| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 159/2025/0005/З |
| Дугаар | 159/ШШ2025/0027 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 159/ШШ2025/0027
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа би, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Я-ын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 822 дугаар дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-д холбогдох “Л.Ц-эд холбогдох 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 0661073 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчаас 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан тайлбарыг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б- шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б- би 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Л.Ц- нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан нь Засаг даргын захирамж, гэрээ дүгнэсэн актаар нотлогдож байх тул эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэж байдаг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн гэж байдаггүй.
Харин прокурор газар эзэмших эрх дуусгавар болсон нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулсан гэж дүгнэж байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалтад нийцэхгүй нь хууль зүйн үндэслэлтэй байх тул "Эрх бүхий байгууллагын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 822 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Я- нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатарын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр баталсан "Хяналтын харьяа байгууллагын эрх бүхий албан тушаалтны 2024 оны 3 дугаар улирлын байдлаар шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэл болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгах" шалгалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-гийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон “Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-гийн Л.Ц-эд холбогдох 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 0661073 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий дүгнэлтийг захиргааны хэргийн шүүхэд гаргажээ.
Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Я-ын дээрх дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх талаар тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарласан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Я-аас Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-д холбогдуулан гаргасан “Л.Ц-эд холбогдох 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 0661073 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА