Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2017/0683

 

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2017/0683 

Улаанбаатар хот

    Д.О-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ийн  өмгөөлөгч Н.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0552 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.О-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0552 дугаар шийдвэрийн нэгдүгээр заалтаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан Д.О-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Газрын албанд холбогдуулан  гаргасан “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн газар нэгж талбарын 18641321191695 дугаартай 146 м2 газрын давхцалыг арилгаж, иргэн Д.О-т эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хоёрдугаар заалтаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн аманд байршилтай 18641321191695 дугаартай 146 м2 газрын иргэн Б.Д-т эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулахыг хүссэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо: “Чингэлтэй дүүргийн Засаг даргаас маргаан бүхий 146 м2 газрыг хэн нэгэнд эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй байхад мэдээллийн санд бүртгэсэн гэх бүртгэл н төрийн байгууллагын буруу боловч энэ нь талуудад хамааралгүй гэж үзэж байна. Нэгж талбарын 18641321191695 дугаар бүхий 146 м2 газар 1 айл амьдрах боломжгүй тэгээд ч Д.О-т олгох боломжгүй. Уг газрыг нэхэмжлэгч Д.О-т олгосноор талуудын хэн алины эрх, ашиг сонирхол хөндөгдөнө.

Одоо цагт газар эзэмших зөвшөөрөл авах гэхэд л хашаа хатга орц гарцаа тодорхойл гээд жижигхэн газарт хүртэл хашаа хатгаснаар орц гарцыг ч гаргахаар хэцүү боломжгүй байдлууд амьдрал дээр бодитоор бий болж байгааг газрын алба шүүх мэдэж л баймаар юм.

Иймд нэхэмжлэлийг хүчингүй болгож гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2017.07.17-ны өдөр 128\ШШ2017\0552 тоот шийдвэрээр иргэн Д.О-ээс нэхэмжилсэн “Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зуслангийн газар нэгж талбарын 18641321191695 дугаартай газрын давхцлыг арилгаж иргэн Д.О-т 146 м2 газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж гуравдагч этгээдээс гаргасан бие даасан    шаардлага   болох дээрх 146 м2 газрыг иргэн Б.Д-т эзэмшүүлэхийг Чингэлтэй дүүргийн засаг даргад даалгуулахыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нарийн нягталж судлаагүй нотлох баримтуудыг буруу үнэлж бодит байдалд нийцээгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Маргаж байгаа Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлангийн аманд байршилтай 18641321191695 дугаартай 146 м2 газрыг иргэн Н.Б болон Д.О нар эзэмших, өмчлөх, ашиглах эрх аваагүй, Засаг даргын захирамж байхгүй, гэрээ хийгээгүй, гэрчилгээ байхгүй, төлбөр төлөөгүй өчнөөн жил болсон.

Иргэн Б.Д-д эзэмшүүлэхээр олгосон 245 м2 газар нь дэндүү жижиг уг газар дээр ахуйн бохирын асуудал шийдвэрлэх боломжгүй, байшин барилга шинэчлэн барих боломжгүй юм.

Газрын хууль болон бусад дүрэм журмын дагуу зуслангийн газар 0,04м2 байх ёстой. Ингээд хэрэв гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан бол 245мкв+14бмкв=391мкв болж жижигхэн модон байшингаа томсгох ахуйн бусад асуудлаа шийдвэрлэх нэг айл л уг газарт амьдрах нөхцөл бүрдэх юм.

Нэхэмжлэгчийн хувьд манайтай л адил зуслангийн жижиг байшинтай орц гарц байхгүй заавал манай хажуугаар орох гарах болдог мөн л ахуйгаа дээшлүүлэх гэхэд манайхаас жижиг талбайтай тул хэн алиндаа хүндрэлтэй байхад 146 м2 газрыг нэхэмжлэгчийн жижиг модон байшин байгаа гэдэг үндэслэлээр шүүхээс нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байгаа нь үнэхээр бодит байдалтай нийцээгүй иргэдийг хохироосон шийдвэр болж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч тогтоох хэсэгт найруулгын алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгч Д.О нь 1983 оноос хойш зуслангийн зориулалтаар эзэмшиж ашиглаж ирсэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зусланд өөрийн зуслангийн байшин байрлаж байгаа 146 м2 газрыг эзэмших хүсэлт гаргажээ. Гэвч Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Газрын алба нь газрын кадастрын мэдээллийн санд газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй байхад түүний хөрш Б.Д-ыг тухайн газрын эзэмшигчээр бүртгэсэн хууль бус бүртгэлээ үндэслэн “давхцалтай” гэх шалтгаанаар нэхэмжлэгчид эзэмшүүлээгүй нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-д заасан шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцээгүй, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4-д газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн газрын мэдээллийн санд бүртгэл хийх гэж заасныг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангажээ.

Гуравдагч этгээд Б.Д нь тухайн 149 м2 газрыг эзэмшиж, ашиглаж байгаагүй, уг газрыг эзэмшүүлсэн шийдвэр байхгүй, гэрээ, гэрчилгээгүй байна.

Тэрээр Д.О-ийнхтэй 1983 оноос хойш хөрш амьдарсан, өөрийн зуслангийн байшин байрлаж байгаа 245 м2 газраа хууль ёсоор эзэмшдэг байх тул Д.О-т уг газрыг эзэмшүүлснээр гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.

Түүнчлэн газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмших талаар заасан 1994, 2002 оны Газрын тухай хууль батлагдахаас өмнө нэхэмжлэгч Д.О 1983 оноос хойш уг газрыг бодит байдалд зохих ёсоор (байгууллагаасаа зуслангийн байшин худалдан авч) зуслангийн зориулалтаар эзэмшиж ирсэн байх тул сүүлд батлагдсан хуулийг буцаан хэрэглэж газар эзэмших эрхгүй гэж үзэхгүй. Энэ талаарх гуравдагч этгээд Б.Долгоржавын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болормаагийн “... Д.О, Ш.Б нар нь газар эзэмших, өмчлөх, ашиглах Засаг даргын захирамж, гэрээ, гэрчилгээгүй, төлбөр төлөөгүй ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Мөн гомдолд “... Б.Д-т олгосон 245 м2 газар дэндүү жижиг, Газрын тухай хуульд заасан 0,04 м2–д хүрээгүй, ... адилхан зуслангийн жижиг байшинтай орц, гарц байхгүй, хэн алиндаа хүндрэлтэй, 146 м газрыг жижиг модон байшин байгаа гэдэг үндэслэлээр  шүүхээс нэхэмжлэгчид олгохоор шийдсэн нь бодит байдалд нийцээгүй....” гэжээ.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийн хэрэгцээнд хувийн гэр, орон сууц, хашааны зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэж заасныг иргэн бүрт заавал 0,07 га газрыг эзэмшүүлэх ёстой гэж үзэхгүй. Түүнчлэн өөрийн зуслангийн байшин байрлаж байгаа газраа эзэмшиж байгаа атлаа хөршийнхөө зуслангийн байшин байрлаж байгаа газрыг эзэмших шаардлага гаргаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, зүй ёсны шаардлага гэж үзэхээргүй байх тул гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар  зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0552 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Газрын албаны тус  дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн аманд байршилтай 146 м2 газрыг Д.О-т эзэмшүүлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, газрын кадастрын мэдээллийн санд уг газрыг Б.Д-ын нэр дээр үндэслэлгүй бүртгэсэн бүртгэлээ арилгаж, Д.О-т зохих журмын дагуу  эзэмшүүлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Газрын албанд даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд Б.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ 

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ