| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05728/И |
| Дугаар | 192/ШШ2025/00275 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/00275
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: * дүүрэг, * дугаар хороо ,* гудамж, * тауэр, * тоотод байрлах Е ХХК
Хариуцагч: * дүүрэг, * дугаар хороо, * тоотод оршин суух Б овогт О-ын М
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 24,249,589.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Б.А,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Т хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Е ХХК нь хариуцагч О.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,249,589.04 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
О.М- нь Е инвест ББСБ ХХК-тай 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ байгуулан автомашин худалдаж авахтай холбогдуулан 15,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. М- нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 232, 281, 282 дугаар зүйлд зааснаар Зээлийн гэрээний дагуу зээлдэгч О.М-аас үндсэн зээл 15,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 07-ноос 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 659 хоногийн үндсэн хүү 9,749,589.04 төгрөгөөс 500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 9,249,589.04 төгрөгийг, нийт 24,249,589.04 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Е ХХК нь тухайн үед зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ барьцаалан зээлдүүлэх газар гэсэн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Барьцаалан зээлдүүлэх газрын журмаар зээл олгож байгаа тохиолдолд Иргэний хуулийн 286 дугаар зүйлээр талуудын хоорондын харилцаа зохицуулагдана гэж үзэж байна. 15,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлж авсан боловч, зээлийн гэрээ 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бичгээр байгуулагдсан. Бичгээр гэрээ байгуулагдсанаас хойш зээлийн хүү тооцох асуудал яригдана. Хариуцагч 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хүү төлөх үүрэг нь үүссэн ч уг үүргээ биелүүлээгүй. Тийм учраас тус компани Иргэний хуулийн 286.3 дахь хэсэгт зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах, тухайн зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Уг үүргээ нэхэмжлэгч тал биелүүлж бичгээр мэдэгдээгүй. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж заасан байдаг. Уг заалтыг Дээд шүүх, Давж заалдах шатны шүүх “хэрвээ 1 сарын хугацаа өнгөрөөд хүү төлөөгүй тохиолдолд 10 хоногийн хүү бодоод, цаашид хүү бодогдохгүй” гэж зөвлөмжөөр тайлбарласан. Тэгэхээр 10 хоногийн л хүү бодогдохоор харагдаж байгаа тул нэхэмжлэгч талын бодсон хүү нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас тухайн автомашиныг Е ХХК хураан авсан байдаг. Зээлийн зориулалт нь хариуцагч автомашиныг худалдан авч, түүний үр шимийг ашиглах байсан. Гэвч 2024 оны 03 дугаар сараас хойш үр шимийг нь ашиглаж чадаагүй. Тэгэхээр үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа, гэрээний хугацаа дуусахаас өмнө автомашиныг хураагаад авсан. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар хүү төлөх үүрэггүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйл, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хүү бодох эрхээ алдсан тул хүү төлөх үндэслэлгүй. Автомашиныг хураан авсан, өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн өмчлөлд нь байгаа учраас үндсэн зээлийн төлбөр болох 15,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм /хх 5, 25, 26-28/, итгэмжлэл /хх 6, 24/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 7/, Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ /хх 8-10/, Зээл төлсөн хуваарь хүснэгт /хх 11/, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 30ё1-3/2497 тоот албан бичиг /хх 12/, Нэхэмжлэлийн шаардлагын тодруулах тухай /хх 36/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Итгэмжлэл /хх 20-21/, Хариу тайлбар /хх 22/, Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ /хх 23/,
5. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Хариуцагчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвөөс лавлагаа /хх 41-43/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагчтай байгуулсан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 15,000,000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 9,249,589.04 төгрөг, нийт 24,249,589.04 төгрөг гаргуулах.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бичгээр Зээлийн гэрээ байгуулагдсан тул энэ хугацаанаас хүү тооцно.
3.2. Үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө хугацаа хэтрүүлсэн, гэрээний хугацаа дуусахаас өмнө автомашиныг хураагаад авсан. Иргэний хуулийн 286.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал үүргээ биелүүлж бичгээр мэдэгдээгүй.
3.3. Автомашиныг хураан авсан, өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа тул учраас үндсэн зээлийн төлбөр болох 15,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хэрэгт авагдсан 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 1206130112000667 дугаартай “Зээлийн гэрээ”-нээс үзэхэд нэг талаас Е ХХК, нөгөө талаас О.М- нар байгуулсан байх ба уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 15,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай буюу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, сарын 3 хувь хүүтэй зээлж авчээ. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор О.М-ы өмчлөлийн 15,000,000 төгрөгийн бүхий автомашиныг барьцаалсан байх бөгөөд зээлийг эргэн төлж барагдуулснаар барьцаа зүйл үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөхөөр тохиролцсон байна.
Нэхэмжлэгч Е ХХК нь барьцаат зээлийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагджээ.
Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө буюу 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулагдсан байх тул тухайн төрлийн зээлийн харилцааг зохицуулах хэм хэмжээ нь Иргэний хууль байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан бөгөөд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж, мөн зээлийн хүүг талууд тохиролцон тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл зохигчдын хооронд барьцаалан зээлдэх газраас зээл олгох харилцаа үүссэн ба зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй. Харин нэхэмжлэгч Е ХХК нь хариуцагч О.М-аас Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 9,249,589.04 төгрөг, нийт 24,249,589.04 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 1206130112000667 тоот зээл болон барьцааны гэрээний дагуу 2022 оны 10 сарын 28-ны өдөр зээлж авсан 15,000,000 төгрөгийн зээлийг зээл хүүний хамт буцаан төлсөн хуваарь баримтаас үзэхэд хариуцагчаас 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн хүүний төлбөрт 500,000 төгрөг төлсөн, үүнээс хойшхи хугацаанд зээл болон зээлийн хүүний төлбөр төлөөгүй байна.
Нэхэмжлэгч үйл ажиллагааныхаа хүрээнд хариуцагч О.М-тай гэрээ байгуулж, гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч зээл болон зээлийн хүүний төлбөрөө Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд зааснаар шаардах эрхтэй.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Автомашиныг хураан авсан, өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн өмчлөлд нь байгаа учраас үндсэн зээлийн төлбөр болох 15,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзэж байгаа” гэх тайлбарыг гаргасан.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д барьцаалан зээлдэх газарт зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд шаардах эрхийг хуульчилж өгсөн бөгөөд нэхэмжлэгч хариуцагч О.М-ы өмчлөлийн автомашиныг барьцаалсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсгийг зөрчөөгүй.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлд зааснаар барьцаа нь үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхийг тодорхойлж буй үүргийн гүйцэтгэлийг хангах арга юм. Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана. Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзэж барьцааны гэрээ дуусгавар болдог. Зохигчдын хооронд байгуулагдсан 1206130112000667 дугаартай “Зээлийн гэрээ”-ний хугацаа нь 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасан барьцааны зүйлийг борлуулах буюу мөнгө болгох үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүйг буруутгах үндэслэлгүй байна.
4.3. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд талууд гэрээний 1.1-т зээлийн хүүгийн хэмжээг сарын 3 хувь, жилийн 36 хувь байхаар тохиролцсон нь хуульд харшлаагүй байна. Зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан өдрөөс буюу 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс нэхэмжлэгчид зээлийн хүү авах эрх үүссэн байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд нийт 19 сарын хүүний төлбөрт 8,550,000 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 500,000 төгрөгийг хасаж, хариуцагчаас үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 8,050,000 төгрөг, нийт 23,050,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд нийцнэ.
5. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжид 273,200 төгрөгийг нөхөн төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.М-аас 23,050,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,199,589.04 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,198 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.М-аас 273,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН