| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05925/И |
| Дугаар | 192/ШШ2025/00304 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/00304
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: * аймаг, * сум, * дугаар баг, *, Ш.*-1, * тоотод байрлах, И ХХК /рд:3771172/,
Хариуцагч: * дүүрэг, * дугаар хороо, * гудамж, * байр, * бичиг хэргийн дэлгүүрт байрлах, Ф ХХК /рд:6676057/,
Нэхэмжлэлийн шаардлага: 37,209,389.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э,
хариуцагчийн төлөөлөгч Э.Ө,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Т хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Ф ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Манай компани нь У улсын С /К / үйлдвэрийн чихрийг Монгол улсад нийлүүлдэг. Бид 2023 оны 8 дугаар сараас хариуцагч Ф ХХК-тай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Манай компани нь хариуцагч компанид С /К / үйлдвэрийн чихрийг нийлүүлж, хариуцагч нь Н ХХК-д нийлүүлэх, Н ХХК-иас нийлүүлсэн чихрийн төлбөрөөс 10%-ийг хариуцагч компани зуучлалын хөлс болгон авч, үлдэгдэл мөнгийг нь манай компанид төлөхөөр бид харилцан тохиролцсон. Манай компани цаг тухайд нь чихрээ нийлүүлж байсан ч манайд олгогдох ёстой чихрийн нийлүүлэлтийн төлбөр цаг тухайдаа бидэнд орж ирэхгүй байсан тул бид 2024 оны 3 дугаар сараас 2024 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнээ буцаан татан авалтыг хийсэн. Энэ хугацаанд Н ХХК нь нийлүүлэлтийн төлбөрийг хариуцагч компанид хугацаандаа олгохгүй байгаа гэж хариуцагч нь бидэнд ойлгуулдаг байсан боловч Н ХХК нь нийлүүлэлтийн төлбөрийг хариуцагч компанид төлсөн бөгөөд харин хариуцагч компани нь манайд төлөх ёстой төлбөрөө дутуу төлж, өөрсдөө хувьдаа авсан байсан болохыг бид хариуцагч компани болон Н ХХК-тай тооцоо нийлэх явцдаа олж мэдсэн. 2024.01.01-2024.06.30-ны өдрийн байдлаар бараа нийлүүлэлт, төлбөр төлөлтийн байдал дээр хариуцагч компанитай тооцоо нийлэхэд 37,209,389.15 төгрөгийг хариуцагч компани нь манай компанид дутуу төлсөн байсан болохыг талууд тогтоон тооцоо нийлсэн акт үйлдсэн. Иймд хариуцагч Ф ХХК-иас С /К / үйлдвэрийн чихрийн нийлүүлэлтийн төлбөр болох 37,209,389.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбартаа: Нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулаад хамтарч ажиллах үед манай данс татвараас барилт хийгдсэн байсан. Цаашид үйл ажиллагаагаа явуулахын тулд дансаа нээх шаардлагатай байсан тул Н ХХК-иас орж ирсэн орлогоор төлөөд нээсэн. Төлснөөс хойш Н ХХК-иас орж ирсэн орлогоо тухай бүрд нь төлөөд явж байсан. Нэхэмжлэгч компани нь оруулж ирж байсан чихрээ оруулж ирж чадахгүй болоод Н ХХК-д доголдол үүсэн татан авалтаа хаасан. Татан авалтаа тогтмол сайн хийсэн бол ийм асуудал гарахгүй, манайх ч хуваарийн дагуу бүх төлбөрөө төлөх боломжтой байсан. Компанийн үйл ажиллагаа зогсож, өр төлбөрийн асуудал гарч ирсэн. Манай нягтлан очиж тооцоо нийлсэн учраас тооцооны үлдэгдлийн баталгааг би зөвшөөрч байгаа гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, И ХХК-ийн гэрчилгээ, дүрэм /хх 4-6/, итгэмжлэл /хх 7/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 8/, 2023-2024 оны Ф ХХК болон И ХХК-ийн хоорондын тооцоо /хх 9/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 24/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч И ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ф ХХК-иас С /К / үйлдвэрийн чихрийн нийлүүлэлтийн төлбөр болох 37,209,389.15 төгрөгийг гаргуулна. Хариуцагч компанитай тооцоо нийлэхэд 37,209,389.15 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг талууд тогтоон тооцоо нийлсэн акт үйлдсэн гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгч компани нь нийлүүлж байсан чихрээ оруулж ирж чадахгүй болоод Н ХХК-д доголдол үүсэн татан авалтаа хаасан. Татан авалтаа тогтмол сайн хийсэн бол ийм асуудал гарахгүй, манайх ч хуваарийн дагуу бүх төлбөрөө төлөх боломжтой байсан.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагчийн “...Нэхэмжлэгч компани нь оруулж ирж байсан чихрээ оруулж ирж чадахгүй болоод Н ХХК-д доголдол үүсэн татан авалтаа хаасан” гэх тайлбар болон нэхэмжлэгчийн “...Манай компани нь хариуцагч компанид С /К / үйлдвэрийн чихрийг нийлүүлж, хариуцагч нь Н ХХК-д нийлүүлэх, Н ХХК-иас нийлүүлсэн чихрийн төлбөрөөс 10%-ийг хариуцагч компани зуучлалын хөлс болгон авч, үлдэгдэл мөнгийг нь манай компанид төлөхөөр бид харилцан тохиролцсон” гэх тайлбар, хэргийн 8 дугаар талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа бичгийн баримтуудыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар буюу бичгийн хэлбэрээр байгуулах боломжтой.
Худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
4.2. Нэхэмжлэгч И ХХК-иас С /К / үйлдвэрийн чихрийг нийлүүлсэн, хариуцагч Ф ХХК-иас тухайн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй.
4.3. Хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа бичгийн баримтаас үзвэл, хариуцагч Ф ХХК нь 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Ф ХХК нь 37,209,389.15 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав гэжээ.
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1.Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан тул хариуцагч Ф ХХК-ийг нэхэмжлэгч И ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 37,209,389.15 төгрөг төлөх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ф ХХК-иас Худалдах, худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ф ХХК-иас 37,209,389.15 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгож шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжид 344,000 төгрөгийг төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ф ХХК-иас 37,209,389.15 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 344,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ф ХХК-иас 344,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.