Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 376

 

Н.Э- ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар магадлалтай, Н.Э- ад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Э- ын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, эрэгтэй, 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Б  овогт Н.Э нь Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар прокуророос шүүгдэгч Н.Э- ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Э- ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Э- ыг 5 жил 1 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Э-  гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул хүлээн авах боломжгүй, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн улмаас хор уршиг учирсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч өшиглөж байгаа үйлдлээ санамсаргүй гэж тайлбарлаж байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлэхгүйгээр шийдвэрлэсэн. Миний бие ...төрсөн охин Ц-гийн хэвлий тус газарт нь өшиглөж хүнд гэмтэл учруулсандаа чин санаанаасаа гэмшиж, үйлдсэн хэргийнхээ талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн. Миний охин аавыгаа уучилж, гомдол саналгүй гэдгээ хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан хэлсэн, мөн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож удаа дараа илэрхийлсэн. ...Миний ах дүү нар өмгөөлөгч авах шаардлагатай гээд хуралдаанд өмгөөлөгч оролцуулах үед өмгөөлөгчид өөрсдийн дотоод итгэлээрээ зүйлчлэлийг өөрчлөх талаар мэтгэлцэж миний мэдүүлгийг өөрчлүүлсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж бодож байна. Мөн давж заалдах шатны шүүх нь анхнаасаа үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. Хамгийн гол нь хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг бодитой харсан бол хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой байсан. ...Охины минь санал хүсэлтийг харгалзан үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т заасныг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Архинаас болж болчимгүй үйлдэл хийж ар гэрээ хүнд байдалд оруулсандаа харамсаж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.  

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат хэлсэн саналдаа “...Шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолтой танилцсан. Одоо хүүхдийн бие сайжирч, группээс гарсан. Хурал зарлагдах үед хүүхэд нь надтай уулзаад гомдолгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлүүлэх талаар хэлж энэ талаар бичиг хийж өгөх үү гэж хэлсэн. Шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээж, чин санаанаасаа гэмшиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх тухай гаргасан гомдлыг нь дэмжиж байна. Хүүхдийн эмчилгээний зардлыг ах, дүү нар нь төлсөн. Мөн Хүүхэд залуучуудын газраас 600,000 төгрөгийн тусламж үзүүлсэн.” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Энэ хэргийн хувьд нотлох баримтаар бүрэн тогтоогдож, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Гэмт хэргийн улмаас 11 настай хохирогчийн дэлүү задарч оёх боломжгүй байсан тул мэс засал хийж дэлүүг нь авсан. Дэлүү нь хүний цусыг төлжүүлдэг эрхтэн. Хохирогч цаашдаа цусны өвчтэй болох магадлалтай гэсэн баримт хэрэгт авагдсан. Тэгэхээр шүүгдэгч Н.Э- ад оногдуулсан ял нь тохирсон гэж үзэж байна. Мөн Н.Э- ад холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Э- ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Н.Э-  нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, ...тоотод оршин суух гэртээ төрсөн охин 11 настай, Э.Ц-г “архи авч өгсөнгүй” гэсэн шалтгаанаар хэвлийн тус газар 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Э- ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Э- ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хөдөлмөрийн чадвараа хугацаагүйгээр алдсан гэх нөхцөл байдал болон насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулж болох 5 жилээс 12 жил хүртэл хугацаатай хорих ялаас хамгийн доод хэмжээний ял дээр 1 сарыг нэмж 5 жил 1 сар хорих ялыг сонгон оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Шүүгдэгч Н.Э-  нь “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний охин аавыгаа уучилж гомдол саналгүй гэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдол гаргажээ.

Н.Э- ын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Ц-гийн эрүүл мэндэд учирсан гэмтэл, түүний улмаас үүссэн хор уршиг бүрэн арилах боломжгүй болсон бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ял нийцсэн байх тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх, үүрэг болгосон хэм хэмжээ биш болохыг тэмдэглэвэл зохино.

Иймд шүүгдэгч Н.Э- ын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э- ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ                            

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН