| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/10228/И |
| Дугаар | 191/ШШ2025/01479 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/01479
| 2025 о 02 с 17ө | Дугаар 191/ШШ2025/01479 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг,*******,******* гудамж, тоотод оршин суух,******* овогтой******* /рд:ТИ68011532/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,******* хотхон, тоотод оршин суух, овогтой /рд:РЮ85092618/-д холбогдох,,
37,379,439 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн, шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.Батмөнх, нар нь 2024 оны 05 сарын 20-ны өдрийн №24/06 дугаартай барилгын туслах ман нар түрээслэх түрээсийн гэрээ буюу Иргэний хуулийн 318, 320, 326-д заасан түрээсийн гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь ******* дүүрэг 8-р хорооны нутаг дэвсгэр байрлах амины орон сууцны төслийн барилга угсралтын ажилтай нь холбогдуулан хариуцагчид Бүгд найрамдах улсад үйлдвэрлэгдсэн В2 маркийн тулаас төмөр, бүх төрлийн хэв хашмалыг хүлээлгэн өгөх, хариуцагч нь гэрээнд заасан төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн тул нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл хариуцагч тал гэрээнд заасан хугацаандаа барилгын төслийн ажлаа хийж дуусган түрээсийн материалыг буцаан өгч түрээсийн төлбөрийг удахгүй төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрийг төлөөгүй. Түрээсийн төлбөрөө төлөх, гэрээгээ мөрдөх талаар удаа дараалан хариуцагчаас шаардаж албан бичгээр хугацаатай мэдэгдэл хүргүүлэхэд удахгүй санхүүжилт орж ирэхээр төлнө түр хүлээж байх талаар санал тавьдаг. Миний зүгээс саналыг хүлээн авч хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлж дуусгаагүй. Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 10-р зүйлийн 10.1-д заас түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөх биелүүлэхгүй түрээсийн гэрээний үүргээ зөрчсөн. Талуудын хооронд байгуулсан түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдо түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, мөн гэрээний 9-р зүйлийн 9.2 дахь хэсэгт түрээслэгч нь энэхүү гэрээнд заасан түрээсий төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид үл маргах журмаар төлнө гэж зааснаар түрээсийн хөлс дээр алданги нэмж тооцох, мөн гэрээний 2 д-р зүйлийн 2.1 түрээслэгч түрээслэж байгаа эд зүйлийг хүлээн авснаас хойш эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эвдсэн, гэмтээсэн тохиолдолд тухайн гэрээний хавсралт 1-д заасан үнийн дүнг засварлахад зориулж тооцох, мөн дахин ашиглах боломжгүй, гэмтээсэн, устгас алдсан тохиолдолд гэрээний 2.4-д зааснаар 100 хувиар тооцон түрээслүүлэгчийг хохиролгүй болгоно гэж зааснаар гарсан зардал, төлбөрийг тус тус нэхэмжлэх эрхтэй байна. Иймд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээнд зааснаар нь түрээсийн материалыг 2024 оны 05 сарын 20-ны өдрөөс 2024 оны 09 сарын 27-ны хооронд түрээслэсэн. Түрээслэх хугацаандаа түрээсийн материалыг эвдэлж, гэмтээсэн, засварлан тооцсон акт 6,483,000 төгрөг, бараа материал дутаасан акт тооцсон төлбөр 1,934,000 төгрөг, нийт түрээсийн төлбөрийн үлдэгдэл 19,582,580 төгрөг буюу нийт төлөх үлдэгдэл төлбөр 27,999,580 төгрөг. Үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 9.2 дахь хэсэгт зааснаар алданги 9,379,859 төгрөг буюу түрээсийн гэрээний үүрэгт нийт 37,379,439 төгрөг гаргуулж өгнө үү.
Жартай пум 3 ширхэг 1 ширхэг нь 88,000 төгрөг, гучтай пум 8 ширхэг, 1 ширхэг нь 85,000 төгрөг, 6 метртэй труба ширхэг нэгж үнэ нь 99,000 төгрөг. Нийт 21 ширхэг бараа буюу 1,934,000 төгрөг болж байгаа. Алдангийг 67 хоног буюу 9 сарын 28-наас 12 сарын 3-ны өдөр хүртэл 67 хоногт тооцсон. 2024 оны 5 сарын 20-ны өдрөөс 9 сарын 27-ны өдрийн түрээсийн төлбөр болох 19,582,580 төгрөг. Үүнээс эвдэрсэн бараа материалыг засварлахад зориулсан акт 6,483,000 төгрөг, бараа материал дутаасан 1,934,000 төгрөг, нийт 27,999,580 төгрөгөөс алданги тооцоход 9,379,859 төгрөг болж байгаа. Гэрээ хийгээд бараа материал авахдаа нэг сарын төлбөрөө өгөөд авсан. 7 сарын 20-ны өдрийн байдлаар 8,000,000 төгрөгийг барьцаа байршуулсан. Нийт 35,319,600 төгрөгийг төлсөн. Гэрээний 3 дугаар хуудаст эд хөрөнгийн дутагдуулсан үнэ, нэгж үнэ гэж байгаа. Бид тус эд хөрөнгийг нэг дахин нугалж тооцоогүй. Нэгж үнээр нь тооцсон. Энхтөр гэж хүн нь аж ахуй хариуцсан хүн бөгөөд хамаатныхан хүн байгаа юм. Энхтөр хүлээн авч хүлээлгэн өгнө гэж гэрээний 11-р талд заасан байгаа. Иргэныг төлөөлөн бараа материалыг хүлээн авч хүлээлгэн өгнө гэж бичсэн байдаг... гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 4-66-р тал.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагчт холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг болох төлбөрийн үлдэгдэл 19,582,580 төгрөг, бараа материал дутаасны төлбөрт 1,934,000 төгрөг, бараа материал эвдсэнийг засварлах төлбөрт 6,483,000 төгрөг, алдангид 9,379,859 төгрөг, нийт 37,379,439 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчт шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гардуулж өгсөн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш хуульд заасан хугацаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчид 2024 оны 05 сарын 20-ны өдөр 24/06 дугаартай барилгын туслах материал түрээслэх гэрээг 2 сарын хугацаагаар байгуулсан байх бөгөөд хөлслүүлэгч өөрийн өмчлөлийн барилгын тулаасад ашигладаг тулаас төмөр, хэв хашмал, булан, труба зэрэг иж бүрдлийг хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх өгөх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөхөөр тохирсон болох нь 2024 оны 05 сарын 20-ны өдрийн 24/06 дугаартай барилгын туслах материал түрээслэх гэрээ, хавсралт зэргээр тогтоогдож байна. /хх-6-12/
Зохигчдын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Талууд 6 нэр төрлийн 21 ширхэг тулаас төмөр, хэв хашмал, булан, труба зэргийг нэг өдөрт 100-300 төгрөгийн хооронд тооцож төлөхөөр харилцан тохиролцсон болох нь гэрээний 2.3-т зааснаар тогтоогдож байна.
Гэрээний дагуу хөлслүүлэгч тал болох 2024 оны 05 сарын 20-ны өдрөөс 2024 оны 07 сарын 06-ны өдрийн хооронд өөрийн өмчлөлийн хэв, труба, В2 тулаас зэрэг эд хөрөнгийг хэсэгчлэн гэрээнд заасан хүлээлгэн өгсөн, уг эд хөрөнгүүдийг 2024 оны 07 сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 сарын 27-ны өдрийн хооронд хэсэгчлэн хүлээн авсан, уг эд хөрөнгүүдийг ашигласны хөлс нийт 54,902,180 төгрөг болсон болох нь зарлагын баримт, орлогын баримт зэргээр тогтоогдож байна. /хх-13-20, 25-50/
Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-т Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж заасны дагуу хөлслөгч эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч 2024 оны 07 сарын 20-ны өдрөөс хойш 2024 оны 09 сарын 27-ны өдрийг хүртэл хөлсөө тооцсоныг гаргуулах үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн хэрэгт өгсөн 59-р хуудсан дахь тооцооллын баримттай хариуцагч тал маргаагүй тул нэхэмжлэгч талын ...хөлслөгч 35,319,600 төгрөг төлсөн... гэх тайлбарыг үнэлж, нийт төлөх 54,902,180 төгрөгөөс төлсөн 35,319,600 төгрөгийг хасаж, хариуцагчийг эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 19,582,580 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх,
295 дугаар зүйлийн 295.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө гэж заажээ.
Хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгөөс жартай пум 3 ширхэг 1 ширхэг нь 88,000 төгрөгөөр 264,000 төгрөг, гучтай пум 8 ширхэг 1 ширхэг нь 85,000 төгрөгөөр 680,000 төгрөг, 6 метртэй труба 10 ширхэг 1 ширхэг нь 99,000 төгрөгөөр 990,000 төгрөг, нийт 1,934,000 төгрөгийн эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй болох нь нэхэмжлэгч талын тайлбар, зарлагын баримт, орлогын баримт зэргээр тогтоогдож байна. /хх-13-20, 25-50/
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт ... Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй... гэж заасны болон гэрээний 2.4-т тохиролцсон үнэлгээний дагуу үүрэг гүйцэтгэгчоос эд хөрөнгийн үнэ болох хохирлоо шаардах эрхтэй гэж дүгнэн 1,934,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Иргэний хуулийн 288.2.3-т хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах гэж заажээ.
Хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгөөс хэв хашмалын панер, В2 тулаас төмөр, дотор булан, труба зэрэг 6,483,000 төгрөгийн барааг гэмтээсэн болох нь бараа материалыг буцаан хүлээлгэн өгөхдөө үйлдсэн орлогын баримт дахь тэмдэглэгээ, нэхэмжлэгч талын тайлбар зэргээр тогтоогдож байх ба хариуцагч тал энэ талаар маргаагүй. /хх-25-50/
Иргэний хуулийн 288.2.3 дахь заалт болон гэрээний хавсралт №1-д тохиролцсон үнэлгээний дагуу үүрэг гүйцэтгэгчоос эд хөрөнгийг засварлах үнэ болох хохиролд 6,483,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч тал гэрээний 9.2-т зааснаар үндсэн үүрэг 19,582,580 төгрөгөөс алданги шаардах эрхтэй байх ба дутаасан барааны үнэ 1,934,000 төгрөг, бараа материалыг засварлах хөлс 6,483,000 төгрөгөөс тус тус алданги шаардах эрхгүй гэж дүгнэв.
Үндсэн төлбөр 19,582,580 төгрөг*0.5 хувь*67 хоног /бараа материалыг хүлээн авсан сүүлийн хугацаа 2024.09.28-ны өдрөөс нэхэмжлэл гаргах 2024.12.03-ны өдөр дуустал/ =6,560,104 төгрөгийг алдангид тооцож гаргуулах нь зүйтэй.
Иймд хариуцагчоос эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 19,582,580 төгрөг, бараа материал дутаасны хохиролд 1,934,000 төгрөг, бараа материалыг засварлах төлбөрт 6,483,000 төгрөг, алдангид 6,560,104 төгрөг, нийт 34,559,684 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчөд олгож, нэхэмжлэлээс алданги 2,819,755 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34,559,684 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 330,748 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.3, 227 дугаар зүйлийн 227.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчоос 34,559,684 /гучин дөрвөн сая таван зуун тавин есөн мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчөд олгож, нэхэмжлэлээс 2,819,755 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 330,748 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ