хуулийн 39.1.1-39.1.4-т заасан үндэслэлийн дагуу газар чөлөөлөхтэй холбогдон гарах зардлыг газар эзэмшиж байсан этгээд өөрөө хариуцна”, 41.4-т “Энэ хуулийн 41.1-т заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулна” гэж тус тус заасны дагуу иргэн Г.Л-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлтээ гаргаагүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дах хэсгийн 10.1 дэх заалтад заасан зөрчлийн шинжийг агуулаагүй байна.
Нөгөөтэйгүүр иргэн Г.Л- нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргах, эс гаргах нь газар эзэмшиж байгаа этгээдийн хуульд заасан бүрэн эрх бөгөөд газар эзэмшигч этгээдийн газар эзэмших эрх дээрх үндэслэлээр дуусгавар болсон тохиолдолд Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулсан байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “зөрчлийн шинжгүй”, “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” тохиолдолд хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэн газар, геодези зураг зүйн газрын хяналтын улсын байцаагч Б.Б-гийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 0661072 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэг.Үйл баримтын талаар
1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй 1 дүгээр багийн иргэн Г.Л-д Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн А/37 дугаартай захирамжаар гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон газрын эзэмших эрхийн хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болжээ.
Иргэн Г.Л- нь нь газар эзэмших эрхийн хугацаа дуусахад сунгуулах хүсэлтээ холбогдох газарт гаргаагүй бөгөөд 2022 онд шилжүүлж авсан газраа анхны эзэмшигчид олгож байсан шийдвэрээс хугацааг тооцно гэж бодсон талаараа тайлбартаа дурджээ.
2. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын, газар геодези зураг зүйн газрын хяналтын улсын байцаагч Б.Б- нь Г.Л-гийн дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дах хэсгийн 10.1-д заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэж үзэн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.
3. Газрын тухай хуулийн 3 дугаар 3.1.4-т “газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 3.1.8-д “газар ашиглах эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг, 35 дугаар зүйлийн 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно”, 44 дүгээр зүйлийн 44.1-д “Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 17.1.2, 18.1.6-д заасны дагуу шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаар Газрын тухай хуульд газар ашиглах, ашиглуулахтай холбоотой харилцааг зөвхөн дээрх хуулийн заалтаар зохицуулахаар байна.
Өөрөөр хэлбэл газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхгүй этгээд газрыг ашиглахын тулд газар эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр эсхүл эрх бүхий байгууллагын /УИХ, Засгийн газар/ зөвшөөрөлтэйгээр ашиглахаар хуульд зохицуулсан байна.
4. Иргэн Г.Л-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний 2 жилийн хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дуусахад газар эзэмшигч Г.Л- нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар сунгуулах хүсэлтээ гаргаагүй тул мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасан үндэслэлээр түүний газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзнэ.
5. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ”, 41.2-т “Энэ хуулийн 39.1.1-39.1.4-т заасан үндэслэлийн дагуу газар чөлөөлөхтэй холбогдон гарах зардлыг газар эзэмшиж байсан этгээд өөрөө хариуцна”, 41.4-т “Энэ хуулийн 41.1-т заасан хугацаанд газраа чөлөөлөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна” гэж тус тус зааснаас үзэхэд иргэн Г.Л-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлтээ гаргаагүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дах хэсгийн 10.1-д заасан зөрчлийн шинжийг агуулаагүй байна.
6. Тухайлбал иргэн Г.Л- нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй бөгөөд сунгуулах хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд захиргааны байгууллагын зүгээс газар эзэмших эрх дуусгавар болсон үндэслэлээр Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасныг хэрэгжүүлэх бүрэн боломжтой байна.
7. Өөрөөр хэлбэл иргэн Г.Л- газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргах, эс гаргах нь газар эзэмшиж байгаа этгээдийн хуульд заасан бүрэн эрх бөгөөд газар эзэмшигч этгээдийн газар эзэмших эрх дээрх үндэслэлээр дуусгавар болсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулсан байна.
8. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж заасан нөхцөл байдлыг тогтоолгүй шийтгэл оногдуулсан байх боломжтой байна.
Өөрөөр хэлбэл Г.Л- нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасныг зөрчиж газар эзэмшигч газар чөлөөлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3-т “Газар эзэмшигч, ашиглагч газар чөлөөлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно” гэж зааснаар зөрчлийн хариуцлага тооцох эсэхийг /хөөн хэлэлцэх хугацааг тооцсоны үндсэн дээр/ шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
9. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэж заасан бөгөөд иргэн Г.Л-гийн газар эзэмших эрх 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болсон байх буюу газар эзэмших эрхийн хугацаа дууссан өдөр зөрчил үйлдсэн гэж үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны6 дугаар сарын 26-ны өдөр дууссан бөгөөд 2024 оны 8 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуульд зааснаар 500,000 төгрөгөөр иргэн Г.Л-д торгох шийтгэл оногдуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй нөхцөл үүссэн байсан болохыг дурдах нь зүйтэй байна.
10. Иймд Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар, геодези зураг зүйн газрын хяналтын улсын байцаагч Б.Б-гийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй 1 дүгээр багийн иргэн Г.Л-г эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар таван зуун нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0661072 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4, 44 дүгээр зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Я-ын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 821 дугаар дүгнэлтийг хангаж, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар, геодези зураг зүйн газрын хяналтын улсын байцаагч Б.Б-гийн нь Г.Л-д холбогдох 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 0661072 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Прокурорын байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР