Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/67

 

 

 

 

  

 

  2023          9            27                                                            2023/ДШМ/67  

 

                                                            Ц.Т, У.Г, Б.Б нарт

                                                холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Нэргүй,

Шүүгдэгч Б.Б,

Шүүгдэгч У.Г, түүний өмгөөлөгч Б.Төмөрчөдөр, Н.Эрдэнэчимэг,   

А.Мөнхтулга,

Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг,

Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/231 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг, шүүгдэгч У.Г нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.Т, У.Г, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2210000000892 дугаар хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Ц Т, 1992 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Глобал удирдагч их сургуулийн 4 дүгээр курсэд суралцдаг, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 10-126Б тоотод оршин суух, иргэний үнэмлэхийн бүртгэлээр /Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 10 дугаар гудамж 46А тоотод оршин суух бүртгэлтэй/ улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,

Х овогт Б Б, 1989 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжилтэй, хувиараа автомашины худалдаа эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хорооллын эцэст 10-176 тоотод түр оршин суудаг, /Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, Ноён 47 дугаар гудамжны 14 тоотод оршин суух бүртгэлтэй/ улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан,

Х овогт Ж У Г, 1977 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил эрхэлдэг, ам бүл ганцаараа Өвөрхангай аймгийн Баянгол сум 4 дүгээр багийн Задгайд оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,

 

У.Г, Ц.Т, Б.Б нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам гэх нэртэй газар байрлах "Монгол Угсаа Констракшн" ХХК-ийн барилгын талбайгаас бусдын эд хөрөнгө болох 58 ширхэг нийт 3,670,000 төгрөгийн үнэ бүхий хэв хашмалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Б, Ц.Т нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сум, Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Бор үзүүр" гэх газарт байх Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн автозамын ажил гүйцэтгэж буй "Анандын зам" ХХК-ийн барилгын талбайгаас бусдын эд хөрөнгө болох 51 ширхэг нийт 3,700,350 төгрөгийн үнэ бүхий хэв хашмалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/   

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ц.Т, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар,

У.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Ц Т, Х овогт ББ, Х овогт Ж У Г нарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т  зааснаар шүүгдэгч У.Гд 1 жил хорих,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т  зааснаар шүүгдэгч  Б.Бд 1 жил 4 сар хорих, шүүгдэгч Ц.Тт 1 жил 4 сар хорих ял тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ц.Т нарт тус бүр оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг эмэгтэйчүүдийн хорих байгууллагад, шүүгдэгч У.Гд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 112 /нэг зуун арван хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

            Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар шүүгдэгч Ц.Тийн хүүхдүүд 2010.9.17-ны өдөр төрсөн Э.Н, 2012.5.25-ны өдөр төрсөн Э.Т, 2015.01.09-ний өдөр төрсөн Э.Т, 2017.10.02-ны өдөр төрсөн Э.Н нарт асран хамгаалалт, харгалзан дэмжигч тогтоохыг Нийслэлийн Баянгол дүүргийн 10-р хорооны засаг дарга,

шүүгдэгч Б.Бгийн хүүхэд 2012.10.25-ны өдөр төрсөн О.Эрдэнэбаярт асран хамгаалалт, харгалзан дэмжигч тогтоохыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10-р багийн засаг дарга нарт тус тус үүрэг болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,018,883 /дөрвөн сая арван найман мянга найман зуун наян гурав/ төгрөгийг шүүгдэгч Б.Бгаас, 4,018,883 /дөрвөн сая арван найман мянга найман зуун наян гурав/ төгрөгийг шүүгдэгч Ц.Тээс, 1,612,875 /нэг сая зургаан зуун арван хоёр мянга найман зуун далан тав/ төгрөгийг шүүгдэгч У.Гас тус тус гаргуулж улсын төсөвт оруулж,

Эрүүгийн 2210000000892 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Т, У.Г нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч У.Г, Ц.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Тийн өмгөөлөгч Х.Отгончимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/231 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Ц Т нь Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/231 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасны дагуу 1 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэн байна.

Шүүгдэгч Ц.Т нь өөрийн хийсэн хулгайн үйлдлийг хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа гүнээ ухамсарлан ойлгож, гэм буруугийн тал дээр маргаагүй ирсэн.

Миний үйлчлүүлэгч Ц.Т нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашиглаагүй, хулгай хийсэн зүйлээ ачиж борлуулж мөнгө болгох шуналдаа хөтлөгдөн портер машин хөлсөлжээ. Жолооч Г.Ганбатыг фейсбүүк хаягаар олж улмаар шүүгдэгч Б.Б түүнд ажлын хөлс гэж мөнгө өгсөн байна. Жолооч Г.Ганбат нь 2 удаагийн ажлын хөлсөнд 250,000 мянган төгрөг авсан гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс тодорхой байгаа. Мөн шүүгдэгч Б ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ фейсбүүк хаягаар ачаа ачих машин хайж тухайн портерыг олсон гэдгээ ч мэдүүлсэн.

Мөн хэрэг бүртгэлийн шатанд мөрдөгч портерыг хулгай хийхэд ашигласан гэж үзэж портер авто машиныг "Дамно ХХК-аар үнэлгээ тогтоолгосон байдаг. Мөн Г.Ганбат нь хэргийн оролцогч биш гэдгийг тогтоож авто машиныг эзэнд нь өгч явуулсан байна. Гэтэл портер авто машины үнийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод олгохоор шүүх шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Шүүгдэгч нар улсад хохирол учруулаагүй. Хэргээс харахад портер авто машиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэж байгаа бол авто машиныг улсын орлого болгож улмаар портерын жолооч Г.Ганбатыг гэмт хэргийн хамтран оролцогчоор тогтоож хуульд заасны дагуу ял шийтгэл оногдуулах ёстой.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн портерын жолооч Г.Ганбат нь зарын дагуу ачаа ачиж 2 удаа ажлын хөлс авсан гэдгээ нотолсон. Жолооч Г.Ганбат нь хулгайн эд зүйл гэж мэдээгүй мэдэх үүрэг ч хүлээхгүй юмаа.

Мөрдөн байцаалтын шатанд портерын жолооч хэргийн холбогдогч биш, мөн хохирогч биш гэдгийг тогтоосон. Анхан шатны шүүхээс учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгай хийсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилж ял оногдуулсан нь хэргийг дэндүү нэг талыг барьж дутуу дулимаг шалгаж шүүгдэгч Ц.Тийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Шүүгдэгч нар бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй. Ц.Тийн хувьд анх удаа тохиолдлын чанартай хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Шүүгдэгч нар хулгай хийх зорилгоор зориуд урьдчилан тохирч машин механизм бэлтгэж портер машиныг хулгайлж бэлдээгүй. Хулгай хийсэн эд зүйлээ зөөвөрлөж зарж борлуулж мөнгө болгох гэж портер машиныг хөлсөлж, жолоочид хөлс төлсөн байна. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд 68-22 УНӨ портер авто машины үнэлгээг 2 удаа ирүүлсэн байх ба “Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ХУ2-23-159 тоот зах зээлийн үнэлгээгээр 4,832,625 төгрөг гэж үнэлсэн/ 2хх-н 81-р хуудсанд/ бол “Дамно” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Т22-168 дугаартай үнэлгээний тайланд 68-22 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ нь 2022 оны 7 дугаар сарын 14-ний байдлаар 4,812,016 төгрөг /2 хх-н 11-р хуудас/ гэж үнэлсэн. “Дамно” ХХК-ийн 2 тайлан үнийн дүнгийн хувьд зөрүүтэй байна. Аль үнэлгээ нь үнэн зөв болох нь тодорхойгүй байна. Эрүүгийн хуульд үйлдэл тус бүр дээр үнэлгээ хийж хохирлыг тогтооно гэсэн заалт байхгүй. Портер машиныг нэг удаа үнэлүүлэх ёстой. Гэвч 2 удаа үнэлгээ хийлгэж хохирлыг хууль бусаар нэмж тооцсонд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 12-13 дугаар хуудсанд хохирол, хор уршгийн талаар дурдсан байна. Ингэж дурдахдаа 68-22 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,812,016 төгрөгийг шүүгдэгч Ц.Т, Б.Б нараас хувь тэнцүүлэн 2,405,008 төгрөгийг, мөн 68-22 УНӨ тээврийн хэрэгслийг үнэ 4,832,625 төгрөгийг шүүгдэгч Б.Б, Ц.Т, У.Г нараас хувь тэнцүүлэн 1,612,875 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх ба хохирлын үнэлгээ тодорхойгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байгаа бол албадан гаргуулахаар зохицуулсан байдаг. Гэтэл буруутай этгээд болох Б.Б, Ц.Т, У.Г нарын өмчлөлд уг тээврийн хэрэгсэл байхгүй болно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн байх тул Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/231 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч У.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн дагуу Монгол улсын шүүх болон шүүгч нь эрх зүйн маргааны шийдвэрлэж, хууль хэрэглэнэ, хууль тайлбарлана, эрх зүйн дүгнэлтийг шүүгч өөрөө гаргана гэж эрх зүйн шинжлэх ухаан авч үздэг. Тэр эрх зүйн шинжлэх ухаан байгаа гэдэгт итгэдэг учраас энэхүү гомдлоо гаргаж байна. Үүнд:

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/231 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаж байна. Үүнд: ...Монгол улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдсон гэж үзсэн байна. ...Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т “... учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол...” гэх энэхүү зүйчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна.

Нотлох баримтын талаар:

Гэрч Д.Ганбатын мэдүүлэгт: Би фейсбүүк хаягтаа ... портер машинаар ачаа ачна, гэж зар байршуулдаг, зарын дагуу холбогдсон хүмүүстэй үнэ өртөг тохиролцож ачааг ачиж өгдөг, ... нэгэн эмэгтэй залгаад орой ачаа ачуулна... гэж хэлээд зөвшөөрч тохиролцсон гэх мэдүүлгээр, мөн У.Г, Ц.Т, Б.Б нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл эзэнгүй эд хөрөнгө буюу барилгын материалыг машинаар тээвэрлэж буулгасан гэдэг нь иргэний эрх зүйн харилцаа үүссэн байхад Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т ...учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол ... санаа сэдэл зорилго, субьектив санаа огт байхгүй байхад учрах саадыг арилгах зорилгоор машин ашигласан гэж үзэхгүй болно.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан 380.1-т заасан Тээвэрлэлтийн гэрээний эрх зүйн харилцаа үүсжээ. Эзэнгүй эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэдэг дээр маргахгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү. Өөрөөр хэлбэл уг гэмт хэргийн зүйчлэлийг тус шүүх дээр хэрэглэж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-ийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгож өөрчилж өгнө үү эрхэм шүүгч ээ.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл байна гэж үзэж байна. Тус хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны шүүхийн тогтоолын зарим хэсгийг хүчингүй үндэслэл байна. Үүнд:

1. Тус хэрэгт "ДАМНО" ХХК ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ХУ2-23-159 дугаартай үнэлгээний тайлан: Hyuandai porter-1 маркийн 68-22 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 2022 оны 6 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 4,832,625 төгрөг гэж /2хх 81/ тогтоосон байна. Гэтэл тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны  өдрийн 2023/ШЦТ/231 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар хэсэгт “...1,612,875 /нэг сая зургаан зуун арван хоёр мянга найман зуун далан таван/ төгрөгийг шүүгдэгч У.Гас тус тус гаргуулж улсын төсөвт оруулсугай” гэж тогтоожээ. Гэтэл уг “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр 4,832,625 төгрөг, У.Г нь улсын төсөвт 1,612,875 төгрөг оруулахыг шүүхийн тогтоолын тогтоох хэсэгт оруулсныг эс зөвшөөрч маргаж байна. У.Г нь улсад ямар ч хохирол учруулаагүй бөгөөд бодит үнэн хууль ёсонд нийцээгүй шийдвэр болсон байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох дээрх хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ц.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ар гэрийн гачигдлын талаар дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Ц.Т миний бие нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/231 тоот шийтгэх тогтоолыг гардаж аван танилцаж өөрийн ар гэрийн байдлын талаар дараах гомдлыг гаргаж байна. Миний бие шүүгдэгч Ц Т нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/231 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасны дагуу 1 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх ялаар шийтгэгдсэн билээ.

Миний бие нь өөрийн хийсэн хулгайн үйлдлийг хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа гүнээ ухамсарлан ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн тал дээр маргаагүй ирсэн.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг зөвшөөрч байна. Гэтэл миний ар талд хувийн амьдрал маш хүнд, бага насны 4 хүүхэд маань өнчин хоцорсон.

Миний нөхөр, 4 хүүхдийн минь төрсөн эцэг Э нь зүрхний шигдээс өвчний учир 2023 оны 5 дугаар сарын 16-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлж тэнгэрийн орныг зорьсон. Миний бие өөрийн тэнэг ухамсаргүй байдлаас болж бусадтай нийлж бусдын эд хөрөнгийг хулгайлж хуульд заасны дагуу 1 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлэн одоо цагдан хоригдож байна. Миний бие 4 хүүхдээ эцгээс нь өнчрүүлээд зогсохгүй тэднийг орох оронгүй харж хамгаалах хүнгүй орхиж шоронд явж амьдын хагацалд оруулсан. Мөн өндөр настай аав ээжийгээ давхар зовоож сэтгэлийн тамд унагаж байгаадаа шүүгдэгч миний бие нь өөртөө маш ихээр харамсаж сууна.

Миний том охин Н 2010 онд төрсөн одоо 12 настай, дараагийн охин Тнь 2012 онд төрсөн одоо 10 настай, хүү Т 2015 онд төрсөн одоо 8 настай, охин Н2017 онд төрсөн одоо 5 настай.

Миний том охин Э.Н нь өнчин 3 дүүгийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороонд 34-10-126-гийн 6 тоотод айлын хашаанд амьдарч байгаа. Миний бие нь хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд бага насны 4 хүүхэддээ маш их зовж байна. Миний төрсөн эцэг Цнь тархины үйл ажиллагааны хямрал өвчний улмаас унаж татдаг өвчтэй, байнгын хүний асаргаанд группт байдаг ба миний төрсөн ээж Ц.С асардаг юмаа. Ээж маань өвчтэй аавыг минь асардаг учраас өнчин хоцорсон 4 хүүхдэд минь анхаарал тавьж чаддаггүй. Мөн шүүгдэгч Ц.Т миний бие нь Глобал удирдагч их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан юмаа. Миний бие нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашиглаагүй, хулгай хийсэн зүйлээ ачиж борлуулж мөнгө болгох шуналдаа хөтлөгдөн портер машин хөлсөлсөн. Жолоочид нь Б мөнгө өгсөн. Анхан шатны шүүхээс учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгай хийсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилж ял оногдуулсан. Би хулгай хийсэн үйлдэл дээрээ маргаагүй. Ард үлдсэн 5-12 насны 4 өнчин хүүхдүүддээ маш их санаа зовж гомдол гаргаж байна.

Гэмт хэрэг хийхдээ портер машин ашиглаж хулгай хийгээгүй гэдгийг ойлгож, миний хийсэн хэргийн зүйлчлэлийг бууруулж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, мөн 5-12 насны өнчин хоцорсон 4 хүүхдийн минь ирээдүйн хувь заяаг бодож, надад итгэл төрүүлэн нийгэмшихэд минь тусалж зүйлчлэл бууруулж 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/231 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ялаар сольж шийтгэж өгөхийг эрхэм шүүх бүрэлдэхүүнээс хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Ц.Т миний бие нь та бүхний итгэлийг алдахгүй 4 өнчин хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэх болно гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нэргүй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б, У.Г нарын өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг  тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өөрийн үйлчүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч У.Гантулгын өмгөөлөгч Б.Төмөрчөдөр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа боловч үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч У.Гантулгын өмгөөлөгч А.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын У.Гантулгын талаарх хэсэгт өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр удаагийн үйлдэлд нэг машин ирж оролцсон байхад машины үнийг нэмж тооцон гаргуулсан байдаг гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Г, Б.Б, Ц.Т нарт холбогдох эрүүгийн 2210000000892 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч Ц.Т болон түүний өмгөөлөгч Х.Отгончимэг, шүүгдэгч У.Г нарын гаргасан давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч У.Г, Ц.Т, Б.Б нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам гэх нэртэй газар байрлах "Монгол Угсаа Констракшн" ХХК-ийн барилгын талбайгаас бусдын эд хөрөнгө болох 58 ширхэг нийт 3,670,000 төгрөгийн үнэ бүхий хэв хашмалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Б, Ц.Т нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сум, Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Бор үзүүр" гэх газарт байх Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн автозамын ажил гүйцэтгэж буй "Анандын зам" ХХК-ийн барилгын талбайгаас бусдын эд хөрөнгө болох 51 ширхэг нийт 3,700,350 төгрөгийн үнэ бүхий хэв хашмалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа машин механизм ашиглаж хулгайлсан үйл баримт нь эрүүгийн хэрэгт авагдсан

Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Н: “...431 ширхэг барилга угсралтад ашигладаг... пум төмрүүдийг цахилгааны дэд станцын хана угсрах ажилд 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ашиглаж байгаад 19 цагийн орчим ашиглагдаагүй пум төмрүүдийг дэд станц баригдаж байсан газар буюу барилгын суурин дээр нь үлдээгээд ажлаасаа буугаад амарсан. Харин өнөөдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 08 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүүшийн аманд явагдаж байгаа ажил дээрээ ирээд пум төмрүүдээ шалгаж үзтэл өрөөстэй байсан пум төмрүүдээс 60х120 см метрийн хэмжээтэй пум төмрөөс 38 ширхэг, 50х120 см метрийн хэмжээтэй пум төмрөөс 11 ширхэг, 40х120 пум төмрөөс 4 ширхэг, 10х10х120 хэмжээтэй пум төмрийн булан төмөр 5 ширхэг тус тус хулгайд алдагдсан байсан... Мөн хамгаалалтын ажилтан байдаг боловч тухайн ажилтны харуулын пост нь их хол байрлалтай. Хэрэг учрал болсон гэх газар руу харах боломжгүй учраас мэдсэн зүйл байхгүй. ... Жижиг автомашинд багтахгүй болохоор Хүүшийн амаар тухайн шөнө явсан том оврын автомашин эсхүл ачааны тээврийн хэрэгсэлтэй хүмүүсийг сэжиглэж байна.” /1хх-н 25-26/ гэх,

Гэрч Р.Баасанжавын: “...”М” ХХК ...нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүшийн ам гэх нэртэй газар Топ өргөө гранд ХХК-аар цахилгааны дэд станц захиалан бариулж байгаа юм. Тухайн ажлыг хийж гүйцэтгүүлэх зорилгоор... 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 431 ширхэг барилга угсралтад ашигладаг пум төмрийг түр хугацаагаар ашиглуулахаар өгсөн. ...2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 08 цагийн орчим ажил дээрээ очоод захиалагч талын барилгын явц байдлыг шалгахаар очиход манай байгууллагын эзэмшлийн пум төмрүүдийг түр хугацаагаар авсан байсан Г.Наранбаатар буулгасан пум төмрүүдээс хэдэн ширхэг пум төмөр алга болчихсон юм байна гэж хэлэхээр нь барилгын хяналтын камерыг шүүж үзэхэд тусгалд өртөхгүй хэдэн ширхэг ямар хэмжээтэй пум төмөр хэзээ дутсан нь мэдэгдэхгүй байсан учраас би Цагдаагийн байгууллагад хандсан.” /1хх-н 28/ гэх,

Гэрч Г.Ганбатын: “Би 68-22 УНА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл ашигладаг... 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр миний зар байршуулсан 99493191 дугаар руу 91187888 гэсэн дугаараас эмэгтэй хүн залгаад орой 23:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс ачаа ачуулах гэсэн юм гэж хэлээд би зөвшөөрч тохиролцсон. ...Тэгээд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вива сити хорооллын замын урд талд уулын ам руу өгсөж байгаад нэг хоосон онгорхой хашаа руу ухраад орчих гэж хэлсэн. Би машинаа ухрааж оруулж зогсоход нөгөө 2 эмэгтэй 1 эрэгтэй цувуулж тавьсан байсан хэв хашмал ачсан. Хэдэн тооны хэв хашмал ачсан талаар би мэдэхгүй байна... Намайг дагуулж яваад ТЭЦ-4-ийн урд тал руу нэрийг нь мэдэхгүй байна нэг байгууллагын хашаанд буулгасан. Надад тээврийн зардал гэж 150,000 төгрөг өгсөн. Надтай утсаар холбогдож ярьсан эмэгтэй надад өөрийгөө барилгын компанийн нярав гэж танилцуулсан. Би ямар учиртай хэв хашмал тээвэрлүүлсэн талаар мэдэхгүй, тухайн хүмүүсийг танихгүй...” /1хх-н 45/ гэх,

Гэрч Б.Заяабаатарын: “Би Б гэдэг хүнийг 1-2 удаа надтай гар утсаар яриад миний ажил дээр ирээд хэв хашмал худалдаж авах уу гэж ирж байсан. Би зүс танина, сайн мэдэхгүй. ...2022 оны 6 дугаар сарын сүүлээр ажлын 77315570 дугаартай утас руу залгаад хэв хашмал авах уу гэж холбогдож байсны дагуу Б.Б гэх эмэгтэй хүнтэй уулзахад 3-4 төрлийн барилгын хэв хашмал авчирсан бөгөөд 1 ширхгийг нь 25,000-40,000 төгрөгийн хооронд худалдсан... Тухайн өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн гар утас дээрээ зургийг нь авсан бөгөөд цагаан өнгийн портер машин дээр /улсын дугаарыг нь мэдэхгүй/ ачсан хэв хашмалын зургийг нь авч байсан. Манай компанид худалдахаар авчирсан хэв хашмалын нэр төрөл нь дотор булан, 50х1.20см, 60х1.20см хэмжээтэй хэв хашмал байсан бөгөөд тоо ширхгийг нь би сайн хэлж мэдэхгүй байна. Миний мэдэхээр тухайн өдөр Б.Б нь ХААН банкны 5540583874 дугаартай дансаар 1,766,000 төгрөг аваад явсан.” /1хх-н 119/ гэх,

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ц.Э: “Манай "Анандын зам" ХХК нь... Улаанбаатар хот Дундговь аймаг чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 47 дахь км-ийн шонгийн замын зүүн талд шинэ нисэх онгоцны буудал руу салдаг замын уулзвар, Төв аймаг Сэргэлэн сум Эрдэнэ-Уул 4-р багийн "Бор үзүүр" гэх газар орчимд замын хоолойн барилгын ажилд зориулж ашиглаж байсан 51 ширхэг барилгын хэв хашмалаа 2022 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө алдсан. Уг барилгын хэв хашмалууд нь яг манай компанийн өмчлөлийн барилгын хэв хашмалууд байсан. Хэмжээгээрээ 60 см-ийн өргөнтэй 1.20 см урттай хэв хашмал 36 ширхэг, 40 см-ийн өргөнтэй 1.20 см урттай хэв хашмал 15 ширхэг алдагдсан байсан...” /1хх-н 208-209/ гэх,

"Тэнцвэр эстимэнт" ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Х-0011 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “60х120см хэмжээтэй 38 ширхэг пум төмөр 2,470,000 төгрөг, 50х120см хэмжээтэй 11 ширхэг пум төмөр 660,000 төгрөг, 40х120 см хэмжээтэй 4 ширхэг пум төмөр 240,000 төгрөг, 10х10х120 хэмжээтэй 5 ширхэг пум төмрийн булан 300,000 төгрөг, нийт 3,670,000 төгрөг” /1хх-н 49/ гэх,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 07/223 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “Зах зээлийн хандлагаар нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон "Анандын зам" ХХК-ны эзэмшлийн 51 ширхэг барилгын хэв хашмалын зах зээлийн үнэ нь 3,700,350 /гурван сая долоон зуун мянга гурван зуу тавин/ төгрөг” /2хх-н 250/ гэх,

"Дамно" ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Т22-168 дугаартай үнэлгээний тайлан: “Hyundai poter-1” маркийн 6822 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн зэх зээлийн үнэлгээгээр нийт 4,812,016 төгрөг” /2 хх 11/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 16-19, 201-206/  зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч У.Г, Ц.Т, Б.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Ц.Т, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар, У.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн шинжээр нь хэргийг хүндрүүлж зүйлчлэхээр хуульчилсан.

 

Шүүгдэгч У.Г, Б.Б, Ц.Т нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө, мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Б, Ц.Т нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийг хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч явж чадахгүй барилгын пум төмрүүдийг зөөж тээвэрлэх зорилгоор Hyundai Porter-1 маркийн 68-22 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Т болон түүний өмгөөлөгч Х.Отгончимэг, шүүгдэгч У.Г нарын гаргасан “хэргийн зүйлчлэлийг өөрчлөх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх ба түүнд оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Харин “шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин механизм болох Hyundai Porter-1 маркийн 68-22 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг 2 удаа хийлгэж, үнийг нь хууль бусаар нэмж тооцсонд гомдолтой” гэх  шүүгдэгч Ц.Тийн өмгөөлөгч Х.Отгончимэгийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Шүүгдэгч нар нь дээрх 2 удаагийн хулгайн үйлдэлдээ гэрч Г.Ганбатын эзэмшлийн Hyundai Porter-1 маркийн 68-22 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус ашигласан нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх тэдний гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан гэж үзэн үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцсон атлаа гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг "Дамно" ХХК-ийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Т22-168 /2хх-н 10-12/, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ХУ2-23-159 дугаартай /2хх-н 80-82/ дүгнэлтүүдээр тогтоосон үнэлгээг давхардуулан тооцож, шүүгдэгч нараас тус бүр хувь тэнцүүлэн албадан гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахдаа шүүгдэгч нарт ашигтай байдлаар буюу "Дамно" ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Т22-168 дугаартай  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 4,812,016 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч У.Г, Б.Б, Ц.Т нараас тус бүр 1,604,005 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав. 

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-т “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох талаар тусгана” гэсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгч У.Г, Б.Б, Ц.Т нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг тусгаагүй орхигдуулсныг нэмж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.  

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд магадлалд заасан үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч У.Г, Б.Б, Ц.Т нарын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/  хоногийг шүүгдэгч нарын ял эдлэх хугацаанд тус тус оруулж тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн 2023/ШЦТ/231 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...Шүүгдэгч Х Ц Т, Х ББ, Х Ж У Г нарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “...Шүүгдэгч Х овогт Ц Т, Х овогт ББ, Х Ж овогт У Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

6 дугаар заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4 018 883 /дөрвөн сая арван найман мянга найман зуун наян гурав/ төгрөгийг шүүгдэгч Б.Бгаас, 4 018 883 /дөрвөн сая арван найман мянга найман зуун наян гурав/ төгрөгийг шүүгдэгч Ц.Тээс, 1 612 875 /нэг сая зургаан зуун арван хоёр мянга найман зуун далан тав/ төгрөгийг шүүгдэгч У.Гас тус тус гаргуулж улсын төсөвт оруулсугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,812,016 /дөрвөн сая найман зуун арван хоёр мянга арван зургаа/ төгрөгийг шүүгдэгч Б.Б, Ц.Т, У.Г нараас тус бүр 1,604,005 /нэг сая зургаан зуун дөрвөн мянга тав/ гаргуулж улсын төсөвт оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Ц.Тийн өмгөөлөгч Х.Отгончимэгийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон шүүгдэгч У.Г, Ц.Т нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г, Б.Б, Ц.Т нарын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах,  Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                М.МӨНХДАВАА

 

                              ШҮҮГЧИД                                З.ТҮВШИНТӨГС

 

                                                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ