Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 617

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Улсын яллагч Б.Уранчимэг,

Шүүгдэгч У.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Эрүүгийн хэргийн дугаар 1711003260260

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн У.Дд холбогдох эрүүгийн 1711003260260 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч У.Д /РД:.................. шийтгэгдсэн хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар; 

Шүүгдэгч У.Д нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 31 дүгээр гудамжинд С.Цэцэгмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч У.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, өөр хэлэх зүйлгүй гэв. 

Шүүгдэгч У.Даас мөрдөн байцаалтанд өгсөн:

“…Би Цэцэгмаа гэх эмэгтэйтэй 2013 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд нэг хэсэг бид хоёр тусдаа амьдарсан юм. Тэгээд 2017 оны 07 сарын 30-ны өдөр Оюунаа гэх эмэгтэй таны хувцас хунарыг өгөх гэсэн юм гэж намайг дуудан Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны дундын буудал дээр уулзсан. Тэгээд Оюунаатай уулзаад сууж байсан чинь хуучин хамтран амьдрагч байсан С.Цэцэгмаа миний машины зөв талын хаалгыг нээж орж ирээд чи муу янхан гэж хэлээд намайг нилээд хэдэн удаа цохиж миний машиныг толийг хагалж гар хөлийг нь борл хорьс байсан цохиж зодсон зүйл бол байхгүй. Тэр үед гар хөлөнд нь гэмтэл учирсан байж магадгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/

Хохирогч С.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 30-ны орой ЧД-ийн 16 дугаар хороо Согоотын 58-501 тоот хаалганд байрлах түрээсийн байранд гэртээ байж байхад манай байранд үйлчлэгч хийж байсан Оюунцэцэг надад Давааням ах одоо ирэх гэж байна намайг хувцас аваад ир гэж байна гэхээр нь би Давааням ах одоо ирэх гэж байна намайг хувцас аваад ир гэж байна гэхээр нь би Даваанямын хувцсыг нь өгөөд явуулсан. Тэгээд би араас нь Хайлаастын дундын буудал дээр байж байхад нь очсон. Намайг очиход Оюунцэцэг Даваанямын машинд суучихсан хувцасыг нь өгч байсан. Би машиных нь урд жолоочийн хажуу талд нь орж суугаад Даваанямд чи яагаад гэртээ ирэхгүй байгаа юм яагаад намайг бааз дээр очиж хүмүүст муугаар хэлээд байгаа юм гэж асуусан. Тэгсэн чинь Давааням би тэгж хэлээгүй юу солиороод байгаан гэхээр нь би машиных нь шил арчигчийг хугалсан тэгээд би машины урд хайрцагыг нь аваад Давааням руу шидсэн тэгсэн Давааням буцаагаад нөгөө хайрцагаар миний нүүр лүү цохиод тэгсэн миний хамраас цус гарсан. Тэгээд машинаасаа намайг буулгах гээд түлхээд байхаар нь би үрүүлээс нь татсан. Тэгсэн Давааням гараараа мөр, цээж рүү цохисон мөн буулгах гээд түлхээд хөлөөрөө жийгээд байсан. Тэгсэн Оюунцэцэг цагдад дуудлага өгсөн… гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/

Гэрч С.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“…Давааням ах машины урд талд юм хийдэг хайрцагаа авч Цэцэгмаа эгчийн хамар луу нэг цохисон тэгээд Цэцэгмаа эгчийн хамарнаас цус гарч байсан. Тэгээд машинаа хөдөлгөөд Цэцэгмаа эгчийг яваан дундаа түлхэх гээд байсан. Тэгэхээр нь би боль Давааням ахаа гэж хэлээд машины урд талд нь гарч зогсоогоод тэгээд би цагдаагийн газарт нөгөө зүс таних эгчийн гар утаснаас цагдаагийн газарт дуудлага өгсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ¹9803 дугаартай дүгнэлтэнд: С.Цэцэгмаагийн биед баруун бугалга, баруун шуу, баруун сарвуунд цус хуралт, баруун сарвууны дотор хэсэгт шарх, 3, 4-р хуруунд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт, баруун гуянд цус хуралт, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн гуя, зүүн өвдөг, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус тусдааа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/

            Ял шийтгэлийн талаар: У.Дын 1985 оны 02 сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн 5-р хэсгийн ардын шүүхийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, 2010 оны 05 сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 61 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-50 дугаар хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч У.Д нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 31 дүгээр гудамжинд С.Цэцэгмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч С.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч У.Д нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 31 дүгээр гудамжинд С.Цэцэгмааг зодож баруун бугалга, баруун шуу, баруун сарвуунд цус хуралт, баруун сарвууны дотор хэсэгт шарх, 3, 4-р хуруунд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт, баруун гуянд цус хуралт, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн гуя, зүүн өвдөг, хамрын нуруунд цус хуралт эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож, зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Хохирогчид С.Цэцэгмаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.       

Шүүгдэгч У.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.                                                  

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч У.Дыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Дыг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Дд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар У.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. У.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Дд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НАРАНТУЯА