Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00304

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/03276 дугаар шийдвэртэй,

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т, Жмэг нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 89 794 483 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагч Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагч Жмэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь Жмэг, Т нартай 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 98 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлсэн.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ипотекийн гэрээг байгуулж, Жмэг, Т нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-88888 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, залуус гудамж 10 дугаар ххххх тоот 78,93 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Жмэг, Т нар нь гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлөөгүй. Иймд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 84 023 592 төгрөг, хүү 5 752 412 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18 478 төгрөг буюу нийт 89 794 483 төгрөгийг гаргуулж, үүргийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-88888 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, залуус гудамж 10 дугаар ххххх тоот 78,93 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Жмэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд Ттай хамтран амьдарч байсан. “Г” ХХК-аас 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зээл авах үед хамтран зээлдэгчээр орсон ба тухайн үед нийт 148 000 000 төгрөгийн орон сууцны урьдчилгаа 49 000 000 төгрөгийг би төлсөн ба 98 000 000 төгрөгийн зээлийг банкнаас авсан. Орон сууцны зээлийн гэрээг 20 жилийн хугацаатай байгуулж, сарын 820 500 төгрөг төлөхөөр хуваарь гаргаж Т төлөхөөр болсон. 2018 онд Т бидний хооронд маргаан үүсч үүнээс шалтгаалан зээлийн төлбөрөө төлөхгүй, хугацаа хэтэрсэн.

“Г” ХХК 2019 оны 12 дугаар сард зээлээ төлөхийг шаардаж би 12 400 000 төгрөг төлж зээлээ хэвийн болгосон. Засгийн газрын шийдвэрийн дагуу би ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг нэхэмжлэгчид өгсөн. Зээлийн төлөлт зогссон гэж бодож байтал “Г” ХХК үндэслэлгүйгээр гэрээг цуцалж, надад мэдэгдэлгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Т 2 хүүхдээ чи өсгө, би байрныхаа зээлийг төлөөд явна гэж тохиролцсон боловч төлөөгүй, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг би төлж байгаа. Энэ хугацаанд байрны урьдчилгаанд 49 000 000 төгрөг, үндсэн зээл 14 000 000 төгрөг, 69 сарын хүү 41 000 000 нийт 104 000 000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн.

Иймд банк дахь өрийг Т хариуцах ёстой. Хэрэв зээл хэвийн ангилалдаа орчих юм бол надад цаашид сарын төлбөрөө төлөөд явах сонирхол байна. Би ийм их мөнгө төлчхөөд байраа алдмааргүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Г” ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 98 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд Ү-88888 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, залуус гудамж 10 дугаар ххххх тоот 78.93 м.кв талбайтай 3 орон сууцыг барьцаалсан.

Жмэгтэй хамтран амьдрах хугацаанд Т нь дээрх зээлийн гэрээний дагуу үүргийг сар бүр тогтмол төлж байсан. Гэвч Жмэгтэй таарч тохироогүйн улмаас тусдаа амьдарч, сар бүр 217 900 төгрөгийн хүүхдийн тэтгэмж төлж байгаа.

Шүүхийн тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэрийн дараа Жмэг нь ланд круйзер 200 авто машин болон тухайн 3 өрөө байрыг үндсэн төлбөрийн хамт өөртөө шилжүүлэн авахаар тохиролцоо хийсэн. Надад тэтгэврээс өөр орлого байхгүй. Тэтгэврийн мөнгөнөөс 2 хүүхдийн тэтгэмжийн мөнгийг асуудалгүй төлж байгаа. Надад илүү орлого байхгүй тул Жмэг тухайн зээлийг үргэлжлүүлэн төлөөд нэрийг шилжүүлэн авах, үгүй гэвэл миний зүгээс уг барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй.

Уг байрны урьдчилгаа 20 000 000 төгрөгийг би төлсөн. Хэрэв банк уг байрны төлбөрийн үлдэгдлээс илүү зарсан нөхцөлд зөрүү мөнгийг би авах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: . Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Жмэг, Т нарт холбогдох зээлийн төлбөр 89 794 483.60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 606 923 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь үүргийн зөрчил үүссэн 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш үүрэг зөрчигдсөн талаар болон зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахтай холбоотой мэдэгдэл, шаардлагыг гаргаж байсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоолгүйгээр гэрээг цуцалж, гэрээний төлбөрийг бүхэлд нь шаардсан нъ талуудын тайлбараар тогтоогдож байна, хэрэгт авагдсан мэдэгдэх хуудас нь өмнөх үүргийн зөрчилтэй холбоотой бөгөөд уг мэдэгдлийн дагуу хариуцагч тал үүргийн зөрчил арилгасан” хэмээн нэхэмжлэгчийг мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй.

Учир нь хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчид өмнө нь зээлийн зөрчлийг мэдэгдэж байсны дагуу зээлийг хувиарт оруулсан хэдий ч түүнээс хойш зээлдэгч нар нь хамтран амьдарч байгаад больсноос болоод зээлийн үүрэг биелүүлэх үүргээ доголдуулсаар байсан мөн зээлийн гэрээг хойшлуулах хүсэлтийг нь зээл хугацаа хэтэрсэн байхад нь хүлээн авч нэмэлт өөрчлөлтийн гэрээнд ирж гарын үсэг зурж баталгаажуулах тухай мэдэгдэж байсан ч зээлдэгч нар нь гэрээг ирж баталгаажуулаагүй зэргээс уг нөхцөл байдлыг ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт байгаа тул мэдэгдэх шаардлага байхгүй хэмээн тайлбарласныг шүүх анхаараагүй.

Мөн анхан шатны шүүхийн иш татсан 30 дугаар тогтоол нь манай хэргийн нөхцөл байдалд ямар байдлаар холбогдож байгаа нь тодорхойгүй байна. Зээлдэгчийн зээл нь хугацаа хэтрэлттэй байгаа хэдий ч зээлийн хувиар өөрчлөх боломжийг олгож зээлдэгч нарт гэрээг баталгаажуулах тухай мэдэгдсээр байхад зээлдэгч нар нь гэрээг хоорондын асуудлаас болоод хийгдээгүй. Үүнээс гадна анхан шатны шүүхэд зээлдэгч Т нь уг гэрээнээс татгалзаж байгаагаа, барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Ж.Болормчимэг нь одоогоор ажилгүй бөгөөд цаашид зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн хорооны тодорхойлолт, тайлбар зэргээс харагдаж байхад энэ нөхцөл байдлуудад шүүх дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл муутай болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Т, Жмэг нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэг 89 794 483 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

“Г” ХХК болон Т, Жмэг нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “Г” ХХК нь 98 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлж, Т, Жмэг нар нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ. Талууд мөн өдөр ипотекийн гэрээ байгуулж, Т, Жмэг нарын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг 13 дугаар хороо, залуус гудамж 10 дугаар ххххх тоот 78,93 м.кв, 3 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалжээ.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь “2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл зээлийг дахин төлөөгүй тул гэрээ цуцлах мэдэглээ өгсөн” гэж, хариуцагч Жмэг нь “надад зээлийн гэрээний зөрчлийг талаар мэдээлэл, мэдэгдэл ирээгүй” гэж, хариуцагч Т “2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийн зөрчил үүссэн гэдгийг мэдээгүй, ямар нэгэн мэдэгдэл ирээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн” гэж тус тус тайлбар гаргажээ.

 

Хариуцагч Жмэг тайлбараа нотлохоор “зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргасан талаар лавлагааг Г ХХК-аас гаргуулах” хүсэлт гаргасныг шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 12907 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх захирамжийн дагуу “Г” ХХК-аас эксел, цахим хаягт илгээсэн шуудан, зээлдэгчид илгээсэн мессэж зэрэг 7 хуудас баримтыг өгсөн байна. /хх65-72/ Анхан шатны шүүх уг баримтын талаар нэхэмжлэгчээс тодруулах ажиллагааг хийгээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ. Учир нь уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага болох үзлэг хийгдээгүй байна.

 

Анхан шатны шүүх уг баримтыг хэрхэх талаар тодруулах ажиллагааг хийснээр нэхэмжлэгчээс уг нотлох баримтыг шинжлэн судлуулах хүсэлт гаргах, хариуцагчаас уг баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргах, хүсэлтийг үндэслэж нотлох баримтын талаар мэтгэлцэх эрх нээгдэж, улмаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулйн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримтыг үнэлэх, үйл баримтыг зөв тогтоох, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр маргааны үйл баримт тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/03276 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 677 123 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

 

                                          ШҮҮГЧИД                                Н.БАТЗОРИГ

 

                                                             Э.ЗОЛЗАЯА