| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2025/0003/З |
| Дугаар | 112/ШШ2025/0005 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 112/ШШ2025/0005
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би тус аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Түвшинтөрөөс тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.От холбогдуулан гаргасан дүгнэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Ахлах прокурор Б.Түвшинтөр нь шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Говь-Алтай аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Түвшинтөр би, тус аймгийн Улсын бүртгэлийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Д.О-ээс ...Д.Д-г иргэний үнэмлэхний хүчинтэй байдал алдагдуулсан... гэх 134 дугаартай гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Д.Д-д 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 0702743 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /иргэний үнэмлэх зориуд гэмтээсэн гэх/ зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 25000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад дараах нотлох баримтууд цугларчээ.
Үүнд: 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн холбогдогч Д.Д-гийн мэдүүлэг болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларчээ.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд Д.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр холбогдогчоор мэдүүлэг өгөхдөө Хугалаад чипийг нь унагаачихсан. Хугалж гэмтээсэн нь үнэн тул зөвшөөрч байна гэж мэдүүлэг өгсөн байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь дээрх зөрчил нь иргэний үнэмлэхийг зориудаар гэмтээсэн байх шинжийг шаардаж байхад зөрчил үйлдэх субьектив талын шинжийг шалгаж тогтоохгүйгээр хөтөлсөн байдалтай мэдүүлэгч авсан бөгөөд Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн нь тодорхойгүй байхад шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байна.
Эрх бүхий албан тушаалтны хууль зөрчиж, шийтгэлийн хуудас болон хууль буруу хэрэглэж, эсхүл нотолбол зохих байдлыг бүрэн тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан болон прокуророос шууд хүчингүй болгох боломжгүй байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын дүгнэлтээр шүүх хянан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байхад шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Д.О-ийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0702743 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О би дараах тайлбарыг гаргаж байна.
Д.Д нь иргэний үнэмлэхээ хугалж гэмтээсэн гэх гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Д.Д-д Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 25000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь зориудаар гэмтээсэн эсэхийг шалгаж тогтоохгүйгээр шийдвэр гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Түвшинтөрөөс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О-т холбогдуулан Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Д.О-ийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0702743 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргасан байна.
Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Прокурорын дүгнэлтийг хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.
Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа төдийгүй зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан тус аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Түвшинтөрөөс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О-т холбогдуулан Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Д.О-ийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0702743 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ