Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/999

 

      2023             10            12                                        2023/ДШМ/999

 

Д.Охолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Намдаг,

шүүгдэгч Д.О,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/1080 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Огийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 23080000010 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.О, 

            Шүүгдэгч Д.О нь 2023 оны 8 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жавхлан” төвийн “Л” нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Ц толгой руу мөсний төмөр сав шидэж биед нь зулайн хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ог Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2 сарын хугацаанд явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Омэдэгдэж, хохирогч М.Ц нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болон ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Оавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие анхан шатны шүүх хуралд “Би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 39-1 тоотод үсчнээр ажилладаг, цалин орлоготой, 1-12 насны 4 хүүхэдтэй, сургууль цэцэрлэгт нь байнга хүргэж өгч, авч байдаг тул торгох ялаар шийтгүүлэх саналаа гаргасан боловч анхан шатны шүүхээс надад Сонгинохайран дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах шийдвэр гаргасны улмаас би хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Учир нь, миний хүүхдүүд Сонгинохайрхан дүүргийн 7, 8 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах Нийслэлийн 67 дугаар сургууль, 227 дугаар цэцэрлэгт сурдаг ба би хүргэж өгч, сургууль цэцэрлэг нь тарах үед авдаг юм. Мөн би үсчингийн ажлаа хийхийн тулд Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны 39-1 тоотод өдөр бүр очих, хотын төвөөр явж үсчны бараа материалаа цуглуулах зэрэг өдөр тутам хотоор явах шаардлагатай байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэв.

            Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Огийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.О нь 2023 оны 8 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жавхлан” төвийн “Лорд” нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Цтолгой руу мөсний төмөр сав шидэж биед нь зулайн хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч М.Ц“...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “Лорд” бааранд хамгаалагчийн ажил хийдэг. 2023 оны 8 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн орчимд ажил дээрээ ажлаа хийж байхад манай баараар үйлчлүүлж байсан баруун хэсэгт ширээн дээр ганцаараа сууж байсан эмэгтэй архи уучихсан согтуу ширээн дээрээ байсан пивоны шилээ нааш, цааш нь шидлээд байхаар нь би болиулах зорилгоор очтол над руу ширээн дээр байсан мөс хийдэг төмөр савыг авч шидэхэд миний баруун дагз хэсэгт оносон. Тухайн үйл явдлыг манай бааранд зөөгч хийдэг Дашбалбар хажуугаас харж байсан. Тэгээд  би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Би тухайн хүнийг урьд өмнө нь огт харж байгаагүй, тэр эмэгтэй архи уугаад согтчихсон ба бид хоёрын дунд ямар нэгэн хэрүүл маргаан болсон зүйл огт байхгүй. ...” /хх 13/,

яллагдагчаар Д.Огийн “...уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, гэм буруу дээр маргахгүй. ...” /хх 27/ гэх мэдүүлгүүд,

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 9851 дүгээр “...М.Цбиед зулайн хуйхны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 16-17/,  

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 4-9/ зэрэг хэрэгт авагдаж анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч Д.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болжээ.  

Шүүгдэгч Д.Ог хохирогч М.Цбиед “зулайн хуйхны язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.    

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ог тухайн зүйл ангид зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байгаа хэдий ч тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон 1-12 насны 4 хүүхэдтэй, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгч, авдаг зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар сольж шийдвэрлэлээ.  

Иймд шүүгдэгч Д.Огийн “...торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/1080 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ог Эрх бүхий байгуулпагын хяналтад өөрийн оршин суух газар болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 02 сарын хугацаанд явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ог 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.  

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.”,

- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг оруулсугай.  

4. Шүүгдэгч Д.Огийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ