Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 115/ШШ2025/0004

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И,

Хариуцагч: Дорноговь аймгийн Татварын газрын дарга Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч: М,

Хариуцагч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., ... нарын хоорондын газрын төлбөрийн маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И /цахимаар/, түүний өмгөөлөгч Ж.Ундармаа, хариуцагч Дорноговь аймгийн Татварын газрын дарга Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., ..., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь шүүхэд анх Дорноговь аймгийн Татварын газарт холбогдуулан тус Татварын газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/147 дугаар “өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэр /албан бичиг/-ийг хүчингүй болгуулахаар маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргад холбогдуулан Даланжаргалан сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/343 дугаар албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн маргаж байна.

2. Хэргийн нөхцөл байдлын талаар:

2.1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа уурхайн эдэлбэр газрыг ашиглах хүсэлтээ Даланжаргалан сумын Засаг даргад 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан байна.

2.2. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/138 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Э” ХХК-д Даланжаргалан сумын Элдэв багийн нутагт[1] уурхайн ашиглалтын зориулалтаар газар ашиглуулахаар шийдвэрлэжээ.

2.3. Даланжаргалан сумын газрын даамлаас нэхэмжлэгч “Э” ХХК-д газар ашиглуулах тухай сумын Засаг даргын 2021 оны А/138 дугаар захирамжийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дундын мэдээллийн сангаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт илгээн, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлийн А-0703000073, А-0703000079, А-0703000084 дугаарыг олгосноор газрын төлбөрийг ногдуулж нэхэмжлэх үүсгэсэн байна.

2.4. Монголын Татварын албанаас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “DNP24022900002912577” дугаартай татварын өр төлүүлэх “Нэхэмжлэх”-ийг “Э” ХХК-д цахимаар хүргүүлсэн ба улмаар хариуцагч Дорноговь аймгийн Татварын газраас маргаан бүхий акт болох 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/147 дугаар “өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэр /албан бичиг/-ийг нэхэмжлэгч компанид хүргүүлжээ.

3. Нэхэмжлэгчээс Дорноговь аймгийн Татварын газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/147 дугаар “өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэр /албан бичиг/-т Татварын Ерөнхий газарт гомдол гаргасан ба 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гомдлыг хангахаас татгалзсан хариу авсан.

2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Татварын газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/147 дугаар “өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэр /албан бичиг/-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

4.1. “Манай компани Говьсүмбэр аймаг болон Дорноговь аймгийн Даланжаргалан сумын зааг дамнасан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай эзэмшдэг бөгөөд Говьсүмбэр аймгаас манай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хууль бусаар газар давхцуулан олгосон асуудлаар бид шүүх болон Авлигатай тэмцэх байгууллагад хандан шийдвэрлүүлж буйн улмаас өнөөдрийг хүртэл уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж чадаагүй нөхцөл байдал үүссэн.

4.2. Даланжаргалан сумын Засаг даргын 2021 оны 08 сарын 06-ны өдрийн А/138 дугаартай захирамжаар "ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд газрыг эзэмшүүлж, газар эзэмшигчтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгон газрыг зориулалтын дагуу эзэмшүүлэх"-ийг даалгасан ба манай компани газрын тухай хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа газар ашиглах гэрээ байгуулаагүй, гэрчилгээ гардаж аваагүй, газрыг ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй байхад Татварын газраас 357,811,475 төгрөгийн газрын төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, манай компани уурхайн эдэлбэрийн талбайд өнөөдрийг хүртэл ашиглалт хийж үйл ажиллагаа явуулаагүй тул газрын төлбөр төлөх үүрэг үүсээгүй” гэх агуулга бүхий тайлбараар;

5. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Даланжаргалан сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/343 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

5.1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “...эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах” гэж заасан нь сумын газрын даамлын эрх хэмжээ байхад манай компанитай газар эзэмших гэрээ байгуулаагүй, бид Улсын бүртгэлийн гэрчилгээг гардаж аваагүй байхад газрын төлбөр ногдуулж байгаа нь үндэслэлгүй” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргаж байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Газрын тухай хууль болон Ашигт малтмалын хуулийн дагуу Дорноговь аймагтай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газар ашиглах гэрээг манай “Э” ХХК-тай байгуулаагүй. Мөн гэрчилгээг нь гардаж аваагүй. Газрын асуудлаар 2019 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хууль, шүүхийн байгууллагад маргаантай хэвээр байгаа.

Энэ нь манай “Э” ХХК-ийн үйл ажиллагаа алдагдаад газраа ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй байхад Дорноговь аймгийн Татварын хэлтсээс 357,814,075 төгрөгийн газрын төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” хэлнэ. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” хэлнэ гэж заасан.

Монгол Улсын газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4-т “Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж заасан.

Манай компани уурхайн эдэлбэр талбайд өнөөдрийг хүртэл олборлолт, ашиглалт хийж үйл ажиллагаа явуулаагүй, гэрээ байгуулаагүй, Улсын бүртгэлийн гэрчилгээг гардаж аваагүй, төлбөр төлөх үүрэг үүсэхгүй байхад Дорноговь аймгийн Татварыг газраас 01/147 дугаартай албан бичгээр өр барагдуулаагүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн дагуу өр хураах үйл ажиллагаа эхлүүлэхийг мэдэгдсэн албан бичгийг хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” Дорноговь аймгийн Татварын газрын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. 

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хариу хүргүүлэх тухай 01/343 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “...эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах” гэж заасан нь сумын газрын даамлын эрх хэмжээ юм. Гэтэл манай компанитай гэрээ байгуулаагүй, улсын бүртгэлийн гэрчилгээ гардаж аваагүй.

Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-т “Эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын 15 өдрийн дотор энэ тухай мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулна” гэж заасан байдаг гэв.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж зааснаар үүрэг хүлээнэ. Одоо гэрээ байгуулах шаардлагагүй, Улсын бүртгэлийн гэрчилгээ өгөөгүй гэж тайлбарлаж байна. Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “...Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараах мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулж, цахимаар мэдүүлэх ба мэдүүлгийн үнэн зөвийг хариуцна..” гэж заасан. Уг мэдээлэл мэдүүлэгт 28.1-т газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг заасан. 28.1.2-т газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байх шаардлагатай талаар тус тус заасан байна. Иймд манай компани ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглах гэрээ болон Улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэх нь үндэслэлтэй юм.

Манай компани 2021 оны 01 дүгээр сарын 11-ний 21/01дугаартай уурхайн эдэлбэр газрыг ашиглах гэрээ байгуулах тухай албан бичгийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргад хүргүүлсэн байгаа. Дээрх журмыг бол мэдээгүй байсан. Энэ журмыг мэдээгүй нь манай талын хүлээх үүрэг гэхдээ манай илгээсэн албан бичгийн хариуд гэрээ, гэрчилгээгээ өөрөө хэвлэж авах талаар мэдэгдэх боломжтой байсан гэж үзэж байна.

Даланжаргалан сумын Засаг даргын 2021 оны А/138 дугаар захирамжтай маргах зүйл байхгүй. Харин газар эзэмшүүлэх гэрчилгээ олгох, гэрээ байгуулах тухай журмыг сая мэдлээ. Манай байгууллага тухайн журмын дагуу цахим системээс гэрээ, гэрчилгээгээ аваагүй байгаа.

Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан гомдол гаргасан, хууль бусаар газар давхардуулсан асуудал шүүх болон эрх бүхий байгууллагаар шийдэгдээгүй байгаа тул баримтаа шүүхэд гаргаагүй. Манайх үйл ажиллагааг явуулаагүй эрх нь үүсээгүй байхад төлбөр барагдуулах албан бичиг явуулж байгаа нь субьектив эрхийг зөрчиж байна. Ерөнхийдөө үйл ажиллагаа явуулаагүй байхад өндөр газрын төлбөр ногдуулж байгаа нь үндэслэлгүй” гэв.

7. Хариуцагч Дорноговь аймгийн Татварын газрын дарга Х шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуульд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу 2020 оноос эхлэн газрын албанаас ногдуулсан газрын төлбөрийг татварын алба хураан авч төсөвт төвлөрүүлж байна.

Татварын удирдлагын нэгдсэн системд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2021-2024 оны 357,811,475 төгрөгийн үнийн дүнтэй газрын төлбөрийн нэхэмжлэл үүссэн байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасны дагуу газар ашиглагч нь Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргийг хүлээх ба газрыг эзэмшиж, ашиглаагүй нь төлбөр төлөх үүprээc чөлөөлөх үндэслэл болохгүй талаар Дорноговь аймгийн Татварын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/147 дугаартай албан бичиг, Татварын ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09/2072 дугаартай албан бичгээр тус тус татвар төлөгчид удаа дараа мэдэгдсэн болно.

Иймд "Э” ХХК татвар төлөгчийн нэхэмжлэлд дурдсан 357,811,475 төгрөгийн үнийн дүнтэй газрын төлбөрийн нэхэмжлэлийг хуулийн хугацаанд төлөх үүрэг хүлээснийг үүгээр мэдэгдэж, тайлбарыг хүргүүлж байна” гэжээ.

7.1. Хариуцагч Татварын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ” гэж заасны дагуу газрын төлбөр ногдуулж байгаа эрх бүхий албан тушаалтан нь Газрын алба юм. Тухайн ногдуулалтаа 30 хоногийн дотор Татварын албанд хүргүүлнэ гэж заасны дагуу манай байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу татварыг барагдуулдаг үйл ажиллагаа явуулж байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хууль ёсны дагуу явагдаж байгаа. Газрын төлбөрийг зохих хугацаанд нь төлөөгүй учраас Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу өр барагдуулах үйл ажиллагааг шат дараатайгаар тусгай чиг үүргийн дагуу хэрэгжүүлж ажиллан нэхэмжлэхийг хүргүүлсэн” гэв.

8. Хариуцагч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга О.Баярсайхан шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

“.. 1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "ашиглалтын тусгай зөвшөөрөл" нь ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичиг бөгөөд ашигт малтмал ашиглах гэдэг нь "газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох ... болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгох"-оор, Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.11-т "холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах" гэж зааснаас үзэхэд ашигт малтмал ашиглах эрх нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд газар, түүнийг хэвлийг ашиглах эрхийг өөртөө шууд агуулах ба энэхүү эрхийг орон нутгийн захиргааны байгууллагаас Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.16, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-ийн 2 дахь хэсэгт зааснаар олгохоор заасан ба Э" ХХК-аас ирүүлсэн 2021 оны 21/01 тоот хүсэлтийн дагуу тухайн компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт хамаарах талбайн газар ашиглах эрхийг Даланжаргалан сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн А/138 дугаар захирамжаар баталгаажуулсан.

2. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.6-д "газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх", 33 дугаар зүйлийн 33.7- д "Эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын 15 өдрийн дотор энэ тухай мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулна", мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т "Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно" гэсэн хуулийн зохицуулалттай.

Дээрх хууль тогтоомжийн хүрээнд "Э" ХХК-д газар ашиглуулахтай холбогдон гарсан сумын Засаг даргын шийдвэрийн холбогдох мэдээллийг сумын газрын даамал 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дундын мэдээллийн сангаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт илгээн, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлийн А-0703000073, A-0703000079, А-0703000084 дугаарыг олгож, улмаар газрын төлбөрийг ногдуулж, нэхэмжлэх үүсгэсэн болно. Мөн "Э" ХХК-ны ашиглаж буй газрын төлбөрийг уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээгээр биш, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д зааснаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хувь хэмжээ болох нөөц газрын хувь хэмжээг баримтлан тооцож ногдуулсан.

Иймд "Э" ХХК-ийн ашиглаж буй газарт ногдуулсан газрын төлбөрийн ногдуулалт, татварын удирдлагын системд үүсгэсэн нэхэмжлэлүүдэд хууль тогтоомж зөрчсөн нөхцөл байдал байхгүй тул "Э" ХХК-аас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

8.1. Хариуцагч Даланжаргалан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл нь өөрөө газар ашиглах эрхийг давхар агуулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хууль болон Газрын хэвлийн тухай хуульд зааснаар орон нутгийн захиргааны байгууллагаас тухайн хуульд заасан үүргийн дагуу нэхэмжлэгч компанийн гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах эрхийг 2021 онд баталгаажуулсан.

 “Э” ХХК-ийн хувьд нэхэмжлэлдээ эзэмших эрх гэж тайлбарлаад байгаа ч энэ эзэмших эрх биш ашиглах эрх юм.  2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр А/138 дугаар Даланжаргалан сумын Засаг даргын захирамжаар тухайн компанийн газар ашиглах эрхийг баталгаажуулсан. Газар ашиглуулах Засаг даргын шийдвэрийг газрын даамал газрын мэдээллийн санд бүртгэж улмаар Улсын бүртгэлд бүртгүүлж “А” дугаар авсан байгаа. Мэдээллийн санд бүртгэгдсэний дагуу “Э” ХХК нь газрын төлбөр төлөгчөөр бүртгэгдсэн.

Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу Улсын бүртгэлд бүртгэгдсэн “А” дугаар авсан өдрөөс газрын төлбөрийг ногдуулна гэж заасны дагуу газрын төлбөр татварын системд ногдуулж нэхэмжлэхийг үүсгэсэн. Түүнээс хууль бусаар газрын нэхэмжлэхийг үүсгээгүй. Нэхэмжлэгч гэрээ байгуулаагүй асуудал ярьж байна. Газрын төлбөрийн тухай хуульд гэрээ байгуулснаар газрын төлбөр ногдуулна гэсэн хуулийн заалт байхгүй. Зөвхөн Улсын бүртгэлд бүртгэгдэж улсын бүртгэлийн дугаар авсан өдрөөс газрын төлбөрийг ногдуулж газрын төлбөрийн нэхэмжлэхийг үүсгэнэ гэж заасан. Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд газрын даамал газрын төлбөрийг үүсгэж Татварын газрын удирдлагын систем рүү илгээсэн байгаа. Иймд “Э” ХХК-д газрын төлбөр үүсгэсэн нэхэмжлэхэд хууль тогтоомж зөрчсөн асуудал байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гэрээ байгуулаагүй, гэрчилгээ аваагүй гэсэн асуудал ярьсан. Газар зохион байгуулалт геодезийн зураг зүйн газрын даргын 2021 оны 187 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчил олгох журам” гэж байгаа. Тухайн журам болон Газрын тухай хуульд газар эзэмших, ашиглахтай холбогдох ажиллагаа цахим системээр дамжуулан явуулна. Дээрх журмын 12-т газар эзэмших, ашиглах, гэрчилгээ олгох үйл ажиллагааг журамласан байгаа. Газрын даамал газар эзэмших, ашиглахыг Улсын бүртгэлд бүртгэж мэдээллийн санд оруулсны дараа газар 12.2, 12.3-т зааснаар тухайн газар эзэмших, ашиглах эрх үүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь өөрсдөө гэрээ, гэрчилгээг хэвлэж авахаар нарийвчлан зохицуулсан байгаа.

Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, газрын төлбөр төлөгч байна” гэж, 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж заасан байна.

Тэгэхээр нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайг баталгаажуулсан газар нь өөрөө төлбөр ногдуулах газарт хамаарах ба хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж заасан.

Үүний дагуу нэхэмжлэгч байгууллагын газар ашиглах эрхийг газрын даамал газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж уг бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газар руу илгээснээр улсын бүртгэлийн дугаар олгогдож ашиглаж байгаа тухайн газарт газрын төлбөр төлөх нэхэмжлэх үүсгэж Татварын газрын удирдлагын систем рүү илгээсэн байгаа. Энэ бүх үйл ажиллагаа нь өөрөө ямар нэгэн буюу Газрын төлбөрийн тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчөөгүй, хууль тогтоомжийн дагуу явагдсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8.2. Хариуцагч Даланжаргалан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч компанийн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумыг болон Дорноговь аймгийн Даланжаргалан сумыг дамнасан 3 том ашиглалтын талбай байдаг. Бид нарын хувьд зөвхөн Даланжаргалан суманд орж байгаа хэсгийг мэдээллийн системд баталгаажуулах ёстой байдаг. Шивээговь суманд орж байгаа  талбайг мэдээллийн санд манайх оруулах ямар ч боломжгүй юм” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгчийн гаргасан Дорноговь аймгийн Татварын газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/147 дугаар “өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэр /албан бичиг/-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сум, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрийг дамнасан нийт 9024.82 гектар талбай бүхий 3 хэсэг уурхайн талбайд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэг болох нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон MV-020419 /Шивээ-1” нэртэй газарт 549.41 гектар талбай/, MV-020420  /Шивээ-2” нэртэй газарт 612.70 гектар талбай/ MV-020421 дугаар бүхий “Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл” /хавтаст хэргийн 155–162 дахь тал/-өөр;

1.2. Нэхэмжлэгчээс Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргад хандаж тус сумын нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа уурхайн эдэлбэр газрыг ашиглах хүсэлтээ 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр /хавтаст хэргийн 154 дэх тал/ гаргасан байх ба сумын Засаг даргаас тус сумын Элдэв багийн нутагт уурхайн ашиглалтын зориулалтаар нэхэмжлэгч “Э” ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Даланжаргалан сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/138 дугаар захирамж /хавтаст хэргийн 132-133 дахь тал/-аар;

1.3. Даланжаргалан сумын газрын даамлаас нэхэмжлэгч “Э” ХХК-д газар ашиглуулах тухай сумын Засаг даргын 2021 оны А/138 дугаар захирамжийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дундын мэдээллийн сангаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт илгээсэн бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр газар ашиглах эрхийн улсын бүртгэлийн А-0703000073, А-0703000079, А-0703000084 дугаарыг олгосон нь Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын 2024 оны 05 дугаар сарын 01-ний 291 дүгээр албан бичиг /хавтаст хэргийн 42 дахь тал/-ээр;

1.4. Улсын бүртгэлийн дундын мэдээллийн санд нэхэмжлэгчийн ашиглах эрх бүртгэгдсэнээр татварын удирдлагын системд “Э” ХХК-ийн газрын төлбөр /өр/-ийн нэхэмжлэх анх 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11:35:20 цагт[2]  үүссэн болох нь Монголын Татварын  Албанаас “Э” ХХК-д хүргүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “DNP24022900002912577” дугаартай татварын өр төлүүлэх цахим “Нэхэмжлэх”, нэхэмжлэхийн хавсралт “Татварын өрийн тооцоолол”-оор /хавтаст хэргийн 10-14 дэх тал/, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 840 дугаар албан бичиг болон уг албан бичиг хавсарган ирүүлсэн газрын төлбөрийн нэхэмжлэхийн жагсаалтаар /хавтаст хэргийн 41, 43 дахь тал/ тус тус тогтоогдож байна.

1.5. Үүний дараа Дорноговь аймгийн Татварын газраас нэхэмжлэгчид  маргаан бүхий акт болох 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/147 дугаар “өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэр (албан бичиг)-ийг /хавтаст хэргийн 34 дэх тал/ мөн нэхэмжлэгчид хүргүүлжээ.

2. Дорноговь аймгийн Татварын газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/147 дугаар “өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэр /албан бичиг/-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгчээс

 “... ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа газар ашиглах гэрээ байгуулаагүй, гэрчилгээ гардаж аваагүй, газрын маргаантай асуудлаа хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлж буйн улмаас уурхайн эдэлбэрийн талбайд өнөөдрийг хүртэл ашиглалт хийж үйл ажиллагаа явуулаагүй тул газрын төлбөр төлөх үүрэг үүсээгүй, газрыг ашиглаагүй байхад газрын төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэх;

харин хариуцагч Татварын газраас “... Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу өр барагдуулах үйл ажиллагааг шат дараатайгаар тусгай чиг үүргийн дагуу хэрэгжүүлж ажиллан нэхэмжлэхийг хүргүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэх агуулга бүхий тайлбараар тус тусын шаардлага, татгалзлаа үндэслэн маргасан.

2.1. Нэхэмжлэгчийн “... манай компани уурхайн эдэлбэрийн талбайдаа өнөөдрийг хүртэл ашиглалт хийж үйл ажиллагаа явуулаагүй” үндэслэлийн тухайд:

Өмнө 1.1 дэх хэсэгт дүгнэснээр нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Даланжаргалан сум, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрийг дамнасан нийт 9024.82 гектар талбай бүхий 3 хэсэг уурхайн талбайд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ба “... Говьсүмбэр аймгаас манай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хууль бусаар газар давхцуулан олгосон асуудлаар шүүх Авлигатай тэмцэх байгууллагад хандан шийдвэрлүүлж буйн улмаас өнөөдрийг хүртэл олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй” гэж тайлбарлан маргаж байна.

2.1.1. Нэхэмжлэгчээс ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд газар давхцуулан олгосон гэх асуудлаар шүүх болон Авлигатай тэмцэх байгууллагад хандсан талаарх баримтаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт зааснаар шүүхийг буруутгах үндэслэл болохгүйг;

 нотлох баримт шүүхэд гаргаагүй талаараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... Авлигатай тэмцэх газарт Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан гомдол гаргасан ба хариу гараагүй байгаа, мөн шүүхийн шийдвэр гараагүй байгаа тул шүүхэд баримтаа гаргаагүй”[3] гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн хуулийн байгууллагаар маргаантай байгаа гэх газар нь зөвхөн  Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дахь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий уурхайн талбайд нь хамааралтай, өөрөөр хэлбэл Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь нэхэмжлэгчийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий уурхайн талбайд газар давхцуулан олгосон маргаан байхгүй тул “газар давхцуулан олгосон асуудлаар хуулийн байгууллагаар маргаж байгаагаас газраа ашиглаж чадаагүй, олборлолт хийгээгүй” гэж маргасан нь үндэслэлгүй.

2.2. Нэхэмжлэгчийн “газар ашиглах гэрээ байгуулаагүй, гэрчилгээ гардаж аваагүй, газрыг ашиглаагүй үйл ажиллагаа явуулаагүй тул газрын төлбөр төлөх үүрэг үүсэхгүй” гэх үндэслэлийн тухайд:

2.2.1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11. “Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан нь төрийн мэдээллийн бусад сантай мэдээлэл солилцох боломжтой байх бөгөөд төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагад дундын мэдээллийн сан үүсгэн ажиллуулна” гэж;

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4. “Сумын газрын даамал, ... дараахь эрх хэмжээтэй байна”, 23.4.2. “эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах”, 23.4.6. “газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх”, 33.7. “Эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын 15 өдрийн дотор энэ тухай мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулна” гэж;

“Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын[4] 2.1. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, … иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар … ашиглуулах шийдвэр гаргана”, 4.1. “Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системээр дамжуулан эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг эрхлэн явуулна”, 12.1. “Эрх бүхий байгууллага энэхүү журмын 2.1-т заасан шийдвэрийг үндэслэн газар эзэмших, ашиглах эрхийг Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулна”, 12.2. “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь эрх бүхий байгууллагын баталгаажуулсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг "ХУР-төрийн мэдээлэл солилцооны цахим систем" эсвэл "ДАН-танилт нэвтрэлтийн нэгдсэн систем"-ээр дамжуулан өөрөө хэвлэн авна”, 12.3. “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон эрхийн гэрчилгээ нь нууцлал бүхий кодоор баталгаажсан байна” гэж тус тус заажээ.

 

Дээрх хууль, журмын зохицуулалтуудаас дүгнэвэл сумын газрын даамал нь нэхэмжлэгч компанид газар ашиглуулахаар шийдвэрлэсэн сумын Засаг даргын захирамжийг дундын мэдээллийн сангаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт илгээн баталгаажуулж, улмаар нэхэмжлэгчид газар ашиглах эрхийн гэрчилгээг олгох үйл ажиллагааг цахимаар буюу газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системээр дамжуулан эрхлэн явуулах нь түүнд хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд байна.

Харин нэхэмжлэгчийн тухайд "ХУР-төрийн мэдээлэл солилцооны цахим систем" эсвэл "ДАН-танилт нэвтрэлтийн нэгдсэн систем"-ээр дамжуулан нууцлал бүхий кодоор баталгаажсан газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг газар өөрөө хэвлэн авахаар журамласан байх тул нэхэмжлэгчээс “газар ашиглах гэрээ байгуулаагүй, гэрчилгээ гардаж аваагүй” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

2.2.2. Нэхэмжлэгчийн “газрыг ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй тул газрын төлбөр төлөх үүрэг үүсэхгүй” гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч “Э” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани[5] тул Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3. “Гадаад улс, ... , гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, ... тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно” гэж зааснаар “газар ашиглагч” байна.

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. “Газар ... , ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 45 дугаар зүйлийн 45.1. “Газар ашиглагч нь энэ хуулийн ... , 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 35.3.3. “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж;

Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйл “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 9 дүгээр зүйлийн 1. “Газрын төлбөрийг газар ... , ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгчид газар ашиглуулах тухай Даланжаргалан сумын Засаг даргын 2021 оны А/138 дугаар захирамж Улсын бүртгэлийн цахим санд илгээгдэж эрхийн улсын бүртгэл баталгаажсан, улмаар дундын мэдээллийн сангийн татварын удирдлагын системд газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэсэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс (өмнө нь 1.3, 1.4 дахь хэсэгт дүгнэсэн) “Э” ХХК-д газар ашигласны төлбөр төлөх үүрэг хуульд зааснаар үүссэн байна.

 

Тодруулбал нэхэмжлэгч компани нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан эсхүл явуулаагүй байхаас үл хамааран улсын бүртгэлд газар ашиглах эрх нь бүртгэгдсэн өдрөөс газрын төлбөр төлөх үүрэгтэй байх тул “газрыг ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй тул газрын төлбөр төлөх үүрэг үүсэхгүй” гэж маргасан нь үндэслэлгүй.

3. Маргаан бүхий акт болох Дорноговь аймгийн Татварын газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/147 дугаар “өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэр /албан бичиг/-ийн талаар:

Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3. “Эрхийн улсын бүртгэлд газар эзэмших, ашиглах эрх шинээр бүртгэгдсэн бол газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ тухайн жилд ногдох газрын төлбөрийн хэмжээг хувь тэнцүүлэн ногдуулж 10 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ”, 5. “Татварын алба энэ зүйлийн ..., 3, ... дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу Монголын Татварын  Албанаас нэхэмжлэгч “Э” ХХК-д “DNP24022900002912577” дугаартай татварын өр төлүүлэх “Нэхэмжлэх”, нэхэмжлэхийн хавсралт “Татварын өрийн тооцоолол”-ын хамт 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр цахимаар хүргүүлсэн нь өмнө нь 1.4 дэх хэсэгт дүгнэснээр тогтоогдсон бөгөөд татварын өрийн тооцооллоос үзвэл нэхэмжлэгч компанид 2021-2024 оны газрын ашигласны төлбөрийн нийт 357,811,475 төгрөгийн өр үүссэн байна.

Дээрх байдлаар хариуцагч Татварын газраас Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4. “татварын хууль тогтоомжоор тайлагнадаггүй татварын хувьд татварын хууль тогтоомжоор татвараа төлсөн байх ёстой өдөр”, 51 дүгээр зүйлийн 51.2. “Татварын алба нэхэмжлэхийг татварын өр үүссэн хугацаанаас хойш ажлын 30 өдөрт багтаан татвар төлөгчид хүргүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлж, улмаар мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1. “Татварын алба дараах тохиолдолд татварын өр хураах үйл ажиллагааг эхлүүлнэ”, 55.1.1. “татвар төлөгчөөс ... татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд бүрэн төлөөгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчид татварын өр хураах үйл ажиллагааг эхлүүлэх тухай мэдэгдлийг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/147 дугаар албан бичгээр хүргүүлсэн нь хуульд нийцсэн бөгөөд энэхүү маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймээс Дорноговь аймгийн Татварын газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/147 дугаар “өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэр /албан бичиг/-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

4. Нэхэмжлэгчийн “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэгч “Э” ХХК-д“Хариу хүргүүлэх тухай” 01/343 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргаас 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/343 дугаар албан бичиг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/ нь зохицуулалт агуулаагүй бөгөөд татварын удирдлагын системд газрын төлбөрийн ногдуулалт, газрын төлбөрийн нэхэмжлэх хуульд заасан дагуу үүссэн талаарх мэдээллийн шинжтэй баримт бичиг байна.

Тодруулбал маргаан бүхий 01/343 дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2. “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл ...шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 54.1.1 “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргаас тус компанид тус сумын Элдэв багийн нутагт уурхайн ашиглалтын зориулалтаар газар ашиглуулахаар шийдвэрлэсэн 2021 оны А/138 дугаар захирамж болон захирамжийн хавсралтад заасан уурхайн ашиглалтын талбайн хэмжээтэй тус тус маргаагүйг;

шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд маргааны үндэслэлд хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй зарим баримтыг үнэлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 23 дугаар зүйлийн 23.4.2, 35 дугаар зүйлийн 35.3.3, 45 дугаар зүйлийн 45.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.1.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Татварын газарт холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Татварын газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/147 дугаар “өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэр /албан бичиг/-ийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэгч “Э” ХХК-д“Хариу хүргүүлэх тухай” 01/343 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               С.ОТГОНТУЯА

 

 

 

[1] Даланжаргалан сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/138 дугаар захирамжийн хавсралт /хавтаст хэргийн 84 дэх тал/

[2] Хавтаст хэргийн 11 дэх тал “Татварын өрийн мэдээлэл” гэх хүснэгтийн 1 дэх мөр

[3] Хавтаст хэргийн 204 дэх тал, (шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дахь хуудас)

[4] Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/187 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан.

[5] Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ хавтаст хэргийн 153 дахь тал