2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/01366

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 13 191/ШШ2025/01366

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.И-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.О оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Х ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.И-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн С.И нь манай компанитай 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр БЗГ/2022-76613 барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,859,000 /Гурван сая найман зуун тавин есөн мянган/ төгрөгийг сарын 2.58%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар гар утсыг худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч С.И нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Samsung Galaxy S22+ 128GB Black загварын гар утсыг "П" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч С.И нь БЗГ/2022-76613 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 01 дүгээр сарын 28-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 6,629,574.79 / Зургаан сая зургаан зуун хорин есөн мянга таван зуун далан дөрвөн төгрөг далан есөн мөнгө/ төгрөг төлөх байснаас 218,000 / Хоёр зуун арван найман мянган/ төгрөг төлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 6,411,574.79 / Зургаан сая дөрвөн зуун арван нэгэн мянга таван зуун далан дөрвөн төгрөг далан есөн мөнгө/ төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 727 хоног хугацаа хэтрүүлсэн, барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн хаягаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШЗ2023/20015 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

С.И-ыг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, С.И нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяг дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч С.И-ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х.Х, Ж.Э, Т.Т, Г.Э нарт олгосон итгэмжлэл, 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн БЗГ/2022-76613 тоот Барьцаат зээлийн гэрээ-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, БЗГ/2022-76613 тоот гэрээний нэмэлт барьцаа хөрөнгийн жагсаалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2024/20015 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Х ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.И-ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь С.И-той 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн БЗГ/2022-76613 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулсан байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт С.И-ыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.И нь барьцаат зээлийн гэрээ байгуулах үедээ тодорхойлсон хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2024/20015 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу Б овогт С.Ч /РД:/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б овогт С.Ч /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б овогт С.Ч /РД:/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Б овогт С.Ч /РД:/-ын оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Х ХХК /утас:/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХБАЯР