Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 602

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч Р.Н, Х.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Эрүүгийн хэргийн дугаар 1711001920332

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Р.Н, Х.Снарт холбогдох эрүүгийн 1711001920332 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Р.Н /РД:.............. оршин суух, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч Х.С/РД:.................улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Р.Н нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-114а тоотод Х.Сарангэрэлтэй маргалдаж улмаар зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух, зүүн бугалга, баруун шуу, сарвуу, цээж, баруун эгэмний хэсгийн зулгаралт, 2 гуя, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Х.Снь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-114а тоотод Р.Нтэй маргалдаж улмаар түүнийг зодож түүний эрүүл мэндэд хоёр гарын ядам хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Р.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Х.Сшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Х.Сарангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... Би 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өөрийн “Гэр бүл" гэх нэртэй фейсбүүк хаягтаа Пүрэвсүрэнгийн талаар гэр бүл үймүүлсэн талаар мэдээлэл оруулчихаад сууж байхад 30 орчим минутын дараа Пүрэвсүрэн гэх эмэгтэй миний 99137276 гэх дугаар руу 89956688 дугаараас залгаад "Мэдрэл муутай авгай минь чи манайд хүрээд ир, чадахгүй бол би очъё" гэж хэлээд утсаа салгачихсан. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн орчимд Пүрэвсүрэн гэх эмэгтэй ээж Нарангэрэл, эгч Лхамсүрэн, бас нэрийг нь мэдэхгүй нэг хүүхэнтэй ингээд дөрвүүлээ манай хашааны гадна ирээд хашааны хаалга нүдхээр нь би гарч очоод хашааныхаа хаалгыг онгойлголгүй хашаан дотроосоо "яах гэж байгаа юм бэ?" гэж асуухад "чи фейсбүүк цахим хуудсанд хүний нэр төрийг доромжиллоо, уулзадхъя хашааны хаалгаа нээ" гээд байхаар нь хашааныхаа хаалгыг нээгээд хашааныхаа гадна гарахад Нарангэрэл гэх эмэгтэй нь "гэр рүү чинь орж уулзана гээд" тэр дөрөв шууд гэр рүү яваад орчихсон. Тэгээд би араас нь дагаад гэр рүүгээ ороход надруу тэр дөрвөн эмэгтэй бүгдээрээ зэрэг, зэрэг чанга дуугаар орилоод байхаар нь би "та хэд хүний гэрт дайрч ороод яагаад хэл амаар доромжлоод байгаа юм бэ? гэж хэлээд Пүрэвсүрэн бид 2 маргалдсан тэгээд маргалдаж байгаад гэнэт Пүрэвсүрэн миний цээж рүү самардаад миний цээжний хэсгийг урчихсан. Тэгэхээр би зөрүүлээд майжсан хаана нь майжсанаа санахгүй байна. Тэгээд байж байхад Пүрэвсүрэнгийн ээж, 2 эгч нь хэдэн талаас орж ирээд майжиж, цохиод байсан. Яг хэн нь хаана цохиж, майжсаныг мэдэхгүй байна. Ямар ч байсан тухайн үед Пүрэвсүрэн миний цээж, дух хэсгээс майжсан. Тэгээд тэр 4 дайраад намайг цохиод, майжиж байхад манай нөхөр Баатарцогт намайг тэр 4 эмэгтэйг салгаад гэрийн зүүн талын орон дээр намайг дарж суулгаад миний урд суугаад нөгөө 4 эмэгтэйг холдуудаад байж байхад манай нөхрийн хажуу талаас Пүрэвсүрэн гүйж гарч ирээд миний гуяны дотор талаас чимхэж татаад миний үснээс зулгаахаар нь би биеэ хамгаалсан тухайн үедээ балмагдаад яг майжсан, цохисноо санахгүй байна. Тэгээд орон дээрээс босоод нөгөө 4 эмэгтэйг гар гэж хэлэхэд миний нэрийг нь мэдэхгүй байгаа эгч нь хүрч ирээд миний үснээс зулгааж намайг татаж унагасан. Тэгээд би унахдаа баруун өвдөгөө зулгалчихсан. Тэгээд уначихсан байхад манай нөхөр хүрч ирээд бид хоёрыг салгаад байж байхад миний нэрийг нь мэдэхгүй байгаа бор царайтай Пүрэвсүрэнгийн эгч гэх эмэгтэй надруу гүйж ирээд миний үснээс дахин зулгаагаад би бас тэр эмэгтэйн үснээс зулгаагаад бид 2 гэрийн баруун талын орон дээр унахад хажуу талаас Пүрэвсүрэн хүрч ирээд миний үснээс зулгаагаад миний гуяруу өшиглөсөн. Хэдэн удаа өшиглөснийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд зодолдохоо болиод арай гэж гэрээсээ гаргаад байж байхад Лхамсүрэн гэх эмэгтэй нь цагдаа дуудаад ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/

 

Хохирогч Р.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Манай охин Пүрэвсүрэн нэг хүүхэдтэй нөхөргүй. Одоо Жунсон констракшинд ажилладаг. 2016 оны 11 сарын орчимд Баатарцогт гэх залууг гэртээ 2 удаа дагуулж ирсэн. Тухайн үедээ Баатарцогттой суух гэж байгаа Баатарцогт нь 2 хүүхэдтэй, эхнэрээсээ салсан гэж хэлж байсан. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн орчим манай охин Пүрэвсүрэн утсаар хүнтэй яриад утсаа оролдож байгаад гэнэт уйлаад эхлэхээр нь юу болоод байгаа талаар асуухад "Намайг олон нийтийн сүлжээгээр доромжлоод байна гэнэ" гэж хэлэхээр нь алив харъя гээд харахад Пүрэвсүрэнгийн зурагных нь дээр элдэв янзаар доромжилсон үг хэллэг бичсэн байхаар нь Пүрэвсүрэн, Лхамсүрэн, Оюунгэрэл нартай цуг гэрийнх нь хаягийг хүнээр заалгаад такси түрээслэж гэрийнх нь гадаа зогсоод машины сигналаар сигналдахад гэрээс нь Сарангэрэл гэх эмэгтэй гарч ирээд хаалган дээрээ ирээд хаалгаа онгойлгохоор нь би мэндлээд юу болоод байгаа талаар асуугаад гэрт чинь орж ярилцъя гэхэд та нарыг оруулахгүй гээд хашаан дотор хэрэлдэж байгаад тэр чигтээ гэрт нь орцгоосон. Тэгээд гэрт нь ороход гэрт нь Баатарцогт орон дээрээ сууж байхаар нь Баатарцогтод хамаг хэрэг дэгдээж хаячихаад өөрөө энэ асуудлаа зохицуул гээд ярилцаад байж байхад Сарангэрэл учир зүггүй орилоод Пүрэвсүрэн, Сарангэрэл 2 хоорондоо зодолдож байгаад Баатарцогт Сарангэрэлийг салгаад орон дээр суулгаад өөрөө дээр нь суугаад хэл амаараа учраа ольё гэхээр нь би Сарангэрэл болон Баатарцогт нарын сууж байсан орон намайг цохих гээд байсан. Тэгээд гэнэт миний зүүн гарын ядам хуруунаас барьж аваад үенийх нь эсрэг хөшиж дараад өвтгөөд байхаар нь тавиачээ хугарлаа шдээ гэж чанга дуугаар хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

 

              Гэрч Ш.Баатарцогтоос мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

              .... 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэртээ эхнэр Сарангэрэлийн хамтаар байж байхад 10 цагийн орчимд Сарангэрэл нэг хүнтэй утсаар яриад хэрэлдээд байхаар нь би юу болсон талаар асуухад над руу уурлаад манай ажлын Пүрэвсүрэн гэх эмэгтэйтээ хардаад байсан. Тэгээд 11 цагийн орчим манай хашааны хаалгыг хүн нүдхээр нь Сарангэрэл бид хоёр цуг очиход Пүрэвсүрэн ээж, 2 эгчтэйгээ хашааны гадна зогсож байсан. Тэгээд хэн нь хэлсэнийг мэдэхгүй байна нэг нь хашааны хаалгаа нээ гэхээр нь Сарангэрэл хашааны хаалгаа нээгээд Сарангэрэл, Пүрэвсүрэн, Пүрэвсүрэнгийн ээж, 2 эгчтэй нь хэрэлдээд байсан. Тэгээд юу болсон юм хэрэлдсэн чигтээ манай гэр рүү орсон. Тэгээд гэрт байж байхад Пүрэвсүрэнгийн ээж нь намайг үсдээд, цохиод л байхаар нь та болио гээд гарыг нь тавиулахад манай эхнэр Сарангэрэл рүү бүгдээрээ дайраад хэл амаар доромжлоод тэр хэд хоорондоо хэрэлдэж байгаад бөөн бөөнөөрөө хоорондоо үсдэлцээд зодолдоод байхаар нь би голоор нь орж салгаад өөрийн эхнэр Сарангэрэлийг орон дээр суулгаад өөрөө дээр нь суусан.... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/

 

              Гэрч Н.Лхамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

              .. 2017 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 10 цаг өнгөрч байхад ээж Нарангэрэл, төрсөн дүү Пүрэвсүрэн, ээжийн төрсөн дүү Оюунгэрэл нарын хамтаар Баатарцогт гэх айлын гэр рүү явсан. Баатарцогтын гэр рүү очоод хашааны гадна талд нь очсон чинь Сарангэрэл гараад ирсэн. Сарангэрэл хашаанаасаа гарч ирээд хамгийн түрүүнд манай ээж гэр рүү нь орсон. Ээж Сарангэрэлтэй мэндэлсэн чинь хашаа руугаа оруулахгүй ээжийг Сарангэрэл түлхсэн. Та нартай уулзах шаардлагагүй гэсэн. Бид дөрөв дөрвүүлээ зэрэг хашаа руу нь ороод гэр рүү нь орсон чинь Баатарцогт орон дээр хэвтэж байсан. Юу болоод байгаа талаар Баатарцогтоос асуусан чинь Сарангэрэл гэж эмэгтэй миний дүү Пүрэвсүрэнг доромжлоод эхэлсэн. Ямар ч мэндийн зөрүүгүй миний дүүг доромжлоод эхэлсэн. Эмэгтэй хүний хөл гар байгаа байдлыг нь харж байгаад доромжилсон.... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/

 

              Гэрч Р.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

              ... 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр би өөрийнхөө фэйсбүүкээр орсон чинь миний дүү Пүрэвсүрэнгийн талаар мэдээлэл орчихсон байсан. Хамгийн гол нь миний зураг, Пүрэвсүрэнгийн зураг, миний эгч Нарангэрэлийн зураг, Пүрэвсүрэнгийн хүүгийн хамт авхуулсан зургийг оруулчихсан байсан. Тэгээд Сарангэрэл гэх эмэгтэйгийн гэрт такси бариад очсон юм. Миний эгч Нарангэрэл сайхан наадсан уу гээд хаалгыг нь цохисон чинь Баатарцогтын эхнэр гарч ирсэн. Гарч ирээд л миний дүү Пүрэвсүрэнг хэл амаар доромжлоод эхэлсэн. Чи бүлцэн нүдтэй янхандаж явахдаа таарсан хөл муутай гээд есөн шидийн юм яриад эхэлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн ¹8938 дугаартай шинжээчийн дүгнэлт: Р.Нийн биед хоёр гарын ядам хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой…” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн ¹9040 дугаартай шинжээчийн дүгнэлт: Х.Сарангэрэлийн биед тархи доргилт, дух, зүүн бугалга, баруун шуу, сарвуу, цээж, баруун эгэмний хэсгийн зулгаралт, 2 гуя, баруун өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой…” гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/

            Ял шийтгэлийн талаар: Р.Н, Х.Снар нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй гэх /хх-ийн 71-72 дугаар хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Р.Н нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-114а тоотод Х.Сарангэрэлтэй маргалдаж улмаар зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух, зүүн бугалга, баруун шуу, сарвуу, цээж, баруун эгэмний хэсгийн зулгаралт, 2 гуя, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан, Шүүгдэгч Х.Снь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-114а тоотод Р.Нтэй маргалдаж улмаар түүнийг зодож түүний эрүүл мэндэд хоёр гарын ядам хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.Н, Х.Снарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹8938, ¹9040 дугаартай дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Н нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-114а тоотод Х.Сарангэрэлтэй маргалдаж улмаар зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух, зүүн бугалга, баруун шуу, сарвуу, цээж, баруун эгэмний хэсгийн зулгаралт, 2 гуя, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Х.Снь 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-114а тоотод Р.Нтэй маргалдаж улмаар түүнийг зодож түүний эрүүл мэндэд хоёр гарын ядам хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Дээрх гэрч, хохрогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Хохирогч Р.Н, Х.Снар нь бие биедээ гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх /хх-ийн 89-91 дүгээр хуудас/ бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна. Мөн хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Р.Н, Х.Снар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Р.Н, Х.Снарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н, Х.Снарыг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Н, Х.Снарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар Р.Н, Х.Снар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Р.Н, Х.Снар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Н, Х.Снарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НАРАНТУЯА