Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архуст сумын МАН-ын хорооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архуст сумын Сонгуулийн хороонд холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “Архуст сумын сонгуулийн хороонд С.Энхболдыг орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж, С.Энхболдыг бүртгэхгүй байгаа сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Архуст сумын МАН-ын хорооны дарга М.Тунгалаг, хариуцагч Архуст сумын Сонгуулийн хорооны дарга А.Амарбаясгалан, гуравдагч этгээд С.Энхболд, гэрч Т.Наранбаяр, Г.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Архуст сумын МАН-ын хорооны дарга М.Тунгалаг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архуст сумын Сонгуулийн хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 03 дугаартай тогтоолоор Б.Пунцаг, М.Жамьянсүрэн, Н.Баярсайхан, Д.Мөнхжаргал нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан, үүний дараа тус хороо тогтоол гаргаж эдгээр хүмүүсийг нэр дэвшигчээр бүртгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зөвхөн С.Энхболдыг нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа сумын Сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.Энхболдыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Сонгуулийн хорооны дарга А.Амарбаясгалан надад та эдгээр маягтаар баримтаа бүрдүүлээрэй гээд маягтууд өгч, хөрөнгө орлогын мэдүүлгийг татаад авчихаарай гэхээр нь би Золбоог гуйхад Золбоо Амарбаясгалантай утсаар ярьж мэдүүлгийг татаж өгсөн, би нэр дэвшигчдэд тэр маягтыг өгч бичүүлсэн. Гэтэл 9 сарын 1-ний өдөр манай нэр дэвшигчид Ардчилсан намаас нэр дэвшигчид өөр загвараар хөрөнгө орлогын мэдүүлэг бичиж байна гэхээр нь асууж байж нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг авч нэр дэвшигчдээр дахин бичүүлсэн. С.Энхболд Улаанбаатар хотоос манай нэр дэвшигчдийн цагдаагийн болон шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын тодорхойлолтыг авах гэж яваад ирээгүй байсан. Сонгуулийн хорооны дарга А.Амарбаясгалан утсаар ярьж та материалаа өгөх үү, хугацаа дуусах гэж байна гэж хэлсэн. Би намаас нэр дэвшигчдийн жагсаалтыг 14 нэр дэвшигчийн баримт бичгийн хамт авч, Д.Шаравт би очоод бүртгүүлж байя, С.Энхболдыг ирэхээр нь гарын үсэг зуруулаад аваад ирээрэй гэж хэлчихээд сумын Засаг даргын Тамгын газрын 1 давхарын Иргэний танхимд хүлээлгэж өгөхөд хорооны дарга А.Амарбаясгалан, 3 гишүүнтэйгээ 2 хуваагдаж маш хурдан хүлээж авсан, би хорооны даргад С.Энхболдын хөрөнгө орлогын мэдүүлгийг буруу маягтад бичсэн, С.Энхболд баримт бүрдүүлэхээр хот руу яваад одоо ирж байгаа, гарын үсгийг нь зуруулаад өгнө гэж 3 удаа хэлсэн. Би 14 нэр дэвшигчийн баримтаа өгчихөөд гараад коридорт байсан Тамгын газрын ажилтнуудын цагийг бүртгэдэг ханын цагийг харахад 17 цагт 5 минут дутуу байсан, гаднаас намын гишүүн Д.Шарав, С.Энхболдын баримтыг барин орж ирэхэд нь “за хурдан оруулаад өгчих” гэхэд надтай зөрөөд орсон. Сонгуулийн хорооныхон С.Энхболдын баримт бичгийг авчихаад хуралдаад хариу өгнө гэж хэлсэн гэхээр нь гадаа хүлээж байтал хүлээж авахаас татгалзлаа гэж хэлсэн, бид сумын, аймгийн сонгуулийн хороонд албан бичгээр хүсэлт гаргасан. Сумын сонгуулийн хороо С.Энхболдын баримт бичгийг хүлээж авчихаад ямар нэг эрх зүйн акт гаргахгүй байгаа тул Архуст сумын сонгуулийн хороонд С.Энхболдыг орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж, эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Архуст сумын Сонгуулийн хорооны дарга А.Амарбаясгалан шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Архуст сумын сонгуулийн хорооны гишүүд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийн материалыг сумын Засаг даргын Тамгын газрын 1 давхарт иргэний хэргийн танхимд хүлээн авч эхэлсэн. “Төв нутаг” эвслийн нийт 15 нэр дэвшигчийн материалыг хүлээн авч дууссаны дараа Монгол ардын намын хорооны дарга М.Тунгалаг руу утсаар холбогдож хуулийн хугацаа дуусч байгаа талаар мэдэгдсэн. Удалгүй М.Тунгалаг хавтастай материалууд оруулж ирээд, орхиод гарч явсан. Сонгуулийн хорооны гишүүд нэгэнт оруулж ирсэн материал учраас цагаасаа өмнө бүртгэж байя гэж ярилцаад орж ирсэн материалыг намаас гаргасан тогтоолыг хавсралтын дагуу нь 2 хувааж сонгуулийн хорооны гишүүд болох Т.Наранбаяр, Д.Гантулга нар нь Ноёншанд тойрогт нэр дэвшигчийг, Б.Мөнхгэрэл болон миний бие Нарст тойрогт нэр дэвшигчийн материалыг хүн тус бүрээр бүртгэж, хүлээлгэн өгсөн талд нь М.Тунгалагаар гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ үед материал хүлээн авч байсан иргэний танхимд С.Энхболдын ямар ч материал ирээгүй. Хуулийн хугацаа буюу 17 цаг 00 минутанд хаасны дараа, нам эвслээс ирүүлсэн нийт материалыг сейфинд хийж, лацдахаар миний ажлын өрөө буюу 2 давхарт гарч нийт гишүүд ярилцаж, тэмдэглэл хөтлөх гэж байхад 17 цаг 30 минут орчимд гаднаас Д.Шарав гуай хавтастай материал авч ирж би С.Энхболдын баримтыг машиндаа авч явж байгаад ирлээ. Та нар авчихаа гэж гуйж орж ирсэн. Дараа нь М.Тунгалаг нь С.Энхболдын хөрөнгө орлогын мэдүүлэг дээр гарын үсэг зуруулах гэж яваад хоцроосон гэх тайлбарыг хийсэн. Сумын сонгуулийн хороо нийт 5 гишүүн тухайн үед бүгд байсан. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасан хугацаа нэгэнт өнгөрсөн байсан тул С.Энхболдын материалыг хүлээн авах боломжгүй гэж хэлсэн, Д.Шарав материалыг ширээн дээр тавиад гарсан. Сонгуулийн хорооны нийт гишүүд хуулийн хугацаа дууссан, хүлээж авах боломжгүй гэж үзэж асуудлыг шийдсэн. Хуульд заасан хугацаанд материал хүлээн авсан бүртгэлийг нэр дэвшигч бүрээр гаргаж, хүлээлгэж өгсөн хүнээр гарын үсэг зуруулж баталгаажуулж авсан бүртгэлд С.Энхболдын нэр байхгүй, манай сонгуулийн хороонд С.Энхболдын материал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд С.Энхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Архуст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж холбогдох баримт хуулийн хугацаанд сумын сонгуулийн хороонд бүрдүүлж өгсөн. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сумын Монгол ардын намын хорооны дарга М.Тунгалагаас нэр дэвшсэн 15 нэр дэвшигчийн нэрсийн жагсаалт, албан тоот, холбогдох бусад материалыг сумын сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн. Энэ үед 16 цаг 56 минутын үед нэр дэвшигчийн татварын бичиг, цагдаагийн тодорхойлолт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны лавлагааны хамт миний хөрөнгө орлогын мэдүүлгийг сумын сонгуулийн хороонд өгсөн. Хөрөнгө орлогийн мэдүүлгийг өмнө нь албан тушаалтны маягтаар бөглөсөн байсныг сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө орлогийн мэдүүлгийн маягтаар өөрчилж өгсөн. Үүний дараа Архуст сумын Монгол ардын намын хорооны дарга М.Тунгалаг “С.Энхболдын материалыг хүлээж авахгүй байна” гэхээр нь сумын сонгуулийн хороонд хандахад сонгуулийн хороо хуралдаад хариу өгнө гэсэн тул хурлыг тартал үүдэнд нь хүлээсэн. Сумын сонгуулийн хороо хуралдаад Монгол ардын намаас  нэр дэвшсэн 15 нэр дэвшигчийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэрийг сумын сонгуулийн хорооны дарга А.Амарбаясгалан 17 цаг 30 минутын үед амаар хэлж танилцуулсан. Энэ сонгуулийн хорооны шийдвэр албан ёсны бус, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн юм. Тэр даруй аймгийн Монгол ардын намын хороо, аймгийн сонгуулийн хороонд асуудлыг тавихад маргааш аймгийн сонгуулийн хороо хуралдаж байж шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн. 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн сонгуулийн хороо хуралдаж Архуст сумын Монгол ардын намаас нэр дэвшсэн 15 нэр дэвшигчийг бүртгэж авахаар шийдвэрлэсэн гэсэн хариу ирсэн боловч сумын сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 тоот тогтоолоор 10 нэр дэвшигчийг бүртгэж, 4 нэр дэвшигчийг татгалзсан хариу өгч С.Энхболд миний асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгөөгүй тул сумын сонгуулийн хороонд хүсэлт гаргасан боловч миний асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан болно. Архуст сумын сонгуулийн хорооны хууль бус үйлдэл нь миний сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчиж байгаа тул нэр дэвшигчээр бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Гэрч Наранбаяр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай сум Нарст, Ноёншанд тойрогт нийт 15 нэр дэвшигчийн мандаттай. Нэр дэвшигчээр бүртгэх хугацаа 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09 цагаас эхэлсэн. 09 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагаас өмнө нэр дэвшигч нар бүртгүүлэхээр орж ирээгүй. 16 цагаас эхлэн Ардчилсан намын 15 төлөөлөгч бүртгүүлэхээр орж ирсэн. Харин МАН-ын хорооны дарга М.Тунгалаг ганцаараа 14 хүний материал барин орж ирсэн, ирүүлсэн баримтын бүртгэлд цаг минуттай нь бүртгэж М.Тунгалагаар гарын үсэг зуруулан авсан. 17 цаг 00 минутанд Сонгуулийн хорооны дарга нэр дэвшигчээр бүртгүүлэх цаг дууссаныг сонгуулийн хорооны гишүүд, МАН-ын хорооны дарга М.Тунгалагт мэдэгдэхэд гараад явсан. Бүртгэл хийлгэсэн нийт 29 хүний материалыг Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээр Тамгын даргын өрөөнд авч ороод цейфэнд лацдаж хийхээр тэмдэглэл үйлдэж байхад 17 цаг 25 минутын орчимд МАН-ын гишүүн Д.Шарав гэж хүн С.Энхболдын материалыг авч ирээд бүртгэх хугацаа дууссныг мэдэж байна, бүртгүүлэх хүсэлтэй байна гэж хэлж байсан. Сонгуулийн хорооны гишүүд хуулийн хугацаа дууссан гэж үзэн бүртгэж авахаас татгалзаж байна гэж амаар хэлсэн. С.Энхболдын материалыг хүлээн аваагүй учир нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гараагүй гэжээ.

Гэрч Г.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай намын дарга М.Тунгалаг, Д.Шарав нар сумын Сонгуулийн хороо С.Энхболдын материалыг авахгүй байгаа, бид аймгийн сонгуулийн хороонд хүсэлт гаргахад хүлээж ав гэсэн, С.Энхболдын материалыг сумын Сонгуулийн хороонд өгөөрэй гэж надад өгсөн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдийн тайлбарт тулгуурлан дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч шүүхэд анх “Архуст сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшсэн Б.Пунцаг, М.Жамьянсүрэн, Н.Баярсайхан нарыг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах, мөн С.Энхболдын материалыг хуулийн хугацаанд өгсөнийг тогтоож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах” шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд “Архуст сумын сонгуулийн хороонд С.Энхболдыг орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж, С.Энхболдыг бүртгэхгүй байгаа сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өөрчилсөн болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны 09 дүгээр сарын 01-ний 17 цагаас өмнө намаас нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт, нэр дэвшигч С.Энхболдын баримт бичгийг сумын Сонгуулийн хороонд өгсөн, тус хороо С.Энхболдыг нэр дэвшигчээр бүртгэхгүй, ямар нэг эрх зүйн акт гаргахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй гэжээ. Харин хариуцагчаас нэр дэвшигч С.Энхболдын баримт бичгийг хуульд заасан хугацаа дууссаны дараа 17 цаг 35 минутад авч ирсэн тул бүртгэж авахаас татгалзаж байна гэж амаар хэлсэн, материалыг хүлээж аваагүй учир нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргаагүй гэж тайлбарлажээ.  

Нэхэмжлэгч Архуст сумын МАН-ын хороо 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд С.Энхболд нарын 15 гишүүний нэр дэвшүүлж, 9 дүгээр сарын 01-ний өдөр 14 нэр дэвшигчийн баримт бичгийг тус намын дарга М.Тунгалаг сумын Сонгуулийн хороонд өгсөн, талууд энэ талаар маргаагүй байна.

Архуст сумын Сонгуулийн хорооны дарга А.Амарбаясгалан МАН-ын хорооны дарга М.Тунгалагт нэр дэвшигч нарт шаардлагатай баримт бичгийн загварыг өгч сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг интернетээс татаж авахыг зөвлөсөн, харин М.Тунгалаг үүнийг буруу ойлгон “албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг”-ийг интернетээс татан авч нэр дэвшигчдээр бичүүлж бичиг баримт бүрдсэний дараа 9 дүгээр сарын 01-ний өдөр “сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг”-ийг нэр дэвшигчдээр бичүүлсэн, тухайн үед нэр дэвшигч С.Энхболд Улаанбаатар хотод намаас нэр дэвшигчдийн баримт бичиг бүрдүүлэхээр яваад ирээгүй, маягтад зааснаар мэдүүлэг бичээгүй байсан учир М.Тунгалаг нь С.Энхболдын баримт бичгийг намын байранд үлдээж бусад нэр дэвшигчдийн баримт бичгийг иргэний танхимд Сонгуулийн хорооны дарга гишүүдэд өгөхдөө энэ тухай тайлбарлан хэлж 14 дэх нэр дэвшигчийн баримт бичгийг 17 цаг 00 минутад хүлээлгэн өгсөн. Мөн намын гишүүн Д.Шарав нэр дэвшигч С.Энхболдыг ирэхэд нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт нь гарын үсэг зуруулж Сонгуулийн хороонд хүргэж өгч хожимдож ирсэн шалтгаанаа тайлбарлахад тус хорооны дарга хуралдаанаар шийдвэрлээд хариу өгөх тухай хэлсэн. Үүнээс гадна хариуцагч тал 17 цаг 35 минутад С.Энхболдын баримт бичгийг авч ирсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар тэмдэглэл үйлдээгүй, Сонгуулийн хорооны хуралдаанаар С.Энхболдыг нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай удаа дараа хэлэлцсэн зэрэг нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, баримт бичиг хүлээн авсан жагсаалт, сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 03, 04 тоот, 9 дүгээр сарын 06-ны өдрийн 06 тоот тэмдэглэл зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Үүнээс үзэхэд Архуст сумын Монгол Ардын намын хорооны дарга М.Тунгалаг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-д заасан нэр дэвшигчдийн баримт бичгийг зохих журмын дагуу бүрдүүлж хуульд заасан хугацаанд Сонгуулийн хороонд биечлэн ирүүлэх үүргээ биелүүлээгүйгээс нэр дэвшигч С.Энхболд хуульд заасан хугацаанд нэр дэвшигчээр бүртгүүлэх боломжгүй болсон байна.

Мөн тус сумын Сонгуулын хороо нь сумын Монгол Ардын намын хорооноос С.Энхболдын нэрийг нь дэвшүүлсэн тогтоолыг хүлээн авсан бөгөөд түүний бүрдүүлсэн баримт бичгийг сонгуулийн хороонд ирсэн талаар хуралдаанд танилцуулж баримт бичгийг хүлээн авах эсэх, нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай хуралдаанаараа удаа дараа хэлэлцсэн байх боловч ямар нэг шийдвэр гаргаагүй, үүнээс гадна хугацаа хожимдож ирсэн шалтгаанаа тайлбарлаж, нэр дэвшигчээр бүртгүүлэхийг хүссэн М.Тунгалаг болон С.Энхболд нарын амаар гаргасан хүсэлт[1]-ийн үндэслэл шалтгаан нөхцлийг судлан тогтоохгүйгээр бүртгэхээс татгалзсан тухай хариу амаар өгсөн нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.5, 5.1.7-д заасан шударга ёсыг сахих, энгийн ойлгомжтой байх, маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх зарчид нийцээгүй бөгөөд энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 157 дугаар зүйлийн 157.9-д заасныг тус тус зөрчсөн байна.

С.Энхболд нь эрх бүхий албан тушаалтнуудын хууль бус зөвлөгөө, мэдээллийн улмаас бүрдүүлэх баримтыг дахин бүрдүүлсэн, намаас өгсөн үүргийг биелүүлэхээр Улаанбаатар хотод баримт бүрдүүлэхээр явсан зэрэг нөхцөл байдлын улмаас хуулиар тогтоосон хугацаанаас 35 минут хожимдож баримт бичгээ сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн, энэ талаар тус хороонд тайлбарласан байх тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд баримт бичгээ тус хороонд хүргүүлэх боломжгүй байсан гэж дүгнэх үндэслэлтэй болно.

Дээрх нөхцөл байдлуудаар сумын Сонгуулийн хорооны С.Энхболдыг нэр дэвшигчээр бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байх ба түүний улмаас С.Энхболдын орон нутгийн хуралд сонгогдох эрх зөрчигдсөн байх тул С.Энхболдыг Архуст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг тус сумын Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэлээ.

С.Энхболд Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-д заасан бичиг баримтыг бүрдүүлсэн болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно.

Түүнчлэн сумын Сонгуулийн хорооны дарга 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан ажил үүргийн хуваарийн 8-д заасныг зөрчиж өөрөө нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч бүртгэсэн, тус Сонгуулийн хороо 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагт хуралдаанаа эхэлж тухайн хуралдааны явцад нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авсан[2], нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дуусгах хуульд заасан хугацааг тус хорооны дарга, гишүүд өөрсдийн утасны цагийг баримтлан тогтоосон[3], Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Т.Наранбаяр тус хорооны хуралдаанд “С.Энхболдын материалыг 17 цаг 35 минутад оруулж ирсэн”[4] гэж тайлбарласан ч шүүх хуралдаанд “С.Энхболдын материалыг 17 цаг 25 минут орчимд оруулж ирсэн”[5] хэмээн өөр өөр мэдүүлсэн зэрэг үйл баримтууд, нэхэмжлэгчийн Сонгуулийн хороонд баримт бичиг өгөөд гарч ирэхэд иргэний танхимын гадна коридорт байдаг Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын цагийг бүртгэдэг цагийг харахад 16 цаг 55 минут болж байсан гэсэн тайлбар зэргээс дүгнэхэд тус сумын Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 33 дугаар зүйлийн 33.8-д заасан сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах, сонгуулийн хорооны шийдвэрийг биелүүлэх эрх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйг дурьдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Архуст сумын Сонгуулийн хорооноос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 157 дугаар зүйлийн 157.1, 157.2, 157.9 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Сандагдоржийн Энхболдыг нэр дэвшигчээр бүртгээгүй Архуст сумын Сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сандагдоржийн Энхболдыг Архуст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Төв аймгийн Архуст сумын Сонгуулийн хороонд даалгасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Архуст сумын Сонгуулийн хорооноос 70200 төгрөгийг гаргуулж Архуст сумын МАН-ын хороонд олгосугай.   

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ч.ОДСҮРЭН

 


[1] Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4дүгээр зүйлийн 4.1 дэх заалт.

[2] Хавтаст хэргийн 53 дугаар хуудас-Архус сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 03 тоот тэмдэглэл

[3] Шүүх хуралдааны тэмдэглэл: Хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар

[4] Хавтаст хэргийн 56 дугаар хуудас-Архус сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 04 тоот тэмдэглэл

[5] Шүүх хуралдааны тэмдэглэл, гэрч Т.Наранбаярын мэдүүлэг,