| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2017/0670/э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2018-01-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Э.Б,
Хохирогч У.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Эрүүгийн хэргийн дугаар 1703000010101
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бт холбогдох 1703000010101 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Э.Б /......................, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг 28 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр ТЭДИ төвийн хойд талын замд Toyota FJ Cruiser маркийн 22-27 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч У.Алтангэрэлийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Э.Бын мөрдөн байцаалтанд өгсөн:
“…ТЭДИ төвийн арын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү явж байгаад баруун гар тийш эргэх үйлдэл хийхэд явган хүний гарцаар явган зорчигч нар зам дээр явж байсан. Би тухайн үед 5 км/цагийн хурдтай явж байсан. Явган зорчигч нарт зам тавьж өгсөн. Энэ үед гэнэт настай эмэгтэй хамгийн сүүлд үлдсэн байсныг анзааралгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлж байгаад өөрийн жолоодож явсан автомашины баруун урд талын буферын хамгаалалт хэсгээр явган зорчигчийн зүүн талаас мөргөхөд баруун тийш газар унасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/
Хохирогч У.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
"...Тэди төвийн зүүн талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү явган хүний гарцаар зам хөндлөн гарч явтал зүүн талын ташаа руу машин ирж мөргөхөд газар унасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/
Иргэний хариуцагч М.Мөнхсайханы мөрдөн байцаалтанд өгсөн:
"...Найз Болор манай гэрт ирж “миний машин явахгүй өдөр байна, эмнэлэг явах гэсэн юм чи машинаа өгөөч” гэж хэлэхэд нь Эс Эй Жи Финанс ХХК-ний нэр дээр байгаа өөрийн эзэмшлийн Toyota-FJ Cruiser маркийн 22-27 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгсөн. Болор миний машиныг жолоодож яваад Чингэлтэй дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр Тэди төвийн хойд талын замд осол гаргасан байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/
Гэрч Т.Мөнгөнбаганын мөрдөн байцаалтанд өгсөн:
“…Нөхөр Болор Тэди төвийн арын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү явж байгаад баруун гар тийш эргэх үйлдэл хийх үед явган хүний гарцаар 3-4 явган зорчигч зам хөндлөн гарахад нь машин хөдөлгөөнгүй зогсоод дөнгөж хөдлөх үед баруун гар талаас буюу жолоочийн талаас явган зорчигч гэнэт гараад ирэхэд нь мөргөчихсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт: “…асфальтан, шулуун тэгш, хуурай, уулзвар дээр, явган хүний зохицуулагддаггүй гарцтай, суурингийн доторхи, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 3 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайстай зам, цаг агаар тогтуун, үзэгдэх орчинн чөлөөтэй /хх-ийн 5-9 дүгээр хуудас/
Ял шийтгэлийн талаар: У.Даваанямын 1985 оны 02 сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн 5-р хэсгийн ардын шүүхийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, 2010 оны 05 сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 61 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-50 дугаар хуудас/
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1278 дугаартай шинжээчийн дүгнэлт: “..Алтангэрэлийн биед баруун умдаг ясны хугарал, тархи доргилт, баруун тохойн, зүүн цавины зөөлөн эдийн гэмтэл, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/
Техникийн шинжээчийн 555 дугаартай дүгнэлт: “хэргийн материалтай танилцахад Тоёота Фижи Круйзер маркийн 22-27 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, …-д зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч У.Алтангэрэлийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 64 дүгээр хуудас/
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн хуульзүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг 28 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр ТЭДИ төвийн хойд талын замд Toyota FJ Cruiser маркийн 22-27 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч-д зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч У.Алтангэрэлийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч У.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, иргэний хариуцагч М.Мөнхсайханы мэдүүлэг, гэрч Т.Мөнгөнбаганын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч БЭ.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг 28 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр ТЭДИ төвийн хойд талын замд Toyota FJ Cruiser маркийн 22-27 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч,….-д зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч У.Алтангэрэлийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:
Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.
Хохирогч У.Алтангэрэлээс хохиролд эмнэлэгт хэвтсэн болорн эмчилгээнд явах зардалд 2.500.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохиролд баримтаар тогтоогдож буй 766.000 төгрөгийг гаргуулав.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчлагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр, гэр бүлийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй байна. Хэрэгт хавсаргагдаж ирсэн Э.Бын В, С, D ангиллын 164076 дугаартай жолоочийн үнэмлэх, иргэний хариуцагч М.Мөнхсайханы эзэмшлийн 22-27 УБВ улсын дугаартай Toyota FJ Cruiser маркийн тээврийн хэрэгслийн 01473367 дугаартай гэрчилгээг тус тус шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.Быг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Быг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Хохирогч У.Алтангэрэлээс төлбөрт нэхэмжилсэн 766.000 төгрөгийг шүүгдэгч Э.Боос гаргуулж, У.Алтангэрэлийн 2 сарын цалин нэхэмжилж байгааг авч хэлэлцэхгүй орхисугай.
5. Хэрэгт хавсаргагдаж ирсэн Э.Бын В, С, D ангиллын 164076 дугаартай жолоочийн үнэмлэх, иргэний хариуцагч М.Мөнхсайханы эзэмшлийн 22-27 УБВ улсын дугаартай Toyota FJ Cruiser маркийн тээврийн хэрэгслийн 01473367 дугаартай гэрчилгээг тус тус буцаан олгосугай.
6. Хохирогч У.Алтангэрэл нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцож ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНТУЯА