Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/63

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          9            26                                                     2023/ДШМ/63

 

 

 

                                                Н.У, Ц.Ц нарт холбогдох

                                                            эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

               Прокурор Л.Наранхүү

               Хохирогч С.Нямжавын өмгөөлөгч Б.Билгүүн /цахим сүлжээгээр/

               Яллагдагч Ц.Цгийн өмгөөлөгч А.Мөнхтулга

               Яллагдагч Н.Угийн өмгөөлөгч С.Сувдмаа

               Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/731 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэлийн бичсэн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 22 тоот эсэргүүцлийг үндэслэн Н.У, Ц.Ц нарт холбогдох эрүүгийн 2234003570173 дугаар хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 29-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын тамгын газрын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Төв аймаг, Эрдэнэсант сум, 5 дугаар баг, Алтан-Уулын 13-1306 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт Н У,

 

Монгол улсын иргэн, 1976 оны 6 дугаар сарын 02-нд Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дулааны засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймаг, Эрдэнэсант сум, 5 дугаар баг, 12-117 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Ц Ц,

 

Н.У нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын тамгын газрын бэлчээр, тэжээл, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх буянт” хоршооны захирал С.Н-н эзэмшлийн Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр баг, “Талын баян” гэх газарт 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тариалалт хийсэн 240 тонн улаан буудайд тус хоршоотой газар тариалан эрхлэх тухай албан ёсны гэрээ хийгээгүй “Э Д” хоршооны захирал Ц.Цд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал, үүслийн гэрчилгээг олгож эдийн засгийн давуу байдлыг бий болгосон,

         Ц.Ц нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын тамгын газрын бэлчээр, тэжээл, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Уг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж “Дэлгэрэх буянт” хоршооны захирал С.Н эзэмшлийн 240 тонн улаан буудайд ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал, үүслийн гэрчилгээг гаргуулан авч “Улаанбаатар гурил” ХХК-д 171.502.902 төгрөгөөр худалдан борлуулж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Н.Уд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Хохирогч талын өмгөөлөгч Б.Билгүүний шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хэрэг бүртгэлтийн 213400400 дугаартай хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байсан асуудал бөгөөд тус гэмт хэргийн шинж бүхий үйлдэл нь хэрхэн шийдвэрлэгдсэн талаар хэрэгт авагдсан материалд тусгагдаагүй, яллагдагч Ц.Цд ял завших боломжийг бий болгосон, хэрэгт авагдсан үйл баримтаас дүгнэвэл Ц.Ц нь улаан буудайн үрийн урьдчилгааг шилжүүлэх, тариалангийн ажилд оролцох зэргээр иргэний эрх зүйн гэрээний шинжтэй үйлдэл хийж байсан боловч 2021 оны 10 дугаар сард хуурамч баримт бичиг ашиглан бусдыг залилан мэхлэх санаа зорилго төрж, түүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд албан тушаалтыг тодорхой үйлдэл хийхийг ятгах, үйлдэл хийлгүүлэх, тариалангийн хамтрагч гэх нөхцөл байдлыг бий болгох, эд хөрөнгийг хариуцах итгэл олох зэрэг үйлдлийг хийсэн байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх ёстой 66.150.000 төгрөгийг төлөхгүй байх санаатай зорилготой үйлдэл хийсэн нь Ц.Цг энэ төрлийн гэмт хэрэгт яллагдагчаар татах үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу Ц.Цгийн үйлдэл нь залилах гэмт хэргээс гадна 18.11 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар дампууруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан тогтоол, хэргийн материалыг хохирогчид танилцуулаагүй, гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдлийг прокурорын зүгээс гаргасан гэх агуулга бүхий хүсэлтийг бүхэлд нь хангаж,

Н.У, Ц.Ц нарт холбогдох хэрэгт мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзэж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэл 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 22 тоот эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүхийн шийдвэрт “Өмгөөлөгч Б.Билгүүнээс гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь: Өмгөөлөгч Б.Билгүүн Ц.Цгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.11 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар дампууруулах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулах талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд удаа дараа хүсэлт гаргасан боловч тухайн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Мөн яллагдагч Ц.Ц нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон боловч, яллагдагч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй тул тэдгээрийг тухайн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ын аль зүйл хэсгийг хангаагүй, ямар мөрдөн шалгах ажиллагаа хийх талаар тодорхой тусгаагүй байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй учир прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ямар ажиллагааг хийлгэх талаар тусгагдаагүй, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцээгүй учир эсэргүүцэл бичсэн гэв.

 

Хохирогч С.Н өмгөөлөгч Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй байгааг анхаарч үзнэ үү. Мөн Н.У, Ц.Ц нарт холбогдох хэргийг нэгтгээд огт ажиллагаа хийгээгүй. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн өмгөөлөгч миний гомдол гаргах эрхийг хязгаарлан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Н.Угийн өмгөөлөгч С.Сувдмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Н.Угийн үйлдэлд гэмт хэргийн санаа, сэдэлт, зорилго байгаа юу гэдгийг сайтар хянаж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Ц.Цгийн өмгөөлөгч А.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч Ц.Цгийн үйлдэл гэмт хэрэг биш бөгөөд хоёр иргэний харилцаанаас үүссэн асуудлыг эрүүгийн гэмт хэрэг болгож байгаа нь үндэслэлгүй юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.5-д заасан асуудлуудыг ч тогтоож чадаагүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх яллагдагч Н.У, Ц.Ц нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзэж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэлээ.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байдаг бол мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох” үүрэгтэй байдаг.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл прокуророос хохирогч С.Н өмгөөлөгч Б.Билгүүний 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийг[1] хүлээн авч прокурорын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 35 тоот тогтоолоор[2] хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ч уг тогтоолоо гомдол гаргагчид хэзээ гардуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийг эдлүүлсэн эсэх нь тодорхойгүйгээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан үйлдэл гэж үзнэ.

4. Төв аймгийн прокурорын газрын прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 14 тоот тогтоолоор[3] хохирогчийн өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан хүсэлтээс “...“Д” Ц.Ц нарын 2021 оны хаврын тариалалтын зардал, ашиг алдагдлыг оногдох хувь хэмжээг тогтоох зорилгоор холбогдох санхүүгийн баримтад Хөдөө аж ахуйн эдийн засагчийг томилж шинжээчийн дүгнэлт гаргуулах, Б.Б гэгчийг тухайн хэрэгт ямар оролцоотой болохыг шалган тогтоох зэргээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй...” гэж хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн атлаа уг тогтоолын дагуу огт ажиллагаа хийлгүй орхигдуулсан нь эргэлзээтэй, ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.  

Өөрөөр хэлбэл тухайн хэргийн улмаас хохирогчид хэдий хэмжээний хохирол учирсан, уг хохирлыг хэн хариуцах эсэхийг цаашид шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэхээр байна.

5. Хавтаст хэрэгт авагдсан “Яллах дүгнэлт[4]”-ийн тэмдэглэх хэсэгт тусгагдсан яллагдагч Н.Уг яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга нь түүнийг яллагдагчаар татсан тогтоолоос өөрөөр бичигдсэн байх тул яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

6. Хохирогч С.Н, гэрч Н.Д, яллагдагч Ц.Ц болон бусад гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл дээрх этгээдүүд харилцан тохиролцож тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт гарган хамтран ажиллаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад талуудын хийсэн тохиролцооны хүрээнд хэн аль нь ямар хэмжээний ашиг хүртэх тохиролцоотой байсан гэдгийг огт тогтоож чадаагүй байх тул уг нөхцөл байдлыг зайлшгүй нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзнэ.

7. Дээрхээс дүгнэн үзвэл эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг нотолбол зохих байдлуудад хамаарч байгаа тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон магадлалд дурдсан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

8. Анхан шатны шүүх нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан хүсэлтийн дагуу Ц.Цгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах талаар дурдсаныг прокуророос энэ талаар эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд ямар нэгэн тайлбар гаргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэв.   

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/731 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэлийн бичсэн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 22 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   

 

 

                            ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                     

                              ШҮҮГЧИД                                                 З.ТҮВШИНТӨГС                                                                                                                  

 

                                                                                                            М.МӨНХДАВАА

                                                                                   

 

 

 

 

[1] хх-ийн 2-р хавтас 201-203-р тал

[2] хх-ийн 2-р хавтас 204-206-р тал

[3] хх-ийн 2-р хавтас 139-140-р тал

[4] хх-ийн 2-р хавтас 208-216-р тал