Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00325

 

М С Э П Х ХХКХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/03143 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М С Э П Х ХХКХХК-ийн хариуцагч Б.Нд холбогдуулан гаргасан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Будда Виста цогцолбор хотхон 804 байрны 426 тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Банзрагч, Э.Гэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч М С Э П Х ХХКХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М С Э П Х ХХКХХК нь Т ЛХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ВG-SА-19/02 дугаартай орон сууц захиалгаар барьж, худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Улмаар, захиалагч нь гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан ВG-SА-19/02 дугаартай гэрээний 12.2. дахь хэсэгт зааснаар төлбөр төлөх графикийг 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлбэл худалдагч тал нь гэрээг дангаар цуцалж, байрыг борлуулахтай холбоотой учирсан хохирол, торгуулийг төлүүлэх эрхтэй гэж тохиролцсон.Орон сууц захиалгаар барьж, худалдах худалдан авах гэрээг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 55 тоот албан бичгээр гэрээ цуцлах мэдэгдлээр мэдэгдсэн. Гэвч Т ЛХХК нь уг гэрээний дагуу орон сууцны төлбөрийг төлөөгүй атал нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд иргэн Б.Ныг оруулсан байна.Иймд хууль бусаар амьдарч байгаа Б.Ныг орон сууцнаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 11-р хороо Будду Виста хотхоны 804 дүгээр байрны 426 дугаартай орон сууцыг манай гэр бүлийн хүн Б.Бат-эрдэнэ нь Т ЛХХК-аас худалдан авсан. Цар тахлаас болж Б.Бат-Эрдэнэ нь Монголд ирж чадахгүй байсан үед нялх хүүхдээ хараад гэртээ байхад өөрийгөө хуульч гэх Э.Уянга гэх хүн танайх байрнаас гар, танай мөнгийг Т ЛХХК манайд төлөөгүй гэж дарамталж ус, цахилгаан таслан миний болон үр хүүхдийн амьд явах эрхэд халдан айлгаж байгаад байрнаас гарна гэсэн бичиг хийлгэж авсан. Уг байрыг би худалдаж аваагүй манай гэр бүлийн хүн Б.Бат Эрдэнэ нь Т ЛХХК-аас худалдан авсан. Б.Бат-Эрдэнэ гэрээ байгуулсан тул маргаан байгаа бол түүнд холбогдуулан шүүхэд хандах хэрэгтэй. Би энэ хэргийн хариуцагч биш харин манай нөхөрт хандах байтал намайг хариуцагч гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй, хариуцагчаар намайг биш миний нөхрийг татна уу гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч Б.Нын гэр бүлийн хүн Б.Бат-Эрдэнэ 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Т ЛХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөр тооцоог төлсөн. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Нтай иргэний эрх зүйн ямар ч харилцаанд оролцоогүй. Нэхэмжлэгчийн шаардлагыг уншихаар зөвхөн Б.Ныг тухайн орон сууцнаас чөлөөлүүлэх талаар тусгасан. Ямар ч хууль зүйн үндэслэлгүй, иргэний эрх зүйн харилцаагаа андуурсан. Иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй этгээдэд нэхэмжлэл гаргасан. Уг орон сууцанд Б.Н нөхөр хүүхдийн хамт амьдарч байгаа. Тэгээд эхнэр Б.Ныг гаргаад нөхөр хүүхдийн үлдээгээд гэр бүл салгах нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Будда Виста цогцолбор 804 байрны 426 тоот орон сууцнаас Б.Ныг албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг огт иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй асуудлаар гаргасан болохыг анхааран үзэлгүй шийдвэрлэсэн. Тухайн орон сууцыг М С Э П Х ХХКХХК-аас Т ЛХХК-д худалдсан бөгөөд Т ЛХХК нь Б.Батэрдэнэд худалдсан ба Б.Н нь түүний гэр бүлийн хүн болно. Тухайн орон сууцны төлбөрт Б.Батэрдэнийн Т ЛХХК-д төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх түүнд ямар ч ач холбогдол өгсөнгүй. Б.Н нь М С Э П Х ХХКХХК-тай ямар ч эрх зүйн харилцаанд ороогүй тул тэдний хооронд ямарч эрх зүйн харилцаа үүсээгүй болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт байгаа шүүхийн дүгнэлтийг үзвэл иргэний хуулийн 243.1, 112.1, 106,1 баримтлан шийдвэрлэсэн байх бөгөөд шүүх хариуцагч талаас гаргасан нотлох баримт ба тайлбарыг огт анхааран үзээгүй. М С Э П Х ХХКХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлөхгүй байх татвараас зугтаах зорилгоор Хан-Уул дүүргийн Будда виста хотхоны худалдан борлуулсан орон сууцны гэрчилгээг гарган өгдөггүй үйл баримтыг шүүгч огт анхааран үзэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч М С Э П Х ХХКХХК нь хариуцагч Б.Нд холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Будда Виста цогцолбор хотхон, 804 байрны 426 тоот орон сууцнаас Б.Ныг албадан чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагчаас Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Будда Виста цогцолбор хотхон, 804 дүгээр байрны 426 тоот орон сууцанд амьдарч байгаа үйл баримтын талаар маргаагүй байна. /хэргийн 17,18 дугаар тал/ Харин хариуцагч Б.Нын уг эзэмшил нь хууль буюу гэрээнд үндэслэгдээгүй, хууль бус эсэх нөхцөл байдлыг тогтоосны дараа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй. Тодруулбал, дээрх хуулийн зохицуулалтаар хөрөнгийг бусад этгээд хууль бусаар эзэмшиж байгаа тохиолдолд түүнээс өмчлөгч шаардах эрхийг олгосон. 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13/2013 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын актаар уг орон сууцыг нэхэмжлэгч захиалан бариулсан талаар дурьджээ. /хэргийн 34-38 дугаар тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас тус орон сууцыг манай нөхөр Б.Бат-эрдэнэ Т ЛХХК-тай гэрээ байгуулж, худалдан авсан тул түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэсэн агуулгатай тайлбар гаргасан байна. Хэргийн 46-55 дугаар талд авагдсан 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2019-01 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс үзэхэд маргаан бүхий орон сууцыг Т ЛХХК-аас Б.Бат-Эрдэнэд 650 000 ам.доллараар худалдахаар харилцан тохиролцсон байна. Түүнчлэн, Б.Бат-Эрдэнээс Т ЛХХК-ийн данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагджээ. /хэргийн 56-76 дугаар тал/

 

Дээрх нөхцөл байдлыг харьцуулан үзвэл, хариуцагч уг орон сууцыг ямар үндэслэлээр эзэмшилдээ авсан болохыг тодруулах шаардлагатай. Энэ тохиолдолд хариуцагчийн уг орон сууцыг эзэмшилдээ байлгах эрх дуусгавар болсон эсэх, хариуцагч тухайн эд хөрөнгийг эзэмших эрхгүй болсон гэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцыг хариуцагч эзэмшиж буй хууль зүйн үндэслэл тодорхой бус байгаа тохиолдолд түүний эзэмшлийг хууль бус гэж үзэж, чөлөөлүүлэхээр дүгнэх боломжгүй.

 

Мөн хариуцагч эд хөрөнгийг эзэмшилдээ байлгаж буй үндэслэл тодорхой бус байна. Тэрээр тус орон сууцыг ямар гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа талаарх нөхцөл байдлыг тодруулахын тулд хариуцагчийн тайлбарт дурдсан Б.Бат-Эрдэнэ болон Т ЛХХК-ийн эрх ашиг зөрчигдсөн эсэх, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох эсэхийг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Түүнчлэн, анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангахдаа өөр, өөр шаардах эрхүүдийг тодорхойлсон Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дах хэсгийн заалтыг хамтад нь баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсгийн заалт нь өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшилтэй холбоогүй боловч өмчлөх эрхэд ямар нэгэн байдлаар саад учруулж буй зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдэлтэй холбоотой шаардах эрхийн үндэслэлд хамаарна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нэг байхад хоёр өөр хууль зүйн үндэслэлээр хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/03143 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

С.ЭНХТӨР