| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/06875/И |
| Дугаар | 192/ШШ2025/01464 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/01464
| 2025 оны 02 сарын 19 өдөр | Дугаар 192/ШШ2025/01464 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б/рд: * /,
Хариуцагч: У /рд:*/,
Нэхэмжлэлийн шаардлага: 37,649,340 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Б.Б,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я,
хариуцагчийн өмгөөлөгч Д.Э,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Т хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Г.У-аас 37,649,340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч нар дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Б.Б- миний бие Г.У-ад 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт 23,200,000 төгрөгийг олгосон. Ингэхдээ зээлийн хүүг сарын 10 хувь байхаар аман хэлбэрээр тохиролцсон. Бидний зүгээс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр амаар байгуулсан зээлийн гэрээг бичгээр баталгаажуулахаар болсон бөгөөд нийт олгосон зээл болох 23,200,000 төгрөг, түүнд бодогдсон хүүг олгосон өдрөөс хойш тооцоолон үзэхэд нийтдээ 39,800,000 төгрөг болсон. Энэ үнийн дүнгийн 23,200,000 төгрөгт хамаарах хэсэг нь өмнө олгогдсон зээл ба харин үлдсэн 16,600,000 төгрөг нь гэрээ байгуулах өдрийг хүртэлх бодогдсон хүү байсан. Үүнийг Г.У- нь тухайн үедээ хүлээн зөвшөөрсөн. Өмнө нь аман хэлбэрээр байгуулсан гэрээний харилцааг бичгийн хэлбэрт оруулан 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүү тооцохоор харилцан тохиролцсон тул энэхүү гэрээ нь бодитоор олгогдсон зээлийн хувьд хүчин төгөлдөр болно. Тухайн хугацаанд /2022.04 сар- 2022.10 сар/ бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй тул миний зүгээс хүү тооцоолон авах ёсгүй гэж үзэн 16,600,000 төгрөгийн хүүг нэхэмжлэх шаардлагагүй гэж үзсэн болно. Харин 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ нь өмнө аман хэлбэрээр үүссэн зээлийн гэрээний харилцааг бичгийн хэлбэрт оруулан баталгаажуулах зорилготой байсан тул олгогдсон зээл болох 23,200,000 төгрөгийн хэмжээгээр гэрээний нөхцөл хэрэгжих зүйд нийцэх болно. 23,200,000 төгрөг дээр бичгийн хэлбэрээр байгуулсан гэрээний хугацаанд /2022.10.26-2023.04.26/ бодогдсон хүү болох 13,920,000 төгрөгийг нэмж, тухайн хугацаанд төлсөн төлбөр болох 10,600,000 төгрөгийг хасвал 26,520,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Үүнээс хойш гэрээний 3.7-т заасны дагуу алдангийг тооцсон ба гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд төлсөн 8,110,000 төгрөгийг хасч алдангийн хэмжээ 12,549,780 төгрөг болсон. Г.У-ын гэрээний үүрэгт нийт 37,649,340 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Б.Б-оос 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ямар нэгэн биет байдлаар мөнгө авсан зүйлгүй, зөвхөн урьд авсан 23,200,000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү гээд Б.Б-ы бодсоноор зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Шүүхээр нэхэмжилсэн мөнгөний хувьд би түүнээс 2022 оны 4 сарын 4-нд 3,500,000 төгрөг, 2022 оны 4 сарын 14-нд 10,000,000 төгрөг, 2024 оны 4 сарын 14-нд 5,000,000 төгрөг, 2022 оны 6 сарын 6-нд 4,000,000 төгрөг, 2022 оны 7 сарын 11-нд 700,000 төгрөг нийт 23,200,000 төгрөгийг би Б.Б-оос авсан байдаг. Ингээд би Б.Б-той гэрээ хийсний дараа БНСУ-д явж ажил хийж, Солонгос улсаас ажил хийж мөнгө олсоноо гуйвуулдаг байсан. Би 2022.11.17-ноос 2024.09.20-ны хугацаанд нэхэмжлэгч Б.Б-д 19,810,000 төгрөгийг шилжүүлж зээлээ төлсөн. Б.Б-оос 23,200,000 төгрөгийг авч, 19,810,000 төгрөгийг буцааж төлсөн байдаг гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/, Зээлийн гэрээ /хх 5/, Мөнгө хүлээлцсэн баримт /хх 6/, Нэхэмжлэл гаргасан үндэслэлээ тодруулах, мөн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах тухай /хх 20-21/, Хүснэгт /хх 22/, Товч тайлбар гаргах тухай /хх 35/, Б.Б-ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 36-92/.
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 13-14, 28-29/, итгэмжлэл /хх 27/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 95/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б-ы нэхэмжлэлээс 31,635,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 6,014,340 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Г.У-ад холбогдуулж 67,445,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 37,649,340 төгрөг болгон багасгасан.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Хариуцагч Г.У-аас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 26,520,000 төгрөг, алданги төлбөрт 12,549,780 төгрөг, нийт 37,649,340 төгрөгийг гаргуулах,
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ямар нэгэн биет байдлаар мөнгө авсан зүйлгүй, зөвхөн урьд авсан 23,200,000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү гээд Б.Б-ы бодсоноор зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан.
3.2. Би нийт 23,200,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан.
3.3. Би 2022.11.17-ны өдрөөс 2024.09.20-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгчид нийт 19,810,000 төгрөгийг шилжүүлж зээлээ төлсөн.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хэрэгт нэхэмжлэгч Б.Б- болон хариуцагч Г.У- нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 0595 дугаартай зээлийн гэрээ авагдсан. Уг гэрээгээр хариуцагч Г.У- нь нэхэмжлэгчээс 39,800,000 төгрөгийг 6 сарын хугацаатай буюу 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл, сарын 10 хувь хүүтэй зээлжээ. Сар бүрийн 26-ны дотор үндсэн зээлээс 6,600,000 төгрөгийг мөн тухайн сарын хүүгийн хамтаар төлсөөр гэрээний сүүлийн хугацаанд бүрэн төлж барагдуулахаар, мөн гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Хариуцагчаас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0595 дугаар Зээлийн гэрээний зүйл нь 39,800,000 төгрөг биш гэж маргаж байна.
Хавтаст хэргийн 6 дугаар талд Мөнгө хүлээлцсэн баримт гэх бичгийн нотлох баримт авагдсан байна. Уг бичгийн нотлох баримтаас үзвэл, Б.Б- миний бие 2022.10.25-ны өдөр Г.У-ад 39,800,000 /гучин есөн сая найман зуун мянган/ төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгөв. Хүлээлгэн өгсөн Б.Б-, хүлээн авсан Г.У- гэж гарын үсэг зурсан байна.
Зээлийн гэрээ байгуулах учир шалтгаан ямар ч байж болох бөгөөд урьд өөр зорилгоор авсан мөнгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэх нь талуудын хүсэл зоригийн асуудал юм. Хавтаст хэрэгт цугларсан Мөнгө хүлээлцсэн баримт гэх бичгийн нотлох баримт, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0595 дугаар Зээлийн гэрээ баримтуудыг нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбартай харьцуулан судлахад нэхэмжлэгч болон хариуцагч нарыг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар урьд байгуулсан зээлийн гэрээний дагуу үүссэн үүрэг буюу 39,800,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний харилцаа болгосон гэж үзэхээр байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.
Шүүхээс нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн буюу 39,800,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн гэж үзсэн. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ хариуцагчаас шаардах эрхтэй.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт нийт 18,710,000 төгрөгийг хариуцагчаас хүлээн авсан гэх тайлбарыг гаргасан.
Хариуцагчаас ...Би 2022.11.17-ноос 2024.09.20-ны хугацаанд нэхэмжлэгч Б.Б-д 19,810,000 төгрөгийг шилжүүлж зээлээ төлсөн гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбараа баримтаар нотолж чадаагүй болно.
Иймд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0595 дугаар Зээлийн гэрээний үүрэг болох 39,800,000 төгрөгөөс нэхэмжлэгчид буцаан төлсөн 18,710,000 төгрөгийг хасах нь зүйтэй.
4.3 Талууд зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлнө гэж харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.
Харин гэрээний хариуцлага буюу алдангид 10,545,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцнэ.
5. Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.У-аас нийт 31,635,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, үлдэх 6,014,340 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжид 316,125 төгрөгийг нөхөн төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.У-аас 31,635,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,014,340 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.У-аас 316,125 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН