Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/998

 

     2023            10           12                                       2023/ДШМ/998

 

Ц.О, Б.Бнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Б.Б,

шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Г.Энхболд,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/685 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Г.Энхболд,  шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.О, Б.Бнарт холбогдох эрүүгийн 2302000730180 дугаар хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.  Ц.О, 

2.  Б.Б, 

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/169 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар үлдэгдэл 1 жил 7 сар 26 хоногийн хугацаа болон нэмж хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

          Ц.О, Б.Бнар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” их дэлгүүрийн баруун талын шатны орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 4.7898 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

          мөн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” мэдээлэл холбоо технологийн дээд сургуулийн автобусны буудлын орчимд 21-91 УНЭ улсын дугаартай хар өнгийн “тоёота приус 30” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Ц.О, Б.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Чулуут овогт Буянжаргалын Б.Б, шүүгдэгч Боржигон овогт Цогтбаярын Ц.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминийн агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.О, Б.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, Б.Бнарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Б.Б, Ц.О нарын цагдан хоригдсон 5 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан зиплок түгжээ бүхий ууттай, уутны хамт 7.4 грамм мөс мэт талстлаг зүйл, жижиг гялгар уутанд хийсэн 1.6 грамм мөс мэт талстлаг зүйл, 7 ширхэг соруул, 1 ширхэг хуйлсан НӨАТ-ын баримт, 2 ширхэг соруул цоолж хийсэн хуванцар сав, 2 ширхэг хар өнгийн электрон жин зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг, шүүгдэгч Б.Бээс хураан авсан 10.000 төгрөгийн дэвсгэрт 107 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 66 ширхэг нийт 1.400.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бд буцаан олгож, шилжүүлсэн болон буцаан олгосон эд зүйлийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Ц.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Бдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь мөрдөн шалгах ажиллагааны явцад, өөрийн холбогдсон хэргийн үйл баримт болон болсон процессын талаар үнэн зөв байдлыг илэрхийлж, мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад учруулахгүй, хэрэгт холбогдох үеийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр тайлбарлаж байсан болно. Одоогоор миний бие нь мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдаанд “Би сэтгэцэт нөлөөлөх бодисыг хэрэглэсэн боловч намайг буруутгаж байгаа хар тамхи хууль бусаар олж авсан, хадгалсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч оролцсон болон шүүх хуралдаанд гэм буруутай үйлдэлдээ маргах зүйлгүй болохоо илэрхийлж байсан билээ. Миний хувийн байдлын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэгт оролцсон оролцоо, бусад нөхцөл байдал бүрийг минь нэг бүрчлэн шинжлэн судлан өгч, надад оногдуулсан хорих ял шийтгэлийг уян хатан байдлаар тооцож өгөхийг хүсч байгааг минь харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Миний бие нь хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж, алдаа дутагдлаа ойлгон ухамсарлаж, нийгэмд эзлэх байр суурийг бий болгон, хүсэл сонирхолдоо эзэн болж, “F” хамтлагийн үүсгэн байгуулагч, хамтлагийн гишүүн, чөлөөт уран бүтээлчийн ажил хөдөлмөрийг эрхэлж, улс эх  орон, хүүхэд залууст эерэг уур амьсгал болоод сэтгэл зүйн таатай мэдрэмж, дуу хоолойгоороо хүргэхийн төлөө өөрийн зүгээс хоёргүй сэтгэлээр хандаж, олон жилийн цаг хугацааны эргүүлгэнд, хэзээ ч үнэ цэнэ мөн чанар, хүсэл зорилгоо алдалгүй, тууштай хичээж, зүтгэж, их, бага хэмжээгээр оюуны бүтээлийг туурвисаар явсан билээ. Одоогийн нөхцөл байдал нь хэн нэгнийг буруутгахаас илүү, хэн нэгний нөлөөлөлд автан ухамсарт байдлыг өөртөө бүрэн төлөвшүүлж, урьдчилан сэргийлж чадалгүй, бусдад сөрөг хандлага буруу үлгэр жишээг үзүүлж, өөрийн залуу нас, хайран цаг хугацааг утга учиргүйгээр өнгөрөөх нөхцөл байдалд өөрийгөө хүргэсэн бодит байдалд туйлын ихээр харамсаж, гэмшиж байгаа тул чин санаанаасаа өөрийн үзэл хандлагыг илэрхийлхийн сацуу, цаашид энэ буруу үйл, дадал зуршлыг өөрчилж, хойч үеийн залуусдаа болон өсвөр үеийн ирээдүй хойч үеийнхээ сайн сайханы төлөө энэ бүхэнтэй нүүр тулан тэмцэж, дуу хоолой нь болж, залуу хойч үедээ маш том сургамжийг алдсан алдаагаа дүгнэн цэгнэж, муу хор хөнөөлийн эсрэг сурталчилж, үлдсэн насныхаа амьдралд хар тамхи гэгч хүний бие организм, ухаан санааг хордуулагч, хорт зуршлын төлөө тууштай тэмцэгч болж явахаа ирээдүйн зорилго болгосон. Ар гэрийн минь байдлын хувьд одоогоор ам бүл, 4, эхнэр болон 4-8 насны 2 хүүхдийн хамт амьдарч байна. Хань ижил, үр хүүхдүүддээ амьдын хагацал үзүүлж, сэтгэлийн асар их бэтгэрэл, шаналалыг эхнэртээ амсуулж, мөн эцгийн хайр халамжаа үр хүүхдүүддээ дутааж, настай эхийнхээ сэтгэлийг сэвтүүлж, зөв юм санаж эндүүрсэн тавиландаа маш ихээр харуусч, алдсан алдаа дутагдлаасаа гэмшил ухаарлыг илүү ихээр таньж, өөрийн буруу дадал зуршлаа өөрчилж, шүүхээс оногдуулах хорих ял шийтгэлийг уян хатан байдлаар тооцож өгөхийг хичээнгүйлэн хүсч байна. Миний бие цаашид та бүхний итгэлийг алдахгүй явж улс эх орондоо шударга ариун үйл, үйлсийг хэрэгжүүлж, ээж, ааваараа овоглосон нэрээ ариунаар дуудуулж, мөр бүтэн явж, хүн болсон эрхэм чанараа дээдэлж, хуулийг чандлан мөрдөж, өөртөө бий болгон төлөвшүүлж, нэг насныхаа үлдсэн он жилүүдийг утга учиртай өнгөрүүлж, эцгийн төрт ёсыг сахин хамгаалж, төлөвшиж, ажиллаж, хөдөлмөрлөж, гэр бүлээ авч явж, бусдын сайн сайхны төлөө энэхэн бие сэтгэл, оюун ухаанаа харамгүй зориулж, чин хүсэл зорилгоо энэхүү өргөдөлдөө “Амлалт” болгон өргөн дэвшүүлж байгааг минь хүлээн авч шинжлэн судлаж өгөхийг дахин, дахин хичээнгүйлэн хүсч, шударга шүүхийн өмнө, чин үнэнийг илэрхийлэн бичсэн болохыг минь хүлээн авна уу. ...” гэв.

Шүүгдэгч Ц.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Цагдаагийн байгуулллагад шалгагдаж эхэлсэн цагаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дуудсан цагт нь бэлэн байж, энэ хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдоогүй болно. 2011 оноос хойш энхэр Б.Т хамт амьдарч байгаа. Энхэр В.Т маань 1 хүүтэй. Бид 2 амьдрах хугацаандаа 1 хөөрхөн охинтой болсон. Манай хүүг Ц, охиныг маань М гэдэг. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас охиноо өөрөөрөө овоглоогүй юм. Иймд анхан шатны шүүхэд гэр бүлийн мэдээлэлээ оруулаагүй болно. Эхнэр В.Т маань дахин жирэмсэн болсон баярт мэдээг мэдээд удаагүй байна. Болчимгүй үйлдлээсээ болж хайрт хань, үр хүүхэд, гэр бүлдээ асар их төвөг учруулж байгаадаа би өөртөө үнэхээр их гутарч байна. Цагдан хоригдсоноос хойш маш их зүйл бодож, ойлгож ухаарч байна. Намайг байхгүй болохоор манай гэр бүлд санхүүгийн асар том асуудал үүсэж, миний эрхэлдэг хувийн жижиг бизнес маань зогсоход хүрч байгаа. Миний олдог сарын орлого маань бүрэн зогсож, мөн дээрээс нь намайг эргэх гэх мэт нэмэлт зардлууд гарч, бие давхар эхнэр маань энэ бүхнийг зохицуулж, амьдралын хүнд үетэй нүүр тулан амьдарч байна. Бага байхад аав, ээж маань салж аавтайгаа холбоогүй амьдардаг. Ээж маань тархины гэмтэлтэй эмчилгээнд байдаг. Дүү маань бас хагас жилийн өмнө эрүүл мэндийн шалтгааны улмаас одоогоор ажил хийх боломжгүй байгаа бөгөөд эхнэр, бид хоёр гэр бүлээ хамтран авч явдаг байсан юм. Гэвч миний болчимгүй үйлдлээс болж энэ бүх ачааг хөл хүнд эхнэр маань авч явах болоод байна. Энэ бүхнийг зүгээр хараад суух надад үнэхээр хэцүү байна. Энхэр Т маань удахгүй жирэмсэний амралтаа авахад манай гэр бүлийн санхүүгийн эх үүсвэр бүрэн зогсох болно. Энэ үе ирэхэд гэр бүл маань яах вэ гэсэн бодол миний толгойноос салахгүй өдөр хоногийг шаналан, харамсаж өнгөрөөж байна. Урьдын адил ажил хөдөлмөрөө эрхэлж, айл гэрийн ноён нуруу, бахархалт аав, хайрт нөхөр байж эр хүнийхээ үүргийг биелүүлэх боломж олгоно гэдэгт гүнээ итгэн сууна. Миний бие Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ажиллаж байхдаа хүүхэд, залуучуудын төлөө нилээдгүй ажил шинээр санаачилж хэрэгжүүлж байсан. Үүнээс дурдвал:

1. School police: хүүхдийг зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг батлуулах ажлыг ахалж ажиллаж 2019 онд шинээр батлуулж, Монгол улсад мөрдөгдөж байгаа, “Вы Поедлем в Артек” төслийг сэргээж, ОХУ-ын Артек хүүхдийн зусланд дахин Монгол хүүхэд явах жимийг нээж өгсөн, Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд зорилтот бүлгийн 3000 гаруй хүүхдүүдийг үнэ төлбөргүй явуулсан, 1000 гаруй хүүхдийг үнэ төлбөргүй дугуйлан секценд явуулж байсан, Үндэсний их баяр наадамд уралдаанч хүүхдийг даатгалд хамруулдаггүй байсныг бүх морь унаач хүүхдийг иж бүрэн хамгаалалтын хэрэгсэл, иж бүрэн даатгалд хамруулах санааг гаргаж хэрэгжиж эхэлсэн, мөн сайн дураараа жилд 2 удаа цусаа хандивладаг байсан. Цаашид “Би хүүхдэд хайртай” ТББ байгуулан хүүхдийн хөгжлийн хөтөлбөр, сургалт, хүмүүнлэгийн үйлс хийх төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. “I Love Child нэрэн доор нийгмийг соён гэгээрүүлэх бодол удахгүй хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.  Үзэсгэлэнт эхнэрийгээ төрөх тэр торгон мөчид, шинэ хүнээ өлгийдөн авах алтан боломжийг олгоно гэж найдаж байна. Болчимгүй, бодлогогүй үйлдлээсээ болж алдаа гаргасан Монгол улсын залуу гэр бүлийн төлөөлөл, айл гэрийн ноён нуруу, бахархалт аав, хайрт нөхөр нь өрх гэрээ авч явах үүргээ биелүүлэхэд минь ахин нэг боломж олгоно гэдэгт манай гэр бүл найдаж байна. Миний бие надад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаатай хорих ялыг хүндэдсэн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Миний хувийн амьдрал, бие давхар эхнэрийг минь бодон надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. Энэ хугацаанд заасан нутаг дэвсгэрээс гарахгүй бөгөөд ямар нэгэн зөрчил гаргахгүй байх болно. Олгосон боломжийг үнэ цэнэтэй ашиглаж, гэр бүлээ халамжлан асарч, шинэ хүнээ аз жаргалтайгаар өлгийдөн авах болно.” гэв.

            Шүүгдэгч Б.Бий өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Б.Бий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн заавал байх шинжийг хууль тогтоогч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан, олж авсан, бусдад өгсөн гэсэн 4 обьектив талын шинжийг хуульчилсан. Шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар дээрх гэмт хэргийн заавал байх шинж байхгүй. Шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар Б.Бнь Ганаа гэгч этгээдийн санал болгосноор тамхийг хоёр удаа сорсон байдаг. Хэрэгт цугларсан үйл баримтаар хэдийгээр бүлэглэсэн гэж дүгнэсэн ч Б.Бнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасныг баримтлан хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон. Шүүгдэгч нь 4-8 насны хоёр хүүхэдтэй, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд оршин суудаг. Ажил эрхлэлтийн хувьд “Flash” хамтлагийн гишүүн, чөлөөт уран бүтээлч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Хэрэгт цугларсан баримтаар Б.Бнь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогддог. Тиймээс өмгөөлөгчийн хувьд энэ хэрэгт Ганаа гэгч этгээд ямар оролцоотой байсан талаар тодруулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангах боломжгүй гэсэн. Иймд хэрэгт оролцсон оролцоо, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс Б.Бд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Оийн өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Оид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй дүгнэлт хийсэн. Гэм буруутайд тооцсон гэмт хэрэг нь сонгох санкцитай бөгөөд хорих ялын дээд хэмжээ нь 5 жил байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд хамаарна. Эрүүгийн хариуцлага нь цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэхэд оршдог. Ц.Оийн хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд Ц.Оийн үйлдэл хамаарна. Мөн хуульд гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүх хэрэглэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл зэрэг хуулийн зохицуулалтууд байдаг. Гэхдээ миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэргийнхээ нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулбал нийгэмд засарч хүмүүжиж буйгаа харуулна гэсэн байр суурьтай гомдлоо бичсэн. Өмгөөлөгчийн хувьд мөн ийм байр суурьтайгаар гомдол гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж харж байна. Учир нь, Ц.О нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, төлбөр гарвал төлөхөө мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд илэрхийлсэн, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн саад учруулж байгаагүй, мөрдөгчийн дуудсан цагт Ц.Оиж дахин шинжилгээнүүдийг өгдөг байсан, тухай бүрт биеэс нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илэрч байгаагүй. Цагдан хоригдсон хугацаандаа өөртөө дүгнэлт хийж, маш их харамсаж, гэмшиж байгаагаа илэрхийлж байгаа. Багадаа осолд орсны улмаас тархиндаа гэмтэл авч, унаж татдаг өвчтэй болсон. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд 7 хуудас баримтыг гаргаж өгч байна. Үүнд, хаягийн тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, эхнэр Түвшинжаргалын жирэмсэн гэх хяналтад байгаа хяналтын дэвтрийн хуулбар, ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн “Цэлмүүн трэйд” ХХК-ийн тодорхойлолт, цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт зэрэг байна. Хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн тодорхойлолтоор “Ц.О нь тус ангийн нэгдсэн эмнэлэгт хийгдсэн үзлэг шинжилгээгээр уналт таталт оноштой болно” гэж дүгнэгдсэн. Байнгын хяналтад байж, ослын улмаас учирсан хор уршгаа арилгахын тулд уналт таталтын эсрэг эм тариа хэрэглэдэг. “УБЦС ТӨХК” ХХК болон гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, “Тавантолгой түлш” ХК зэрэг төрийн  болон төрийн өмчит компаниудад ажиллаж, өөрийн идэвх санаачилга гарган арга хэмжээ авч, нийгэмд чиглэсэн маш олон ажил хийдэг, мөн спорт, урлагаар хичээллэж шагнал урамшуулал авч, уралдаан тэмцээнд шалгарч байсан. Эдгээр нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болох тул шүүх зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулж, оршин суугаа газар, хаяг, сургуулиа өөрчлөх бол хяналт тавьж буй албан тушаалтанд мэдэгдэх, мөн согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох гэх давхар үүргийг хүлээлгэж, албадлагын арга хэмжээ авах саналыг авч өгнө үү.” гэв.

Прокурор Г.Б.Бтус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгын талаар мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус заасан. Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь хүнийг хараат бус байдалд оруулж, донтуулах шинжтэй. Олон нийтийн эрүүл мэндэд хортой үр дагавартай учраас энэ төрлийн гэмт хэргийг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тус хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан бүлэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн. Улмаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь тухайн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын төрөл хэмжээний дотор байна гэж үзэж байна. Мөн өмгөөлөгчийн ярьж байгаа шиг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Учир нь, тус хэрэг нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлийг хийснээр гэмт хэрэг төгсөнө. Тиймээс энэ нь тохиолдлын шинжтэй биш, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх зохицуулалт Б.Б, Ц.О нарын үйлдэлд хамаарахгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг олж авснаар бүрдэл төгсдөг учир тэнсэх зохицуулалтыг хэрэглэх нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Г.Энхболд, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Ц.О, Б.Бнар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” их дэлгүүрийн баруун талын шатны орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 4.7898 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

          мөн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” мэдээлэл холбоо технологийн дээд сургуулийн автобусны буудлын орчимд 21-91 УНЭ улсын дугаартай хар өнгийн “тоёота приус 30” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          яллагдагчаар Б.Бий өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн үед байх гадуур ажилтай явж байсан. Тухайн үед машингүй байсан учир өөрийн найз болох Ц.О руу залгаад завтай бол хоёр гурван газраар машинтайгаа цуг яваад өгөөч гэж хэлэхэд Ц.О зөвшөөрч хорооллын “Од” кино театрын ойролцоо тааралдаж уулзаад би ажлаа амжуулахаар баруун дөрвөн зам орж газрын албаны хүнтэй уулзаад тэндээсээ урт цагааны “Начин заан” ломбард орж урьд тавьсан алтан бөгжнийхөө төлбөрийн тухай мэдээлэл аваад тэндээсээ сансарын Баянцээлийн тэнд байх юнителийн салбараар орж утасны төлбөр мөнгө төлөөд, дэлгүүр орж тамхи, ус авчихаад буцаад Ц.Ооогийн машинд суухад Ц.О нэг залуутай сууж байсан. Би тэр залууг нь сайн танихгүй харж ч байгаагүй залуу сууж байсан. Тэр залуу найзад чинь юм сонирхуулчихлаа, чи сонирхох уу? гэхээр нь би гайхаад юу юм бэ? гээд гайхаад хартал тэр залуу шилтэй гуурстай юм гаргаж ирээд сорох уу гэхээр нь үгүй гээд татгалзсан чинь тэр залуу зүгээр шдээ нэг, хоёр сорчиход яав л гэж дээ гэхээр нь авч хоёр сорсон чинь сонин мэдрэмж төрөөд толгой эргэсэн. Надад маш тааламжгүй мэдрэмж төрсөн юм. Тэр залуу удаа ч үгүй буугаад явсан. Яг тэр үед миний 1ХВ мөрийтэй тоглоомын сайтад бооцоо тавьсан байсан чинь миний бооцоо тавьсан сагсан бөмбөгийн баг хожоод би өөрийн мөрий болох 3 сая гаран төгрөг хожсон байсан учир бэлэн мөнгө авах гээд урт цагааны тэнд Ц.Ооод АТМ-ээс бэлэн мөнгө аваад цаашаа “Начин заан” ломбард орж өөрийн тавьсан бөгжөө аваад, өөртөө гар утас худалдаж авах санаатай 22 цагийн үед хороолол явсан юм. Хороолол явах замд Ц.О утсаар ярьж байсан. Утсаар ярьж дуусаад Ц.О түрүүний залуу машин дотор юм орхисон гэх утгатай юм ярьсан. ...Ц.О удалгүй машинд орж ирсэн чинь араас нь энгийн хувцастай цагдаа нарт  гэнэт баригдсан юм.” /1хх 242-244/,

          яллагдагчаар Ц.Оын өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн үед найз Б.Бтэй уулзаад Б.Бий хэд хэдэн ажлыг гадуур хөөцөлдөж явахаар болоод Б.Бий гэрийн гаднаас хөдөлсөн. Б.Бмашинд суугаад хороолол орчих гэхээр нь хорооллын Од кино театрын тэнд Баянгол хүнсний захын орчимд Ц.Оиход Б.Бмашинаас буугаад 30-40 минут орчим болсон. Тэгээд Б.Бмашинд суугаад за хөгшөөн баруун дөрвөн зам орох хэрэгтэй байна гээд тэндээсээ хөдлөөд 4 замын Рокмон бюлдинг гэдэг газар Ц.Осон. ... Б.БжолоЦ.Оийн эсрэг талын урд суудал дээр гар утсаар 1ХВ тоглоом тоглоод явж байсан. Гэнэт Б.Б1ХВ-ээр хэдэн төгрөг хожчихлоо гээд бид хоёр бөөн баяр болсон. Б.Бөөрийн зүүдэг байсан цагирган алтан бөгжөө ломбарданд тавьсан тэрнийгээ авна гээд урт цагааны нэг ломбард орсон. ... зүс харсан Ганаа гэх залуутай тааралдсан. Тэр залуу намайг таниад сонин юу байна, намайг таниж байна уу хороололд жоохон байхдаа нэг байранд байсан хүүхэд байна шүү дээ гэх мэтээр яриа өдөөд бид хоёр юм яриад байж байсан чинь Ганаа чи машинтай явж байгаа юм уу хаа хүрэх юм гэхээр нь би найзынхаа ажлыг зохицуулж байна. Машинтай явж байна гэхэд Ганаа машинд чинь жоохон суугаад гар утсаа цэнэглэчихмээр байна гэхээр нь би дагуулаад машиндаа суулгасан. Машиндаа суугаад юм ярьж байхад хөгшөөн ийм юм сонирхож үзэх үү гээд янз бүрийн зүйл гаргаж ирээд өөрөө сорж хэрэглэж үзүүлж байснаа энэнээс хэрэглээд үз гоё шдээ гээд надад санал болгохоор нь сонирхож үзээд ганц нэг удаа сорж хэрэглэсэн. Тэгтэл Б.Бмашинд орж ирэхээр нь болсон зүйлээ яриад Ганааг бас танилцуулаад байж байсан чинь Ганаа Б.Бийг хараад чи ч гэсэн нэг хэрэглээд үзээч гээд үзүүлсэн. Хэрэглэж үзсэн чинь нээх ямар нэгэн зүйл мэдэгдэхгүй байсан. Б.Ббас орж ирээд ганц нэг удаа хэрэглэж үзэж хөдлөөд сансарын тойргоор тойрч хороолол чигтэй явж байхад Ганаа би энд буулаа гээд хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн зам дээр буусан. Б.Ббид хоёр утас авахаар хороолол явсан. Хорооллын зүүн талд гандангийн хойшоо зогсоолд зогсож байгаад гар утас хайж зарын дагуу баахан хүн рүү залгаж байсан. Тэгтэл Ганаа фэйсбүүк чатаар гэнэт холбогдож сая хэрэглэсэн зүйлээ ахиж худалдаж авч болно шүү, тэгээд ч би машинд чинь юм үлдээсэн байна. Тэрийгээ авмаар байна гэхээр нь би сонирхоод хэдэд зардаг юм бэ гэхэд 2 сая төгрөг орчим байдаг юм гэхээр нь хоёр сая төгрөг хүнээс зээлээд Ганаагийн явуулсан данс руу мөнгө шилжүүлсэн. Ганаагаас байршил заасан бичлэг явуулсан. Би тэр байршил дээр Ц.Оиход тамхины хайрцагтай зүйл байсан. Би тэр зүйлийг нь аваад хөдлөх гэсэн чинь энгийн хувцастай цагдаа нарт баригдсан юм.” /1хх 230-232/ гэх мэдүүлгүүд,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 607 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Б.Б 4088012575 гэж хаягласан шээснээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /methamphetamine/ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /1хх 83-84/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 606 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Ц.О УХ89120874 2023.01.20” гэж хаягласан шээсний дээжинд метамфетамин /methamphetamine/ илрэв. Метамфетамин /methamphetamine/ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /1хх 77-78/,

          2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.Б, Ц.О нарын жолоодож явсан 21-91 УНЭ улсын дугаартай “тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 05-10/, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.Бий биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 11-14/, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Оын биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 18-22/, Ц.Оын биеэс биологийн дээж буюу шээс авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 23-25/, эд мөрийн баримтаар тооцсон 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /1хх 40/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 604 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 98-102/, мэдүүлгийн газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 26-31/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

          Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Б, Ц.О нарыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминийн агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ. 

Шүүгдэгч Ц.О, Б.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Б“...анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх, түүний өмгөөлөгч Ж.Гантулга “...Б.Бд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Ц.О “...хорих ялыг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. ...” гэсэн, түүний өмгөөлөгч Г.Энхболд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогддог.

Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж, хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус  хуульчилсан нь шүүхээс заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш юм.

Хэдийгээр шүүгдэгч Ц.О, Б.Бнар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа хэдий ч шүүхээс тэдгээрт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлээр хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.  

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, шүүгдэгч Ц.О, Б.Бнарын үйлдсэн гэмт хэрэгт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Г.Энхболд, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ц.О, Б.Бнар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 48 /дөчин найм/ хоног цагдан хоригдсон байх тул тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/685 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Г.Энхболд, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, Б.Бнарын 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 48 /дөчин найм/ хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                 ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ