Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 112/ШШ2025/0003

 

 

 

                                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

   Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэн С.С

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А

   Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газар

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С нарын хооронд үүссэн төрийн хяналт шалгалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

   1.Нэхэмжлэгч  нь Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/40 дугаартай Аудитын акт илт хууль бус, үндэслэлгүй болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

 

  Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:

  2.1. Говь-Алтай аймаг дахь төрийн Аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/40 дугаар Төлбөр барагдуулах тухай актаар  Хууль зөрчин олгосон 10,824.8 мянган төгрөгийг төлүүлж, Говь-Алтай аймгийн төрийн сангийн .............. тоот дансанд төвлөрүүлэхийг тус аймгийн Шарга сумын Засаг даргын Тамгын газрын дарга Р.О, нягтлан бодогч  Б. Ө нарт хариуцуулсан байна. 

  2.2. Дээрх шийтгэл оногдуулсан шийдвэрийг Шарга сумын Засаг даргын Тамгын газар нь эс зөвшөөрч тухайн үеийн Засаг даргаар ажиллаж байсан С.Ст холбогдуулан 10,824,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Говь-Алтай аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан. 

2.3. Харин Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1899 дугаар захирамжаар захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн” байна.

         Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

           3.1. С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/40 дугаартай Аудитын акт илт хууль бус, үндэслэлгүй болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү. 

           Учир нь: С.С миний бие нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргаар 2020 оны 11 дүгээр сараас 2023 оны 06 сар хүртэл ажилласан. Говь-Алтай аймгийн Шарга сумын Тамгын газраас 2024 оны 09-р сарын 12-ны өдөр гаргасан Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/40 дугаартай төлбөр барагдуулах тухай актын дагуу 10824,8 сая төгрөг гэм хорын хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гардан аваад нэхэмжлэл гаргаж байна.

          Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулахдаа Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмын журмын 4.1-т зааснаар Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Засаг дарга захирамж гаргаж журамд заасны дагуу зарцуулсан. 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/40 дугаартай актын үндэслэл тодорхойгүй акт гаргах Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4.2.3-д заасан үндэслэлийг заасан боловч 4.2.3-т заасан үндэслэл нь 4.2.3.1-4.2.3.8-д заасан үндэслэлүүдээс аль үндэслэлээр акт тогтоож байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 40-р зүйлийн 40.2.3-т Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40-р зүйлийн 40.3 -т Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгосон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана, 40-р зүйлийн 40.4 Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэснийг тус тус зөрчсөн.

          Мөн актын тогтоох хэсгийн 1-т Хууль зөрчин олгосон 10824,8 мянган төгрөгийг төлүүлж, Говь-Алтай аймгийн төрийн сангийн ............. дугаартай дансанд төвлөрүүлэх гэж тогтоосон байгаа нь хэнээр хэрхэн төлүүлэх нь ойлгомжгүй байгаагаас Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.4-д зааснаар актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, 47.1.7-д зааснаар түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй. Тамгын газрын дарга, нягтлан бодогч нар хэнээр хэрхэн төлүүлэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл тухайн актаар тогтоогдсон мөнгийг зарцуулахаар шийдвэрлэсэн Засаг даргын зөвлөлөөр төлүүлэх үү, тухай шийдвэрийг баталгаажуулсан Засаг дарга төлөх үү, мөнгөн хөрөнгө очсон, зарцуулагдсан иргэдээр төлүүлэх үү, зардалд гарын үсэг зурж гүйлгээ хийсэн Засаг даргын Тамгын газрын дарга, нягтлан бодогч нарын хэн төлөх нь тодорхойгүйгээс бодит байдалд актыг хэрхэн биелүүлэх нь тодорхой бус байгаагаас С.Саас нэхэмжилж байна гэж үзэж байна.

            Түүнчлэн Засаг даргын нөөц хөрөнгө гэж Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхтэй зөрчилдөхгүй, урьдчилан төлөвлөж төсөвт тусгах боломжгүй байсны улмаас тухайн төсвийн жилийн дундуур зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ зардлыг ойлгохоор журмалсан бөгөөд урьдчилан төсөвт тусгах боломжгүй байсан гэснийг ...төсвийн зардлын зүйл арга хэмжээний ангилалын дагуу санхүүжүүлэх боломжгүй нөхцөлийг ойлгохоор тайлбарласан зэргээс дүгнэхэд Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн түхай хуулийг үндэслэл болгохдоо нөөц хөрөнгийн төсөвтэй адилтган төсөөтэй хэрэглэж Засаг даргын бүрэн эрх, төрийн төлөөлөгчийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд зориулагдсан зардлаа холбогдох журмын дагуу зарцуулагдсан зардлыг төлүүлэхээр түүний эрх ашгийг зөрчиж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй байхад эрх ашгийг нь зөрчиж байна гэж үзэж байна. Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 бусдын эрх хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээр урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зэрэг зарчмыг баримтлаагүй байна. Өөрөөр хэлбэл тус актыг үндэслэн шийдвэр гаргасан болон шийдвэрийг баталгаажуулсан этгээдүүдээр төлүүлэх бол тус этгээдүүдэд актыг гаргаж байгаагаа урьдчилан мэдэгдээгүй үйл ажиллагаа болсон байна.

           Иймд 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/40 дугаартай Аудитын акт илт хууль бус, үндэслэлгүй болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэжээ.

          3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч С.Сыг Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргаар ажиллаж байхдаа түүний гаргасан захирамжтай холбогдуулж аудитын акт тогтоосон байдаг. Тухайн захирамж нь зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэж гарсан захирамжууд байдаг. Мөн Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулсантай холбоотой шийдвэрүүдтэй холбогдуулж аудитын акт гаргасан. Аудитын актыг хэд хэдэн үндэслэлээр тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 40 дугаартай төлбөр барагдуулах тухай аудитын акт байгаа. Тухайн аудитыг Төрийн аудитын тухай хуульд зааснаар Төрийн аудитын газрын журмаар үндэслэлүүдийг дурдсан байдаг. Эдгээр үндэслэлээс алийг нь зөрчсөн талаар тухайн аудитад тодорхойгүй. Аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бусад үндэслэл байдал үүссэн бол гэж байгаа. Бусад үндэслэлийг нь харахаар тухайн аудиттай холбоотой аль нь тохирч байгаа асуудал байдаггүй. 21.2-т шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно гэдэг байдлаар акт тавьсан юм болов уу гэж таамаглаж дүгнэлт хийж байна. Тайлбар дээрээ акт гаргах эрхтэй гэдэг байдлаар дүгнэлт хийсэн байдаг. Яагаад энийг үгүйсгээд байгаа юм бэ гэхээр аудитын зөрчсөн гэж үзээд байгаа Засгийн газрын 2021 оны 388 дугаартай тогтоолын 5.4 дэх заалтыг бариад актдаа дурдсан байдаг. Тэгэхээр энэ зүйл заалт нь 2022 оны 203 дугаартай Засгийн газрын тогтоолоор хүчингүй болсон заалтыг бариад аудитын акт үйлдэгдсэн. Хүчингүй болсон зүйл заалтыг бариад аудитын акт үйлдээд байгаа нь илт хууль бус акт гэж үзэхээр байна. Илт хууль бус акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг. Мөн актын аль нэг хэсэг нь илт хууль бус байгаа тохиолдолд тухайн акт бүхэлдээ илт хууль бус байхыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл дээр дэлгэрэнгүй байдлаар хуульчилсан байдаг.  2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 203 дугаартай тогтоолын 7 дахь хэсэгт Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаартай тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай гээд 1 сарын дараа тухайн заалт хүчингүй болсон байхад 2023 оны 02 дугаар сард тухайн актыг гаргахдаа хүчингүй болсон актыг үндэслэж зөрчсөн байна гэдэг байдлаар үндэслэлийг хийгээд байгаа нь илт хууль бус акт гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. С.Сын тухайд яагаад нэхэмжлэл гаргах болсон гэхээр С.Саас тухайн акттай холбоотой төлбөрийг Шарга сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжилж орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Захиргааны хэргийн шүүхэд тухайн акт нь илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байгаа гэжээ. Зөрчсөн эрх зүйн акт гэж байгаа. Нэгдүгээрт: Төрийн хэмнэлтийн тухай хуульд хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох гэж байгаа. Засаг даргын нөөц хөрөнгө зориулалт, зарцуулалтын нийтлэг журамд шагнал урамшуулал, нэг удаагийн буцалтгүй дэмжлэгийг зөвшөөрсөн. Яагаад би энэ талаар ярьж байна гэхээр хариуцагч талаас журам чинь хууль тогтоомж биш гэдэг байдлаар тайлбарлаад байна. Гэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, энэ хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж байгаа. Энэ бол Засгийн газрын тогтоолоор батлагдсан журам учир хууль тогтоомждоо орно. Иймээс хууль тогтоомжид зааснаас бусад байдлаар олгогдсон гэдэг нь үгүйсгэгдэж байгаа. Төсвийн тухай хуулийн хувьд санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлэх ба төсөв үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулна гэж байгаа. Ямар ч төрийн байгууллага ер нь бол хэмнэлтийн горимд ажилладаг. Засгийн газрын 2021 оны 388 дугаартай тогтоолын 5.4 дэх заалт үнэхээр мөрдөгдөж байсан бол магадгүй би энд маргаад зогсохгүй. Харин хэнээс гаргуулах юм бэ, энийгээ дэлгэрүүлээд өг гэж хэлээд байж байх байсан. Гэтэл Захиргааны ерөнхий хуульд захиргааны актын аль нэг хэсэг нь илт хууль бус бөгөөд тэр нь захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны актыг бүхэлдээ илт хууль бус байна гэдэг байдлаар тайлбарлаж  оролцож байгаа гэжээ.

           3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Төрийн аудитын тухай хуулийн 6, 8 дугаар зүйлд аудит хийх чиг үүргийг тусгасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 465 дугаартай “Санхүүгийн тайланд аудит хийх тухай” албан бичгийн хүргүүлж 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцүүлгийг Шарга сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нягтлан бодогч нартай хийсэн байна.  Шарга сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03/30 дугаартай албан бичгээр аудит хийлгэхээр манай байгууллагад хандсан. Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1 дэх заалтад зааснаар Төсвийн шууд захирагч нь жил бүр цагалбарт хугацаанд аудитад хамрагдах үүргийг хүлээж, бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.  Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15 дахь заалтад зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын  дарга нь төсвийн шууд захирагч тул хууль тогтоомжийн хүрээнд аудитыг гүйцэтгэн санхүүгийн аудитын тайлан дүгнэлт, шнйдвэрийг Шарга сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн.

          Аудитаар “Засаг даргын нөөц хөрөнгөөс нутгийн зөвлөлийн уулзалт арга хэмжээнд 5,403.8 мянган төгрөг, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд 730.0 мянган төгрөг, амжилт үзүүлсэн сурагчид, тэмээний баяр, албан хэрэг хөтлөлт,  "Ногоон хөгжил, цэмцгэр шарга, аян зэрэг арга хэмжээний шагнал урамшуулалд 4,691.0 мянган төгрөгийг тус тус зарцуулсан” байсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, эарцуулах;" Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т "хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох", 15.1.5-т “төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авах"; Засгийн газрын 2021 оны 388 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.4. т "бүх шатны төсвийн байгууллагын гадаад албан томилолт, зочид төлөөлөгч хүлээн авах, тавилга, эд хогшил, ном хэвлэл худалдан авах болон хэвлүүлэх, сурталчилгаа хийх, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, биеийн тамирын уралдаан тэмцээн, салбарын болон байгууллагын тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээ захион байгуулах салбартай холбоотой киноны уран бүтээл хийх, төрийн захиргааны төв байгууллагуудын тээвэр, шатахууны зардал, төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад төрийн байгууллагууд шинээр автомашин худалдан авах зардал, захиргааны албан контор шинээр барих зардлыг тус тус 100 хувь, бүх шатны төрийн байгууллагын бичиг хэргийн зардлыг 50 хувь, коронавируст халдварын цар тахалтай тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн байгууллагаас бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолтын зардлыг 50 хувь тус тус хэмнэх чиглэл баримтлах" гэж заасантай нийцэхгүй байсан.

         Шалгагдагч байгууллага болох Шарга сумын Засаг даргын  нь дээрх зөрчилд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3/62 дугаартай тайлбар ирүүлсэн бөгөөд аудитораас тайлбарыг хүлээн аваагүй тул Төрийн аудитын байгууллагаас 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/40 дугаартай төлбөрийн актыг тогтоосон.

          Нэхэмжлэгчээс Засаг дарга нөөц хөрөнгийг зарцуулахдаа Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Засаг дарга захирамж гаргаж журамд заасны дагуу зарцуулсан гэх тайлбарыг гаргасан байна.

           Хэдийгээр журамд заасны дагуу зөвлөлийн хурлаар шийдвэрлэж байгаа боловч тэрхүү шийдвэр нь захиргааны үйл ажиллагаа тул хуульд үндэслэх зарчимтай нийцсэн байх ёстой.

          Гэтэл дээрх хөрөнгийг зарцуулах зөвлөлийн хурлын шийдвэр, Засаг даргын захирамж нь илт хууль зерчсөн, хуулиар олгосон бүрэн эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байсан. Түүнчлэн дээрх албан тушаалтнууд болон Засаг даргын Тамгын газрын дарга, нягтлан бодогч нар нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан төрийн албан хаагч болох тул 37 дугаар зүйлийн 37.1.6-д зааснаар төрийн албан хаагч нь харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар хуулийн үйлчлэлд Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын  дарга, нягтлан бодогч нар бүрэн хамрагддаг.     Хуулийн 3 дугаар зүйлийн 3 2-т “Энэ заалтуудийн 3.1-д заасан этгээдийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцаанд энэ хуулийг мөрдөх ба бусад хуульд өөрөөр заасан бол энэ хуульд заасныг дагаж мөрдөнө” гэж заасан нь бусад хууль тогтоомжид хэдийгээр хөрөнгийг зарцуулах эрхийг тусгасан боловч Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хориглосон, хязгаарласан бол тус хуулийн заалтыг дагаж мөрдөхөөр тусгасан.

           Мөн Сангийн сайдын 2021 оны 64 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 7 дугаар зүйлийн 7 1-т “Төсвийн захирагч нөөц хөрөнгийн санхүүжилтийг зөвхөн зориулалтын дагуу зарцуулна”, 2 дугаар зүйлд зарцуулах арга хэмжээг зааж өгсөн.

          Нэхэмжлэлд дурдсанаар захиргааны актын үндэслэл тодорхойгүй гэсэн нь үндэслэлгүй юм. Маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтыг тодорхой тусгасан, төлбөрийн акт тогтоох нь хуулиар тусгайлан олгосон бүрэн эрх юм.  Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” заасны дагуу төрийн аудитын байгууллагаас шийдвэр өгсөн бөгөөд асуудлын бүртгэлийг танилцуулж хариуг тус байгууллагаас авсан болно.

       Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т зааснаар актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус гэжээ. Гэтэл актыг тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт “Актын биелэлтийг 2023 онь 07 дугаар сарын 10-ны дотор Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын Тамгын газрын дарга Р.О, нягтлан бодогч Б.Ө нарт хариуцуулав” гэж актыг гүйцэтгэх этгээдийг тодорхой зааж өгсөн.   Тус байгууллага нь уг төлбөрийн актыг хүлээн зөвшөөрөөгүй бол 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй боловч гараагүй тул хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлтэй.   Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 7-т зааснаар актыг бодит байдалд биелүүлэх боломжгүй тул төлбөрийн акт илт хууль бус гэжээ. Гэтэл Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15-д зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь тухай шатны Засаг даргын Тамгын газрын даргын  төсвийн шууд захирагч бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 100, 103 дугаар зүйлд заасны дагуу өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэнээс шаардах нь хуулиар хүлээсэн эрх, үүрэг юм.  Уг асуудалд Төрийн аудитын байгууллага нь оролцогч биш бөгөөд харин төр, захиргааны байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэхээр гаргасан шийдвэрийг аудитын байгууллагад хүргүүлэх үүргийг шийдвэр гаргасан албан тушаалтан, шүүх хүргүүлэх үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.4 дэх хэсэгт тусгасан.  Иймд байгууллагын удирдлага болох Шарга сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь төлбөрийн актыг шийдвэр гаргасан зөвлөлийн гишүүд, захирамж гаргасан Засаг дарга, эсхүл гүйлгээ хийсэн өөрөө төлөх үү гэдгээ тодорхойлох үүрэгтэй. Төрийн аудитын байгууллага нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд албан тушаалтны гэм бурууг тодорхойлох эрх хэмжээ тусгагдаагүй болно.

           Засгийн газрын 2021 оны 388 дугаартай тогтоол хүчингүй болсон гэж байна. Тухайн актад дурдаж байгаа асуудлууд хэд хэдэн удаагийн гүйлгээгээр болсон. Төрийн хяналтын тухай хуулийн 15.1.3, 15.1.5, Төсвийн тухай хуулийн 6.4, Засгийн газрын 2021 оны 388 дугаартай тогтоолын 5.4 дэх заалт давхар тавигдсан юм бэ гэхээр Засгийн газрын 2021 оны 388 дугаартай тогтоолын 5.4 дэх заалтын үйлчлэл нь 2022 оны 04 дүгээр сарын 29-нд дуусч байгаа. Тухайн 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд үйлчилнэ. Энэ хугацаанд гарсан гүйлгээнд энэ заалт хамаарна. Төрийн хэмнэлтийн тухай хууль 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан. Засгийн газрын тогтоолын тодорхой заалтыг хүчингүй болгоод мөн өдрөөс нь эхлээд Төрийн хэмнэлтийн тухай хууль үйлчилж эхэлсэн. Тэгэхээр нэг нь 04 дүгээр сарын 29-ээс өмнөх үйл явцыг зохицуулж байна. Нэг нь 04 дүгээр сарын 29-ээс хойш үйл явцыг зохицуулж байгаагаар онцлог байна. Хамтын шийдвэр байсан, эсхүл Засаг даргын захирамж байсан, хэн хэрэгжүүлэх юм бэ гэдэг асуудал нэхэмжлэгчийн зүгээс тавьж байна. Төрийн аудитын байгууллага нь Төсвийн тухай хуульд заасны дагуу аудит хийгээд энэ аудитаа олон улсын стандарт болон үндэсний стандартад нийцүүлж хийдэг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан, мөн Төсвийн тухай хуульд заасан байдаг. Тухайн санхүүгийн жилийн тайланд нь дүгнэлт өгч байгаа юм. Дүгнэлт өгөхдөө хууль тогтоомж зөрчсөн болон бусад актууд дээр төрийн аудит тогтоож байгаа. Төлбөрийн актын хавсралтаар гэдэг зүйл байгаа. Төлбөрийн акт өгөх үндэслэл хэсэг дээр нь Төрийн аудитын тухай хуулийн 28.2-т заасан нөхцөл байдлыг тодорхойлоод үүн дээр тухайн шалгагдагч этгээдийн холбоо барих мэдээлэл, төлбөрийн актыг хэнд хүлээлгэж өгсөн гэдэг дээр хяналт тогтоож байгаа. Энэ акт албан шаардлагыг нягтлан бодогч Ө тухайн үед хүлээж авсан байдаг. Үүнийг яагаад Ө-т хүлээлгэж өгсөн бэ гэхээр Төрийн аудитын тухай хуульд заасан байгаа. Тухайн байгууллагын нягтлан Ө байгууллагаасаа 2 хоногийн томилолт авч ирээд тайлангаа шалгуулаад ажилласан. Төрийн хэмнэлтийн тухай хууль нь төрийн байгууллагын санхүүгийн асуудал дээр гол хууль байдаг. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3.2-т энэ хуулийн 3.1-д заасан этгээдийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцаанд энэ хуулийг мөрдөх ба бусад хуульд өөрөөр заасан бол энэ хуульд заасныг дагаж мөрдөнө гэж заасан. Тэгэхээр тулгуур хууль гэж ойлгож болохоор байгаа. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.3-д хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр гэж заасан. Сангийн сайдын баталсан 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт зарцуулалтын нийтлэг журам байгаа. Сайдын баталсан журам хууль тогтоомжид орох уу гэхээр сайдын баталсан журмыг хууль тогтоомж гэж үзэхгүй байгаа. Энэ бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт. Хэдийгээр хэм хэмжээний актаар эрх олгогдсон боловч Төрийн хэмнэлтийн тухай хуульд хууль тогтоомжид заагаагүй бол гэж заасан учраас энэ журмыг барих боломжгүй. Төрийн аудитын байгууллага нь эрх бүхий албан тушаалтны гэм бурууг тогтоодог шүүхийн эрх хэмжээг хэрэгжүүлдэг газар биш. Албан тушаалтны хэн нь гэм буруутай юм бэ гэдэг асуудлыг шүүхээр тогтоох ёстой. Шарга сумын энэ асуудлыг Засаг даргын зөвлөлийн гишүүд гэж байгаа. Гэхдээ энэ зөвлөл нь ямар нэгэн байдлаар цаасан хэлбэрээр тушаал шийдвэр гаргадаггүй. Гэхдээ энэ хүмүүсийн шийдвэр ч гэсэн хуульд нийцсэн байх ёстой. Засаг даргын зөвлөлийн гишүүдэд Засаг дарга, тамгын газрын дарга нь байдаг. Засаг дарга захирамж гаргадаг. Энэ нь хуулиар олгогдсон эрх нь байгаа. Гэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийг барьж захирамж гаргах үүрэгтэй. Шарга сумын Засаг даргын тамгын газрын дарга нягтлан бодогч нь төрийн албан хаагч. Төрийн албан хаагч нь дээд шатны хуульд нийцсэн шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй. 21.2-т шалгагдагч этгээд гэж заасан учраас шалгагдагч этгээдийн энэ асуудалтай холбоотой тамгын газрын төсвөөс гарч байгаа. Төсвийн тухай хуульд зааснаар тамгын газрын дарга нь төсвийн шууд захирагч. Тэгэхээр тайланд нь аудит хийсэн. Тайлангаар шийдвэр гаргаад тамгын газарт өгсөн.

            Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргаад байгаа гол үндэслэл болох Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.6-д заасан үндэслэл үүсээгүй гэж үзэж байгаа. Энэ нь тодорхой төрийн аудитын байгууллагад эрх олгосон хуулийн заалт, акт тавих эрх нь байна. Акт тавих нөхцөл үүссэн байна. Өөрт олгогдсон эрхийн асуудлаар хуульд заасан үндэслэлээр шийдвэр гаргасан гэж хэлмээр байна. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуультай холбоотой асуудал дээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үйлчлэх огноог буюу Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасан хэсгийг мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 388 дугаар тогтоолын хүчингүй болсон хугацааны үйлчлэлийг засгийн газрын тогтоол хүчингүй болсон өдрөөс нь Төрийн хэмнэлтийн тухай хууль үйлчилж эхэлж байгаа гэж тайлбарламаар байна. Иймд илт хууль бус шинжийг агуулаагүй байгаа төрийн аудитын газрын төлбөрийн актыг хэвээр үлдээгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.       

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

          4.Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           5. Говь-Алтай аймаг дахь төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Х.Т, Аудитын менежер Д.Э Аудитор М.А нар нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны санхүүгийн тайланд аудит хийж, Засаг даргын нөөц хөрөнгөөс нутгийн зөвлөлийн уулзалт арга хэмжээнд 5,403.8 мянган төгрөг, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд 730.0 мянган төгрөг, амжилт үзүүлсэн сурагчид, тэмээний баяр, алба хэрэг хөтлөлт, “Ногоон хөгжил, цэмцгэр шарга” аян зэрэг арга хэмжээний шагнал урамшуулалд 4,691.0 мянган төгрөгийг тус тус хууль зөрчиж зарцуулсан гэсэн үндэслэлээр  нийт 10,824.8  мянган төгрөгийг төлүүлж,  Говь-Алтай аймгийн төрийн сангийн ............. тоот дансанд төвлөрүүлэхээр акт тавьсан. Актын биелэлтийг 2023 оны 07 дугаар сарын 10-ны дотор Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Шарга сумын Засаг даргын Тамгын газрын дарга (Р.О), нягтлан бодогч (Б.Ө)  нарт хариуцуулсан.  

           6. Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын Тамгын газар нь иргэн С.Ст холбогдуулан 10,824.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1475 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

           7. Хариуцагч С.С нь  Говь-Алтай аймаг дахь Аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/40 дугаартай Аудитын акт илт хууль бус, үндэслэлгүй болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гарган, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 158 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

          8. Харин Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1899 дугаар захирамжаар Говь-Алтай аймаг дахь Аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/40 дугаартай Аудитын акт илт хууль бус, үндэслэлгүй болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд  Шарга сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,  иргэн С.Ст холбогдох 10,824.800 төгрөг гаргуулах иргэний  хэргийн хянан шийдвэрлэх  ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

             9.Нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нараас:

          10. Говь-Алтай аймгийн төрийн сангийн ............. дугаартай дансанд төвлөрүүлэх гэж тогтоосон байгаа нь хэнээр хэрхэн төлүүлэх нь ойлгомжгүй байгаагаас Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.4-д зааснаар актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаххуульд заасан үндэслэл байгаагүй, 47.1.7-д зааснаар түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй. Тамгын газрын дарга, нягтлан бодогч нар хэнээр хэрхэн төлүүлэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл тухайн актаар тогтоогдсон мөнгийг зарцуулахаар шийдвэрлэсэн Засаг даргын зөвлөлөөр төлүүлэх үү, тухай шийдвэрийг баталгаажуулсан Засаг дарга төлөх үү, мөнгөн хөрөнгө зарцуулагдсан иргэдээр төлүүлэх үү, зардалд гарын үсэг зурж гүйлгээ хийсэн Засаг даргын Тамгын газрын дарга, нягтлан бодогч нарын хэн төлөх нь тодорхойгүйгээс бодит байдалд актыг хэрхэн биелүүлэх нь тодорхой бус байгаагаас С.С-аас нэхэмжилж байна. Мөн Засгийн газрын 2021 оны 388 дугаартай тогтоолын 5.4 дэх заалтыг бариад актдаа дурдсан байдаг. Тэгэхээр энэ зүйл заалт нь 2022 оны 203 дугаартай Засгийн газрын тогтоолоор хүчингүй болсон заалтыг бариад аудитын акт үйлдэгдсэн. Хүчингүй болсон зүйл заалтыг бариад аудитын акт үйлдээд байгаа нь илт хууль бус акт гэж үзэхээр байна гэж,

           11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-аас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэл үүсээгүй. Энэ нь тодорхой төрийн аудитын байгууллагад эрх олгосон хуулийн заалт, акт тавих эрх нь байна. Өөрт олгогдсон эрхийн асуудлаар хуульд заасан үндэслэлээр шийдвэр гаргасан гэж хэлмээр байна. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуультай холбоотой асуудал дээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг үйлчлэх огноог буюу Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасан хэсгийг мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 388 дугаар тогтоолын хүчингүй болсон хугацааны үйлчлэлийг засгийн газрын тогтоол хүчингүй болсон өдрөөс нь Төрийн хэмнэлтийн тухай хууль үйлчилж эхэлж байгаа гэж тайлбарлмаар байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т зааснаар актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус гэжээ. Гэтэл актыг тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт “Актын биелэлтийг 2023 онь 07 дугаар сарын 10-ны дотор Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын Тамгын газрын дарга Р.О, нягтлан бодогч Б.Ө нарт хариуцуулав” гэж актыг гүйцэтгэх этгээдийг тодорхой зааж өгсөн.   Шарга сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь төлбөрийн актыг шийдвэр гаргасан зөвлөлийн гишүүд, захирамж гаргасан Засаг дарга, эсхүл гүйлгээ хийсэн өөрөө төлөх үү гэдгээ тодорхойлох үүрэгтэй. Төрийн аудитын байгууллага нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд албан тушаалтны гэм бурууг тодорхойлох эрх хэмжээ тусгагдаагүй... гэж маргадаг.

          12.Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 465 дугаар албан бичгээр Байгууллагын дарга, эрхлэгч нарт “Санхүүгийн тайланд аудит хийх тухай” албан бичгийг хүргүүлж, Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3/30 дугаар албан бичгээр Шарга сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны санхүүгийн тайланг Төрийн Аудитын газарт хүргүүлсэн байдаг.

       Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх гэж заасны дагуу Говь-Алтай аймаг дахь төрийн Аудитын газар нь Шарга сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн тайланд  өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд аудитын хийж, гүйцэтгэсэн байна.

          Шарга сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн тайланд хийсэн аудитаар  Засаг даргын нөөц хөрөнгөөс нутгийн зөвлөлийн уулзалт арга хэмжээнд 5,403.8 мянган төгрөг, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд 730.0 мянган төгрөг, амжилт үзүүлсэн сурагчид, тэмээний баяр, алба хэрэг хөтлөлт, “Ногоон хөгжил, цэмцгэр шарга” аян зэрэг арга хэмжээний шагнал урамшуулалд 4,691.0 мянган төгрөг  нийт 10,824.8  мянган төгрөгт акт тавигдсан байгаа нь Төрийн аудитын  тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно гэж заасны дагуу Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/40 дугаар “Төлбөр барагдуулах тухай”  акт тогтоосон.

          Дээрх 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/40 дугаар “Төлбөр барагдуулах тухай”  актаар ногдуулсан 10,824.8 төгрөгнөөс нутгийн зөвлөлийн уулзалт арга хэмжээнд 5,403.8 мянган төгрөг, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд 730.0 мянган төгрөг, амжилт үзүүлсэн сурагчид, тэмээний баяр, алба хэрэг хөтлөлт, “Ногоон хөгжил, цэмцгэр шарга” аян зэрэг арга хэмжээний шагнал урамшуулалд 4,691.0 мянган төгрөг тус тус зарцуулсан болох нь  Говь-Алтай аймаг дахь төрийн Аудитын газрын Шарга сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан, Шарга сумын Засаг даргын Хөрөнгө зарцуулах тухай захирамжууд, Шарга сумын Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлүүд, Шарга сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3/62 дугаар албан бичиг болон талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбараар нотлогдож байна.

            Аудитын актаар тавигдсан 10,824.8  мянган төгрөг нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, эарцуулах;" Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т "хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох", 15.1.5-т “төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авах"; Засгийн газрын 2021 оны 388 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.4. т "бүх шатны төсвийн байгууллагын гадаад албан томилолт, зочид төлөөлөгч хүлээн авах, тавилга, эд хогшил, ном хэвлэл худалдан авах болон хэвлүүлэх, сурталчилгаа хийх, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, биеийн тамирын уралдаан тэмцээн, салбарын болон байгууллагын тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээ захион байгуулах салбартай холбоотой киноны уран бүтээл хийх, төрийн захиргааны төв байгууллагуудын тээвэр, шатахууны зардал, төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад төрийн байгууллагууд шинээр автомашин худалдан авах зардал, захиргааны албан контор шинээр барих зардлыг тус тус 100 хувь, бүх шатны төрийн байгууллагын бичиг хэргийн зардлыг 50 хувь, коронавируст халдварын цар тахалтай тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн байгууллагаас бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолтын зардлыг 50 хувь тус тус хэмнэх чиглэл баримтлах" гэж заасантай нийцээгүй байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Засгийн газрын 2021 оны 388 дугаартай тогтоолын 5.4 дэх заалтыг актдаа дурдсан байдаг. Энэ заалт нь 2022 оны 203 дугаартай Засгийн газрын тогтоолоор хүчингүй болсон заалтыг бариад аудитын акт үйлдэгдсэн. Хүчингүй болсон зүйл заалтыг бариад аудитын акт үйлдээд байгаа нь илт хууль бус акт гэж маргадаг.

Маргаан бүхий актад баримталсан Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалт нь Монгол Улсын Засгийн газрын Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим  арга хэмжээний тухай  2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар тогтоолоор хүчингүй болсон байх хэдий ч зөвхөн энэ үндэслэлээр уг актыг бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй.

Учир нь төлбөр барагдуулах актын үндэслэлд дурдсан хууль тогтоомжийн бусад заалтууд хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаагаас гадна актад дурдагдсан зөрчил хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т зааснаар актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй,  47 дугаар зүйлийн 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж маргадаг.

            Илт хууль бус захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд тоочин заасан эрх зүйн алдаа бүхий акт байх бөгөөд гарсан цагаасаа хойш эрх зүйн үйлчлэлгүй байдаг.

            Энэ зүйлийн 47.1.4-т “актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” гэснийг уг актыг хэн, хэзээ биелүүлэх нь тодорхойгүй байхыг ойлгоно. Маргаан бүхий төлбөрийн актыг Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын Тамгын газрын дарга (Р.О), нягтлан бодогч (Б.Ө) нарт хариуцуулж гаргасан байна.

Тодруулбал, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн шууд захирагч байхаар хуульчилсан. Иймд тус актыг хуульд зааснаар болон актанд тусгаснаар Шарга сумын Засаг даргын Тамгын газрын дарга хариуцахаар зохицуулжээ.   

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн тохиолдлыг дурдсан байх ба энэ нь захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно. Тодруулбал, тухайн шийдвэрийг гаргах эрх зүйн зохицуулалт хуульчлагдаагүй, шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байхгүй, тухайн тохиолдлыг хууль тогтоомжоор зохицуулаагүй, эсхүл шийдвэрийг ямарваа хуульд үндэслэж гаргаагүй байхыг ойлгоно.

Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ., мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно. гэж заасан байх тул хариуцагч төрийн байгууллагын санхүүгийн тайланд аудит хийж, төлбөрийн акт тогтоох чиг үүрэгтэй байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэснийг тухайн актыг биелүүлэх этгээдийг тодорхой заагүй, хууль тогтоомж зөрчсөний улмаас биелүүлэх боломжгүй байх тохиолддыг ойлгоно. Дээр дурдсанчлан маргаан бүхий төлбөрийн актыг биелүүлэх этгээдийг тодорхой заасан, хариуцагч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд акт тогтоосон байх тул түүнийг илт хууль бус акт гэж дүгнэх үндэслэлгүй.

Тодруулбал, илэрхий алдаатай, тухайн актыг гаргах эрх зүйн үндэслэлгүй, тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох ба ийм захиргааны акт анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг бол хууль зөрчсөн хэдий ч хууль бус болох нь тогтоогдох хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн захиргааны актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгодог.

Дээрх хуулийн зохицуулалтын агуулга нь захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны акт гаргахдаа хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан тохиолдолд “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэх нөхцөл юм.

 Иймд  Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний 01/40  “Төлбөр барагдуулах тухай” акт нь илт хууль бус актын шинжийг агуулаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Төсвийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.5, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан тус аймгийн Шарга сумын иргэн С.С-ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдох 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/40 дугаартай аудитын акт илт хууль бус, үндэслэлгүй болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Э.ЗОЛБАДРАХ