Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/997

 

 

Э.Өхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Э.Э.Ө, түүний өмгөөлөгч Л.Амартогос ,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/1029 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э.Өын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 22080308212  дугаар хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Э.Ө, 

          Шүүгдэгч Э.Ө нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунд нарангийн 8-219 тоотод оршин суух Н.Сбайнга амьдрах зориулалттай орон сууцны хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, Самсунг маркийн 32 инчийн зурагтыг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулж, бусдад 350.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Э.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ө3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өлийбаярт оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Э.Э.Өын урьд цагдан хоригдсон 41 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Э.Өаас 350.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Н.Сд олгож, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Өлийбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.  

            Шүүгдэгч Э.Өдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие үйлдсэн гэмт хэргээ бүрэн ухаарч, гэмшиж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээж, өөрийн гэм буруу дээр огт маргаагүй. Анхан шатны шүүх хурал дээр миний бие нь “хохирол барагдуулах 5 хоногийн хугацаа өгнө үү, манай аавын дансанд хохирол болох 350.000 төгрөгийг барагдуулах мөнгө байгаа гэдгийг хэлсэн. Гэтэл анхан шатны шүүх хохирол барагдуулах 5 хоногийн хугацаа олгоогүй. Давж заалдах шатны шүүх хурлаас өмнө миний бие хохирлоо нөхөн төлж барагдуулах болно. Миний бие анх удаагаа гэмт хэрэг үйлдэж байгаа ба өөрийн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э.Өын гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг харгалзан түүний гомдлыг хангаж өгнө үү. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, хохирлоо нөхөн төлсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2-8 жилийн хорих ял оногдуулах санкцтай бөгөөд уг ялын хамгийн бага буюу 2 жилийн хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жил болгож өгнө үү.” гэв.

            Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.Өнь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүх хурал 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр болсон. Энэ хугацаанд хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зүйл байдаггүй. Мөн “манай аавын дансанд мөнгө байгаа, би хориотой байгаа учраас төлж чадахгүй байна” гэдэг зүйлийг ярьдаг болохоос аавынх нь дансанд мөнгө байгаа эсэх нь тодорхойгүй, дансны хуулга нь авагдаагүй. Анхан шатны шүүх түүний хохирол төлбөрийг төлөөгүй байдлыг харгалзан 3 жилийн хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялын санкцтай. Шүүгдэгч Э.Э.Өын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, харин хохирлоо төлөөгүй учраас шүүхээс түүнд оногдуулсан ял үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүхийн шатанд хохирлоо төлсөн талаар баримт гаргаж өгч байх бөгөөд уг баримтаас үзвэл 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөр хохирлыг төлсөн байна. Анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх үед хохирол төлөгдөөгүй байсан учраас шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Э.Өын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Э.Ө нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунд нарангийн 8-219 тоотод оршин суух Н.Сбайнга амьдрах зориулалттай орон сууцны хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, Самсунг маркийн 32 инчийн зурагтыг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 350.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

          Хохирогч Н.Н.Сын: “...2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд наран 8-219 тоот гэртээ ирэхэд байшингийн хаалганы цоож газар унасан, онгорхой байсан. Гэрээс зурагт алга болсон байхаар нь таксинд явдаг нэг танихгүй ахаас “зурагтаа алдчихлаа, энэ хавиар юм үзэгдсэн үү” гэхэд “өдөр нэг хүн зурагт тэврээд явж байсан, дэлгүүрийн камерыг шүүлгэчих” гэсэн. Ингээд “Болор” дэлгүүрт очоод камерыг шүүлгэхэд 12 цаг 25 минутад зүс таних Э.Өгэгч залуу манай зурагтыг тэврээд явж байсан...” /хх 27-28/,

          гэрч Б.Б: “...Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 14 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Бум бум” ломбардыг ажиллуулдаг. 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Энхбаатарын Э.Өгэх хүн 32 инчийн лед, самсунг удирдлагатай зурагт авч ирсэн. Энэ зурагтыг 150.000 төгрөгийн барьцаанд тавина гэхээр нь би өөрийнх нь зурагт байна гэж бодоод бас хулгайн эд зүйл зарж борлуулдаг хүн мөн эсэхийг шалгаж үзэхэд хэвийн байсан тул 150.000 төгрөгөнд барьцаат зээлийн гэрээ үйлдээд нэг хувь бичиж өгсөн. Тэр өдрөөс хойш хоёр удаа сунгалт хийсэн. Хоёр сар гаран хүлээсэн боловч ирэхгүй болохоор нь зурагтыг зарж борлуулж зээлийн төлбөрөө авсан. ...” /хх 31-32/,

            яллагдагчаар Э.Э.Өын “...архиныхаа халуунд Н.С ахын гэрт хууль бусаар орж зурагтыг нь авсандаа маш их харамсаж байна. Би тэр зурагтыг ломбарданд тавиад 2 удаа сунгаж байгаад алдсан. ...” /хх 115-116/ гэх мэдүүлгүүд,

          Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21-22/, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн Ц-1445 дугаартай “...32 инч ЛСД зурагтыг 350.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 38-40/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Э.Өыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Тодруулбал, “орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг хамааруулан ойлгоно.

             Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Э.Э.Өыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

          Шүүгдэгч Э.Ө“...анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн зүйлийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Э.Э.Өын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.Н.Сд 350.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болон түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг тус тус харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно. гэж зааснаар хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.   

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.ӨЭрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаатай хорих ял оногдуулсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад ...ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэсний дагуу 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ял оногдуулж хөнгөрүүлэн шийдвэрлэв.             

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Э.Э.Өын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Э.Өнь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 45 /дөчин тав/ хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/1029 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Ө3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ө1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өнь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 45 /дөчин тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э.Өын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогч Н.Н.Сд 350.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ