Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 589

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч  Д.Оюунгэрэл,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Эрүүгийн хэргийн дугаар 1711008300319

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн 1711008300319 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Т.Б /................. гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 72-66 УНЕ улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа Хан-Уул дүүргийн Яармагийн 19 дүгээр гудамжнаас Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайтын 11-114 Б тоот хүртэл үйлчлүүлсэн Л.Пүрэвцэрэн автомашинд нь Эл Жи К-10 загварын гар утсаа мартаж буусныг завшсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Т.Бын мөрдөн байцаалтанд өгсөн:

“...би гэрлүүгээ харих гээд Яармагийн гүүр өнгөрөөд явж байхад миний тээврийн хэрэгслийн зүүн талын ард зорчигчийн суудлын шалан дээр гар утас дуугарсан. Би гэртээ очоод тээврийн хэрэгсэл дотор зорчигчийн ар талд дуугараад байсан гар утсыг аваад гэртээ орсон. Тэгсэн тэр гар утасны цэнэг дуусаад унтарсан байсан. Би гар утсыг цэнэглээд дотор нь байсан сим картыг нь аваад өөрийнхөө 94963515 дугаартай сим картыг хийгээд асаасан. Тэгээд тэр утсыг би өөрөө ашигласан....” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

Хохирогч Л.Пүрэвцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө 04 цагийн үед Хан-Уул дүүргийн Яармагийн 19 дүгээр гудамжнаас такси бариад Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Хандгайтын 11-144 Б тоот дахь гэртээ хүргүүлсэн. Би гэртээ орж таксины жолоочид мөнгө гаргаж өгсөн. Би гэртээ ороод гар утсаа цүнхнээсээ гаргах гээд үзэхэд миний гар утас цүнхэн дотор байхгүй байсан. Би гэрээсээ гараад харсан чинь такси явсан байсан. Би гэртээ ороод өөрийн гар утас луу 2 удаа залгасан. Миний гар утас дуудаад байсан мөртлөө хариу өгөхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

Хөрөнгийн үнэлгээний тайланд эл жи К-10 загварын гар утсыг 486.400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 26 дугаар хуудас/

Мобиком корпораци ХХК-ийн 354948081570899 имей кодтой утсыг 94963515 дугаартай хэрэглэгч хэрэглэж байгаа талаархи албан бичиг /хх-ийн 10 дугаар хуудас/

            Ял шийтгэлийн талаар: Т.Б нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх /хх-ийн 42 дугаар хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 72-66 УНЕ улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа Хан-Уул дүүргийн Яармагийн 19 дүгээр гудамжнаас Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайтын 11-114 Б тоот хүртэл үйлчлүүлсэн Л.Пүрэвцэрэн автомашинд нь Эл Жи К-10 загварын гар утсаа мартаж буусныг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Пүрэвцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Мобиком корпораци ХХК-ийн 354948081570899 Имей кодтой утсыг 94963515 дугаартай хэрэглэгч хэрэглэж байгаа талаархи албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулйин дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 72-66 УНЕ улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа Хан-Уул дүүргийн Яармагийн 19 дүгээр гудамжнаас Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайтын 11-114 Б тоот хүртэл үйлчлүүлсэн Л.Пүрэвцэрэн автомашинд нь эл жи К-10 загварын гар утсаа мартаж буусныг завшсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Дээрх гэрч, хохрогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Хохирогч Л.Пүрэвцэрэн нь өөрийн эзэмшлийн Эл Жи К-10 загварын гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан нь /хх-ийн 46 дугаар хуудас/ бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна. Мөн хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т.Быг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар Т.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7 . Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НАРАНТУЯА